Технологийн дэвшил сэтгүүл зүйн ирээдүйн дүр төрхийг хэрхэн өөрчлөх вэ?

Дэлхий дахинд дэгдсэн коронавирус, Монгол Улсад КОВИД-19 нөхцөл байдлын улмаас сэтгүүл зүйн чиглэлээр суралцаж буй оюутны дадлагажих нөхцөлийг хангахад МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхимтай "Хөгжлийн төлөө сэтгүүл зүй" ТББ-ийн journalism.mn сайт хамтран ажиллаж байна. "Хөгжлийн төлөө сэтгүүл зүй" байгууллага нь уул уурхайн мэргэжлийн The Mongolian Mining Journal сэтгүүлийн редакцын дэргэд үүсгэн байгуулагдсан бөгөөд сэтгүүлчдийг дэмжин, хөгжүүлэх зорилготой.  

МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхимийн 3 дугаар түвшний оюутан Э.МИШЭЭЛ:

Технологийн дэвшил сэтгүүл зүйн ирээдүйн дүр төрхийг хэрхэн өөрчлөх вэ?

(Орчуулга)

Сэтгүүл зүйн талбар хурдацтай өөрчлөгдөж байна. Ширээний компьютерыг лэптоп, нөүтбүүк компьютероор сольсон. Интернэт нь дэлхийн өнцөг булан бүрд холбогдсон өргөн далайцтай шинэ контентын эх сурвалжийг бий болгожээ. Ассошэйтэд Пресс, Лос Анжелес Таймс зэрэг мэдээллийн байгууллагууд хиймэл оюун ухаан ашиглан хүний оролцоогүй контент бүтээх, дижитал хэлбэрт оруулсан бүтээлийг тэмдэглэх, өгүүллийг сайжруулах ажлыг эхлүүлээд байна. 

Технологи хөгжиж байгаа хэдий ч мэдээллийн агентлагууд шуурхай мэдээнээс аваад орон нутгийн үйл явдал, улс төрийн хэлэлцүүлэг, боловсролын салбарын уулзалт, сонгууль зэрэгт сэтгүүлчдийн ур чадварыг үнэлсээр байгаа юм. Технологи сэтгүүл зүйн ирээдүйн төлөв байдлыг тодорхойлж магадгүй ч чадварлаг, туршлагатай сэтгүүлчдийн хэрэгцээг орлохгүй. 

Технологи нь сэтгүүл зүйн салбарын өөрчлөлтөд дасан зохицох чадвартай, бэлэн байгаа нийтлэлч, редакторуудын хэрэгцээг бий болгосон. Энэхүү ирээдүйн чиг хандлагыг салбарын хүмүүс өөрсдийн карьераа өсгөхөд хэрхэн ашиглаж болох талаар энд өгүүлэв. 

Ирээдүйн сонин, сэтгүүл, бусад мэдээллийн хэрэгсэл дэх тоо баримт болон хиймэл оюун ухааны үүрэг

Мэдээлэх үйл явцад хиймэл оюун ухаан (ХОУ)–ыг  ашигласнаар ирээдүйн нийтлэлч, редакцуудыг илүү үр дүнтэй ажиллахад тусална. ХОУ–ны платформ ашигласнаар сэтгүүлчид цаг тухайд нь баримтыг нягталж (fact–check) бас хүний оролцоогүй мэдээг нийтлэхэд тус болно. Сэтгүүл зүй нь ХОУ–ны технологийн үр шимийг өгөгдөл байгаа эсэхийг тодорхойлох зорилгоор мэдээлэл цуглуулах, дүн шинжилгээ хийх зэргээр хүртэж байна. Энэ чиг хандлага төсөөлж байснаас хамаагүй илүү зүйл юм. 

2018 оны 3 дугаар сард Ройтерс мэдээллийн өгөгдөлд дүн шинжилгээ хийх, өгүүллийн санааг гаргахад чиглэсэн туслах хэрэгслийг бий болгож байгаагаа мэдээлсэн. Энэхүү бүтээгдэхүүн Lynx Insight нь тэр цагаас хойш дэлхийн өнцөг булан бүрд байрлах редакцуудад мэдээ болон тарсан. Түүнчлэн сэтгүүлүүд дата сэтгүүл зүйн загварт зориулж ХОУ–ыг сонгож эхэлж байна. 

ХОУ контент бүтээхэд тусалдаг хэдий ч хүн шиг тайлбарлаж чадахгүй гэдгийг сурвалжлагч болохоор сонирхогчид мэдэж байх хэрэгтэй. Жишээ нь, Ройтерсын Lynx Insight нь сэтгүүлчдийг орлохгүй, гэхдээ үүний оронд өгөгдсөн мэдээллийг ямар загвар болохыг тодорхойлохын тулд цэгцэлж, ажилтнуудаас асуулт асуух,  мэдээний агуулгыг ойлгох боломжтой юм.

Сэтгүүлчид эх сурвалжтай холбоо тогтоох, түүнийгээ өргөжүүлэх, мэдээлэлд гүнзгий дүн шинжилгээ хийх, тухайн сэдэв нь мэдээнд нийцэх эсэхийг тодорхойлох зэргийг хийх боломжтой бол харин ХОУ үүнийг чадахгүй. 

Подкаст, сошиал медиа, “брэнд сэтгүүл зүй” –н нөлөө

Сүүлийн жилүүдэд подкаст, сошиал медиа зэрэг мэдээллийн хэрэгслүүдийн платформууд улам их дэлгэрч байгаа бөгөөд эдгээр суваг сэтгүүл зүйн ирээдүйд илүү их чухал болох магадлалтай байна. 

Подкастын нөхцөл байдлын талаар Эдисон Рисерч ба Тритон Дижиталын сүүлийн үеийн мэдээллээр 12–оос дээш насны америкчуудын 51–ээс дээш хувь нь подкаст сонссон гэж гарчээ.  

Подкаст хэрэглээ өсөлттэй байгаа юм. Түүнчлэн Inc. тайланд дурдсанаар Үндэсний радио (NPR) нь подкаст нэвтрүүлэх боломжит үзэгчдийн тал хувь нь энэ төрлийн медиа байдгийг мэдэхгүй хэвээр байгааг тэмдэглэжээ. Хэвлэл мэдээллийн хэрэгслүүд аудио контентоо сурталчлах оролдлого нэмэгдэж байгаа тул үүнийг үйлдвэрлэх сэтгүүлчдийн хэрэгцээ улам бүр нэмэгдэх болно. 

Сошиал медиа платфортууд нь сэтгүүл зүйн чиг хандлагыг тодорхойлж байна. Фэйсбүүк, Твиттер ашиглан түргэн шуурхай цаг тухайд нь мэдээллийг хүргэх редакцууд олширсон. Мэдээ цуглуулах, сурвалжилга хийхэд сошиал медианд дасан зохицсон сэтгүүлчид үзэгчидтэйгээ илүү сайн харилцаа үүсгэх боломжтой болсон. Энэхүү байдлыг даган дуурайх гэсэн сонирхолтой хүмүүсийн тренд, өөрчлөлтийг сошиал медиагийн платформд гарч ирэхэд сэтгүүлчид ая тухтай байдлаар хүлээж авах хэрэгтэй юм.   

Энэ салбарын ирээдүйг компанийн харилцаа холбоо, олон нийтийн харилцаа, контент маркетингийн холимог болох брэнд сэтгүүл зүй тодорхойлж байна. Брэнд сэтгүүлчид компанийн үнэ цэнийг харуулсан блог нийтлэл, онлайн өгүүлэл, сошиал медиа үйл явдал, онлайн шуудангийн түгээлт зэрэг контент дээр анхаарлаа төвлөрүүлдэг. Ийм төрлийн өгүүллүүд нь уншигчдад байгууллагын бүтээгдэхүүн, санал болгосон зүйлийн талаар илүү их мэдэхийг уриалдаг бөгөөд компанийн талаар сөрөг зүйл оруулах магадлал багатай байдаг. 

Блокчейн нь хуурамч мэдээтэй тэмцэх арга

Криптовалют арилжих боломжийг олгодог Биткойн, Блокчэйн зэрэгт суурилсан систем нь ирээдүйн сэтгүүл зүйн салбарт олон давуу талыг бий болгож чадна. Тодруулбал, шинээр гарч ирж буй  энэхүү технологи нь эцэстээ редакцад санхүүгийн тогтвортой байдлыг нэмэгдүүлэхийн зэрэгцээ олон нийтийн итгэлийг бий болгоход туслах болно гэж Columbia Journalism Review (CJR) мэдээлжээ. 

Хувь хүн, албан байгууллага нь блокчэйн гүйлгээг ашиглан онлайн гүйлгээ, дижитал харилцааны бүртгэлийг тогтмол хадгалж, хянах боломжтой байдаг. Блокчэйн системийн доторх мэдээллийг амархан баталгаажуулах боломжтой, мөн эх сурвалжийг хянах, уншигчдад тухайн нийтлэлийг түүний зохиогч нийтэлсэн эсэхийг шалгахад хялбар болгож, хуурамч мэдээ, өгүүлэл тархахаас сэргийлж чадна. Блокчэйн сүлжээгээр ажилладаг контент нь сэтгүүлчдэд бичил гүйлгээ ашиглан дээд зэргийн контент авах төлбөрийн шинэ арга замыг бий болгож чадна гэж CJR мэдээлсэн байна. 
 
Сурвалж: https://online.maryville.edu/blog/future-journalism/ 
 

2021.08.28

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Нэр:
Сэтгэгдэл:
СЭТГЭГДЭЛ (0)

Сэтгэгдэл байхгүй байна