Хагийн хар нуураар аяласан тэмдэглэл

Дэлхий дахинд дэгдсэн коронавирус, Монгол Улсад КОВИД-19 нөхцөл байдлын улмаас сэтгүүл зүйн чиглэлээр суралцаж буй оюутны дадлагажих нөхцөлийг хангахад МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхимтай "Хөгжлийн төлөө сэтгүүл зүй" ТББ-ийн journalism.mn сайт хамтран ажиллаж байна. "Хөгжлийн төлөө сэтгүүл зүй" байгууллага нь уул уурхайн мэргэжлийн The Mongolian Mining Journal сэтгүүлийн редакцын дэргэд үүсгэн байгуулагдсан бөгөөд сэтгүүлчдийг дэмжин, хөгжүүлэх зорилготой.  

МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхимийн 4 дүгээр түвшний оюутан Н.ЗОЛЗАЯА:


Хагийн хар нуураар аяласан тэмдэглэл
Морин аялал

Хагийн хар нуурын зүг хоёр пургон дүүрэн хүмүүс хөдөлнө. Нэгэнд нь би сууж яваа юм. Би гэдэг хүн 2021 оны зундаа багтаж анхны аяллаа ганцаар хийхээр зориг шулуудсан. Өөрийнхөө хувьд өөрийгөө сорьж байгаа минь энэ л дээ. Энэ шийдвэрийнхээ дагуу нэлээн хэдэн аялал судлаад “Хүйсийн найман нуур” уруу аялахаар шийдвэр гаргасан. Гэтэл аяллын өмнөх өдөр өнөө аялал минь цуцлагдсан гэв. Би нэгэнт л аялна гээд шийдчихсэн байсан учраас маргааш замдаа гарах аялал байвал хаашаа ч хамаагүй явъя гэлээ. Үүнийхээ хариуд Вивид травэлийн зохион байгуулдаг усны тунгалаг “Хагийн хар нуур” уруу замд гарахаар болов. Аялалд бэлдэх зүйлс гээд жагсаалт өгснөөс байгаа бүхнээ чадахаараа бэлдэв. Уут, скотч хэрэгтэй гэж аяллын багаас хэлэхэд нь “Юунд хэрэглэдэг байна аа” гэж бодсон хэдий ч гүйж гараад дэлгүүрээс авчихлаа. Хамгийн чухал нь борооны цув, усны гутал ав гэсэн. Сонгуулийн өдөр гээд бүх нийтийн амралт зарлачихсан хамаг л зах, худалдааны төвүүд хаалттай. Харин эрж, эрж усны гутал олсон ч борооны цув олж чадаагүй. Үүнийгээ аялал зохион байгуулж буй хүндээ утсаар хэлтэл илүү цув авчъхая гэв. Ийнхүү тун ч бэлтгэл муутайхан аяллаа эхлүүлэхээр болсон юм.

Монгол улсын зургаа дахь ерөнхийлөгчөө сонгочхоод маргааш өглөө долоон цагт замд гарлаа. Хотоос гараад төв аймгийн эрдэнэ сумын дугуй цагааны тал, бумбатын хошуу, зүүн баянг өгсөн машинтайгаа явсаар 12 цаг өнгөрөхөд морин аялал эхлэх цэг дээр ирсэн. Ганцаар яваа би эхний ээлжид нэг пургонд хамт яваа хүмүүстэйгээ танилцаад авлаа. Манай пургонд 25 орчим насны таван найзууд, нэг гэр бүлийн хоёр хамт явсан юм.  Морин аялал эхлэхийн өмнөхөн цайлж аваад морь унахад тохиромжтой хамаг л эвтэйхэн гэсэн хувцсаа сольж өмслөө. Хамт яваа өнөө таван найз охидууд аяллаа сайн судалж бэлдсэн гэж жигтэйхэн бүгд эхнээсээ дугуйн шорт гаргаж ирээд өмсчихдөг байгаа. Морь унах хүмүүс чинь холгоно, булгарна гэсэндээ ийм эд бэлдсэн гэнэ. Би ч зузаан өмд авсан байснаа давхарлаж өмслөө. Аяллыг зохион байгуулж удирдаж яваа хүнийг Багабанди гэдэг ихэвчлэн түүнийг Багаа хэмээн дууддаг. Багаа ах цаанаас “Морьдоо очоод сонго” хэмээв. Аялагчид бүгд л очоод морио сонгочихлоо. Би дунд нь мориныхоо “Аль өндрийг сонгох ёстойн болов уу? Аль эвтэйхэн эмээлтэйг сонгох ёстойн болов уу?” гээд элдвийг бодсоор морио сонголгүй үлдчихэв. Багаа ахыг ирэхэд нь би морь унаж үзээгүй ямар морь сонгохоо мэдэхгүй байгаагаа хэлтэл хар зүсмийн морь сонгож өгөөд адал явдал эхэлсэн дээ.

Аялалын сайхныг мэдэрсэн

Алтан өлгий уул нь Хэнтийн нурууны томоохон оргилын нэг бөгөөд далайн төвшнөөс дээш 2656 метрын өндөрт байрладаг. Энэхүү сүрлэг уулын бэлээс морьтойгоо хөдлөн хамгийн намхан даваа болох хавиргын давааны өөд өгслөө. Анх удаа морь унаж буй би шууд л торлог дундуур явсаар уул өөд өгсөнө гэдэг хэцүүхэн байлаа.

Дотроо хөнгөн айдастай өгсөж, өгсөж Хавиргын даваан дээр гарав. Өндөр уулс, өргөн шигүү модод гээд үнэхээр сайхан үзэмж төгс байгалийг энэ өндрөөс харна гэж бодож ч явсангүй. Учир нь би тал хээр газрын хүн л дээ. Тиймдээ ч ихэд өндөрт гарсан мэт санагдсан. Даваанаас уруудахын өмнөхөн хавцлаар дайран өнгөрдөг. Энэ хэсэг бол энэ аяллын бас нэгэн чимэг болсон оргил хэсэг гэмээр. Хоёр морь ч зөрж өнгөрөх боломжгүй нарийн хавцлаар өнөө морь унаж дээш өгсөхдөө айж байсан би торох юмгүй даваад гарчихсан. Үүл уулс нь нийлэн харагдана гэдгийг тэнд үзэв. Хүн цагаа тулахаар ямар их зориг гаргадгийг тэр үед мэдэрсэн дээ. Морьтой өгсөхөөс илүү уруудах нь хэцүү юм билээ. Айсан бас итгэл муутайхан байсан учраас давааны уруу морио хөтөлж буув. Гэсэн хэдий ч тал хүртэл буугаад хөл цуцаж ядарсан. Учир нь шавар шалбааг ихтэй учраас буухад их хүндрэлтэй.

Ингээд л нэгэнт ядарсан болохоор морио унаад буухаас өөр сонголтгүй болов. Даваанаас буун хавиргын голоо дагаж уруудсаар Хоног толгойд хүрлээ. Хоног толгойгоос холгүйхэн яваад Живхээстэйн голыг мориор гаталж эрэгт нь майхнаа барин буудаллаа. Эхний өдөр болоод ч тэр үү булгарсан зүйлгүй тун давгүй ирчихлээ. Нар жаргаж орой болон тэнгэрт одод түгжээ. Гол хоржигнож, шувууд жиргэж, мод шаржигнан дуугарахтай зэрэгцэж морьд тургилна. Оройн хоолны цаг болж түүдгийн дэргэд суун хээрийн сэгсийсэн сайхан цуйван идэх энэ л мөчид аяллын бас нэгэн сайхныг мэдэрсэн.

Байгаль дэлхийн сүр хүч

Голын дэргэд болоод ч тэр үү их жиндүү хонодог юм билээ. Өглөө эрт босоод цайгаа уугаад явах бэлтгэлээ хангаж хамаг юмаа боож баглаад бэлэн болчхов. Хөтөч нар ачаа морьддоо ачаагаа ачин өглөөний 10 цагийн үед  замдаа гарлаа. Энэ жилийн бороо хур ихтэй байгааг хэлэх үү замд гараад явж байтал төд удалгүй бороо орж эхлэх нь тэр.

Хан Хэнтийн нуруун орчимд жилийн 365 хоногийн 300 шахамд нь бороотой байдаг. Би энэ аяллын 42 дахь ээлжид явж буй. Өмнөх 41 аялалд нэг ч удаа бороо, хур оролгүй өнжсөн удаа байгаагүй гэнэ. Бид ч энэ жишгээс зөрсөнгүй бороотой золгоод цааш аялалаа үргэлжлүүлэв. Бороонд явсаар Хонгорын голд очсон. Үүнийг мөн л морьтойгоо гаталдаг. Өмнөх жилүүдэд морины дөрөөгөөр татдаг гол үерлэх шахам байлаа. Урсгал нь ширүүн, гүн нь морины тамганы дээгүүр болсон байв. Хөтчийн зүгээс бидэнд “Хүн тэнцвэрээ алдвал морь ч гэсэн тэнцвэрээ алддаг ба урсгал ус уруу харалгүйгээр тайвнаар гол гатлах хэрэгтэй.

Хэрэв мориноосоо унасан тохиолдолд жолоо болон мориныхоо сүүлнээс барих хэрэгтэй” гэх мэт заавар зөвлөгөө өгөн гол гаталж эхэллээ. Хоёр морины хөтөч урсгал тосон зогсоно. Учир хэн нэгэн нь урсвал урсгал доороос тосож авахын тулд. Ингээд л морьтойгоо гол гатлав. Бүүргээсээ тас зуураад жолоогоо суллалаа. Учир нь мориндоо бүрэн итгэж найдахаар шийдсэн нь тэр. Би чинь гол гатлах нь бүү хэл голд хөлөө ч бага дүрдэг хүн байгаа юм. Сэтгэл дотор айдсаар дүүрээд ирлээ хамаг юм дээшилж жингүйдээд тун ч сонин мэдрэмж. Гол гаталсан даруйдаа өөртөө итгэж ядан хамар шархирч нулимс цийлгэнэв. Энэ үед байгаль дэлхийн сүр хүч гээгчийг өөрийн бие, сэтгэлээр мэдэрсэн. 

Гол гаталсны дараа бүсэлхийнээс доош тэр чигтээ норсон байдалтай, морьдоос минь уур савсан явж байтал мөндөр орж эхэллээ. Хөл тэр чигтээ мэдээгүй болж байгаа мэт санагдав. Даарснаас л болсон байх. Шавар шалбааг дундуур нэвт норон явсаар тэсгэл алдаж эхэллээ. “Одоо нуурандаа хүрэх болж байна уу?” хэмээн асуухад “Одоо удахгүй” гэсэн хариулт өгсөөр байлаа. Би ч дахин, дахин асуусаар. Сүүлдээ “Ямар гээч аялалд явчхав аа” гэж бодсоор нулимс унагааж эхэлсэн. Ийм байдалтай зургаан цаг явсаар Хагийн гол гатлан нуурандаа ирлээ.

Зохион байгуулж буй Багаа ах, морины дөрвөн хөтөч, хамгийн гол нь мориныхоо ачаар эрүүл, аюулгүй гурван гол гатлан нуурандаа эсэн мэнд ирсэн юм. Очих газраа хүрэх хүртэл бороо зогсолтгүй орсон хэвээр. Нуурандаа ирлээ хэмээн баярласан хэдий ч бороо зогсоогүй учраас яахаа мэдэхгүй нойтон хувцастай зогссоор байв. Удалгүй биднийг харж үзсэн гэмээр гэнэт л тэнгэр цэлмэж нар гарав. Хурдхан шиг л олон ачаа дундаас өөрийн цүнхээ олоод хувцаснуудаа норсон эсэхийг шалгалаа. Нөгөө юунд хэрэг болдог юм бол гэж бодсон уутандаа авж явсан зүйлсээ гурав хувааж хийгээд скотчоор наасан байсан юм. Голсон юм голд гэгчээр өнөө уут, скотчныхоо ачаар хуурай хувцастай золголоо.


Тайгын сувд нуурандаа хорогдох сэтгэл

Хагийн хар нуурынхаа эрэг дээр майхнаа барин, түүдэг асааж оройн хоолоо идсэн. Нуурандаа ирсэн эхний орой байсан тул бүх хүний сэтгэл цаанаа нэг догдолсон байдалтай.

Түүдгийн дэргэд ярилцаж, инээж, дуулалдсаар нэлээн оройхон бид амарсан Өглөө яарах зүйлгүйгээр сайхан унтаад авлаа. Ийнхүү намуун дулаан өглөө биднийг угтсан. Тайгын сувд болсон нуурын эрэг дээр өглөөний кофе уунгаа нуураа тольдон суув. Уул тайга тэр чигтээ нуурандаа тусаж яг л хар сувд мэт харагдана. Энэ өдөр бид нуурандаа өнжих хуваарьтай. Үүнийг мэдсэн мэт цаг агаарын сайхныг. Замдаа ядарсан хүн чинь амрах санаатай. Нуурын эрэг дээр очин дэвсгэр дэвсээд хэвтээд авлаа.  Байгалийн дуу чимээ гэдэг ямар ч хөгжмөөс илүүтэй тансаг. Усны давлагаа сонсож хэвтсээр нэг л мэдэхэд байгальд бүүвэйлүүлэн унтаж орхижээ. Хамт яваа хүмүүсийн дуунаар сэрээд хэсэг зураг татуулаад авсан. Энэ оройн хоолонд халуун чулуу атгаж хорхог идлээ. Хоолны амтны тухайд ярих юм биш. 
 
Тогтсон жишгээрээ нар буухаас өмнө Багаа ах бас бус хүмүүстэй  модонд явах гэж байв. Би ч сонирхоод дагаж явахаар боллоо. Амархан даарчихдаг болохоор зузаахан юм өмсөөд явах гэтэл “Халууцна үлдээ” гэлээ. Би ч итгэл муутайхан “Даарахгүй юу?” гэж асуутал “Даарахгүй ээ үлдээ” гэв. Тэгээд л мод уруу орлоо. Ууланд алхаж яваа хүн үнэхээр л даардаггүй юм байна. “Хорвоо дээр миний мэдэхгүй юм ч их байна даа” хэмээн бодов. Нар буухаас өмнө түлээгээ бэлдэж авсан болохоор орой нь сайхан тавтай тухтай галын дэргэд суух боломж бүрдэнэ. Маргааш бол замд гарах өдөр. Хоёр өдөрт хувааж туулсан замаа нэг өдөрт явах хүндхэн хэсэг биднийг хүлээж байсан юм. Тиймдээ ч эхнээсээ хүмүүс амарч эхэллээ. Би ч мод дуустал галын дэргэд суулаа. Буцна гэхээр цаанаа гунигтай. Би байгальд дурлаж, хорогддог гэдгээ мэдэрсэн.

Бороо орж намайг сэрээх нь тэр. Хурдхан босоод цайгаа ууж аваад бэлтгэлээ хангаж эхэллээ. Ирэхдээ чамгүй туршлага хуримтлуулж авсан би норохгүйн тулд байдгаараа хичээв. Майхны хамтрагч эгч маань томхон шиг уут өглөө. Үүнийг голоор нь хувааж хоёр хэсэг болгоод амсрыг нь дарж скотчидлоо. Бэлдсэн уутаа хоёр хөлдөө углаад бараг л өмд хийгээд өмсчихлөө. Уут дуугараад байвал морь үргэх учраас гадуур нь даавуун өмд өмссөн. Үүний дараа усны гутлаа өмсөөд гутлынхаа амсар дээгүүр уут тавиад дахин скотчоор дарав. Ингээд л цуваа өмсөөд норохгүй гэсэн бүрэн итгэлтэй болсон юм. Нуурын эргээр цуваа үүсгэсээр буцлаа. Харьж яваа морины ам нь дийлдэхгүй байв. Юу болсон юм гэмээр яарцгаана. Гэтэл надад л яарсан сэтгэл огт төрсөнгүй. 

Хүндхэн сүүлийн өдөр

Замд гаран явсаар эхний гол гатлах цэг дээр ирлээ. Арайхийн морин дээрээ тэнцвэрээ олон тогтдог байсан би тэнцвэрээ алдалгүй хөлөө өргөж норолгүй гарч чадсан. Тиймхэн зүйл сурчхаад ямар их баярласан гээч. Миний хамгийн ихээр айж байсан хэсэг Хонгорын голыг гатлах байлаа. Голын ус татраагүй хэвээр урсгал нь ихэд ширүүн байсан. Урьдын адил мориндоо итгээд жолоогоо суллалаа. Гэтэл цуваанаасаа гараад урсгал өөд сөрөөд явчхав. Би ч дотроо айсан хэдий ч аль болох тайван байх гэж хичээгээд урсаж буй гол уруу бус эрэг дээр байгаа хүмүүс рүү харсан. Гэтэл би доош урсаад байгаа мэт эрэг дээрх хүмүүс зөрж өнгөрөх юм. Ийн явсаар гол гарлаа. Хүмүүсээс “Би сая морьтойгоо урсчихсан уу?” гэхэд “Үгүй” гэсэн. Учир байдлаа хэлэхэд урсгал ширүүн үед урсаж байгаа мэт харагдаж, мэдрэгддэг гэх юм. Бороо тасралтгүй орсоор байсан учраас шавар ихтэй. Морьд минь эхнээсээ шаварт суув. Унаж явсан морь минь ч гэсэн шаварт суухаа шахсан ч шавраас гарч чадсан. Энэ мөчид аливаа зүйлсийг яагаад морины хүчтэй зүйрлэдгийг ойлгосон. Шавраас гарч байхад ард тас гээд л явчихав. Эмээлээ хальт харсан ч надад мэдэгдэх юм байгаагүй тул цааш явлаа. Тэгсэн ард явж байсан хүн жирэм чинь тасарчихсан байна эмээл чинь холбирох нь гээд бушуухан мориноосоо буулаа. Морины хөтөч ирээд түрхэн аргалаад цуваандаа орсон. Ихэнхдээ уул өгсөж, уруудаж явдаг учраас ийм эмээлтэй хол явж чадахааргүй байдалд хүрсэн. Харин азаар нэгэнд  маань илүү жирэм байв. Үүнийгээ солиулж аваад цааш явсан даа. 

Миний унаж явсан морь яарсаар хамгийн эхэнд шахам уулнаас бууж пургоны зогсоолд иртэл биднийг тосох машин байсангүй. Доор шаварт суусан гэнэ. Тэгтэл хэдэн өдөр уул хадаар өгсөж уруудаж ихэнхдээ шавар шавхайгаар явсан амьтан чинь намайг аваад давхичхав. Авж давхиж байгаа морь чинь яасан ч ам нь дийлдэхгүй. Хошуу нь гозойчхоод зогсолтгүй давхисаар байлаа. Ойр явсан хүн араас гүйцэж урдуур орж зогсоох гээд чадсангүй. Би дотроо техник биш амьтан юм чинь нэг газар хүрээд зогсож л таараа гэж бодсоор аль байдгаараа унахгүйг хичээсэн. Өнөө хүн дахин араас нэхсээр хажууханд ирээд “Жолоогоо өг, жолоогоо өг” хэмээн хашхирлаа. Би ч хэлснээр нь л жолоогоо өгтөл угзраад өнөө хүнийг маань мориноос нь унагаачихдаг байгаа. Би нэг хэсэгтээ л жолоогүй давхилаа хоолойд цус амтагдаж их л хэцүүдэж эхлэв. Хөлөөрөө сайн гэгч нь хавчаад урагш сунаад жолоогоо атгаад авлаа. Жолоогоо хэрж, хэрж хэд сайн угзартал гэнэт ухаа орсон гэлтэй морь маань шогшиж эхэллээ. Араас “Одоо буу” хэмээн хашхирлаа. Үүнийг сонсоод бараг л үсрэх шахам буугаад ямар ч тамиргүй болсноо мэдэрсэн. Үхрийн сүүлэн дээр хутга гэгчээр аяллын төгсгөлд хэцүүхэн юм надад тохиолдсон юм. Ийнхүү анхны адал явдлаар дүүрэн аялал минь төгссөн.

2021.08.12
 


 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Нэр:
Сэтгэгдэл:
СЭТГЭГДЭЛ (0)

Сэтгэгдэл байхгүй байна