Г.Бямбасүрэн: Уран бүтээлч хүн насан туршдаа суралцдаг

Дэлхий дахинд дэгдсэн коронавирус, Монгол Улсад КОВИД-19 нөхцөл байдлын улмаас сэтгүүл зүйн чиглэлээр суралцаж буй оюутны дадлагажих нөхцөлийг хангахад МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхимтай "Хөгжлийн төлөө сэтгүүл зүй" ТББ-ийн journalism.mn сайт хамтран ажиллаж байна. "Хөгжлийн төлөө сэтгүүл зүй" байгууллага нь уул уурхайн мэргэжлийн The Mongolian Mining Journal сэтгүүлийн редакцын дэргэд үүсгэн байгуулагдсан бөгөөд сэтгүүлчдийг дэмжин, хөгжүүлэх зорилготой.  

МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхимийн 4-р түвшний оюутан Б.ЦЭНГЭЛМАА:

Г.Бямбасүрэн: Уран бүтээлч хүн насан туршдаа суралцдаг

Ярилцлагаа сүүлийн үеийн уран бүтээлийн сонин сайхнаас эхэлмээр байна. “Хувьсал” продакшин 2021 онд уран бүтээлийн олз омог арвинтай байв уу?

Ерөнхийдөө “Хувьсал” продакшн хоёр жилд нэг уран бүтээл туурвих зарчмаар ажилладаг. Хамгийн сүүлд 2020 онд 7 дахь дэлгэцийн уран бүтээлийнхээ зураг авалтыг хийсэн. Цар тахлын улмаас киноны маань нээлт хойшилж пост продакшны ажил явагдаж байна.

Бямбасүрэн гэдэг хүний хүүхэд нас хаана хэрхэн өнгөрсөн бэ? Багаасаа урлагийн хүн л болно гэж мөрөөддөг байв уу? Ер нь яагаад жүжигчин гэх мэргэжлийг сонгосон бэ?

Аав ээж хоёр маань намайг цэцэрлэгт орохоосоо өмнө бүрэг, ичимхий, юмны араар ороод нуугдчихсан хүүхэд байсан гэж ярьдаг. Цэцэрлэгт орсны дараа ээж маань багшаас намайг задлаад, нүүрэмгий болгоод өгөөч гэж гуйсан юм байна л даа. Тэгээд шувуухай гээд бүжгийн тэмцээнд ороод, хүнтэй хамт бүжиглээд, баг хамт олны дунд орж ирээд л задарсан юм шиг байгаа юм. Мөн арван жилд байхдаа МХО-ны дуулаачдын дугуйланд сурч байсан. Ингээд л арван жилийнхээ урлагийн үзлэгт тогтмол оролцдог идэвхтэй сурагч болсон доо. Энэ бүхэн бага багаар дэвсэгдсээр байгаад л урлагийн хүн болсон юм шиг санагддаг.

Тэгвэл одоо “Хувьсал” продакшинд жинхлэгдэж орсон түүхээсээ хуваалцаач?

Урлагийн сургуульд жүжигчний ангийн оюутан байхад “Хувьсал” продакшны талаар, тайзны уран бүтээлүүдийнх нь талаар үргэлж л сонсдог, үздэг байсан. Цензур өндөртэй продакшн гэдгийг нь ч анхнаасаа мэддэг байсан л даа. Ингээд яг 2012 он сургуулиа төгсөөд сургуульдаа нэг жил багшилсан юм. 2013 онд Уранчимэг эгч “Хувьсал” продакшны захирлаар ажиллах болж шинэ бүрэлдэхүүнтэйгээр дэлгэцийн уран бүтээл рүү орох болсон. Тухайн үед “Зэрлэг цэцэгсийн хүлэмж” кино театруудаар эд гарч байсан юм. Нууцгүй хэлэхэд би “Хувьсал” продакшинд ажилд орно гэсэн туйлын зорилго тавьсан байгаагүй. “Хувьсал” продакшин сонгон шалгаруулалт зарласан талаар ангийнхаа охиноос сонсоод маш санамсаргүйгээр найздаа хань болоод шалгаруулалтанд орсон. Гэхдээ бас дотроо юмыг яаж мэдэхэв, тэнцчихвэл гэсэн нууцхан хүсэл байсан л даа. Шалгаруулалтанд урлагийн сургуулиудаас маш олон залуучууд цугласан байсан. Сонирхолтой нь гэвэл өмнө нь Урнаа эгчийг театрт байхад манай ангийнхан ангиараа дадлага хийсэн юм. Тэгэхээр ерөнхийдөө зүс танина. Тэгээд шалгаруулалтанд яваад орсон чинь Урнаа эгч чи юу хийж яваа юм гэж байна. Таньж байна шүү /инээв/. Тэгснээ “Би чамайг үзэхгүй ээ, ерөнхийдөө мэднэ. Тэгж цагаа үрмээргүй байна. Гарч болно” гэсэн. Би ч дотроо намайг ингээд хасчихаж байгаа юм байхдаа л гэж бодсон. Тэгсэн чинь би эхний шатандаа тэнцчихсэн байсан. Дадлага хийж байх явцад би аягүй идэвхтэй, ангийхныгаа зохион байгуулаад л хийж байгаа зүйлдээ сэтгэлтэй, нэг тийм эрмэлзэлтэй байсны хүчинд тодорхой хэмжээнд Урнаа эгчийн нүдэнд туссан юи билээ. Тэгэхээр хандлага маань намайг шалгаруулалтанд тэнцэх том оноо болж байсан. Тэгээд хоёрдугаар шатанд үлдсэн 10 оюутнуудаас би ганцаараа тэнцэж “Хувьсал” продакшинд жинхлэгдэж байлаа.

Та сая театрт дадлага хийж байх тэрхэн хугацааны хандлага тань том оноо болж байсан гэлээ шүү дээ. Ер нь “Хувьсал” продакшны захирал Уранчимэг ажилчиддаа ямар шаардлага тавьдаг вэ?

Хичээл зүтгэл, хөрвөх чадвар... Би 2013 оноос хойш Урнаа эгчтэй хамтарч ажиллаж байна. Урнаа эгч хүсэл эрмэлзэлтэй, тууштай, хичээл зүтгэлтэй мэдээж авьяас чадвартай байх гэсэн гол цензураар баг, хамт олноо бүрдүүлэхийг зорьдог гэж би ойлгодог. Өөрөө ч тэгж ярьдаг.

Уран бүтээлч хүн уран бүтээлийнхээ төлөө оюунаа шавхаж ажилладаг юм шиг санагддаг. Өндөр ачаалалтай ажиллах үед, зураг авалтаар нойргүй хонох үеүдэд яах гэж урлагийн хүн болов доо гэж харамсах, шантрах үе байдаг уу? Хэрвээ тийм үе байдаг бол хэрхэн өөрийгөө мотивацжуулж, эргэн эрч хүчээ олж авдаг вэ? 

Ерөнхийдөө би “Хувьсал” продакшинд орсноос хойш кино уран бүтээлтэй танилцсан л даа. Найруулагчийн багт орж ажиллаж байгаа учраас сайн, муу бүх л үеүдэд шантрахгүй байх ёстой  маш өндөр хариуцлагатай байсан. Би 2016 онд хийгдсэн “Атганд үлдсэн эрдэнэ” кинон дээр яг жинхнээсээ шантарч байсан. Одоо бодоход учраа олохгүй байсных л байсан юм билээ. Гэхдээ хичнээн шантарсан ч гэсэн за би болилоо гээд дундаас нь хаяад явъя гэсэн бодол төрж байгаагүй. Энэ бол түр зуурын юм гэсэн бодлоор л өөрийн мотивацжуулж, хөглөдөг гэх юм уу даа... Урлагийн хүн үнэхээр хийж байгаа зүйлийнхээ мөн чанарыг ойлгож, уран бүтээлдээ бүх зүрх сэтгэлээ шингээж ажилласныхаа дараа үзэгчдээс ирж буй сэтгэгдэл, мэдрэмжүүд, алга ташилтаас хамгийн өндөр сэтгэл ханамжийг авдаг гэж би боддог. Олон сар жилийн хүч хөдөлмөр, хичээл зүтгэлийн дараа уран бүтээлээ дэлгэцээр гарахыг харж, үзэгчид хүлээж авч байгаа тэр мэдрэмжийг мэдрэх гэж л уран бүтээлч хүн ажилладаг. Заримдаа өөрийнхөө хийсэн зүйлийг голох, сэтгэлд хүрэхгүй байх үе зөндөө байдаг. Гэвч засаж, тордож, сайжруулсаар эцсийн үр дүнг нь харах үед өнгөрсөнд туулсан хэцүү бүх зүйлс мартагдаж дараагийн уран бүтээл рүү хөглөдөг.

Хэрвээ та өнөөдөр жүжигчнээр сураагүй, Хувьсал продакшинд харьяалагддаггүй байсан бол хаана юу хийж явах байсан бол?

Би чинь анхнаасаа дуучин болно гэж явж байгаад гэнэт жүжигчний ангид орчихсон. Тэгснээ сургуульдаа багшилна гэж явж байгаад гэнэт “Хувьсал”-д ороод л гэнэтийн эргэлтүүд миний амьдралд  маш их байсан. Тэгсэн хэрнээ л бүгд урлагтай холбоотой байгаад байдаг... Тэр талаар төсөөлж бодож үзэж байгаагүй юм байна аа...

Ер нь цаашдаа дахин суралцах төлөвлөгөө байгаа юу? Залуу хүний хувьд хийж, туршиж үзмээр санагддаг зүйл гэвэл?

Би сэтгэл судлаачаар сурахыг хүсдэг. Ер нь бол сурахад хэзээ ч оройтохгүй гэдэг шүү дээ. Тийм болохоор энэ зорилгоо заавал биелүүлнэ гэж бодож байгаа. Кино уран бүтээл гэдэг хүний янз бүрийн сэтгэл хөдлөл, зан араншинг л харуулдаг шүү дээ. Тиймээс цаашдаа хүн судлал тэр дундаа хүний сэтгэл судлалын шинжлэх ухааныг илүү нарийвчлан суралцах нь уран бүтээлийнхээ чанар чансааг сайжруулах нэг хөшүүрэг болно гэж бодож байгаа. Мөн кино найруулагчаараа илүү мэргэжлийн түвшинд суралцах хүсэл мөн байдаг.

Ир нь ханалаа гэж манайхан ярьдаг даа. Уран бүтээлч хүний нас бүтээлийнх нь чанар чансаа, цар хүрээнд нөлөөлдөг гэдэгтэй Та санал нийлэх үү? Ялангуяа кино урлагт, найруулагч хүний карьерын оргил үе нь хэзээ байдаг юм бэ?

Дэлхийд алдартай найруулагчдийг харахаар карьерийнх нь оргил үе, эхлэл ерөнхийдөө дандаа дөчин наснаас хойш байгаад байдаг шүү дээ. Гэхдээ мундаг, мэдрэмжтэй залуу найруулагчид бас байна л даа. Ёстой жинхэнэ хувь хүнээсээ л шалтгаалах байх. Ер нь тэгээд туршлага гэдэг зүйл чинь харагддаг шүү дээ. Цаг хугацааг илээгээд амьдрал үзчихсэн хүн чинь юмны наана цаадхыг харах өнцөг нь шал өөр байгаа. Тэрэнтэй хамаатай байдаг байж магадгүй. Миний хувьд бол одоо суралцах, хурааж хуримтлуулах, өөрийгөө бэлдэх үе дээрээ явж байгаа гэж бодож байна. Гэхдээ уран бүтээлч хүн бол насан туршдаа суралцдаг л даа. Учир нь хүний сэтгэхүй, мэдрэмжинд хязгаар үгүй шүү дээ...

Та ирээдүйд өөрийн бүтээх киноныхоо сэдэв, төрөл жанраа ямар байхаар төсөөлдөг бол? Найруулагч хүний хувьд карьерынхаа оргил үед заавал хийх юмсан, бодит болгох юмсан гэж нууцхан мөрөөдөж явдаг төрөл жанр бий юу?

Яг тогтсон төрөл жанр бол байхгүй. Яахав сонирхол бол драма тал руугаа л даа... Сүүлийн үед бас акшион төрлийг их сонирхоод байгаа. Миний хувьд анхнаасаа өөрийгөө найруулагчаар төсөөлж хараагүй шүү дээ. Энэ бол ерөөсөө л уран бүтээлүүд дээр ажиллаж байх явцдаа олж авсан зүйл. Харин жүжигчний хувьд бол би гоё акшион кинонд тогломоор санагдаад байдаг /инээв/. Хэзээ нэгэн цагт цаг хугацаа бүх зүйлс нь таарсан үед надад тохирсон киноны санал ирвэл би шууд зөвшөөрнө өө... Жүжигчин хүн уран бүтээлээс уран бүтээлийн хооронд танигдахгүй болтлоо хувирдаг байвал гоё шүү дээ. Түүнээс аймар олон санал хүлээж аваад л тэр болгондоо тоглоод байх бол гол биш... Найруулагчийн хувьд хэрвээ ирээдүйд чадвартай мундаг найруулагч болж чадах юм бол тэр цагт арт тал руугаа орж магадгүй ээ...
 
Кино урлаг бол бүх урлагийн дундаас хамгийн сонгодог урлаг нь гэдэг. Иймдээ ч тухайн улс орон соёл, ёс заншлаа дэлхий нийтэд таниулах том талбар юм болов уу? Та болон Хувьсал продакшн энэ тал дээр ямар байр суурьтай байдаг вэ?

Тэр бол хэн ч маргахгүй үнэн... Ерөнхийдөө аль ч улс орныг хараад байхад кино уран бүтээлээрээ дамжуулаад улс орныхоо хөгжил, эдийн засгийн хувьд маш том эргэлт оруулах боломжтой байдаг. Сонирхолтой Монгол ахуйг харуулсан киногоор л Монгол улс дэлхийд танигдах байх...Манай “Хувьсал” продакшны гол найруулагч Урнаа эгчийн хувьд ч гэсэн Монгол ахуйтай кино хийлээ гэхэд түүнийгээ дэлхийн улс орнуудад сурталчих юмсан гэсэн хүсэл дандаа л байдаг. Жишээ нь “Атганд үлдсэн эрдэнэ” кинон дээр бөхийн ёс заншлын талаар гардаг. “Тэнгэрээс буусан од” кинон дээр язгуур урлагийн талаар гардаг. Энэ мэтчилэн найруулагчид дандаа л аливаа зүйлийн далд суурийг уран бүтээлдээ шингээж өгдөг. Одоохондоо бол манай улс кино урлагийн хувьд жижигхэн зах зээлтэй учраас кино уран бүтээлчид маань улсын бодлого доор нэгтээд хамтраад жинтэй уран бүтээл хийж чадвал дэлхийд Монгол ахуйгаа сурталчилж чадах байх гэж бодож байна.

Амьдралдаа баримталдаг хамгийн чухал зарчим, үнэт зүйлс тань юу вэ?

Миний хувь хүний үнэт зүйлс бол миний мэдлэг, надаас гарч болох зүйлс л байхдаа... Энэ өөрөө миний үнэ цэнийг тодорхойлно шүү дээ. Зарчмын хувьд ерөөсөө л аливаа зүйлд тууштай байх. Өөрийнхөө сонгосон, бодсон зүйлдээ тууштай байж ард нь гарах ёстой л гэж боддог. “Эзэн хичээвэл заяа хичээнэ” гэж гайхалтай үг байдаг шүү дээ. Хичээсэн, зөрчилдөөн дундаас гарч ирсэн хүн эцсийн үр дүн ямар ч байсан заавал нэг зүйл сурсан л байдаг.

Та өөрийн хүрээллээ ямар хүмүүсээр бүрдүүлэхийг зорьдог вэ?

Би зөвхөн өнөөдрөөрөө л амьдардаг хүмүүсээс холхон байхыг хүсдэг. Анзаараад байхад миний хүрээлэлд сайн, муу зөндөө л хүмүүс байдаг. Тэр дундаас хүсэл тэмүүлэлтэй, зорьсон зорилготой хүмүүсийг л өөртэйгөө илүү ойр байгаасай гэж хүсдэг. Тийм ч хүмүүс зөндөө их байдаг. Миний нэг азтай зүйл бол би маш мундаг ментортой. Тэр хүн өнөөдрийн намайг бий болоход маш том түлхэц болж өгсөн хүн. Хүн болгонд олдоод байхгүй ментор байх аа. Мөн одоо миний ярьж байгаа хүн болох Урнаа эгчээс гадна миний их сургуулийн багш намайг мэргэжилдээ сайн байхаас гадна хүн байх ухаанд сургасан. Би ийм мундаг хүмүүсээс үлгэр жишээ авч амьдарч байгаа учраас эргээд хэн нэгэнд нөлөөлж байгаа бол сайн зүйлээр л нөлөөлөх байх гэдэгт итгэдэг.

Таныг хүмүүс “Тэнгэрээс буусан од” киноныхоо дууг дуулснаар бас сайн мэдэх байх? Цаашид өөрөө бие даан уран бүтээл хийе гэж боддог уу?

Бодсон юм байгаа /инээв/. Дуулах бол үнэхээр дуртай. Тохиромжтой, зөв үед үнэхээр гоё дуу олдох юм бол тэр үед дуулна аа...

Та гэр бүл төлөвлөлтийн тал дээр ямар байр суурьтай байдаг вэ? Залуу хүмүүс тэр дундаа эмэгтэй хүн насаараа хамт амьдрах тэр хүнээ сонгохдоо юун дээр анхаарах хэрэгтэй гэж боддог вэ? 

Яахав бүх юмыг амжуулж чаддаг хүн гэж байдаг шүү дээ. Тийм хүмүүс бол үнэхээр мундаг. Миний хувьд бол зорьсон нэг зүйлдээ төвлөрвөл төвлөрсөн шиг төвлөрөөд, бүх зүйлийг дараалалтай хийхийг хүсдэг. Гэр бүлийг би маш том хариуцлага гэж боддог. Тиймээс би өөрийгөө бэлэн боллоо гэж бодсон цагтаа л гэр бүр болох хэрэгтэй. Гэхдээ одоогоор надад тохирох, олон жил надтай хамт амьдрах хүн гарч ирээгүй байгаа учраас би хэзээ гэдгийг хэлж мэдэхгүй л байна. Ер нь бол хүн гэр бүлийг маш сайн төлөвлөх ёстой. Ялангуяа эмэгтэй хүн гэр бүл, карьераа маш сайн төлөвлөж, цаг хугацааны дараалалд оруулах хэрэгтэй юм шиг санагддаг.

Арван жилийн дараах Бямбасүрэнг та ямар байгаасай гэж хүсэж байна вэ?

Найруулагч болчихсон. Сэтгэл судлаач болчихсон. Нээх гоё гэр бүлтэй. Ерөнхийдөө уран бүтээлийнхээ чиг баримжаагаа ойлгочихсон. Өөрийн гэсэн өнгө төрхтэй уран бүтээлч болчихсон байгаагаар л төсөөлөхийг хүсэж байна даа.

2021.08.24

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Нэр:
Сэтгэгдэл:
СЭТГЭГДЭЛ (0)

Сэтгэгдэл байхгүй байна