“Өөр эмэгтэй”

Дэлхий дахинд дэгдсэн коронавирус, Монгол Улсад КОВИД-19 нөхцөл байдлын улмаас сэтгүүл зүйн чиглэлээр суралцаж буй оюутны дадлагажих нөхцөлийг хангахад МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхимтай "Хөгжлийн төлөө сэтгүүл зүй" ТББ-ийн journalism.mn сайт хамтран ажиллаж байна. "Хөгжлийн төлөө сэтгүүл зүй" байгууллага нь уул уурхайн мэргэжлийн The Mongolian Mining Journal сэтгүүлийн редакцын дэргэд үүсгэн байгуулагдсан бөгөөд сэтгүүлчдийг дэмжин, хөгжүүлэх зорилготой.  

МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхимийн 4-р түвшний оюутан Б.ЦЭНГЭЛМАА:

“Өөр эмэгтэй”
(хөрөг найруулал)

"Хувьслын" Урнаа гэж хэн бэ?

Тэр бол Уртнасангийнх гэх айлын дунд охин Уртнасан гуай бол өдгөө 80 нас ахиухан гарсан 11  хүүхэдтэй айлын 11 дэх хүү. Дээрээ 10 эгчтэй.  Гуталдаа шороотой явж байгаагүй, зургаан цагаас хойш хоол иддэггүй, асар хөдөлмөрч, хөдөлгөөнтэй, зүгээр сууж чаддаггүй хөнгөн шингэн туранхай бор өвгөн. Уранчимэг бол 8 хүүхэдтэй айлын дунд охин.  Түүнд ээж аав хоёр нь багаас нь урлагийн гоё сайхныг мэдрүүлж өсгөсөн. Тэрээр багаасаа  хоёр дүүтэйгээ гитараа бариад дуулж явдаг, өдөр нь дуу хууран дунд цалгиж, орой нь аавынхаа ярьж өгдөг үлгэрт нойрсдог байсан.  Уртнасан гуайн гурван охин 80-аад онд эгч дүү гурван Урнаа нэртэй, бидний сайн мэдэх “Шинэ өглөө” , “Тавтай нойрсоорой” зэрэг дууг дуулж явсан бяцхан одууд байлаа. Харин одоо бол бага охин Уранцэцэг нь Лучиа ди Ламмермур-аараа олонд танигдсан сайн дуурийн гоцлооч, дунд охин Уранчимэг нь МУГЖ, “Хувьсал” продакшны захирал. 

Гэрэл зураг: У.Уранчимэг ээж, аавын хамт 2021 он

Уранчимэг эгчийн ёс зүй, хандлагыг түүний гэр бүлийн суурь хүмүүжилтэй холбон тайлбарлахгүй байхын аргагүй. “Алим модноосоо хол унадаггүй” гэдэг шүү дээ. Тэр “наймдугаар ангид байхдаа үндэсний хөгжим тоглоод анхны цалингаараа компот, талх аваад гэртээ харьж байснаа ер мартдаггүй” гэж байсан юм. Одоо ч энэ зан нь хэвээрээ. 80 нас гарсан ээж, аав хоёртоо долоо хоног бүр очиж, ээжийгээ усанд оруулж, хавь ойрын сонин хуучилна. Уртнасан гуай эмгэнийгээ цай, хоолоор тасална гэж байхгүй. Урнаа эгчийг очих бүрд гарын хоолоо хийгээд хүлээж байна. Нэг өдөр Урнаа эгч ажил дээрээ аавынхаа хийсэн хуушуурыг авч ирж амсуулсан юм. Хүний хандлага хуушуурны чимхэлт, махны хирчилтхэн дээрээс л харагддагийг тэгэхэд анзаарсансан. Маш нарийн, уран чимхэлт, жижигхэн гэрийн хуушуурны амт одоо ч мартагдаагүй байна. 

Урнаа эгчийн ээж нэг удаа “Чи энэ мэргэжлийг сонгосноос хойш алга хөрвүүлчихсэн юм шиг их өөрчлөгдсөн. Миний мэдэх дунд охин бол төрсөн цагаас ухаан орох хүртлээ бүрэг ичимтгий ноомой нэгэн” гэж ярьж байсан гэнэлээ .  Харин хүмүүс бол жүжигчин, цоглог, эрч хүчтэй, дайчин Уранчимэгийг л мэдэх биз. Түүнийг таньдаг болоод, хамт ажиллаад нэг жил гаруй болсны хувьд олны төдийлөн мэддэггүй Уранчимэгийн талаар сийрүүлэхийг хичээе. 

Тэр маш сайн багш

Би гэдэг хүн 2019 онд  “Хувьсал” продакшны дэргэдэх “Хувьсал энтертайнмент”-аас зохин байгуулдаг жүжигчний анхан шатны мэдлэг олгох “45х45” сургалтад хамрагдаж Уранчимэг гэх хүнийг 45 хоногийн турш багш гэж дуудах боломж олдсон юм. Анх тэр эмэгтэйн өмнөөс хараад өөрийгөө танилцуулахдаа нүд рүү нь эгцэлж харахаас эмээж байснаа санаж байна. Тэр их чимээгүй, ажигч... Зүйрлэвээс бар мэт...  Биднийг Хувьслын хаалгаар орж ирсэн цагаас л дотроо дүгнэчихсэн байснаа сүүлд ярьж байсан юм. Бас хүмүүсийг ингэж дүгнэдэг дүгнэлт нь ч хол зөрдөггүй юм билээ.

Түүнийг би маш сайн багш гэж тодорхойлно. Тэр шууд хэлж, тайлбарлаж, заахын оронд эхлээд асуудаг. Асуултынхаа хариултыг олох хүртлээ бидний оюун санааг уралдуулж эрдэг. Ингэхдээ хүн нэг бүрийн нүд рүү анхааралтай ширтэж уур амьсгалыг хичээл гэхээсээ илүү өгөө аваатай тоглоом болгож хувиргана. Би энэ бүрээс нь үлгэрлэж байлаа.

Түүний биеэ авч яваа байдал, үг өгүүлбэр хоорондох зогсоц, алхаа гишгээнийх нь хурдаас хүртэл суралцмаар байсан юм. Тэр зүгээр л өөрөөрөө үлгэр дуурайлал болж чаддаг хүчтэй эмэгтэй. 45 хоногийн сургалт эхэлсэн өдөр Урнаа эгч “Эндээс хүн болгон ямар нэг зүйлийг аваад гараарай, боломжийг битгий алдаарай” гэж хэлсэн. Ингээд би өөртөө зорилго тавьж 45 хоногийн дотор кино зохиол бичиж дуусгасан юм. Сургалтын сүүлийн өдөр эргэлзээ, айдсаар дүүрэн алхсаар Урнаа эгчийн өмнө кино зохилоо тавьж орхисондог.

Урнаа эгч “Юу билээ хө” гэхэд нь “Зохиол” гэж хэлэхдээ гар чичирч, нүүр улаа бутарч байсныг тод санаж байна. Урнаа эгч хэд хэдэн асуулт асуусны дараа “Би цаг гарвал зохиолыг чинь уншина. Уншаад эргээд чамтай холбогдоно. Хэрвээ эргэж холбогдохгүй бол уншаагүй гэж ойлгоорой. Битгий та миний зохиолыг уншсан уу? гэж асуугаарай” гэж хэлсэн юм. Маргааш нь төгсөлтийн баяр болж бид 45 хоногийн хугацаанд сурсан мэдсэнээ багш нартаа тайлагнах боллоо. Урнаа эгч “жүжигчин болно гэж бодож байгаа нь бос” гэхэд манай ангиас арваад хүүхэд босож зогслоо. Харин Урнаа эгч царайлаг, булчинлаг байрын нэг сурагчийг заагаад “Чи суу, бусад нь ч жүжигчин болох гээд хэрэггүй дээ” гэж хатуухан хэлж орхисон юм. Сайн багш гэж шавийгаа үргэлж дэмжиж, магтаалын үгс урсгадаг хүнийг хэлдэг гэж үү? Би тэгж боддоггүй. Харин өөрийн туршлага, ур чадварыг ашиглан тухайн хүүхдийг бэлдэж, анзаарч, мэдэрч, буруу замаар алхах гэж байвал  боль гэж хэлж чаддаг хүнийг хамгийн сайн багш гэж ойлгодог. 

Тэр охиныхоо төдийгүй хамт олныхоо хамгийн том ментор

Тэр бусдаас өөрөөр хайрладаг. Хайртайгаа, санаа нь зовж байгаагаа, юуг хүсэж байгаагаа хэлэхээс илүү үйлдлээрээ үзүүлэх нь олонтоо. Тэр охиндоо ээж нь төдийгүй маш сайн найз нь. Түүний ганц охин Анударь өдгөө 25 нас хүрч байгаа бөгөөд Хятадад Олон Улсын Худалдаа мэргэжлээр суралцаад төгсөж буй. Суралцахынхаа хажуугаар подкаст хөтөлж, онлайн хувцасны дэлгүүр ажиллуулдаг хөдөлмөрч нэгэн. Анударь эгч ээжээсээ их өөр. Илүү нээлттэй, хүн бүртэй дотно, нөхөрсөг харилцаж , одоодоо эрх чөлөөтэй, дэврүүн байж чаддаг. Урнаа эгч охиноо багаас нь эрхлүүлж, нялхруулж харьцахаасаа илүү үнэн байж, нөхцөл байдлыг ойлгуулж, том хүн мэт харьцахыг чухалчилдаг байж. Тиймдээ ч одоо охин нь бие даасан, үнэнч шударга, өмнөө тавьсан маш том зорилготой болж өсжээ. 

Хувьсал продакшны үндсэн бүрэлдэхүүнд багтдаг Бямбасүрэн, Баярмаа, Мөнхдалай, Баасандорж гэх 4 залуу уран бүтээлчийн хувьд ч мөн Уранчимэг гэдэг хүн амьдралынх нь хамгийн үнэ цэнтэй хамтрагч, зөвлөгч, эгч нь байж чаддаг. Тэр болно, бүтнэ, зүгээр гэхээсээ илүү нөхцөл байдлыг бодитоор хар, тооцоолол хий, төлөвлө, өөрийгөө хөгжүүл гэж зөвлөдөг, шаарддаг хүн. Энэ зөвлөгөө нь ч түүнийг хүрээллийг илүү чанаржуулж байдаг байх. Ийм хүний дэргэд байгаад ирэхээр хүний тархинд өсье, дэвжье, чадъя гэх бодлууд өөрийн эрхгүй хөвөрмөөр... Тэр өөрөө урам зориг юм.

Тэр их өөр гэрийн эзэгтэй

Түүний хань бол МУУГЗ, Үндэсний Урлагийн Их Театрын захирал Цоггэрэл юм. Тэр нэг удаа “Уран бүтээлээ хийчхээд хамгийн түрүүнд Цогоод таалагдах болов уу, яаж хүлээж авах бол гэж боддог” гэсэн юм. Урнаа эгч ажил, хувийн амьдралаа хамгийн сайн ялгаж чаддаг эмэгтэй. Уран бүтээлийн орчинд Цоггэрэл ах киноны продюсер, түүний охин нь туслах найруулагч учраас нөхөр, охин хоёртойгоо дээд, доод түвшний ажилтантайгаа хэрхэн харилцах ёстой тэр зарчмаар л ажиллана. 

Цоггэрэл ах Урнаа эгчийг гурван жил гуйж байж эхнэрээ болгосон гэдэг. Харин Урнаа эгч “Цогоо бол миний амьдралдаа хийсэн хамгийн зөв сонголтуудын нэг” хэмээн нөхрөө ихэд магтана. Цоггэрэл ах бол Урнаа эгчийн адил СУИС-ийг төгссөн жүжигчин мэргэжилтэй хүн. Тэд үерхэж эхлээд гэр бүл болсны дараа драмын театрын цалингаар амьдрах хэцүү байсан тул Цоггэрэл ах Урнаа эгчийг юунд ч санаа зоволгүй өөрийн хүссэн зүйлээ хийг гээд хувиараа бизнес хийж эхэлсэн юм. Гэвч удалгүй “Хувьсал” продакшныг үүсгэн байгуулж 13 жилийн турш амжилттай авч явж, тайз дэлгэцийн олон уран бүтээл туурвижээ. Харин өдгөө өөрөө ҮУИТ-ийн захирлаар ажилладаг. 

Уранчимэг эгч их гэр амьтай хүн. Өөр газар төдийлөн тав тухтай амарч, идээшиж чаддаггүй. Монгол нөхрүүдийн хамгийн дуртай хоол бол цуйван. Цоггэрэл ах ч цагтаа тийм байсан байх. Харин Цоггэрэл ахыг өөрийн амьдралын хэв маяг руугаа уусгаж, зөв амьдралын хэв маяг, зөв хооллолт руу чирч яваа эмэгтэй бол түүний эхнэр. Нэг удаа натурын үеэр эхнэр, охин хоёрыгоо эзгүйд хадмындаа очиж цуйван хийлгэж идэж байгаад баригдсан удаатай. Тэднийг харьцуулж бодоход их өөр хүмүүс. Яаж ийм хоёр өөр гэр бүлийн хүмүүжилтэй, зан араншинтай хүмүүс гэр бүл болж амьдардаг байна гэж гайхах хүмүүс олон. Гэвч тэдний нэгнийгээ хайрлах өөр хайр, өөр холбоос үнэхээр гүн бөгөөд бат бөх гэдэг нь эргэлзээгүй. 

Тэр ажилчиддаа маш өндөр шаардлага тавьдаг

“Хувьсал” продакшинд жинхлэгдсэн л бол кино зохиол бичих, найруулах, дуулах, жүжиглэх, киноны маркетинг хийх, борлуулах гэх мэт бүх төрлийн хувьсах чадвартай байхыг шаарддаг. Үүнийг бэлгэдэж л Цоггэрэл ах энэ нэрийг өгсөн байх. Уранчимэг эгчтэй хамтарч ажиллах их онцгой. Түүний шаардлагад нийцүүлж ажиллах гэж хичээсээр тэр хичээл зүтгэл сүүлдээ дадал болж энэ дадал чамайг шинэ түвшинд аваачина. Тэр ажилчид, хамтрагчид, охиндоо тавьдаг энэ бүх шаардлагаа өөртөө ч мөн тавьдаг. 

“Хувьсал” продакшны дэлгэцийн 6 дахь уран бүтээл “Тэнгэрээс буусан од” киноны зохиолч Бямбасүрэн  “Нэг л өдөр Урнаа эгч Нэргүй од жүжгийн зохиолоос кино хийнэ. Зохиолыг нь чи бичнэ гэж хэлсэн. Урнаа эгч чадна гэж бодсон хүндээ л итгэл хүлээлгэдэг учраас би дотроо чадна, чадахаас өөр аргагүй гэж том зорилго тавиад зохиолоо бичиж эхэлсэн” гэж хэлсэн юм. Эсрэгээрээ Урнаа эгч залхуу хойрго, бэлэн будаан дээр суудаг занг тэвчиж чаддаггүй. Түүний дор ажиллаж байгаа л бол, түүний багийн нэг хэсэг болсон л бол чадахаасаа чадахгүйг хүртэл тэмцэж, тэсэж, шинийг санаачлагч байхыг шаарддаг. 

Хоёр.  Түүнийг онцгой болгодог зан чанарууд

Тууштай байх нь түүний амжилтын гол элемент. Уранчимэг эгч өдгөө 49 настай. Энэ насны дийлэнх эмэгтэйчүүд эмээ болчихсон, хэзээ мөдгүй тэтгэвэртээ гарахыг хүлээж суудаг. Харин Урнаа эгчийн хувьд эсрэгээрээ найруулагчийн карьераа эхлээд 10 хүрэхгүй жил болсон, уран бүтээлчийн хувьд одоо л хийж бүтээх эд насан дээрээ буй.

Тэр надад нэг удаа “Цэнгээ минь залуу хүн тарган байх муухай, чи тур” гэж билээ. Түүний энэ үгэнд ичсэн би хэсэгтээ л дэглэм барьж, турахыг хичээсэн ч амжилт олоогүй. Учир нь надад Урнаа эгчийнх шиг тууштай зан, тэсвэр тэвчээр дутагдсан. Урнаа эгч өөрөө үеийнхнийхээ дунд гайхуулмаар сайхан биетэй. Фитнесс гэдэг аль хэдийн түүний амьдралын тухтай бүс болжээ. Тэр дасгал хөдөлгөөн , энэ амьдралын хэв маягаасаа эрч хүчээ авдаг. 

Түүний тууштай, нэг зүйлд сониучирхсан бол эцсийг нь үздэг зантайг драмын театрт тасралтгүй ажилласан 22 жил батлах биз. Тэрээр улсын драмын эрдмийн театрт байхдаа Ч.Ойдов “Далан худалч” , Пагма, А.П.Чехов “Цахлай” , Заречная, Ф.Шиллер “Хар санаа, хайр сэтгэл” , Луйза, С.Жаргалсайхан “ Шөнө дундын бүжиг” , Шубира, Ц.Балдорж “Шөнө амталсан нулимс” , Мари, А.Себастян “Нэргүй од” зэрэг олон бүтээлд дээр ажиллаж байсан юм.  

Урнаа эгч “Хүмүүс театрт ажиллаж байхдаа хажуугаар нь дэлгэцийн уран бүтээл дээр ажиллаад л амжуулаад л явдаг байсан би яагаад тэгье гэж бодож байгаагүйгээ их гайхдаг” гэж байсан. Миний хувьд бол гайхах зүйл байгаагүй. Учир нь тэр хоёр туулай хөөж, мөнгө элдэж, амжуулъя, аргацаая гэсэн сэтгэлээр юунд ч хандаж чадахгүй хүн. Гэвч эцэст нь тэр өөртөө хувьсал хийх цаг болсныг хүлээн зөвшөөрч театрын урлагаа орхисон.. Одоо бол дэлгэцийн уран бүтээл, найруулагчийн карьертаа үнэнч зүтгэж буй. Энэ бол түүний хувьд дөнгөж эхлэл юм. 

Тэр зууралдагч биш ажиглагч

Уранчимэг эгчийн өгөх боломж, итгэх итгэл тоотой гэж би боддог. Харин тэр итгэлийг нь алдсан хүн рүү “чи миний итгэлийг алдлаа, чи яагаад надад ингэж хандаж байгаа юм бэ” гэж уурсах, гомдоллох хүн биш. Тэгэхчгүй. Эмзэглэлээ, гомдоллоо дотроо түгжээд өнгөрөх нэгэн. Энэ яг л архинд орсон эр нөхрөө архинаас нь гаргахыг хичээж, араас нь хөөцөлдөх бус чимээгүй тэвчиж байгаад орхиод явахтай адил. Ихэнх хүмүүс энэ зан чанарыг муу гэж харах байх. Гэвч Урнаа эгч шиг тууштай хүний хувьд ухамсар, тухайн хүнээс хамаарах зүйл дээр тууштай зангаа хэт их харуулах нь тэнэглэл болж хувирах биз. Харин тэр эр нөхөр нь эдгэшгүй өвчин тусаад эмнэлэгийн орон дээр хэвтвэл эцсийг нь хүртэл дэргэд нь асарч, баас шээсийг нь цэвэрлэж, эдгээх бүх аргыг туршиж үзэх тийм л эмэгтэй. 

Тэр бол дүрээрээ амьдрагч

Уранчимэг эгчийн ерөнхий найруулагчаар ажилласан, “Хувьсал” продакшны 7 дахь дэлгэцийн уран бүтээлд туслах найруулагчаар ажиллах хувь надад тохиосон юм. Жүжигчин хүн юу хийдэг хүн бэ? гэвэл ихэнх хүмүүс жүжиглэдэг хүн гэж хариулах байх. Би ч тийм байсан. Харин ганц киноны ард ажиллаж үзсэнийхээ дараа би жүжигчин хүн бол тухайн дүрийн амьдралаар үнэн амьдардаг хүн гэж хариулдаг болсон юм.

Урнаа эгч бол Монголын кино урлагт дүр дээр ажиллах, мэргэжилдээ эзэн нь байхыг үлгэрлэж яваа чадварлаг жүжигчин. Тэр найруулагчийн хувьд ширээний уншлага хийж, жүжигчин тус бүртэй тулж ажилладаг. Харин ширээний уншлага дуусаж бүх жүжигчид явсны дараа өрөөндөө ганцаараа өөрийнхөө дүр дээр ажиллана. Тухайн дүрийн намтар, сэтгэл зүй, бие махбодыг тултал нь судалж түүгээрээ амьдарч эхэлдэг. 

Тод манлай кинон дээр гардаг өөрөө өөрийгөө уядаг хээр морь шиг сэтгэл хөдөлмөөр дүр зураг... Кино зураг авалт эхэлсний дараа тэр уяа сойлгоо тааруулсан морь шиг зургийн талбайгаар алхаж явахдаа кино зохиол дээр л дүрслэгдэн буугдсан тэр дүр амилсан мэт алхаа гишгээ, нүдний харц бүрээрээ амьдардаг. Ингэж Уранчимэгийн бүтээсэн дүр төрдөг ажээ.

Түүнийг хамгийн сайн тодорхойлох үг бол хувьсагч 

Уранчимэг эгчийн хамтрагчид, найзууд ихэвчлэн тэрнээс дүү хүмүүс байх нь олонтаа. Тэр цаг нь болсон хувьслыг өөрөөсөө түлхэлгүй драмын урлагаа орхисон. Дэлгэцийн уран бүтээл рүү ханцуй шамлан орж, найруулагчийн карьераа эхлүүлсэн. Энэ салбарт ч тун амжилттай ажиллаж яваа цөөн эмэгтэй уран бүтээлчдийн нэг. Түүний дараагийн хувьсал юу байхыг би хэлж мэдэхгүй. Гэвч тэр хэзээ ч нэг байрандаа суурьшиж, дадсан аргаараа хоолоо олж идэж, нэг хэмнэлээрээ удаан тоглохгүйг л сайн мэдэж байна. 

Тэр хэдэн уулын цаадхыг харж үйлдэг хийдэг хашир удирдагч

Уранчимэг эгч бол кино зохиол бичигдэж байхад төгсгөлийг нь харчихсан байдаг, зураг авалт эхлэхээс өмнө бүхлээр нь тооцчихсон байдаг хүн. Киноны аль хэсэг үзэгчдийг байлдан дагуулах вэ?, аль хэсгээр маркетинг хийх вэ? гэдгийг хүртэл дотроо нягт тооцоолсон байдаг учраас “Хувьсал”-ын кинонууд үзэгчдэд сайн хүрдэг байх. Тэр кино бүрэн хийгдэж дууссаны дараа нээлтээ хийхээсээ өмнө дор хаяж арван удаа үзлэг хийдэг. Ингэхдээ киноны салбарын мэргэжлийн уран бүтээлч, нас насны жирийн үзэгчид, кино шүүмжлэгчид зэрэг төрөл бүрийн хүмүүстэй үзэж тэдний сэтгэл хөдлөлийг ажиглаж , үнэн шүүмж хүртдэг. Кино зохиол бичигдэж эхлэхээс авахуулаад уран бүтээлч тэр тусмаа найруулагч хүн оюуны асар өндөр ачаалалтай ажилладаг. Тэр кино бүтээгдэх бүх үйл явцад санаа тавьж, нарийн нандин чимхлүүр хэсгүүдэд хүртэл гар бие оролцдог. Хэрэв сэтгэлд нь хүрэхгүй бол хүртэл нь дахин дахин оролддог, шинэчилдэг. Уран бүтээл, ажил хэргийн орчинд түүний үгийн санд аргацаах гэдэг үг байхгүй. 

Эцэст нь жинхэнэ Уранчимэг гэдэг хүн олны дунд бүтээгдсэн дүр төрх, ам дамжсан яриануудаас тэс өөр хүн. Түүний хамгийн ойрын хамтрагч Бямбасүрэн “Урнаа эгч яг үнэндээ маш өрөвч, зөөлөн хүн” гэж хэлсэн.  Урнаа эгч хандивын үйл ажиллагаануудад үргэлж оролцдог. Гэвч үүнийгээ төдийлөн ил гаргаад, олонд зарлаад байдаггүй. Учир нь тэр гавьяа шагнал, сайн нэрэнд улайрагч биш. Харин өөрийн бүтээсэн, бүтээж буй ертөнцдөө өөрийнхөөрөө, эрх чөлөөтэй, аз жаргалтай амьдарч буй эрхэмсэг эмэгтэй. Түүний Монголын кино урлагт хүчин зүтгэх олон жилүүдийг, түүний хэрхэн хувьсахыг харахаас тэсэж ядна... Энэ өгүүлэл тэр чигтээ магтаалаар дүүрэн байсан байх. Магадгүй Урнаа эгч энэ өгүүллийг олж уншвал “хэтрүүлсэн байна” гэж хэлэх байх. Гэхдээ энэ бүгд миний Уранчимэг гэх эмэгтэйн дэргэд байсан багахан хугацаанд ажсан, мэдэрсэн сэтгэгдэл дээрээ тулгуурлан бичиж буй үнэн хөрөг юм. Түүнийг онцгой болгодог зүйлсийг үгээр илэрхийлэх ч хэцүүдлээ. Урнаа эгчээ та “Энх явж, Мөнх жаргаарай”...

(2021.08.09)

 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Нэр:
Сэтгэгдэл:
СЭТГЭГДЭЛ (0)

Сэтгэгдэл байхгүй байна