Миний ээж

Дэлхий дахинд дэгдсэн коронавирус, Монгол Улсад КОВИД-19 нөхцөл байдлын улмаас сэтгүүл зүйн чиглэлээр суралцаж буй оюутны дадлагажих нөхцөлийг хангахад МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхимтай "Хөгжлийн төлөө сэтгүүл зүй" ТББ-ийн journalism.mn сайт хамтран ажиллаж байна. "Хөгжлийн төлөө сэтгүүл зүй" байгууллага нь уул уурхайн мэргэжлийн The Mongolian Mining Journal сэтгүүлийн редакцын дэргэд үүсгэн байгуулагдсан бөгөөд сэтгүүлчдийг дэмжин, хөгжүүлэх зорилготой.  

МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхимийн 4 дүгээр түвшний оюутан Н.ЗОЛЗАЯА:

Миний ээж

(хөрөг найруулал)

Ээжийн тухай

Миний ээжийг Оюунтунгалаг гэдэг. Тэрээр эхээс наймуулаа. Таван эрэгтэйн дунд чимэг болж төрсөн гурван охины нэг. Багаасаа хурдны морь унаж өссөн жирийн нэгэн малчин айлын охин. Аавдаа амь, бага нас нь аавын хайраар дүүрэн өссөн. Арван жилийн том алаг нүдтэй “35-ын хүүхэлдэй” гэх хочтой охин ээж минь байгаа юм. Харин одоо үрийнхээ төлөө зүтгэсээр яваа намхавтар эмэгтэй болжээ. Үр хүүхэдтэй болон зургаан жил гэрт сууж, компани удирдаж, ногоо тарьж, төрийн албанд ажиллаж байсан хөдөлмөрч эмэгтэй. Харин одоо бол малчин. Ээжийн энэ их зогсолтгүй нөр их хөдөлмөрийн хүчээр манайх гэдэг айл 2010 онд “Нийслэлийн бүтээлч гэр бүл” болж байсан удаатай. “Энгийн бүхэн агуу байдаг” гэх үгний утгыг ээжээс олж хардаг.  

Ээжийн хайр

Ээж гэж бодохоор хамгийн түрүүнд маш их хайртайгаа л мэдэж байна. Харин тэр хүний юу хүсдэг, ямар улиралд дуртай, ямар цайнд, ямар үнэрт дуртай гэх мэт энгийн зүйлийг мэдэхгүй юм байна. Бодоод үзэхээр яг одоо маш ихээр харамсаж, гэмших сэтгэл төрнө. Юуг буруу хийсэн гэж ээжийгээ уурлаж загнадаг юм бол намайг төрүүлсний төлөө юу эсвэл хязгааргүй их хайраар хайрласны төлөө юу? Магад хэт их хайранд хахсандаа, ээждээ юу ч гэж хэлж байсан намайг хайрлахаа зогсоохгүй гэж бодсон бардамналдаа бахадсан хэрэг. Эх хүн хэзээ ч хариу нэхэлгүй хайрладаг, хэзээ ч шантралгүй зүтгэдэг, хэзээ ч дундардаггүй сэтгэлийн тэнхээтэй хүн байдаг юм байна. 

Хааяахан бодох юм тэр энэ орчлонд ирэхдээ л ээж болж төрөөгүй. Анх удаа л ээж болж үзэж байгаа. Цагтаа айлын бяцхан туяхан охин байсан. Харин одоо дэлхийг энгэртээ багтаагаад явж байна. Хаанаас нь гардаг их хүч байдаг юм бол зурвасхан харахад туяхан охин хэвээрээ юм шиг л санагдана. Тэр маш хүчтэй мэт байдаг ч хааяа хамгийн сул дорой нэгэн бол ээж. Учир нь намайг Москвад сурах гэж байхад ээж минь ирлээ. Нэвсийсэн цастай маш том хот байсныг тод санаж байна. Би дөнгөж очсон байсан тул гарвал л төөрчих гээд байсан. Санаандгүй ээжийн утсыг үзэхэд дээд курсийн оюутан охин уруу “Миний охиныг ирж аваад сургуульд нь хүргээд өгөөч гуйж байна” гэсэн энэ зурвасыг хараад би шууд зог туссан. Өмнө нь ээжийг хэний ч өмнө ийм хүлцэнгүй байхыг үзээгүй. Тухайн үед дотроо “Энэ жоохон охины өмнө ээж бууж өглөө гэж үү?” хэмээн бодож, гайхан ээжийгээ доогуур үнэлж суув. Харин одоо бодоход эх хүнд ганц л сул тал байдаг. Тэр нь үр хүүхэд. Эх хүн хүүхдийнхээ төлөө хэний ч өмнө толгой гудайлгана гэдгийг би тэр үед харсан. Ээжийн тэр их хүчийг дарж чадсан ганц зүйл үрээ гэх хайр байлаа.

Ээжийн үнэр

Багадаа ээжийг их үнэсдэг байснаа санадаг. Хөөрхөн болохоор нь гэхээс илүүтэй үнэрээс нь болж. Одоо ч заримдаа хувцасыг нь эвхэж байхдаа үнэрлэдэг. Хэнээс ч юунаас ч үнэртдэггүй цогц сайхан үнэр ээжид л байдаг. Ээжээс эхийн цагаан сүү, үрээ гэх хайр, халуун дулаан сэтгэл, амар амгалан үнэртдэг. Хүүхэд нь хүүхэдтэй болсон ч ээжийн энгэрээс сүүний үнэр арилаагүй байдаг. Хааяа нэг тэврүүлэхэд халуун дулаан сэтгэл үнэртэнэ. Холоос ирээд ээждээ үнэсүүлэхэд хайр зөвхөн мэдрэгддэггүй бүр үнэртдэг. Зүгээр л хажууд нь байхад амар амгалан үнэртэж тайвширдаг. “Ээж нь хамт байна бүү ай” гэж хэлээгүй байсан ч , үйлдлээр үзүүлж тэврээгүй байсан ч амар тайвныг үнэрээс нь мэдэрдэг. Ээж байгаа газар хамгийн аюулгүй мэдрэмж төрдөг. Үнэрээрээ бүхнийг илэрхийлж байдаг хүн бол ээж. 

Ээжээс үнэртдэг үнэрээс гадна зөвхөн ээжийн гаргаж чаддаг өөр нэгэн үнэр байдаг. Тэр бол ээжийн цай мөн хоолных нь үнэр. Би арван жилдээ ганцаараа шахам амьдарч хагас бүтэн сайнд нь харьдаг байв. Манайх точка дээр байдаг. Баасан гарагийн оройны вагонд суугаад явсаар, явсаар гэртээ их оройхон ирдэг байлаа. Точкагийн айлууд дундаас ганцхан манайх л гэрэлтэй байхыг хараад дотроосоо дулаацаад л явчихдаг байв. Гэрт ормогц ээжийн лапшаны үнэр үнэртэнэ. Энэ үнэр хамгийн дотно. Эх хүн гэдэг уураг улаан цайгаа чанаад хоолоо бэлдчихээд хөлийн чимээ чагнаж үрээ хүлээдэг. 

Ээжийн сэтгэл

Эх хүний үрдээ гаргадаг сэтгэл хязгааргүй. Ээж минь дуртай зүйлээ хийж амьдарч чадаагүй. Харин хаана их цалин, хаана их мөнгө олох боломж байна тэр бүр дээр очин ажиллаж бүр амьдардаг. Хэзээ нэг өдөр ээж болно гэж бодохоор хааяа зориг хүрэхгүй юм. Учир нь надаас өөрийнхөө амьдралыг зольж чадахаар тэр их сэтгэл гарахгүй байх гэж айдаг. Би их хувиа хичээж амиа бодсон хүн л дээ. Ийм хүн “Хэн нэг хүний төлөө хүсэл мөрөөдөл, зорьсон зорилго, дуртай ажил, залуу нас, гоо үзэсгэлэн эцэст нь амь насаа хүртэл үл хайхран амьдарч чадах болов уу” хэмээн бодох юм. 

Өөрийгөө хангалттай золиосолсон атал дахин өөрийгөө ч бодолгүй хүссэн мэргэжлээ сонго хүссэн зүйлээ хий гэж хэлэхэд би битүүхэн дотроо уйлж байсан. “Ээж нь чадаагүй юм миний охин хүссэн зүйлээ хий” гэдэг энэ өгүүлбэр одоо болтол санаанаас гардаггүй. Ээждээ үргэлж хэлмээр байдаг ч хэлж чаддаггүй үг байна. Хайртай шүү.  Энэ үгийг яагаад өдөр бүр хэлж чадахгүй байгаа юм бол ичсэндээ юу эсвэл өнөө их бардам зан уу? Хүний эхэд маргааш гэж байдаггүй юм гэнэ лээ. Харин бид нарт маргааш нөгөөдөр нөгөөдрийн маргааш ч байдаг. Тийм учраас хэзээ нэг өдөр болгож хойш тавилгүй би таныгаа хайрлая. Ээжээ би танд хайртай.

2021.08.25


 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Нэр:
Сэтгэгдэл:
СЭТГЭГДЭЛ (0)

Сэтгэгдэл байхгүй байна