Эгийн голын эхэд долоо хоносон минь 

Дэлхий дахинд дэгдсэн коронавирус, Монгол Улсад КОВИД-19 нөхцөл байдлын улмаас сэтгүүл зүйн чиглэлээр суралцаж буй оюутны дадлагажих нөхцөлийг хангахад МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхимтай "Хөгжлийн төлөө сэтгүүл зүй" ТББ-ийн journalism.mn сайт хамтран ажиллаж байна. "Хөгжлийн төлөө сэтгүүл зүй" байгууллага нь уул уурхайн мэргэжлийн The Mongolian Mining Journal сэтгүүлийн редакцын дэргэд үүсгэн байгуулагдсан бөгөөд сэтгүүлчдийг дэмжин, хөгжүүлэх зорилготой.  

МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхимийн 3 дугаар түвшний оюутан Э.МИШЭЭЛ:

Эгийн голын эхэд долоо хоносон минь 
(Аян замын тэмдэглэл)

Миний төрсөн нутагт ирж амраарай гэсэн найзынхаа урилгыг өнгөрсөн оны 6 дугаар сарын сүүлээр хүлээж авсан юм. Үнэндээ хөдөө гурав ч хонож үзээгүй хүний хувьд анхандаа бага зэрэг зүрхшээсэн гэхэд болно. Гэхдээ байгалийн сайхан, хөдөөний амьдралыг үзэх гэсэн хүсэл их байсан болохоор явахаар шулуудсан.

Автобусны тасалбарыг интернэтээр захиалж болдог аж. Очих ёстой Хатгал хүртэл чиглэл байдаг ч явдаггүй бололтой. Тиймээс Мөрөн хүртэлх чиглэлийн автобусны баруун талын гол хавьцаа суудлыг сонголоо. Хөгжлийн бэрхшээлтэй хүнд зориулж жолоочийн арын хоёр суудлыг гаргаж өгчээ. Тэр нь таалагдав. Өглөө, өдөр, орой гэсэн цагийн хуваариас өглөөг нь сонгоод 37400 төгрөг төлөөд тасалбараа захиалав. Бямба гарагийн өглөө гарахаар болсон гэдгээ найздаа дуулгалаа.

    Явах өдрөө эртлэн бослоо. Авч явах хэрэгтэй юмнуудаа дахин нягтлаад гэрээсээ гарлаа. 07:40 гэхэд Драгон төвийн авто вокзал дээр ирсэн байв. Авто вокзал руу орж тасалбараа баталгаажуулав. Гараад автобусаа хайвал вокзалын зүүн урд захад байна. Жолоочид тасалбараа үзүүлээд автобусандаа суув. Бага зэрэг цагаасаа хожимдож хөдөллөө. Авто вокзалаас гарахын алдад зорчигчдын халууныг үзэж байна. Жолооч нарын бичиг баримт шалгаж байгаа бололтой дуусаад, тав тухтай зорчоорой гэж хэлээд хяналтын албаныхан буув. Автобус доторхыг ажвал суудлын 1/3 нь арай гэж дүүрчээ. 

Хотын түгжрэлийг давж гараад жижиг дэлгүүрийн гадна очиж зогслоо. Аялалд явдаггүй хүний хувьд яагаад ингэж ойрхон зогсох болов гээд дэлгүүр рүү орж сонирхов. Тэгтэл дэлгүүр боловсон бие засах газартай юм байна. Бас дэлгүүрээс ойр зуурын идэх юм худалдаж авах боломжтой. Ийм газар замд олон таараасай гэж хүссэн боловч тэр дэлгүүр анхных бөгөөд сүүлийнх нь байв. 

Замдаа гарлаа. Тогтуун хэмнэлтэй урагшилсаар. Нар ээсэн сайхан өдөр. Хээр тал, дов толгод, алсад үзэгдэх гэр, зам дагуу бэлчих мал, замаас гаран түр зогссон аялагчид зэргийг харж явав. Гэтэл автобус гэнэт огцом эргэлт хийж асфальтан замаас гаран шороон зам руу орлоо. Багахан дов тойрох хэрэгтэй болсон уу гэж бодов. Шороон замд оронгуутаа зогсов. Нөмөргүй газар салхитайд бие засах аргад суралцав. Бүгд автобусандаа суулаа. Жолооч автобусаа тойрч хүн үлдсэн эсэхийг шалгаад хөдөллөө. Нөгөө довыг өнгөрсөн ч цааш шороон зам зурайж байв. Огцом зогсоод л, дээш, доошоо сэгсчүүлсээр бараг цаг гаран явах шиг болов. Шороон замаар ингэж явах болсон шалтгаан нь Улаанбаатар – Дархан чиглэлийн 204 км авто замын шинэчлэл ажээ. Засгийн газрын 2018 оны хуралдаанаар энэ чиглэлийн замыг дөрвөн эгнээ болгож өөрчлөхөөр болсон аж. Азийн хөгжлийн банкны 83 сая долларын санхүүжилттэй бүтээн байгуулалтыг таван компани тендерт шалгарчээ. Таван компани хийх учраас хурдан байх болов уу гэтэл одоо хүртэл ашиглалтад ороогүй аж. 

Улаанбаатар – Мөрөн чиглэлийн автобус өдрийн цагаар явж байгаа болохоор аядуу тайван явдаг гэнэ. Хоёр цаг орчим яваад л зогсоно. Харин шөнийн цагаар замдаа хэдхэн саатаад л шууд очдог юм байна. Шороон зам дуусахын алдад дахиад бууцгаалаа. Хүмүүсийг ажвал надаас бусад нь гэр рүүгээ харьж байгаа бололтой. Зарим нь автобуснаасаа ч гарахгүй юм.

Хэт хөөрсөндөө өглөө бараг хоосон шахуу гарсан болохоор өдрийн алдад өлсөж эхлэв. Шороон замаас арай гэж саллаа. Донслохгүй явна гэдэг үнэхээрийн тав тухтай юм. Төд удалгүй зам дагуух цайны газарт очиж зогсож, хооллохоор бүгд орлоо. Ойрхон гэрт байсан тогооч, үйлчлэгч нар бидэнтэй хамт оров. Хорь гаран хүн багтахаар том юм. Жолооч нарын суудаг тусдаа өрөөтэй юм байна. Тэд захиалга ч өгсөнгүй урьдчилж мэдэгдсэн бололтой 1, 2 дугаар хоол нь бараг шууд гарав. Хоолны цэстэй танилцаад хоолоо сонголоо. Хоол маань удаж ирсэн болохоор тэгсгээд идсэн болоод гарлаа. Гурван жолооч зогсох болгондоо солигдож байгааг нь өөр өөр төрлийн дуу тавьснаас нь энэ удаад анзаарав. 

Булган ороход байгалийн өнгө зүс эрс өөрчлөгдөөд явчхав. 6 дугаар сарын сүүл гэхэд зам зуурын нутаг харьцангуй гантай байжээ. Бас ингэж Дарханы замаар тойрч явж байгаа нь Дархан, Хөтөл, Эрдэнэт зэрэг суурин газруудын ойролцоо явж зорчигчид авах, буулгах тээврийн сүлжээний зохицуулалт гэж мухарлав.   Их – Уулд дахин хооллоод Мөрөн рүү хөдөллөө. Бүрий ч болж байна. Зэрэгцээд бороо ч орж эхлэв. Дан цамцан дээрээ нэмж хүрмээ өмслөө.  Анивчих гэрлүүд урдхан талд үзэгдсэн нь Мөрөн. Мөрөнгийн нэвтрэх цэгт тасалбар шалгаж халуун үзээд, шинж тэмдэгтэй хүн байгаа эсэхийг асуув. Шинж тэмдэгтэй хүн байгаагүй бололтой дуугарсангүй. Ингээд шиврээ бороотойд, оройн 11 цагийн орчимд Хөвсгөл аймгийн төв Мөрөнд буулаа. 

Мөрөнгөөс шууд Хатгал руу явна гэсэн төсөөлөлтэй байв. Харамсалтай нь цаг орой болсон учир хамт явах хүн байсангүй. Өглөө автобусыг ажихад яагаад тал нь ч дүүрээгүй байсан шалтгаан энэ ажээ. Таних хүнгүй газар шөнө дөлөөр, дээр нь бороотойд буух тийм ч таатай биш юм. Арга хайж таксины жолоочоос Хатгал хүртэл хэдээр явах вэ гэвэл 150 мянга гэж байна. Тэгэхээр нь буудалд очиж хоноё гэж бодоод үнийг нь лавлахад хоногийн 50–60 мянган төгрөг байдаг гэнэ. Буудалд тайван унтаж чадах болов уу гэж эргэлзээд найз руугаа утас цохилоо. Ах нь Мөрөнд амьдардаг, тэнд хоноод өглөө хүрээд ир гэлээ. Ахдаа хэлчихнэ. Чам руу залгана гэв. Ах хүү залгаад хаана байгааг асуулаа. Байгаа газраа хэлээд удсангүй ирээд авлаа. Мэнд усаа мэдэлцээд, замын сонин ярих зуур гэрт нь ирэв. Тэднийх надаас гадна хоёр явуулын хүн байна. Тэд Хөвсгөлийн тайгаас ирсэн цаатнууд аж. Хүнс, бараа цуглуулахаар хэдэн сардаа нэг ирж хоноод явдаг гэнэ. 

Маргааш боллоо. Найзын ах авто вокзал хүргэж, такси олж өгөв. Баярлаж, талархсанаа илэрхийлээд саллаа. Таксинд хоёр цаг орчим хүлээсний эцэст дөрвөн зорчигчтой болоод хөдөллөө. Хүний 20 мянга. Мөрөнгөөс Хатгал хүртэл 100 хүрэхгүй км байдаг гэнэ. Ингээд бодоо үзвэл Улаанбаатараас Хатгал хүртэл нийт 830–аад  км газар явах ажээ. Зам зуур өглөө орж байсан бороо зүсэрсэн хэвээр. Байгалийн өнгө улам тодорсон шиг. Багахан гүвээ давбал тал газар, тогтмол ус цэлийж байна. Бороо хур элбэгтэй үед ус засмал зам руу бүрхэн тогтож, машин гарах аргагүй болгодог аж. Замд Алаг–Эрдэнэ сум дайралдсан гэсэн боловч харалгүй өнгөрчээ. Ингээд Хөвсгөл нуурын байгалийн цогцолборт газрын нэвтрэх цэгийг өнгөрч Хатгал тосгонд буув. Хамт ирсэн зорчигчдын нэг нь хөгжмийн багшаар энд иржээ. Түүнийг сургуулиас ирсэн бололтой хоёр хүн угтаж авав. Алаг–Эрдэнэ сумын хүүхдүүд Хатгалд ирж ерөнхий боловсрол эзэмшдэг аж. Тосгон, сумын ялгааг үүнээс мэдэж болохоор юм. Найз маань ирчихсэн хүлээж байв. 

Найзын зундаа хэдэн жуулчин авдаг бизнес нь Хатгал орох замд байрладаг. Гурван гэр, гурван модон байшинтай. Хатгалынхан ер нь л дүнзэн байшинтай гэдгийг ажигласан. Тэгээд модны үнэ хямдхан юм уу гэвэл хотоос ялгаагүй үнэтэй гэнэ. Мод бэлтгэх зардал, татвартай холбоотой бололтой. Авууштай нь энд боловсон жорлон, угаалтуур, шүршүүр, халуун устай юм. Усаа Хөвсгөл нуураас татна. Бас нүхэн жорлонтой. Гол, нуураас 100 метрээс цааш нүхэн жорлонтой байхыг зөвшөөрдөг гэнэ. Намайг ирэхээс өмнө гэрүүдээ барьчихсан, харин усаа татах мотор, усны хоолойгоо угсраад байж байв. Хойд захын гэрт намайг орууллаа. 

Гэрэл зураг: Долоо хоног байрласан гэр маань, зүүн гар талынх

Хөвсгөл аймагт ирснээс хойш гурван өдөр бороо тасарсангүй. Ой мод ус татдаг гэж үнэн л бололтой. Цаг гаран ороод, цаг гаран завсарлан ээлжилнэ. Хавар хур багатай байжээ. 6 дугаар сарын дундаас эхлэн бороошиж эхэлсэн гэж гэрийн эзэн хэлэв. Бороотой өдрүүдэд гэрээс бараг гарсангүй. Галаа түлж аваад хотод эхлүүлсэн номоо үргэлжлүүлэн уншив. Оршихуйн талаар уншихад хөдөө, гэрт, бүрээс дээр буух бороон дуслууд бүр илүү мэдрүүлэх шиг... 

Хатгалын бидний тийм ч сайн мэддэггүй сонирхолтой түүх бол тус тосгон нь 20 дугаар зууны эхэн үеэс Монголын баруун хэсгийн харилцаа холбоо, худалдаа арилжаа, сургууль, эмнэлэг зэрэг дэд бүтцийн голлох төв байсаар иржээ. Монгол Улс 1931 онд засаг захиргааны нэгжийг өөрчилж, аймгийн зохион байгуулалтад орж, Хөвсгөл аймаг байгуулагдахад аймгийн төв болж байжээ. 1933 оноос аймгийн төв Мөрөн рүү шилжсэн байна. Гэлээ ч гэсэн мод боловсруулах үйлдвэр, авто тээврийн бааз, нефть бааз зэрэг үйлдвэрлэлийн зориулалттай аж ахуйг байгуулсаар байжээ. Харин 1980–аад оны сүүлээс Хөвсгөл нуурыг хамгаалахтай холбогдуулан дээрх газруудыг татан буулгажээ. Харин одоо Монгол орны голлох аялал жуулчлалын нэг бүс болсон. 2021 оны зөвхөн долдугаар сарын эхний хагаст гэхэд 25 мянган дотоодын амрагчид Хатгалын цэгээр нэвтэрчээ.  

Бороо ч зогсож, Хөвсгөлд ирээд сэлнэ гэж бодож байснаа биелүүлэхээр шийдэв. Ердөө зуу гаран алхаад л цэлийсэн ус байгаа. Ингэхэд найзаас аваад хатгалынхан “далай”, “гүн” гэсэн нэртэй аж... Зуны дунд сар ч гэлээ ус хүйтэн байлаа. Өнгөрсөн жил (2019)–ийн зургаан сарын дундуур Эгийн голын эхэд мөс хайлж дуусаагүй байсан яриаг нь санав. Эгийн голын эхийн ус тунгалаг, эрэг дагуу чулуутай, тогтуун урсгалтай учир сэлэхэд, нарлаад суухад тохиромжтой юм. Хэд булхаж аваад гарлаа. Түүнээс хойш Эгийн голын эхийн усыг шүршүүрээр л мэдрэв. 

Гэрэл зураг: Эгийн голын эх авдаг хэсэг

Эгийн гол нь Хөвсгөл нуурын цор ганц гадагш урсгалтай гол. Голын урт 475 км, Сэлэнгэ мөрний зүүн хэсэгт цутгадаг, борооны үертэй голд хамаарагддаг байна.
 

Гэрэл зураг: Эгийн гол эх аван урсаж байгаа нь

Эгийн голын эхэд бидний байрлаж буй хэсгийн дээхэн талаас ойр хавийнхан усаа авцгаана. Бага зэргийн ус руугаа түрж орсон тогтоцтой юм. Зарим нь машинтай ирцгээнэ. Тэд усаа авчхаад урсгалын доод талд нь орж усаар бие биенээ цацаж байгаад явна. Бас тэнд байх хугацаанд мориор аялж буй хотынхон бололтой хүмүүс баг болсон бололтой хэд хэдэн удаа эргийн дагуу явж өнгөрөв.

Гэрэл зураг: Байгалийн цогцолборт газар, Хөвсгөл нуур

Олон хоног харж өнгөрүүлсэн нөгөө талын эрэг рүү гарч үзлээ. Усаа уруудаад модон гүүрээр гарна. Гүүрээ даваад мод руу орохын тулд овоо өгсүүр газар руу мацна. Гарсны дараа модон дунд дутуу баригдсан, эсвэл хүнгүй олон жил болсон бололтой байшингууд үзэгдэнэ. Эргээ дагаад цааш явбал “Далай ээж” гэх амралт байдаг аж. Өнөөх наймдугаар сард Хөвсгөл нуур руу бохироо асгаж байна гэж андуурагдсан газар. 

Гэрэл зураг:Нөгөө талын эрэг, Эгийн гол

Нэг зүйл одоо болтол харамсалтай санагдаад болдоггүй. Буцаж явахад Мөрөнгөөс нарийхан хар утаа суунаглаж байгаа нь алсаас үзэгдэж байв. Хог хаягдал шатааж буй нь тэр. Энэ 2021 онд Хатгалд ирсэн аялагчдын үүсгэсэн 30 гаран тонн хог хаягдлыг Мөрөн рүү ачуулсан гэж байгаа. Мөн Хатгалын нэгдсэн хогийн цэгийн хажуугийн уул нь тэр чигтээ хогоор хучигдсан байхыг харсан. Гэтэл Хатгалын нэвтрэх цэгт “хог бол алт” гэсэн утга бүхий үгс бичээстэй байсан юм. Сайхан үгийн хаяанд бодит амьдрал ямархуу хол зөрүү байдагт бид дасал болсон шиг.

Гэрэл зураг: Моторт завиар Хүслийн хад руу явж байгаа нь

Бага үдийн алдад найз нэг хар ямаа авчирлаа. Амралтын маань талаас илүү нь явчихсан байв. Ямаагаа хашаанд уяж орхив. Байшингийн сүүдэрт сууж байсан бидэн дээр ирээд хүргэн ахдаа “танаар муулуулна даа, өөр хэн байх вэ” гээд хөхрөв. Боодог хийх ажилд бид хоёр хуйхлахаар боллоо. Хоёр модонд тэгнүүлж тавиад эхлээд үсийг нь авав. Дараа нь хуйхлаад, хусах гэдэг үйлдлийг олон удаа давтав. Хуйхлагдсан үсийг нь салгахын тулд сайн хусахгүй бол мах шорвог болдог гэнэ. Оройхон чанасан мах, дотор мах бэлэн болжээ. Хөршийн айлдаа хуваалцаж байна. Махны үнэрээр ирсэн нохой хашааны үүд сахин сүүлээ хөдөлгөн зогсоно. Түүнд ч бас хувь оногдсон. Амттай сайхан махаар маргааш нь будаатай шөл, дараа өдөр нь цуйван хийсэн байв. 

Гэрэл зураг: Хүслийн хад

Явахын өмнөх өдөр моторт завинд сууж Хүслийн хаданд очив. Хүслээ шивнээд, нуур, байгалийн үзэмжийг бишрээд, нөгөө талаар нь буулаа. Илүү даруухан, арай тэгшхэн боловч сүүдэртэй учраас зогсоол болгоогүй бололтой. Буцаад явлаа. Боомтын орчим худалдаагаар оров. Цагаан загас, зүүлт, чимэглэл, гоёлын чулуу зэрэг байна.

Гэрэл зураг: Хөвсгөл нуурын харагдах байдал
 

Гэрэл зураг: Борооны үүл айсуй

Дараа нь аялагчдын тэр бүр мэддэггүй ч юм уу ашиглагдахаа больсон дамжлага баазад очлоо. Нуурын гүн хэсэгт боомтыг босгожээ. Энэ их чулууг гүн ус руу өрөх гэж ямар нүсэр ажил болж байсан бол гэж бодогдов. Яг хажууханд агуулах нь байна. Хаалгыг нь онгойлговол нурж унах болов уу гэмээр хуучирсан модон байшин. Зөвлөлтөөс зөөж авчирсан ачаа бараа баруун аймгууд руу эндээс л тараагддаг байжээ. Харин одоо нутгийнхан төдийгүй жуулчдын сонирхлыг татмааргүй болжээ.

Гэрэл зураг: Орхигдсон ачаа тээврийн боомт, нар жаргаж байгаа нь, 21:40 минут

Нар орой жаргах ажээ. Үргэлжлүүлээд Хатгалын баруун хойно байрлах нисэх буудлын зурвасыг үзэв. Улирлын чанартай нисэх буудал нь 50 хүртэлх зорчигчдод үйлчлэх боломжтой, 6 ажилтантай, Мөрөнгийн нисэх буудлаас ханган ажиллуулдаг ажээ. Буудалтай зэрэгцэн байх аялагчдын сонирхлыг татдаг зүйл нь Могой мод. Үнэхээр сонин мушгирч ургасан шилмүүст мод байна. Модыг тойруулаад хашаа хатгажээ. Талархууштай нь хашаа, ойр хавьд нь хадаг яндар алга. Орон нутгийнхан, дотоодын жуулчид маань соёлтой болжээ. 

Эгийн голын эхэд 7 хоног ингэж өнгөрлөө. Найзынхаа хүсэлтээр өөрийнх нь нэр болон хамт байсан хүмүүсийн тухай, зарим газрын нэр, очсон газар орноо энэ удаад хуваалцсангүй. Магад дахин очвол өөр нэгэн аяллын тэмдэглэлдээ илүү дэлгэрүүлэх боломж олдох буй заа.  

2021.08.20

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Нэр:
Сэтгэгдэл:
СЭТГЭГДЭЛ (0)

Сэтгэгдэл байхгүй байна