Б.Ану-үжин: Өөрийн хүсэж буй амьдралаа өөрөө бүтээх ёстой

Дэлхий дахинд дэгдсэн коронавирус, Монгол Улсад КОВИД-19 нөхцөл байдлын улмаас сэтгүүл зүйн чиглэлээр суралцаж буй оюутны дадлагажих нөхцөлийг хангахад МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхимтай "Хөгжлийн төлөө сэтгүүл зүй" ТББ-ийн journalism.mn сайт хамтран ажиллаж байна. "Хөгжлийн төлөө сэтгүүл зүй" байгууллага нь уул уурхайн мэргэжлийн The Mongolian Mining Journal сэтгүүлийн редакцын дэргэд үүсгэн байгуулагдсан бөгөөд сэтгүүлчдийг дэмжин, хөгжүүлэх зорилготой.  

МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхимийн 4 дүгээр түвшний оюутан Н.ЗОЛЗАЯА:

Б.Ану-үжин: Өөрийн хүсэж буй амьдралаа өөрөө бүтээх ёстой

Боловсрол суваг телевизээс зохион байгуулсан Mongolia’s Next Top Model шоуны нэгдүгээр улирлын шилдэг оролцогчдын нэг Ану-үжинг урьж ярилцлаа.

Сайн байн уу? Сүүлийн үед нэлээн нам жим байх болсон. Энэ хугацаанд болсон сонин сайхнаасаа хуваалцвал.

Сайн байна уу надтай ярилцаж байгаад маш их баярлалаа. Сүүлийн дөрвөн жил өөрийнхөө сонгосон мэргэжлээрээ сурах тал дээр маш их анхаарсан. Өнгөрсөн зургаан сард их сургуулиа төгссөн байгаа. Маш олон найз нөхөдтэй болсон. Мөн загварын салбарт бус өөр өөр зүйлд өөрийгөө сорьж үзсэн. Юун дээр илүү хөгжих хэрэгтэй вэ гэдгээ мэдэхийг хүссэн. Үүнийгээ ч мэдэж авсан. Унтах завгүй ажлын таван өдөр мөн амралтын өдрүүдэд ч тасралтгүй гурван ажил зэрэг хийж үзсэн. Мөн тусдаа гараад удаагүй байгаа. Ганцаараа амьдарч үзэж байна. Зөндөө л зүйл болсон доо.

Ямар мэргэжлээр сурч төгссөн бэ? Яагаад загварын салбарыг бус энэхүү мэргэжлийг сонгох болов?

Миний сурч төгссөн мэргэжил маркетингийн менежер. Мэргэжлээ сонгох үедээ ирээдүйд урлаг бизнес хоёр холбогдох боломжтой юм байна гэж бодон маркетингийн менежер гэх мэргэжлийг сонгосон. Магадгүй тэр үед сурч төгсөөд загварын салбарт гаргасан жижиг хэмжээний ахицаа өөрийн давуу тал болгон ашиглаж болох юм байна гэсэн бодол маань энэхүү мэргэжлийг сонгох бас нэгэн шалтгаан болж өгсөн. 

Таныг дэмждэг хүмүүс хүлээсээр байдаг юм билээ. Эргээд загварын салбартаа ажиллах бодол байгаа юу?

Удахгүй өөрийнхөө загварын салбарт эхлүүлсэн кариерраа үргэлжлүүлээд мөн их сургуулиас авсан мэдлэгээ ашиглаад олон зүйл хийнэ гэж мөрөөдөж төлөвлөж зорьдог. Загвар тал дээр холбогдох газар ажиллаж байгаа.  Одоогоор суралцаад явж байна. “Аяа монголия” гэх Монголдоо хослол үйлдвэрлэдэг компанид мэргэжлээрээ ажилладаг. Эргээд загварын салбартай холбогдсон ажил хийж байгаа маань надад маш сонирхолтой байгаа. Наад зах нь хэрэглэгчдийнхээ хэрэгцээг мэдрэхийн тулд өнгөрсөн онд болоод одоо 2021 онд юу тренд болсон гэх мэт зүйлүүдийг судалж эргэж харж загварын салбартай холбогдож байгаа учраас их баяртайгаар ажлаа хийдэг. 

Түрүүн их найз нөхөдтэй болсон гэж хэлсэн шүү дээ. Дэргэдээ ямар хүмүүс байлгахыг хүсдэг вэ? Хүрээлж буй хүмүүсээ ямар хүмүүсээр бүрдүүлэхийг зорьдог вэ?

Найз нөхөд танилын хүрээлэл нэмэгдсэн. Гэсэн хэдий ч Ану-үжин бол цөөхөн маш сайн найзуудтай. Худлаа ярьдаггүй муу болоод сайн бүх зүйлээ хэлдэг, үнэнч шударга, хөдөлмөрч бас эерэг бодолтой хүмүүстэй байх дуртай. Ажилдаа, найздаа мөн сурч буй зүйлдээ сэтгэлээсээ хандаж байгаа хүн бусдаас өөр байдаг. Тэр хүний хэн байхаас үл хамаар ч бүх зүйлд сэтгэлээсээ хандаж чаддаг хүмүүсийг би хүндэлдэг. Тийм зан чанартай хүмүүсийн дунд байж энергийг нь мэдрэхэд таатай байдаг. Нэг үгээр сэтгэл сайтай, сэтгэлээсээ хичээнгүй хүмүүстэй хамт байхыг хүсдэг.

Одоогоор маш завгүй байгаа юм байна. Энэ бүхнийг хэрхэн амжуулж байна?

Хааяа нойргүй хонодог. Надад олон зүйл сурах, туршлага хуримтлуулах хэрэгтэй байгаа учраас олон зүйл хийдэг. Завгүй байгаад үзвэл өөртөө ямар үед яаж цаг гаргавал тааламжтай байгаа гэдгээ ойлгож мэдрэх юм шиг санагдсан. Нэг хэсэг тасралтгүй ажиллаж үзсэн. Тэр үед гэр бүл, найз нөхөдтэйгээ уулзах бүр утсаар ярих ч цаг гарахгүй байсан. Тэр үед өөрийгөө ажлын төлөө төрчихсөн машин шиг л мэдэрч байсан. Хэт их ажиллаж байх үедээ өөртөө цаг гаргаж чадахгүй байсан учраас одоогоор нэг ажлаасаа гараад хоёр ажлаа хийж байгаа. Нэг нь өмнө нь хэлсэнчлэн “Аяа монголия” нөгөө нь “Ойм” нэртэй цэцэг зардаг ногоон байгууламж хийдэг газар байгаа. Энэхүү байгууллага маань Улаанбаатар хотын нэг сая хүн амд ногдох агаар болон ногоон байгууламжийн м2 жоохон ч гэсэн нэмэгдүүлэхийн төлөө ажилладаг. Энэ хоёр компанийн үнэт зүйл нь надад их таалагдсан. Ашиг харж ажиллах гэхээсээ илүүтэй нийгэм болон хүмүүст үнэ цэнийг өгөхийн төлөө ажилладаг. Би үүнийг улам олон хүнд хүргэхийг хүссэн учраас дээрх хоёр газарт зэрэг ажилладаг байгаа. Өглөө гараад орой ирдэг амьдралын хэв маягтай болсон. Завгүй байдгаасаа болоод гэр орны ажлаас өөрийгөө чөлөөлсөн. Ихэнхдээ гадуур хооллоод явж байна.

Багадаа хүсэж мөрөөддөг байсан амьдралаараа амьдарч чадаж байгаа юу? Одоо байгаа амьдралдаа хэр сэтгэл хангалуун байдаг вэ?

Нэг талаас нь харвал багадаа хүсэж байсан амьдралаараа амьдарч байна. Ээж, аав, дүүтэйгээ гэр бүлээрээ бүгд хамтдаа байна. Гэсэн ч хүний шунал дуусашгүй учраас өөрөөсөө илүү их зүйл хүсдэг. 1-10 хооронд үнэлбэл одоо байгаа амьдралаа 7 оноо өгнө. Үлдсэн 3 оноонд би өөрөө маш сайн хичээх хэрэгтэй. Миний ээж, аав бол намайг маш сайхнаар өсгөж өгсөн. Их сургуульд сургасан. “Өөрийн хүсэж буй амьдралаа өөрөө бүтээх ёстой” гэж боддог учраас миний хичээл зүтгэл үлдсэн гэж бодож явдаг.

Амьтанд дуртай юу? Ганцаараа амьдардаг болохоор хань болгож амьтан тэжээе гэсэн бодол байдаг уу?

Амьтанд хайртай. Би мууртайгаа хамт байдаг. Муурандаа маш их хайртай. Их хөөрхөн намайг ойлгоод байгаа юм шиг санагддаг.

Одоогоор ганц бие үү? Гэр бүлтэй болох бодол байгаа юу? Ирээдүйн ханиа ямар хүн байгаасай гэж бодож байна?

Одоогоор ганц бие байна. Ойрын хугацаанд гэр бүлтэй болох бодолгүй байгаа. Тийм ийм гэсэн шаардлага тавьчихвал эсрэгээрээ болчихвол яана аа гэж бодож байна. Ерөнхийдөө худлаа ярьдаггүй, өөрийнхөөрөө, хөдөлмөрч хүнд дуртай. Амттай хоол хийдэг бол сайн.

Шоунд оролцож байх үеийн Ану-үжин одоо байгаа Ану-үжин хоёр хэр ялгаатай вэ? Хүсэл мөрөөдөл хувь хүн тал дээр өөрчлөлтүүд гарсан болов уу?

Шоунд оролцож байх үеийн Ану-үжин шийдэмгий зоригтой юунаас ч айхгүй Ану-үжин байсан. Одоо ч хэвээрээ. Мөн зорилго мөрөөдлийн хувьд эрс өөрчлөгдсөн зүйл байхгүй гэж бодож байна. Хувь хүн тал дээр бага зэрэг өөрчлөгдсөн. Бүрэн биш ч гэсэн илүүтэй буурь суурьтай болсон. Аливаа зүйлийг харах өнцөг өөрчлөгдсөн. Өмнө нь их амархан сэтгэлээр унадаг байсан бол одоо илүү эерэг илүү өөдрөг байх болсон. Зорилго маань илүү өргөжсөн. Загвараас гадна давхар илүү олон зүйлийг сурч мэдэх зорилго нэмэгдсэн. 

Урилгыг минь хүлээн авч ярилцсанд баярлалаа. Цаашдын ажил, амьдрал мөн өөрт тань сайн сайхан бүхнийг хүсье.

Мөн намайг сонгож ярилцсанд баярлалаа.

2021.08.26


 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Нэр:
Сэтгэгдэл:
СЭТГЭГДЭЛ (0)

Сэтгэгдэл байхгүй байна