Хийж байгаа зүйлдээ чин сэтгэлээсээ ханддаг хүний тухай

Дэлхий дахинд дэгдсэн коронавирус, Монгол Улсад КОВИД-19 нөхцөл байдлын улмаас сэтгүүл зүйн чиглэлээр суралцаж буй оюутны дадлагажих нөхцөлийг хангахад МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхимтай "Хөгжлийн төлөө сэтгүүл зүй" ТББ-ийн journalism.mn сайт хамтран ажиллаж байна. "Хөгжлийн төлөө сэтгүүл зүй" байгууллага нь уул уурхайн мэргэжлийн The Mongolian Mining Journal сэтгүүлийн редакцын дэргэд үүсгэн байгуулагдсан бөгөөд сэтгүүлчдийг дэмжин, хөгжүүлэх зорилготой.  

МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхимийн 2-р түвшний оюутан А.ТОГТОХТӨР:

Хийж байгаа зүйлдээ чин сэтгэлээсээ ханддаг хүний тухай

(хөрөг найруулал)

 
      Ямар ч сайн үр дүн хичээл зүтгэлгүйгээр бий болохгүй. Энэ үг зөвхөн миний ч биш энэ хүний гараар дамжсан тоглогч бүрийн дотор сийлээтэй байдаг нь эргэлзэх зүйлгүй. Түүнийг Д. Нанжид гэдэг.

Нанжид гэж хэн бэ? Үл ялиг бор төрх, өтгөн хар сахал, сөөнгөдүүхэн боргил хоолой, өндөр ярианы  темп нь түүнийг илтгэнэ. Энэ хүн бол Дөчин Мянгат Юнайтед хөлбөмбөгийн клубийн үүсгэн байгуулагч, дасгалжуулагч Д. Нанжид. Түүнийг монголд хөлбөмбөг сонирхог ч бүгд л мэдэх байх. Амьдралынхаа ихэнх цагийг монголын хөлбөмбөгийн хөгжилд  зориулж, үүнийхээ  ч үр шимийг амссаар байгааг түүний гаргасан амжилтаас бэлээхэн харж болно. Тамирчидынхаа дадал, зуршил, эрүүл мэнд цаашлаад гэр бүлийн байдал зэргийг ойлгож тэдэнтэй илэн далангүй байж чаддаг нь Д. Нанжид дасгалжуулагчийн болон түүний багийн амжилтын цөм юм. Аливаа баг, байгууллагын “уур амьсгал” хэр байгаа нь тэдний амжилт, ололтын түлхүүр болдаг. Дасгалжуулагч Д. Нанжидын хувьд энэ үүргээ сайн биелүүлж яваа гэж хардаг. 

Эрдэм ном, авьяас билэг нь хосолсон бараг л таван тэгш хүн. Спортын энэ албарт нэлээдгүй хэдэн жил ажиллахдаа олон ч мундаг шавь төрүүлсэн...

Тэртээх 2009 онд Мобикомын санхүүжилтээр 24-р сургууль хөлбөмбөгийн болж байв. “Ашгүй дээ” хэмээн хэвлүүхэн нь аргагүй дуу алдан баярласан хүүхдүүд “Бид хөл бөмбөгийн аварга болохоо амлаж байна” гэж орилж байсан нь саяхан мэт. Талбайн хажууд зогсоод өнөөх л тактик боловсруулдаг цагаан самбар, хэдэн шар, улаан соронзоо бариад хүүхдийн баг дасгуулжуулж эхэлсэн нь тухайн үед талбайн хажуугаар хэнэгчгүй шүлсээ хаян өнгөрөх зарим хүмүүсийн хувьд сургуулиа дөнгөж төгссөн, гэзгээ шилэн хүзүү хүртлээ ургуулсан залуу хүүхдийн хэдэн сар л хийгээд орхих зүйл гэж бодсоноо одоо ч нуулгүй хэлэх нь бий. Гэтэл түүний байгуулсан баг өнөөдөр  монголын хөлбөмбөгт хэдий нь байр сууриа олчихсон, хүчтэй өрсөлдөөн үзүүлэх багуудын нэг зүй ёсоор болчихсон байгаа нь тэдгээр хүмүүсд  өгөх түүний хариулт болов уу. 

Ялалт. Өнөөдрийг хүртэл өөрийнхөө эхлүүлсэн зүйлдээ эзэн нь болж энэ спортод чин сэтгэлээ зориулж өдий зэрэгтээ амжилттай байгаад  хувь хүний зүгээс маш их бахархаж үлгэр дуурайлал авдаг. Өөрөө сайн ч хөлбөмбөгчин.. Аливаа спортод бэртэл гэмтэл гэдэг зүйл л тамирчны карьерийг үгүй хийдэг гэдгийн бас нэгэн жишээ болсон нь туйлийн хармасалтай ч өөрийн мэдлэг чадвар, хөлбөмбөгийг харах өнцгийг тэнд үргэлжлүүлэн хүргэсээр  байгаа нь энэ хүний талаар бичэх хангалттай шалтгаан минь болсон юм. 

Нанжид дасгуулагчийг 2011 оны намар сургуулийн хажуу талын цементен талбай дээр тэмцээн шүүж байх үеэс нь мэддэг болсон.  Тухайн үед улаан шорт, дугаар нь ялимгүй халцарсан Барселона-ийн нил ягаан өнгийн өмсгөл өмсчихсөн байсан нь одоо ч нүдэнд харагдаж байна.

Миний бодолд хадгалаастай байдаг бяцхан дурсамжит явдлаа энд сийрүүлье. Дасгалжуулагч бид хоёр нэг орцонд тунчиг ойрхон байдаг болохоор зарим заримдаа би тэднийхээр орж гардаг болов оо.  Тэдний  гэрийн үүдээр оронгуут ногоотой шөлний сэнхи хийсэн үнэр хамар цоргих агшинд дасгалжуулагч жижиг өрөөнийхөө булангийн ширээний урд үзэг цаасаа барьчихсан өнөөх л хөлбөмбөгийн тухай хичээл ютүбээс үзээд сууж байлаа.

“За (нэрээр дуудав) ногоотой шөлний үнэрээр хүрээд ирэв үү?” гэж тэрүүхэн тэндээ намайг шоглоно. Тэр үеэс дасгалжуулагч  маань яг л миний ах шиг санагдах болж, ингэж бодсоноосоо болоод бэлтгэлийн үеэр ахаа гээд андуураад дуудчихдаг байсан үеч бий.

Түүний удирдлаг дор орсон анхны тэмцээнээ яаж дурьдахгүй орхих билээ. 2012 оны өвөл Дуулиан тэмцээний хүрээнд ахнхынхаа тоглолтыг тавдугаар сургуулийн эсрэг хийж байсан юм. Эхний үе өнгөрхөд би болон бусад сэлгэээний тамирчид суусаар л байв. Харин дараагийн үе эхлээд тун удалгүй дасгалжуулагч та нар одоо л хэрэгтэй байна гэсэн янзтай  тун шийдэмгий харцтайгаар дуудаж авчраад  сандарлаа барьж дийлэхгүй байгаа бидэнд  хандаж хэлсэн үгийг би одоо ч өөртөө хааяа хэлдэг л юм...  

Дасгалжуулагч минь амьдралын ухаан хийгээд  баг байхын, нэгнийгээ хайрлахын учирыг талбай дээр ч амьдрал дээр ч аль алинд бидний цонх  болж  аливаад  чин сэтгэлээсээ хандахын учир шалтгааныг ойлгуулж чадсан үлгэр жишээч хүн. Түүний амьдралын зарчим бол аливаа зүйлд чин сэтгээлсээ хандах.

(2021.08.06)

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Нэр:
Сэтгэгдэл:
СЭТГЭГДЭЛ (0)

Сэтгэгдэл байхгүй байна