Ц.Анударь: “Миний туйлын зорилго бол Монгол контентыг netflix-т байршуулах”

Дэлхий дахинд дэгдсэн коронавирус, Монгол Улсад КОВИД-19 нөхцөл байдлын улмаас сэтгүүл зүйн чиглэлээр суралцаж буй оюутны дадлагажих нөхцөлийг хангахад МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхимтай "Хөгжлийн төлөө сэтгүүл зүй" ТББ-ийн journalism.mn сайт хамтран ажиллаж байна. "Хөгжлийн төлөө сэтгүүл зүй" байгууллага нь уул уурхайн мэргэжлийн The Mongolian Mining Journal сэтгүүлийн редакцын дэргэд үүсгэн байгуулагдсан бөгөөд сэтгүүлчдийг дэмжин, хөгжүүлэх зорилготой.  

МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхимийн 4-р түвшний оюутан Б.ЦЭНГЭЛМАА:

Ц.Анударь: “Миний туйлын зорилго бол Монгол контентыг netflix-т байршуулах”

Сайн байна уу? Танд энэ өдрийн мэнд хүргэе. Сүүлийн үеийн сонин сайхнаасаа хуваалцаач? Хятад улсад сурдаг шүү дээ. Одоогоор Монголдоо байгаа юу?

Би БНХАУ-ын “Hangzhou” хотод байрладаг "Zhejiang" их сургуульд суралцдаг. Цар тахлын улмаас 3-р түвшинд суралцаж байхдаа Монголд ирсэн. Одоогийн байдлаар дипломаа бичиж, хамгаалах л үлдээд байгаа. Түрүү жилийн зун “Хувьсал” продакшны 7 дахь уран бүтээлд туслах найруулагчаар ажилласан. Миний хувьд хөл хорионы үеэр өөрийгөө олох үйл явцаа нэг шатаар ахиулсан гэж бодож байгаа. Хүн ер нь өөрийгөө бүрэн гүйцэд олно гэж байдаггүй юм билээ. Энэ бол насан туршид үргэлжилдэг процесс юм шиг санагдсан. Одоогийн нөхцөл байдалд нэгдүгээрт өөрийгөө бага багаар олж байгаа, хоёрдугаарт дуртай зүйлсээ мэдэж авч авч байгаа, гуравдугаарт энэ 9 сараас эхлэн дипломаа бичиж эхлэх учраас нилээн завгүй байх байх.  Тиймэрхүү л сонин хачинтай байна даа.

Таны бага нас хэрхэн өнгөрсөн бэ? Багадаа ямар хүн болно гэж хүсэж мөрөөддөг байв? Тэр хүсэл мөрөөдлөөрөө явж байгаа юу? Эсвэл өөрчлөгдсөн үү?

Би багаасаа жүжигчин болно гэж мөрөөддөг байсан. Гэвч манай гэр бүл тухайн үед жүжигчний мэргэжлээр СУИС-д элсэнэ гэхэд зөвшөөрөөгүй. Одоо бол би тэр үед зөвшөөрөөгүйд нь баярладаг. Одооны мөрөөдөл бол бага насны мөрөөдлөөс нэг их холдоогүй. Би 11 настайгаасаа шүлэг бичиж эхэлсэн. Сүүлийн үед энэ хоббигоо илүү хөгжүүлж шүлэг, өгүүллэг, синопсис бичиж, нийтэлдэг болсон. Хүмүүс бага насны мөрөөдлөө шууд хаялгүй бага ч гэсэн цаг гаргаад үзэх хэрэгтэй юм шиг санагддаг. Хүн юу ч мэдэхгүй гэнэн байхдаа мэдэрсэн зүйлс, хүсэл мөрөөдөл сохор байсан ч хамаагүй зориг шаарддаггүй, хамгийн үнэн байдаг байх.

Та багаасаа өвөө эмээ дээрээ өссөн шүү дээ. Өвөө эмээгийн хүмүүжил танд хэрхэн нөлөөлсөн бэ?

Хүн болгон өөрийнхөө давуу тал, зан чанарыг мэддэг. Хүн болгон өөрөөрөө бахархах зүйлтэй байдаг. Миний хувьд ганцхан л зүйлээр өөрөөрөө маш их бахархдаг. Энэ бол миний гэр бүлийн суурь хүмүүжил. Хэн нэгэн намайг олон ааштай, сэтгэл хөдлөл ихтэй гэвэл би хүлээн зөвшөөрнө. Харин намайг энэ охин хүмүүжилгүй гэж ярихыг сонсвол би маш их уурлана. Яагаад гэвэл би зуун хувь өөрийгөө маш сайн хүмүүжилтэй хүн гэж мэддэг. Учир нь би багаасаа эмээ өвөө дээрээ өссөн. Өвөө эмээ дээрээ өсөхийн сул тал гэж байдаггүй. Өвөө эмээгийнхээ хажууд байхаар их энэрэнгүй, зөөлөн, хүнийг хүндэлж мэддэг болдог юм шиг санагддаг. Бас болох болохгүй хоёрын хоорондох заагийн сайн мэддэг болчихдог. Одоо бол би эмээтэйгээ маш ойрхон байдаг. Зарим хүмүүст эмээ, өвөөгөө асрах нь дарамт болчихсон байдаг шүү дээ. Миний хувьд эмээгээ асрах, эмээтэйгээ хамт байх бол туйлын аз жаргал. Би өөрөө хэзээ нэгэн цагт хөгширч ач зээ нараараа асруулна. Намайг 86 настай болоод хүний гарт орох үед миний үр хүүхдүүд намайг аз жаргалтайгаар асарч байвал тэр миний одоо эмээгээ асарч байгаагийн буян болох байх.

Таны ээжийн талаар асуухгүй байхын аргагүй. Таны ээж бол МУГЖ “Хувьсал” продакшны захирал У.Уранчимэг шүү дээ. Та ээжтэйгээ маш дотно, нээлттэй байдаг юм шиг санагддаг. Урнаа эгчийн танд үргэлж захиж хэлдэг сургаал юу вэ?

Манай найз шдээ /инээв/. Ээж надад аливаа зүйлийг сургахдаа үйлдлээрээ, яриан дундаа сэмхэн сэмхэн хавчуулж зөнгөөр минь сургадаг. Ээжийн хамгийн их хэлдэг зүйл бол үнэн байх. Одоогийн нийгэмд үнэн байх гэдэг бол маш том сул тал. Одоогийн залуучууд дотор үнэн хүн ховор болчихсон гэж би ойлгодог. Би тэр дунд үнэн, чин сэтгэлээ хадгалж үлдэхийг хүсдэг. Ээжийн байнга захиж хэлдэг хоёр дахь зүйл бол хэнд ч гай болохгүй амьдрах. Харин сүүлийн үед зоригтой байж өөрийн гэсэн үзэл бодолдоо үнэнч бие даасан эмэгтэй хүн байх талаар их хэлдэг болсон.

Эргээд харахад таныг шинэ түвшинд аваачсан өөрөөрөө бахархдаг сонголт, шийдвэр эргэлтийн цэг тань юу байсан бэ?
 

Би "American school of Ulaanbaatar" ахлах сургуулийг төгсөөд өөрийнхөө хэзээ ч сурч байгаагүй Хятад хэлийг хоёр жилийн турш суралцаад бакалаврт суралцах уу эсвэл Америк руу явах уу гэдэг шийдвэртэй нүүр тулсан. Тэгээд Хятад улсыг сонгосон шийдвэртээ одоо их баярладаг. Тухайн үед бол өөрийгөө диплома бичих хэмжээний Хятад хэлтэй болно гэж өөртөө итгээгүй. Одоо дэлхийн шилдэг 100 сургуулийн 46-т эрэмблэгддэг Zhejiang их сургуульд элсэж ороод, 140 кредит хичээлээ судалж дуусгаад диплома бичих гээд байж байгаа өөрөөрөө бахархаж байна. Хүн өөрөө л хичээх юм бол бүх зүйл боломжтой. Магадгүй миний хувьд ар гэрийн зүгээс дэмжлэг сайтай байсан учраас илүү амар байсан байх. Гэхдээ хэдий ар гэр, хөрөнгө мөнгөний хувьд асуудалтай байсан ч тэрийг эрүүл нүдээр хараад, чиний түвшнээс амжилтанд хүрсэн хүмүүсээс үлгэр дуурайлал аваад өөрийнхөө төлөө битгий бууж өгөөрэй гэж хэлмээр байна. 

Та  Олон Улсын Худалдаа мэргэжлээр суралцдаг шүү дээ. Цаашдаа энэ мэргэжлээрээ ажиллах уу? Эсвэл үргэлжлүүлэн суралцах уу? Ирээдүйн карьераа яаж төсөөлж байна вэ?

Миний хувьд Олон Улсын Худалдаа мэргэжлээрээ төгссөнийхөө дараа кино менежмент буюу продюсераар мастерт сурахаар бэлдэж байгаа. Цаашдаа Монголын кино уран бүтээлийг гадагшаа зарах, Монголын жүжигчдийг гадагшаа гаргах ямар арга боломж байгааг судалж, дэлхийд худалдаалах зорилготой. Миний туйлын зорилго бол Монгол контентыг netflix-т байршуулах. Ойрын зорилго гэвэл одоо бичиж байгаа кино зохиолоо уран бүтээл болгомоор байна. Дээрээс нь ишлэлүүдээрээ ном гаргамаар байна.
Ирээдүйд Монголын кино урлагийн салбарт ажиллах хүсэлтэй гэлээ шүү дээ. Таны бодлоор Монголын кино урлаг хэр түвшинд яваа бол?

Бидэнд дэлхийтэй өрсөлдөх боломж харагдаж байна уу?

Миний хувьд бол болоогүй. Хэдий би өөрөө кино хийж үзээгүй ч гэсэн онол, сургалтын хувьд бол болоогүй юм шиг... Дээрээс нь Монгол кино уран бүтээлчид үзэгчдээрээ хайрцаглагдчихсан юм шиг сангаддаг. Ард түмний сэтгэлгээ хөгжиж байж уран бүтээлчид илүү задгай сэтгэж чадах байх. Үзэгчид Холливүдын киног хичнээн паналны байсан ч зөвшөөрч үздэг байж Монгол киног ийм байж болно шүү дээ гэж зөвтгөж үзэж чаддаггүй. Бас Монгол жүжигчид маш цөөхүүлээ. Сүүлийн үед бол инстграмын инфлюнсерүүд л кинонд тоглочихдог болсон шүү дээ. Мөн кино урлаг өөрөө маш хэцүү салбар. Нэг киноны ард маш их хүч хөдөлмөр шаарддаг. Уран бүтээлчид зураг авалтын туршид дөрөвхөн цагийн нойртой явдаг.  Тэгэхээр шууд л муулахаа урьтал болгох нь тийм зөв биш байх.

Та “Хувьсал” продакшны 7 дахь уран бүтээлд туслах найруулагчаар ажилласан шүү дээ. Кино зураг авалтын ард ажиллах ямар байдаг вэ? Ихэнх үзэгчид маш амархан, өнгөцхөнөөр дүгнэдэг юм шиг санагддаг.

Би “Хувьсал” продакшны 7 дахь уран бүтээлд туслах найруулагчийн багт ажилласан. Манай баг 4 хүний бүрэлдэхүүнтэй байсан. Кино зураг авалтын баг маань 60-70 хүний бүрэлдэхүүнтэй байсан. Туслах найруулагчид бол бүх багийг унтсны дараа унтаж, хамгийн түрүүнд сэоэх үүрэгтэй. Учир нь туслах найруулагчид массаа зохион байгуулах, нэгдүгээр найруулагчийн хараагүй өнцгийг харах, монитороо ширтэх, багаа удирдан зохион байгуулах гэхчлэн маш завгүй ажилладаг баг. Бүтэн нэг сарын турш 3-4 цагийн нойртой явахаар хүн сүүлдээ гөлийдөг юм байна лээ /инээв/. Кино үзэхээрээ үзэгчид тэр киноны ард ажилласан зураглаач, дууны найруулагч, туслах найруулагч, ерөнхий найруулагч, гэрэлтүүлэгч, хөгжмийн зохиолчдыг ойшоодоггүй. Зөвхөн дэлгэцээр гарч байгаа жүжигчдийг л олж хардаг. Тиймээс үзэгчиддээ урлагт хүндэтгэлтэй хандаарай гэж хэлмээр байна. Тэгээд юу ч гэсэн цар тахал дуусч бүх зүйлс эргээд хэвийн болохоор “Хувьсал” продакшны 7 дахь уран бүтээл та бүхэнд хүрэх болно. Маш гайхалтай уран бүтээл болсон байгаа.

Та “Дэлхийн нүүдэлчид” подкастын хост, Мөн онлайн дэлгүүр ажиллуулдаг шүү дээ. Энэ их бүтээлч сэтгэлгээг өөртөө суулгахад юу хамгийн их нөлөөлсөн бэ?

Би өөрийгөө хүнтэй харьцуулах үнэхээр дургүй. Гэхдээ зүгээр суухаар би алга болох гээд байгаа юм шиг санагддаг /инээв/. Дээрээс нь би 25 настай. Ээж аавтайгаа хамт амьдардаг ч гэсэн би хэрэглээний мөнгө авдаггүй. Эмэгтэй хүн санхүүгийн хувьд эрэгтэй хүнээс хараат байхыг би хувьдаа дэмждэггүй. Адилхан байж байж миний сэтгэл амардаг. Магадгүй энэ үзэл бодол маань намайг зүгээр суулгадаггүй байх. “Длэхийн нүүдэлчид” подкастаараа би хүмүүст боломж байгаа шүү, та нар бас чадна гэсэн мессежийг өгөхийг хүсдэг болохоор л хийсэн. Одоо түр завсарлачихсан байгаа. 9 сараас эргээд подкастаа хийж эхэлнэ. Залуус миний подкастыг сонсоод ямар нэгэн зүйлийг шинээр мэдэж авсан, амьдралд нь жаахан ч гэсэн нэмэр болсныг сонсохоор би тэрнээс их урам авдаг. Энэ сэтгэгдлүүд, хүний амьдралд нөлөөлж байгаа шүү гэсэн мэдрэмж надад мөнгөнөөс илүү үнэ цэнэтэй. Би үүнээс сэтгэл ханамж авдаг. Онлайн шоф, netflix-ын слот бол цэвэр мөнгө харж эхлүүлсэн жижиг бизнесүүд л дээ. Бас удахгүй 9 сараас youtube channel нээх гэж байгаа.

Таны хувьд хамгийн сайн хамтрагч гэж хэн бэ? Та өөрийгөө хэр сайн хамтрагч гэж боддог вэ?

Их сургуульд байхдаа багаар их ажилладаг байсан. Ажлын байран дээр багаар ажиллах тал дээр арай дутмаг байж магадгүй. Миний хувьд багаар ажиллана гэдэг бол хүнийг мэдрэх юм болов уу... Одоо бол хүн болгон манлайлагч, захирал байхыг хүсдэг болчихсон. Сайн багийн хамрагч бол би биш биш гэж ярьдаг хүнийг хэлэх байх. Хамтрагч гэхээр ажлын, гэр бүлийн, сонирхлын гээд олон төрөл байгаа л даа. Гэхдээ бүгд хамтдаа, бид гэсэн нэг л зарчимтай.

Тэгвэл эмэгтэй хүн эр нөхрөө сонгохдоо юуг нь түлхүү харж, шинжиж сонголтоо хийх ёстой байдаг юм бол?

Би ээж аавынхаа харилцаа, нэгнийгээ хүндэлж хайрлаж байгаа тэр хандлага, харцнаас маш их үлгэр дуурайлал авдаг. Ийм хосуудын дунд амьдрахаар эрэгтэй хүнийг сонгох цензур бол нэгдүгээрт нөгөө л нэг үнэн байх. Хараад байхад дүр эсгэж амьдардаг, жүжиглэдэг хүмүүсээс айдаг. Би ч гэсэн өөрөө тийм хүн болчихгүй юмсан гэж их хичээдэг. Залуучууддаа тэр дундаа эрэгтэй хүнд хандаж хэлэхэд чи машингүй байж болно, одоо ээж аавтайгаа хамт амьдардаг байж болно. Гэхдээ одоо байгаагаасаа илүү өсөж дэвжих гэсэн хүсэл эрмэлзэлтэй, дүр эсгэлгүй үнэнээсээ хайрлаж чаддаг байгаарай гэж хэлмээр байна. Өөрөөсөө урваж , дүр эсгэж хүнийг хайрлавал эргээд тэр харилцаа үнэ цэнэгүй болчихдог юм шиг...

Ярилцлагын туршид таны амьдралын суурь зарчим буюу үнэн байх гэдэг зүйл хэд хэд гарч ирлээ шүү дээ. Орчин үед үнэн байх хэцүү болчихсон юм шиг санагддаг. Хичнээн таалагдахгүй байсан ч инээгээд, тэвчээд өнгөрөхийг нийгэм нь өөрөө шаардаад байдаг. Та энийг яаж балансалдаг вэ?

Миний сэтгэл хөдлөл маш ил байдаг. Гэхдээ хичнээн таалагдахгүй байсан ч би л нэг шударга гээд бүдүүлгээр шууд хэлж болохгүй шүү дээ. Шууд л харьцахаа больчихдог. Анхны сэтгэгдэл миний хувьд их чухал. Хүн болгонд нэг мэдрэмж байдаг шүү дээ. Би бол доторх жижигхэн хүнээ л сонсдог. Бусдын үгээр бусдыг дүгнэнэ гэдэг бол хамгийн утгагүй зүйл. Хүн бүрийн үзэл бодол, хүмүүжил өөр шүү дээ. Хүн өөрөө өөрийнхөө мэдрэмжинд үнэнч байхад цаг хугацааны эрхээр хүрээлэл чинь шигшигдээд л үлддэг.

Та Soulmate байдаг гэдэгт итгэдэг үү?

Хамгийн их итгэдэг. Манай найзууд намайг хэтэрхий их кино шиг хайрыг хүсдэг, хайр хоёр жил болоод л хөрдөг гэхчлэн сөрөг зүйлсийг их хэлдэг л дээ. Гэхдээ заяаны ханиа олчихоод алдахгүй байхын тулд хичээл зүтгэл шаардана. Хайран дээр ч хөдөлмөр шаардана шүү дээ (инээв).

Та 10 жилийн дараах Анукаг сэтгэл зүйн хувьд ямар эмэгтэй байгаасай гэж хүсэж байна вэ?

Сэтгэл хөдлөлөө хянаж чаддаг, гараас гаргаж байгаа бүх зүйлсдээ дурлаж, чин сэтгэлээсээ хийдэг, хийсэн зүйлсдээ өөрөө догдолдог байгаасай л гэж хүсэж байна.

Манай урилгыг хүлээн авч ярилцсанд баярлалаа. Таны цаашдын ажил үйлсэд хамгийн өндөр амжилтын хүсэн ерөөе...
Урьж ярилцсанд баярлалаа.

2021.08.20
 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Нэр:
Сэтгэгдэл:
СЭТГЭГДЭЛ (0)

Сэтгэгдэл байхгүй байна