Чийрэгжих аян 

Дэлхий дахинд дэгдсэн коронавирус, Монгол Улсад КОВИД-19 нөхцөл байдлын улмаас сэтгүүл зүйн чиглэлээр суралцаж буй оюутны дадлагажих нөхцөлийг хангахад МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхимтай "Хөгжлийн төлөө сэтгүүл зүй" ТББ-ийн journalism.mn сайт хамтран ажиллаж байна. "Хөгжлийн төлөө сэтгүүл зүй" байгууллага нь уул уурхайн мэргэжлийн The Mongolian Mining Journal сэтгүүлийн редакцын дэргэд үүсгэн байгуулагдсан бөгөөд сэтгүүлчдийг дэмжин, хөгжүүлэх зорилготой.  

МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхимийн 3 дугаар түвшний оюутан Э.МИШЭЭЛ:

Чийрэгжих аян 
/Шог найруулал/

Жил бүрийн дулааны улиралд хотынхон халуун усгүй болдог. Эгээ л харзны усанд орж буйтай адил чийрэгжих аян өрнөдөг. Биеэ гэлтгүй бүх юм аа л чийрэгжүүлдэг. Энэ жилийн чийрэгжих аян 5 дугаар сарын 16–наас эхлэн 8 дугаар сарын 16–ныг дуустал 3–12 хоног үргэлжлэх төлөвтэй хэмээн Улаанбаатар дулааны сүлжээ компани зарлажээ. 5 дугаар сард ийнхүү мэдэгдсэн ч хотын удирдлагууд нийслэлийнхэн илүү сайн чийрэгжих хэрэгтэй гэж үзэн нэг сараар сунгажээ. Чийрэгжих аяныг сунгасан учир хотын иргэд ирэх өвөл нэг ч ханиад, томуу тусахгүй бололтой.

Чийрэгжих аянд угаалга хийх нь ял зэм гэлтэй халширмаар зүйл болон хувирдаг. Аяга таваг, хувцас хунарыг яаж ийж байгаад угааж цэвэрлэнэ. Тостой хоол унд идээгүй тохиолдолд аяга тавгийг тэгсгээд хүйтэн усаар угаана. Харин тостой сав суулгыг ус буцалгаж угаахаас өөр аргагүй. Тос хүйтэн усанд улам чийрэгжиж нягтардаг учир халуун усаар зөөллөх шаардлагатай. Ингэж зөөллөж угаахын тулд ус буцалгах тоолонд тогны мөнгө хэд гарах бол гэсэн дарамт дагалдана. Энэ жил төрөөс цахилгааны үнийг дааж байгаа учир бас ч гэж гайгүй. Харин хувцас, ор дэрний хэрэгсэлд хүйтэн ус их тустай гэнэ. Халуун усаар угааж байсны оронд чийрэгжүүлбэл өнгө нь сэргэж, материалын элэгдэлд бага нөлөөтэй гэх. Угаалгын нунтаг ч тэр хүйтэн усанд угаахаар зориулагдсан байна. Гэхдээ халуун устай бол чийрэгжүүлэхээ мартаж орхидог. Хувцсаа чийрэгжүүлэхээ мартдаг болохыг мэдсэн хотын удирдлага орон сууцны зарим айлуудыг халуун усгүй 2 сар байлгахаар шийджээ. Ингэснээр бусад нь ухаарч хотын иргэд өнгө үзэмжтэй хувцастай гадуур явна гэж судалж тогтоожээ. 

Чийрэгжих аянд биеийн хэсгүүд олон янзын оролцоотой байна. Тэр дундаас хамгийн их өртдөг хэсэг бол гар. Хамгийн их өртдөг учир гар өөрийн эрхгүй угаалгахаас татгалзана. Үгүй тэгээд чийрэгжих аянаас гар хойш суулаа гэж үзэгдэхгүйн тулд угааж л таарна. Угаах гэхээр саван хөөсрөхгүй. Арай гэж хөөсрүүлэхээр саван нь арилахгүй. Тэсэж тэсэж угааж дуусгана. Хүн өдөрт 10 гаран удаа гараа угаадаг аж. Шүдээ угаах, хоол хийх, идэх, гаднаас орж ирэх, ариун цэврийн өрөөнд ороод гарах гээд өдөр тутам тогтмол хийдэг зүйлсэд гараа угаана. Дээр нь халуун зунаар зайрмаг идэж байтал хайлж урсаад ам, хамартаа нялах гэх мэт гэнэтийн тохиолдол гарна. Чийрэгжих аян тэр чигтээ тэвчээрийн хязгаарыг үзүүлдэг. Тэвчээр бүхнийг ялна гэдэг дээ. Тэгэхээр халуун ус тасалж байгаад нь харин ч талархах ёстой шиг. Гэхдээ юугаа ч ялах гээд байгаа юм... Ер нь тэгээд бүх юманд гар хамаг юмны түрүүнд явдаг. Хамгийн бохир заваанаас аваад хамгийн эрхэмсэг зүйлд хүрэхэд хүртэл чухал үүрэгтэй. Цэвэрхэн байж болох эмнэлгийн ажилчид гэхэд л гартаа арван сая хүртэлх нянг тээж байдаг байна. Тиймээс угаах л хэрэгтэй. Гэвч чийрэгжих аяны хүрээнд гараа бүрэн угаах эрхийг жил бүр хаадаг. Янз бүрийн эрхийнхээ төлөө тэмцдэг болсон цаг үед гар угаах эрхийнхээ төлөө тэмцэхэд юу нь буруудна гэж.

Өдөрт ердөө нэг удаа, заримдаа хэд хоноод чийрэгжүүлдэг ч янгинатал авдаг биеийн хэсэг бол толгой. Чийрэгжих аяны эхэнд яах вэ, хүмүүсээс гуйгаад буцалгаж найруулсан усаа толгой дээрээ хийлгүүлнэ. Цаашдаа хийлгүүлэхээс төвөгшөөнө. Ингээд өөрөө хийх болоход заримдаа шампуниа бүрэн арилгаж чадахгүй. Үүнээс болж үс хатсаны дараа хуйх загатнана. Бүлээн ус дутвал хүйтэндэхээс өөр аргагүй. Энэ мэтчилэн толгойн чийрэгжилт хүндхэн. Ингэхэд хүйтэн усаар үсээ угаахад яагаад ярвайж, амаа ангайж, амьсгаадаж, бүр авиа гаргадаг юм бол. Чийрэгжих аянд хамрагдсан хүмүүсийн үсээ угааж байгаа бичлэгийг хийгээд нийлүүлбэл их л сонин сонсогдож, харагдах байх даа. Гэхдээ энэ бол тоглоом биш ээ. Хүйтэн ус толгойдоо хүргэснээр тархины судас нарийсдаг. Энэ нь олон янзын өвчлөлийн эх үүсвэр байж болдог байна. Иймд гар угаах эрхийнхээ тэмцэлд орохоос өмнө ус буцалгаж үсээ угаагаад, зунгааралдсан үсгүй тэмцэж, өнгө зүстэй, хотын соёлтой гэдгээ хотын удирдлагуудад харуулах юм шүү. 

Харзны усанд орох нь нэг төрлийн өвлийг өвчингүй даван туулах сэтгэл зүйн бэлтгэл гэж үздэг аж. Ингэж сэтгэл зүйгээ бэлдэж чийрэгжих аяныг даван туулж болно.Үүгээр үзвэл хотынхон чийрэгжих аянаар өдөр бүр шугам хоолойгоор урсаж буй харзны усанд орох боломжийг хотын удирдлага нээж өгдөг. Гайхамшигтай шүү. Яагаад халуун ус тасраагүй байхад бид бодож олдоггүй байнаа. 

Юуны түрүүнд хүйтэн усанд ороход бас учир байна. Хүйтэн усанд орохдоо трубагаар урсаж байгаа болохоос биш урсгал усанд орж байна гэж сэтгэл зүйгээ бэлдээд орно. Хүйтэн ус нь хлорамин, зэв ихтэй халуун уснаас дээр гэж сэтгэл санаагаа өөдрөг байлгана. Цаашлаад ариун ус, рашаан чинь ийм хүйтэн байдаг юм гэж бодож орвол зүв зүгээр. Хэрэв чийрэгжих аянаас болж өвдөх аваас хотын удирдлагаас эмчилгээний болон бусад зардлыг нэхэмжилж болохоор байгаа. Яагаав, хэрэв өвөл халтирч унавал замынхаа мөс, цасыг цэвэрлээгүй албан байгууллага хариуцлага хүлээнэ гэдэг дээ. Түүн шиг л үндэслэл байгаа юм. 

Уламжлалт чийрэгжих аян саяхныг хүртэл хэвийн үргэлжилж байв. Гэхдээ энэ жил уг аяныг хотын удирдлагууд онцлогтой болгож өглөө. 7 дугаар сарын 14–нөөс  9 дүгээр сарын 14–ныг хүртэл 10 дугаар хорооллоос Сүлжмэл хоорондох шугам хоолойд холбогдсон орон сууцны айлуудын халуун усыг 2 сарын турш хаах шийдвэрийг гаргажээ. Халуун ус бүү тасраасай гэдэг бол чийрэгжих аян тасраасай гэсэн ерөөлийг тавьж энэхүү бичвэрээ өндөрлөе.  

2021.08.02
 
 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Нэр:
Сэтгэгдэл:
СЭТГЭГДЭЛ (0)

Сэтгэгдэл байхгүй байна