Н.Ганчимэг: Хэрэв оюутан өөрийн эрүүл мэндийн төлөө санаа зовж КОВИД–19 тусах эрсдэлтэй гэж үзвэл танхимын хичээлдээ ирэхгүй байх сонголтыг ч гаргаж өгч байсан

Дэлхий дахинд дэгдсэн коронавирус, Монгол Улсад КОВИД-19 нөхцөл байдлын улмаас сэтгүүл зүйн чиглэлээр суралцаж буй оюутны дадлагажих нөхцөлийг хангахад МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхимтай "Хөгжлийн төлөө сэтгүүл зүй" ТББ-ийн journalism.mn сайт хамтран ажиллаж байна. "Хөгжлийн төлөө сэтгүүл зүй" байгууллага нь уул уурхайн мэргэжлийн The Mongolian Mining Journal сэтгүүлийн редакцын дэргэд үүсгэн байгуулагдсан бөгөөд сэтгүүлчдийг дэмжин, хөгжүүлэх зорилготой.  

МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхимийн 3 дугаар түвшний оюутан Э.МИШЭЭЛ:

Н.Ганчимэг: Хэрэв оюутан өөрийн эрүүл мэндийн төлөө санаа зовж КОВИД–19 тусах эрсдэлтэй гэж үзвэл танхимын хичээлдээ ирэхгүй байх сонголтыг ч гаргаж өгч байсан

Гадаад улсад суралцах, түүнчлэн цар тахлын үеэр гадаадын их сургуулиуд ямар арга хэмжээ авч байсан талаар Австралийн Холбооны Улсад магистрын зэргээ хамгаалаад хоёр сарын өмнө эх орондоо ирсэн Н.Ганчимэгтэй ярилцлаа

Ярилцлагынхаа асуултыг Австралид сурч төгссөн хөтөлбөрөөр эхлүүлье?

Австралийн Холбооны Улсын Central Queensland University–ийг  Master of International Business, мөн Charles Sturt University–ийг Master of Commerce мэргэжлээр тус тус суралцаж төгссөн. 

Сургууль, хөтөлбөрийнхөө мэдээллийг хаанаас авсан бэ? Хэр судалж байж очив?

Гадаадад сурахаар жил орчим судалж, бэлдэж байж явсан. Сургууль болон хөтөлбөрүүдийн талаарх мэдээлэл, зөвлөмж өгдөг олон янзын зуучийн агентлаг байдаг. Тэднээс цэгцтэй байдлаар хэрэгтэй гэсэн мэдээллээ нэгдсэн байдлаар олж авсан. Гэхдээ бүх зүйлээ тэдэнд найдаагүй. Учир нь нэгэнт л өөр улсад суралцах гэж байгаа учир өөрийнхөө зорилгоо тодорхойлж, системтэйгээр маш сайн судалж, хариуцлагатайгаар хандсан. 

Гадаад улс оронд очиход ямар бэрхшээлүүд тулгарч байв?

Австралид анх очоод соёлын ялгаатай байдлаас үүдсэн бэрхшээлүүдтэй тулгарсан. Бусад монголчуудад ч гэсэн гадаад улс оронд очиход миний мэдэрсэнтэй ижил соёлын бэрхшээл тулгардаг гэж бодож байна. Энэ нь Cultural Intelligence буюу соёлын ялгаатай нөхцөлд ажиллаж амьдрах чадвар муу байдагтай холбоотой гэж ойлгож байгаа. Биднийг багаас нь IQ эсвэл EQ–г нь л хөгжүүлэхэд илүү анхаардаг болохоос Cultural Intelligence–г хөгжүүлэх тал дээр сайн анхаардаггүй бололтой юм билээ. Хэрэв залуучууд гадагшаа явж дэлхийн иргэн болохыг хүсэж байгаа бол Cultural Intelligence–ээ сайжруулах аргуудад суралцаж, дасан зохицох чадвараа нэмэгдүүлж чадвал бэрхшээлийг арай хөнгөн байдлаар давж гарч чадна.  

Шинэ газар очоод англи хэл сурахад олж авсан туршлагаасаа хуваалцаач?

Хувь хүний сахилга бат болон аливаа зүйлд нээлттэй хандах чадвараа нэмэгдүүлэх нь гадаад хэлийг сурахад дөхөм санагдсан. Англи хэл сурах дадлаа өдөр тутмын амьдралынхаа нэг хэсэг болгох нь чухал юм байна гэдгийг хамт суралцаж байсан олон найзуудаасаа харж байсан. Үүнээс гадна гадаад хэлний бүх ур чадваруудаа зэрэг хөгжүүлэхийг аль болох эрэлхийлээрэй. Австралийн их, дээд сургуулиуд бичгийн болон унших ур чадварыг түлхүү хөгжүүлэх боломжийг олгодог. Энэ үед ярианы болон сонсох ур чадваруудыг хөгжүүлэх нь орхигдох гээд байдаг тул эдгээр чадваруудыг хөгжүүлэх өөр арга замуудыг олох хэрэгтэй болдог. Үүний тулд эдгээр чадваруудыг хөгжүүлэхэд нэмэр болох ажил хийх эсвэл аль болох олон найз нөхөдтэй болохыг хичээх нь чухал. Мөн сайн дурын ажлуудад оролцох боломжууд зөндөө байдаг. 

Сурч төгссөн сургуулийн онцлог нь юу байсан бэ?

Австралийн сургуулиудын хувьд оюутнуудад хичээлээс гадуурх олон боломжийг гаргаж өгдөг. Түүний нэг нь суралцахын хажуугаар дадлага хийх. Миний хувьд азтай тохиол болж дадлага хийх хүсэлт гаргасан олон оюутнууд дундаас сонгогдож, Dove Air нэртэй их сонирхолтой байгууллагад ажиллах болсон. Тус байгууллага нь дроныг эм тариа болон цус хүргэлтэд ашиглах зэрэг төслүүдийг Африкт хэрэгжүүлдэг Австралийн компани байсан. Эх хүүхдийн төрөхийн эндэгдлээрээ Африк тивийн улс орнууд дэлхийд дээгүүрт ордог. Тийм ч учраас дрон хүргэлт нь цаг алдалгүй тусламж хүргэх боломжоор хангадаг тул олон мянган эхийн амийг аварч байгаа. Үүнээс гадна хууль бус загас агнуур болон эрэн хайх аврах ажиллагаанд дроныг ашиглах төслүүд хэрэгжүүлдэг. Эдгээр төслүүд дээр ажиллах нь их сонирхолтой байсан.  

Хамт суралцсан гадаадын оюутнуудаас юуг шинээр олж харсан бэ? 

Гадаад найзуудаасаа сурсан миний хамгийн том зүйл бол  “дэлхийн иргэн” байх. Тэд хэзээ ч өөрсдийгөө хаа нэг газраар эсвэл аливаа нэг үндэсний үзлээр хязгаарладаггүй. Энэ нь л тэднийг дэлхийн хэмжээнд сэтгэн бодоход хүргэж, өөрийнхөө улс орныг олон улсад хүлээн зөвшөөрөгдөхүйц өндөр хөгжилтэй болгох гол үндэс нь болдог болов уу гэж хувьдаа бодоход хүргэсэн. Монголчууд бидний хувьд үндэсний үзэл гэдэг зүйл манай улсын хөгжлөөс ямар нэг хэмжээгээр хойш татдаг гэж харагддаг. Олон монголчууд дэлхийн иргэн гэсэн ойлголттой болоосой. 

Цар тахал гарсантай холбоотойгоор сургуулийн хэмжээнд цахим сургалтад шилжсэн үү? Цахим сургалт хэр хугацаанд үргэлжилсэн бэ? 

Цар тахал гарсан даруйд цахим сургалт руу шилжсэн. Шилжилтийн хооронд богино хугацаанд танхимаар хичээллэж байхад хэрэв оюутан өөрийн эрүүл мэндийн төлөө санаа зовж КОВИД–19 тусах эрсдэлтэй гэж үзвэл танхимын хичээлдээ ирэхгүй байх сонголтыг ч гаргаж өгч байсан. Австрали хүний эрх, сонголтыг дээдэлдэг улс шүү дээ. Богино хугацааны танхимын сургалтын дараагаас их сургуулиудын техник, тоног төхөөрөмж, цар тахлын үеэр баримтлах төлөвлөгөө, төлөвлөлт нь сайн байсан болохоор цаг алдалгүй цахим хэлбэрт шилжсэн.  Миний хувьд сүүлийн ганц улирал цахимаар хичээллэсэн. 

Гадаад улсын оюутнуудад цар тахлын үеэр хэрхэн хандаж байв? 

Багш нар болон оюутнуудын хувьд цахим орчинд суралцах болон ажиллах ур чадвар нь ирээдүйд зайлшгүй зүйл гэдгийг ойлгож, хүлээн зөвшөөрч эхэлсэн учраас аль аль нь их хичээл зүтгэл гаргаж байгаа харагдсан. Цар тахал дөнгөж эхэлж байхад багш нарын зүгээс авч байсан арга хэмжээ нь их таалагдсан. Багш нар цаг үеэ маш хурдтайгаар мэдэрч цар тахлын нөхцөл байдлыг хэрхэн даван туулах болон цаашид дэлхий яаж өөрчлөгдөх боломжтой талаар оюутнууддаа даалгавар өгч, хичээл дээрээ хамтран ярилцаж байсан. Австрали улсын хувьд вакцинжуулалтыг хүний эрхтэй холбоотой хувь хүний сонголтын асуудал гэж үзэж байсан тул заавал хийлгэх ёстой гэж хүчилж хандаагүй. Гэхдээ мэдээж вакцинжуулалтын давуу талуудыг иргэддээ маш сайн ойлгуулах зэргээр уриалж байсан. Сургууль коронавирус туссан оюутнуудын тандалтыг маш сайн хийж бусад оюутнуудыг мэдээллээр байнга хангаж байсан.

Төгсөлт хэрхэн болж өнгөрөв?

Төгсөлтийн хувьд цар тахлаас үүдэн болоогүй. Эхэндээ маш их харамсаж байсан. Гэхдээ нэгэнт олон нийтийн үйл ажиллагаа хязгаарлагдаж, энэ байдал дэлхийн ямар ч улс оронд хэвийн зүйл болсон учраас би ч мөн нөхцөл байдалтайгаа дасан зохицох ёстойгоо ойлгосон болохоор одоо тэгж их харамсахгүй байгаа. 

Урилгыг маань хүлээн авч сонирхолтой ярилцлага өгсөнд баярлалаа.  

Чамд ч гэсэн баярлалаа. Цаашдын ажилд нь амжилт хүсье.

2021.08.27

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Нэр:
Сэтгэгдэл:
СЭТГЭГДЭЛ (0)

Сэтгэгдэл байхгүй байна