Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн төсөл

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ


2016 оны .. дугаар                                                                                                                                                                      Улаанбаатар 
сарын ...-ны өдөр                                                                                                                                                                                  хот
                


ӨРГӨН НЭВТРҮҮЛГИЙН ТУХАЙ 
НЭГДҮГЭЭР БҮЛЭГ

Нийтлэг үндэслэл

1 дүгээр зүйл. Хуулийн зорилт 

1.1.Энэ хуулийн зорилт нь өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэх эрх зүйн үндсийг тодорхойлж, зах зээлийн шударга өрсөлдөөний таатай орчныг бүрдүүлэх, үндэсний болон нийтийн ашиг сонирхолд нийцсэн өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэхтэй холбогдон үүсэх харилцааг зохицуулахад оршино.  

2 дугаар зүйл. Өргөн нэвтрүүлгийн тухай хууль тогтоомж

    2.1.Өргөн нэвтрүүлгийн тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хууль, Харилцаа холбооны тухай хууль, Радио долгионы тухай хууль, Зар сурталчилгааны тухай хууль, Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хууль, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хууль, Өрсөлдөөний тухай хууль, энэ хууль болон эдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

  2.2.Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө. 

    3 дугаар зүйл. Хуулийн үйлчлэх хүрээ
    
3.1.Олон нийтийн радио, телевизийн үйл ажиллагаатай холбогдох харилцааг Олон нийтийн радио, телевизийн тухай хуулиар зохицуулна.

3.2.Радио давтамж ашиглах тусгай зөвшөөрөлтэй холбогдох харилцааг Радио долгионы тухай хуулиар зохицуулна.

3.3.Монгол Улсын Их Хурлын болон Ерөнхийлөгчийн сонгууль, аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн сурталчилгаатай холбогдох харилцааг сонгуулийн хууль тогтоомжоор зохицуулна.

3.4.Өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчийн түгээх зар сурталчилгаатай холбогдох энэ хуулийн 22 дугаар зүйлд зааснаас бусад харилцааг Зар сурталчилгааны тухай хуулиар зохицуулна.

3.5.Энэ хуулийн 3.1-3.4-т зааснаас бусад өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэхтэй  холбогдох харилцааг энэ хуулиар зохицуулна. 

4 дүгээр зүйл. Хуулийн нэр томьёоны тодорхойлолт

    4.1. Энэ хуульд хэрэглэсэн дараахь нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно. Үүнд:

4.1.1.“өргөн нэвтрүүлэг” гэж урьдчилан бэлтгэсэн хөтөлбөрийг мэдээлэл холбооны сүлжээ, төхөөрөмж ашиглан нэг цэгээс олон нийтэд  нэгэн зэрэг хүргэхийг;

4.1.2.“өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ” гэж энэ хуулийн 4.1.3, 4.1.4, 4.1.5 -д заасан үйлчилгээг;

4.1.3.“радио, телевизийн газрын дамжуулах үйлчилгээ” гэж радио давтамж ашиглан газрын тоон сүлжээ байгуулж, гэрээний үндсэн энэхүү хуулийн 4.1.7.1-д , 4.1.7.2-д заасан үйлчилгээг тодорхой хамрах хүрээнд дамжуулахыг;

4.1.4.“олон суваг дамжуулах үйлчилгээ” гэж утастай, утасгүй, хиймэл дагуулын сүлжээгээр радио, телевизийн олон сувгийг хэрэглэгчдэд гэрээний үндсэн дээр дамжуулан хүргэхийг;

4.1.5.“радио, телевизийн үйлчилгээ” гэж контентийг хөтөлбөрийн дагуу бэлтгэж, гэрээний үндсэн дээр радио, телевизийн газрын дамжуулах, олон суваг дамжуулах, интернэтийн зэрэг сүлжээгээр дамжуулан олон нийтэд хүргэх энэ хуулийн 4.1.6, 4.1.7 –д заасан үйлчилгээг;

4.1.6.“олон нийтийн радио, телевиз” гэж Олон нийтийн телевиз, радиогийн тухай хуульд заасан зөвхөн олон нийтийн эрх ашигт үйлчилдэг, ашгийн төлөө бус радио телевизийн үйлчилгээг;

4.1.7.“арилжааны радио, телевиз” гэж хувийн хэвшлийн хөрөнгө оруулалттай, ашгийн төлөө үйл ажиллагаа эрхлэх дараахь этгээдийг;

    4.1.7.а“төлбөргүй радио, телевиз” гэж хөтөлбөрөө радио, телевизийн газрын дамжуулах сүлжээгээр дамжуулан иргэдээс үйлчилгээний аливаа төлбөр, хураамж авахгүйгээр олон нийтэд хүргэх үйлчилгээг;

4.1.7.б“төлбөртэй радио, телевиз” гэж хөтөлбөрөө олон суваг дамжуулах үйлчилгээ эрхлэгчийн сүлжээгээр дамжуулан олон нийтэд хүргэх үйлчилгээг;

4.1.8.“контент” гэж харилцаа холбооны сүлжээгээр дамжиж буй үг, дуу, тэмдэг, дохио, текст, зураг, график, хөдөлгөөнт дүрс бүхий бүх төрлийн мэдээ мэдээллийг электрон хэлбэрт хувиргасан бүтээлийг; 

4.1.9.“хөтөлбөр” гэж бүх төрлийн нэвтрүүлгийг радио, телевизээр дамжуулах хуваарьт оруулсан багцыг;

4.1.10.“нэвтрүүлэг” гэж радио, телевизээр дамжуулах зориулалтаар бэлтгэсэн бүх төрлийн контентийг;

4.1.11.“монгол бүтээл” гэж Монгол Улсын иргэн эсхүл тухайн бүтээлийн уран бүтээлчдийн багийн гишүүдийн гуравны нэгээс доошгүй хувь нь Монгол Улсын иргэн бүтээсэн бүтээлийг;

4.1.12.”мэдээ” гэж Монгол Улсын болон олон улсын цаг үеийн үйл явдлын талаарх өдөр бүрийн тогтмол мэдээллийн нэвтрүүлгийг;

4.1.13.“захиалгат нэвтрүүлэг” гэж радио, телевизийн үйлчилгээ эрхлэгчид хандан нэвтрүүлгийг бэлтгэх, дамжуулах хүсэлтийн дагуу бэлтгэсэн нэвтрүүлгийг;

4.1.14. “суваг” гэж радио, телевизийн хөтөлбөрийг дамжуулах сүлжээний багтаамжийн нэгжийг;

4.1.15. “ивээн тэтгэгч” гэж нэвтрүүлгийг бэлтгэхэд санхүүгийн болон бусад хэлбэрээр дэмжлэг үзүүлж буй этгээдийг;

4.1.16. “зэрэгцээ бичгэн барилт” гэж нэвтрүүлгийн дуу, дүрсийг хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулан бичгэн хэлбэрээр илэрхийлэхийг; 

4.1.17.“нэгдмэл сонирхолтой этгээд” гэж хувь хүн, хуулийн этгээдтэй ашгийн төлөө үйл ажиллагаараа холбоотой хувь хүн, хуулийн этгээдийг;  

4.1.18.“ашгийн төлөө үйл ажиллагаа” гэж компани, нөхөрлөл, хувиараа эрхлэх аж ахуй зэрэг аж ахуй, худалдаа, зээл, санхүүгийн бүх төрлийн байгууллагын үйл ажиллагааг;

4.1.19. “үндсэн багц” гэж энэ хуулийн 4.1.6 болон 4.1.7.1-т заасан  үйлчилгээг. 

ХОЁРДУГААР БҮЛЭГ
ӨРГӨН НЭВТРҮҮЛГИЙН БАРИМТЛАХ 
ЗАРЧИМ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТӨРӨЛ

    5 дугаар зүйл. Өргөн нэвтрүүлгийн бодлого, зохицуулалт болон өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчийн баримтлах зарчим

5.1.Өргөн нэвтрүүлгийн үйл ажиллагаанд дараахь зарчмыг баримтална:

5.1.1.хүний эрх, эрх чөлөө, шударга ёс, үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх;

5.1.2.төрт ёс, түүх, соёл, хэл бичгийн уламжлал, үндэсний үнэт зүйлсийг түгээн дэлгэрүүлэх;

5.1.3.хүн төрөлхтний соёл иргэншлийн ололт, өв, үнэт зүйлсийг хүндэтгэх;

5.1.4.улс төр, шашин, нийгэм, эдийн засгийн олон ургальч үзэл бодлыг хүндэтгэх;

5.1.5.төр, шашны байгууллага, улс төрийн намаас хараат бус, бие даасан байх;

5.1.6.хариуцлагатай, мэргэшсэн сэтгүүл зүйг хөгжүүлж, сэтгүүлчийн ёс зүйн хэм хэмжээг сахин мөрдөх;

5.1.7.олон нийтийн нийтлэг эрх ашиг бодит тэнцвэртэй мэдээ мэдээлэл олж авах иргэний эрхийг хүндэтгэх;

5.1.8. хүүхэд, залуучуудын хүмүүжил, ёс суртахуунд сөргөөр нөлөөлөхгүй байх;

5.1.9.өргөн нэвтрүүлгийн хариуцлагатай, мэргэшсэн сэтгүүл зүй, сэтгүүлчийн ёс зүйн хэм хэмжээг төлөвшүүлэх;

5.1.10.өргөн нэвтрүүлгийг эзэмшлийн хэт төвлөрлөөс хамгаалах, зах зээлийн өрсөлдөөний таатай орчныг бүрдүүлж, өргөн нэвтрүүлгийн салбарын хөгжлийг дэмжин хөгжүүлэх;

5.1.11.монгол бүтээлийг дэмжин хөгжүүлэх;

5.1.12.нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээнд харшлахгүй байх.

6 дугаар зүйл. Өргөн нэвтрүүлгийн үйлчилгээний төрөл

6.1.Өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ нь дараах төрөлтэй байна:

6.1.1.радио, телевизийн газрын дамжуулах үйлчилгээ;
6.1.2. олон суваг дамжуулах үйлчилгээ;
6.1.3. олон нийтийн радио, телевизийн үйлчилгээ; 
6.1.4. арилжааны радио, телевизийн үйлчилгээ. 
6.2.Өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэх хүрээг Монгол орны нийт нутаг дэвсгэр болон тодорхой бүс нутгаар тогтооно.

6.3.Өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэх хүрээг тодорхой бүс нутгаар хязгаарлах тохиолдолд Харилцаа холбооны зохицуулах хороо (цаашид “Зохицуулах хороо” гэх) өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэх нутаг дэвсгэрийг тусгай зөвшөөрөлд нь тусгайлан заана.

ГУРАВДУГААР БҮЛЭГ
ӨРГӨН НЭВТРҮҮЛГИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭХ

    7 дугаар зүйл. Өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэх нийтлэг журам

    7.1.Өргөн нэвтрүүлгийн үйлчилгээг Харилцаа холбооны зохицуулах хороо /цаашид “Зохицуулах хороо” гэх/-ноос олгосон тусгай зөвшөөрөлтэйгээр эрхэлнэ.

    7.2.Өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийг Монгол Улсын иргэн болон Монгол Улсад бүртгэлтэй хуулийн этгээдэд олгоно.

7.3.Өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийг дараах этгээдэд олгохыг хориглоно:

7.3.1.төрийн байгуулага, төрийн албан хаагч;

7.3.2.улс төрийн нам, эвсэл, тэдгээрийн дэргэд үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллага;

7.3.3.гадаадын хөрөнгө оруулалттай хуулийн этгээд;

7.3.4.шашны байгууллага;

7.3.5.төлөөлөн удирдах зөвлөл, эсхүл удирдлагын баг /захирал, дэд захирал, менежер/-ийн 30-аас дээш хувь нь гадаадын иргэн эзэлж байгаа аж ахуйн нэгж, байгууллага.

7.4.Зохицуулах хороо тусгай зөвшөөрөл олгохдоо дараах зарчмыг баримтална:

7.4.1.өргөн нэвтрүүлгийн талаар төрөөс баримталж байгаа бодлого,  харилцаа холбоо, өргөн нэвтрүүлгийн хөгжлийн ирээдүйн чиг хандлага, техник, технологийн дэвшил, хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээ, эрх ашигт нийцүүлэн зах зээлд үр ашигтай, шударга өрсөлдөх нөхцөлийг бүрдүүлэх;

7.4.2.тухайн зах зээлийн багтаамж, хүн амын тоо, нягтрал, эрэлт хэрэгцээ, өрсөлдөөний нөхцөл байдлын талаарх судалгаанд үндэслэх;

7.4.3.радио, телевизийн газрын тоон сүлжээний үйлчилгээ болон олон суваг дамжуулах үйлчилгээ эрхлэх зөвшөөрлийг радио, телевизийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөлтэй давхардуулан олгохгүй, эзэмшил нь тусдаа байх;

7.4.4.тусгай зөвшөөрлийн өргөдөл хүлээн авах, шийдвэрлэх хугацаа, тусгай зөвшөөрлийн төрөл, хамрах хүрээ болон тусгай зөвшөөрөл олгохтой холбогдох журам, бусад баримт бичгийг цахим хуудсаараа дамжуулан нийтэд мэдээлэх.

8 дугаар зүйл. Тусгай зөвшөөрөл хүсэгчид тавих ерөнхий шаардлага 

8.1.Тусгай зөвшөөрөл хүсэгч дараах нөхцөлийг хангасан байна:

8.1.1.өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэх дунд хугацааны стратеги төлөвлөгөө боловсруулж, баталсан байх;

8.1.2.Зохицуулах хорооноос тогтоосон хөрөнгө оруулалтын, хүний нөөцийн, техникийн, технологийн болон аюулгүй ажиллагааны шаардлагыг бүрэн хангасан байх;

8.1.3.өмнө нь өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл эзэмшиж байсан бөгөөд энэ хууль болон Харилцаа холбооны тухай хууль, Радио долгионы тухай хуулийг удаа дараа зөрчиж тусгай зөвшөөрлөө цуцлуулсан бол тусгай зөвшөөрлийг цуцалснаас хойш 3 жил өнгөрөөгүй байх.

9 дүгээр зүйл. Тусгай зөвшөөрөл авахад бүрдүүлэх баримт бичиг

9.1.Тусгай зөвшөөрөл авах өргөдөлд Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 11.1.1-11.1.4-т зааснаас гадна энэ хуульд заасан шаардлагыг хангасныг нотлох баримт бичгийг бүрдүүлнэ.

    10 дугаар зүйл. Тусгай зөвшөөрөл олгох, олгохоос татгалзах

    10.1.Зохицуулах хороо өргөдлийг хүлээн аваад дараах ажиллагааг явуулна:

        10.1.1.өргөдлийг бүртгэж, энэ тухай тодорхойлолтыг өргөдөл гаргасан этгээдэд өгөх;

        10.1.2.өргөдөл, түүнд хавсаргасан баримт бичиг нь энэ хуульд заасан шаардлагыг хангаж байгаа эсэхийг хянах;

    10.1.3.хүсэлт гаргагч нь энэ хуулийн 8.1-д заасан нөхцөлийг хангасан эсэхийг шалгасны үндсэн дээр тухайн нөхцөлийг хангасан гэж үзвэл тусгай зөвшөөрөл олгож болох тухай мэдэгдлийг өгч, ажлын 5 хоногийн дотор тусгай зөвшөөрлийг олгох. 

10.2.Харилцаа холбооны тухай хуулийн 14.2, Радио долгионы тухай хуулийн 11.2.2-д зааснаас гадна дор дурдсан үндэслэлээр тусгай зөвшөөрөл олгохоос татгалзаж болно.

10.2.1.хүсэлт гаргагч нь энэ хуульд заасан шаардлагыг хангаагүй;

10.2.2. тусгай зөвшөөрөл авахалщд бүрдүүлэх баримт бичгийн бүрдүүлбэр хангаагүй;

10.2.3.өргөдөл гаргагч нь өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэхэд шаардагдах хөрөнгө оруулалт, техник төхөөрөмж, мэргэжлийн боловсон хүчний төлөвлөлт хангагдаагүй, хөтөлбөрийн бодлого нь энэ хууль болон бусад хууль тогтоомжтой нийцээгүй.

10.3.Өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгч нь дахин өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл авахаар хүсэлт гаргасан бол тусгай зөвшөөрлийн гэрээний болон нөхцөл шаардлагын биелэлтийг хангасан байна.

10.4.Зохицуулах хороо тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан бол үндэслэлийг зааж бичгээр буюу цахим шуудангаар хариу өгнө.

10.5.Зохицуулах хороо тусгай зөвшөөрөл олгосон шийдвэрийг ажлын 3 өдрийн дотор олон нийтэд мэдээлнэ.

11 дүгээр зүйл. Хураамж

11.1.Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд  заасны дагуу улсын тэмдэгтийн хураамж төлнө.

12 дугаар зүйл. Тусгай зөвшөөрлийн хугацаа

12.1.Тусгай зөвшөөрлийг 3-аас доошгүй жилийн хугацаагаар олгоно.

13 дугаар зүйл. Тусгай зөвшөөрлийн хугацааг сунгах

13.1.Тусгай зөвшөөрөл эзэмшигч тухайн тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 3 сарын өмнө түүний хугацааг сунгуулах тухай өргөдлийг Зохицуулах хороонд гаргаж болно.

13.2.Тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах өргөдөлд дараах баримт бичгийг хавсаргана:

    13.2.1.тусгай зөвшөөрлийн хуулбар;

    13.2.2.улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт.

13.3.Зохицуулах хороо энэ хуулийн 13.1-д заасан өргөдлийг хүлээн авснаас хойш ажлын 5 өдөрт багтаан тусгай зөвшөөрлийг сунгах эсэх тухай шийдвэр гаргана.

13.4.Тусгай зөвшөөрлийг 5 жилийн хугацаагаар сунгана.

13.5.Зохицуулах хороо тусгай зөвшөөрлийн хугацааг сунгасан шийдвэрийг гаргаснаас хойш ажлын 3 өдрийн дотор энэ тухай олон нийтэд мэдээлж, тусгай зөвшөөрлийн бүртгэлд холбогдох тэмдэглэл хийнэ
    
14 дүгээр зүйл. Тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх

14.1.Тусгай зөвшөөрлийг Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 13 дугаар зүйлд зааснаас гадна дор дурдсан үндэслэлээр 90 хүртэл хоногийн хугацаагаар түдгэлзүүлж болно: 

14.1.1.Зохицуулах хорооны хяналт, шалгалтаар хангалтгүй үнэлгээ авсан;

14.1.2.тусгай зөвшөөрөлд заасан хүрээнд үйл ажиллагаа явуулаагүй;

14.1.3.оюуны өмчийн эрхийг удаа дараа зөрчсөн нь холбогдох мэргэжлийн байгууллагын дүгнэлтээр тогтоогдсон. 

    15 дугаар зүйл. Тусгай зөвшөөрөл шилжүүлэхийг хориглох

    15.1.Тусгай зөвшөөрлийг Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 5.3-т зааснаар худалдах, бэлэглэх, барьцаалах болон өөр бусад хэлбэрээр бусдын өмчлөл, эзэмшил, ашиглалтад шилжүүлэхийг хориглоно. 

16 дугаар зүйл. Тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох

16.1.Зохицуулах хороо тусгай зөвшөөрлийг дараах үндэслэлээр хүчингүй болгоно: 

    16.1.1.хуулийн этгээд татан буугдсан;

    16.1.2.тусгай зөвшөөрлийг авахдаа хуурамч баримт бичиг бүрдүүлсэн нь тогтоогдсон;

    16.1.3.тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн; 

16.1.4.өргөдөл гаргагч нь өргөн нэвтрүүлгийн тусгай зөвшөөрөл аваад 1 жил болоогүй, үйл ажиллагаагаа эхлээгүй тохиолдолд;

16.1.5.тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлсэн хугацаанд зөрчлийг арилгах талаар тавьсан шаардлагыг биелүүлээгүй;

16.1.6.хувийн түлхүүрийг алдсан, хувийн түлхүүрийн нууцыг задруулсан.

16.2.Зохицуулах хороо тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон тухай Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 14.2-т заасан журмаар тусгай зөвшөөрөл эзэмшигчид мэдэгдэж, шийдвэр гаргаснаас хойш ажлын 3 өдөрт багтаан цахим хуудсаар нийтэд мэдээлэх бөгөөд түүнд тусгай зөвшөөрөл хүчингүй болгосон үндэслэлийг тодорхой заана.

16.3.Энэ хуулийн 16.2-т заасан тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох үндэслэлийг зөвшөөрөхгүй бол тусгай зөвшөөрөл эзэмшигч түүнийгээ нотлох баримт бичгийг Зохицуулах хороонд ирүүлнэ.  

16.4.Зохицуулах хороо энэ хуулийн 16.3-т заасан нотлох баримт бичгийг хянаж үндэслэлтэй бол тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох тухай мэдэгдлийг хүчингүй болгоно. Үндэслэлгүй бол тусгай зөвшөөрлийг хүчингүй болгож, энэ тухай шийдвэрийг тусгай зөвшөөрөл эзэмшигчид мэдэгдэнэ.

16.5.Тусгай зөвшөөрөл эзэмшигч энэ хуулийн 16.4-т заасны дагуу тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхэд гомдол гаргах эрхтэй.

    17 дугаар зүйл. Тусгай зөвшөөрөл дуусгавар болох үндэслэл

    17.1.Тусгай зөвшөөрөл дараах үндэслэлээр дуусгавар болно:

        17.1.1.тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацаа дууссан; 

        17.1.2.Зохицуулах хороо тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон.


ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ
ӨРГӨН НЭВТРҮҮЛГИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭХТЭЙ ХОЛБООТОЙ 
ОНЦЛОГ ЗОХИЦУУЛАЛТ

    18 дугаар зүйл. Хэт төвлөрөл үүсэхээс сэргийлэх 

18.1.Иргэн, хуулийн этгээд нь орон даяар дамжуулах эрх бүхий өргөн нэвтрүүлгийн үйлчилгээний нэгээс илүү тусгай зөвшөөрөл эзэмшиж үл болно.

18.2. Хувь хүн бие даан, хуулийн этгээд бие даан, охин болон хараат компанитайгаа хамтран радио, телевизийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл тус бүр нэгээс илүүгүй эзэмшиж болно.

    18.3. Нутаг дэвсгэрийн хамрах хүрээг тусгайлан заасан тусгай зөвшөөрөлтэй ижил төрлийн тусгай зөвшөөрлийг тухайн нутаг дэвсгэрт давхар эзэмшихийг хориглоно. 

18.4.Орон даяар болон тухайн орон нутагт дамжуулах эрх бүхий өргөн нэвтрүүлгийн үйлчилгээний тусгай зөвшөөрөл эзэмшигч нь энэ төрлийн бусад үйлчилгээ эрхлэгчийн үйл ажиллагаанд шууд ба шууд бусаар оролцож үл болно.

18.5.Өргөн нэвтрүүлгийн үйлчилгээний зах зээлд шударгаар өрсөлдөх нөхцөлийг бүрдүүлэх, зах зээлийн хэт төвлөрөл үүсэхээс сэргийлэх журмыг өрсөлдөөний асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага, Зохицуулах хороо хамтран батална.

19 дүгээр зүйл. Эзэмшлийн ил тод байдлыг хангах

19.1.Өргөн нэвтрүүлгийг хараат бус, нээлттэй, ёс зүйтэй байлгах зорилгоор өргөн нэвтрүүлгийн эзэмшлийг ил тод байлгана.

19.2.Тусгай зөвшөөрөл эзэмшигч иргэн, хуулийн этгээд нь Зохицуулах хороонд жил бүрийн 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор тусгай зөвшөөрлийн эзэмшлийн талаар мэдээллийг хүргүүлнэ:

    19.1.1.тусгай зөвшөөрөл эзэмшигч нь компани бол гаргасан хувьцааных нь 5 ба түүнээс дээш хувийг эзэмшигчдийн овог, эцэг /эх/-ийн нэр, нэр, компанийн эрх бүхий албан тушаалтны жагсаалт, хаяг, танилцуулга, дэлгэрэнгүй мэдээлэл;

    19.1.2.эзэмшиж байгаа бусад өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийн нэр, төрөл, тоо, үйл ажиллагааны талаарх дэлгэрэнгүй мэдээлэл;

    19.1.3.өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий бусад хуулийн этгээдэд эзэмшиж байгаа хувьцааны тоо, хувь хэмжээ, хэрэв нөхөрлөл бол оруулсан эд хөрөнгийн хэмжээ;

19.2.Гаргасан хувьцааных нь 5 ба түүнээс дээш хувийг эзэмшдэг хувьцаа эзэмшигч болон компанийн эрх бүхий албан тушаалтан өөрчлөгдсөн тохиолдолд өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгч нь энэ тухай  30 хоногийн дотор Зохицуулах хороонд бичгээр мэдэгдэнэ.

19.3. Зохицуулах хороо энэ хуулийн 12.1-т заасан мэдээлэлтэй танилцаад өргөн нэвтрүүлгийн салбарт шударгаар өрсөлдөх нөхцөлийг бүрдүүлэх, зах зээлийн хэт төвлөрөл үүсэхээс сэргийлэхэд шаардлагатай арга хэмжээг зохих журмын дагуу авч хэрэгжүүлнэ.

19.4.Тусгай зөвшөөрлийн эзэмшлийн талаарх мэдээллийг Зохицуулах хороо олон нийтэд мэдээллэнэ.

19.5.Өргөн нэвтрүүлгийн үйлчилгээний тусгай зөвшөөрлийн эзэмшлийн мэдээллийг Зохицуулах хороонд гаргаж өгөөгүй, нуусан тохиолдолд тусгай зөвшөөрлийг цуцлах хүртэл арга хэмжээ авна. 

20 дугаар зүйл. Үндэсний нэвтрүүлэг хөгжүүлэх сан

20.1.Үндэсний нэвтрүүлэг хөгжүүлэх сан /цаашид “сан” гэх/-гийн зорилго нь үндэсний нэвтрүүлэг, монгол бүтээлийг дэмжих, чанарыг сайжруулах, үндэсний нэвтрүүлэг хийх, монгол бүтээл үйлдвэрлэхэд шаардлагатай дэд бүтцийг байгуулах, энэ хуулийн 4.1.7.а-д заасан үйлчилгээг дэмжихэд  оршино. 

20.2.Сангийн хөрөнгө дараахь эх үүсвэрээс бүрдэнэ:

20.2.1. улсын төсөв;

20.2.2. энэ хуульд заасан чанар, стандартын шаардлагыг хангасан өргөн нэвтрүүлгийн төрөл бүрийн оюуны бүтээлийн дамжуулж байгаа үйлчилгээ эрхлэгчийн үйлчилгээг авч байгаа хэрэглэгчийн төлбөрөөс.

20.3. Энэ хуулийн 20.2.2-т заасан төлбөрийн хэмжээ нь тухайн үйлчилгээ эрхлэгчийн телевизийн үйлчилгээний хураамжийг 20 хувиар нэмэгдүүлснээс хэтрэхгүй байна. 

20.3.Сангийн хөрөнгийг Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд заасан зориулалтаар зарцуулна.

20.4.Сангийн үйл ажиллагааны журмыг Засгийн газрын тогтооно. 


ТАВДУГААР БҮЛЭГ
ӨРГӨН НЭВТРҮҮЛГИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭГЧИД 
ТАВИГДАХ ШААРДЛАГА

21 дүгээр зүйл. Өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчид тавигдах шаардлага

21.1.Өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгч нь тусгай зөвшөөрөлд заасан төрөл, хамрах хүрээнд үйл ажиллагаа явуулна. 

21.2. нэвтрүүлгийг бэлтгэх, нэвтрүүлэх, дамжуулах техник, тоног төхөөрөмж нь сүлжээний найдвартай ажиллагаа, стандартын шаардлагыг хангасан байна.

21.3. Зохицуулах хорооноос баталсан өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчид тавигдах шаардлагыг мөрдөнө.

22 дугаар зүйл. Радио, телевизийн газрын дамжуулах үйлчилгээ эрхлэгчид тавигдах шаардлага

22.1.Радио, телевизийн газрын дамжуулах үйлчилгээ эрхлэгч нь хараат бусаар ажиллаж, сүлжээндээ холбогдох боломжийг радио, телевизийн үйлчилгээ эрхлэгчдэд тэгш олгох, үнэ тариф ил тод байна. 

22.2.Радио, телевизийн газрын дамжуулах үйлчилгээ эрхлэгч нь сүлжээний ашиглалт, үйлчилгээний байнгын тасралтгүй, найдвартай ажиллагааг бүрэн хангасан байна.

22.3.Энэ хуулийн 4.1.7.1-д заасан үйлчилгээг дамжуулах сүлжээний ашиглалтыг төр хариуцах бөгөөд Монголын үндэсний олон нийтийн радио, телевиз болон төрөөс орон даяар ард иргэдэд зайлшгүй хүргэх үйлчилгээний эрх бүхий радио, телевизийн хөтөлбөрийг дамжуулна.

23 дугаар зүйл. Хөтөлбөрт тавигдах ерөнхий шаардлага 

23.1.Радио, телевизийн үйлчилгээ эрхлэгч нь хөтөл

бөрөө төрийн албан ёсны хэл болох Монгол хэлээр бэлтгэн дамжуулна.

23.2.Гадаад нэвтрүүлгийг дамжуулахдаа Монгол хэлээр дуу оруулсан эсвэл бичгэн орчуулгатай байна.

23.3.Өөрийн бүтээсэн болон зохиогчийн эрхийн зөвшөөрөлтэй бүтээлийг дамжуулна. 

23.4.Гамшгийн болон онцгой байдал, урьдчилсан сэргийлэх үеийн мэдээ, мэдээлэл дамжуулах журмыг дагаж мөрдөнө.

23.5.Хөтөлбөрийг хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулан зэрэгцээ бичгэн барилттай байхаар бэлтгэн дамжуулж болно.

23.6.Хөтөлбөрт тавигдах шаардлага нь дараах бүтээлийн хувь хэмжээг тодорхойлно.

23.6.1.монгол бүтээл;
23.6.2.орон нутгийн бүтээл;
23.6.3.өөрийн бүтээл;

23.6.4.хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулан зэрэгцээ бичгэн барилт,  дохионы хэл бүхий нэвтрүүлэг;

23.6.5.орон даяар дамжуулах эрх бүхий телевизийн хөтөлбөр.

23.7.Дамжуулж байгаа гадаад улсын контент нь Монгол улсын үндэсний аюулгүй байдал, эрх ашигт харшлахгүй байна.

23.8.Мэдээг олон талт эх сурвалжийг ашигласан, үйл явдлыг үнэн, шударга, тэнцвэртэй, хараат бус байхаар мэдээллэнэ.

23.9.Мэдээг зар сурталчилгаа болон захиалгат мэдээ, нэвтрүүлгээс ойлгомжтой байдлаар ялгасан байна.

23.10.Радио, телевизийн үйлчилгээ эрхлэгч нь бага, дунд, өсвөр насны хүүхдийг зохисгүй контентоос хамгаалах зорилгоор тодорхой хязгаарлалт хийх арга хэмжээг авна.

24 дүгээр  зүйл. Зар сурталчилгаа

24.1.Зар сурталчилгааны эхлэл болон төгсгөлийг үзэгч, сонсогчид ойлгомжтой байдлаар дуу, дүрсээр илэрхийлнэ. 

24.2.Радио, телевизийн нэг цаг тутамд дамжуулах зар сурталчилгааны хязгаарлалт, хөтөлбөрийн ивээн тэтгэлт, теле худалдааны нэвтрүүлгийн талаарх зохицуулалтыг Зохицуулах хороо журмаар зохицуулна. 

24.3.Олон сувгийн дамжуулах үйлчилгээ эрхлэгч нь дамжуулж байгаа суваг, хөтөлбөр дундуур зар сурталчилгааг нэвтрүүлж үл болно. 

24.4.Онц байдал зарласан, эсхүл гамшгийн үеийн нэвтрүүлгийн дундуур зар сурталчилгаа нэвтрүүлж үл болно.

24.5.Өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчид нь Зар сурталчилгааны тухай хуулиар хязгаарласан  сурталчилгаа бэлтгэж, нэвтрүүлэхгүй.
    
    25 дугаар зүйл. Архив

25.1.Өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгч нь хөтөлбөрийг дамжуулснаас хойш  60 хоног ба түүнээс дээш хугацаагаар хадгална. 

25.2.Маргаан үүссэн тохиолдолд тухайн маргаантай холбогдох мэдээ, хөтөлбөрийг уг маргааныг шийдвэрлэж дуусах хүртэлх хугацаанд хадгална.

26 дугаар зүйл. Олон суваг дамжуулах үйлчилгээ эрхлэгчид тавигдах шаардлага

26.1. Дамжуулж байгаа гадаад улсын суваг нь Монгол Улсын үндэсний аюулгүй байдал, эрх ашигт харшлахгүй байна.

26.2. Олон суваг дамжуулах үйлчилгээ эрхлэгч нь радио, телевизийн хөтөлбөрийг гэрээний үндсэн дээр  дамжуулна.

26.3. Олон суваг дамжуулах үйлчилгээ эрхлэгч нь тухайн нутаг дэвсгэрт дамжуулах тусгай зөвшөөрөлтэй радио, телевизийн хөтөлбөрийг дамжуулна. 

26.4. Олон суваг дамжуулах үйлчилгээ эрхлэгч  нь эрх бүхий байгууллагын шийдвэргүйгээр дамжуулж буй хөтөлбөрт, сувагт өөрчлөлт оруулах, хязгаарлалт тогтоохыг хориглоно.

26.5. Олон суваг дамжуулах үйлчилгээ эрхлэгчийн үйлчилгээний үндсэн багцад энэхуулийн 4.1.7.1-д заасан радио, телевизүүд багтсан байна.

26.6.Энэ хуулийн 26.5 дах заалтыг Зохицуулах хорооны журмаар зохицуулна. 

26.7.Олон сувгийн багцын байршилыг Зохицуулах хорооноос баталсан журмаар зохицуулна.


ЗУРГААДУГААР БҮЛЭГ
ӨРГӨН НЭВТРҮҮЛГИЙН ҮЙЛЧИЛГЭЭНД ХОРИГЛОХ ЗҮЙЛ

27 дугаар зүйл. Өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчид хориглох зүйл

27.1.Өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгч дараах төрлийн хөтөлбөр бэлтгэн дамжуулахыг  хориглоно:

        27.1.1. хүүхэд залуусын сэтгэхүйд сөргөөр нөлөөлөх, хүчирхийлэл, садар самууныг сурталчилах, гэмт хэргийн үйлдлийг нарийвчлан зааварчилсан, хар тамхи, сэтгэхүйд нөлөөлөх эм бэлдмэл бэлтгэн боловсруулах, хэрэглэх зэрэг бүтээлийг; 

        27.1.2.үндэстэн, ястан болон шашин хоорондын мөргөлдөөнд уриалсан, өдөөн хатгасан агуулга бүхий нэвтрүүлэг, зар сурталчилгааг;

        27.1.3.үндэс угсаа, хэл, арьсны өнгө, хүйс, нийгмийн гарал байдал, хөрөнгө чинээ, шашин шүтлэг, үзэл бодол, бэлгийн чиг хандлага, хөгжлийн бэрхшээлийнх нь улмаас хувь хүн буюу тодорхой бүлгийг үзэн ядах, ялгаварлан гадуурхасан агуулга бүхий нэвтрүүлэг, зар сурталчилгааг.

27.2.Монгол Улсын хууль тогтоомжоор хориглосон бараа, бүтээгдэхүүн үйлдвэрлэгч иргэн, хуулийн этгээд мэдээ, нэвтрүүлгийг ивээн тэтгэхийг хориглоно.

27.3.Ивээн тэтгэгч иргэн, хуулийн этгээд мэдээ, нэвтрүүлгийн агуулга, хугацаа болон сэтгүүлч, редакцын бие даасан, хараат бус байдалд аливаа хэлбэрээр нөлөөлөхийг хориглоно.    

ДОЛДУГААР БҮЛЭГ
ӨРГӨН НЭВТРҮҮЛГИЙН БОДЛОГО, ЗОХИЦУУЛАЛТЫН АСУУДАЛ ХАРИУЦСАН БАЙГУУЛЛАГУУДЫН ЭРХ, ҮҮРЭГ
    
28 дугаар зүйл. Засгийн газрын бүрэн эрх

28.1. Өргөн нэвтрүүлгийн талаар баримтлах төрийн бодлого хэрэгжүүлэх, хууль тогтоомжийн биелэлтийг зохион байгуулна.

28.2. Энэ хуулийн 4.1.7.1-д заасан үйлчилгээг дамжуулах радио, телевизийн тоог тодорхойлно.

28.3. Үндэсний нэвтрүүлэг хөгжүүлэх сан бүрдүүлэх, түүнийг зарцуулах журам батална.

29 дүгээр зүйл. Харилцаа холбооны асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын эрх, үүрэг 

29.1.Өргөн нэвтрүүлгийн үйл ажиллагааны талаар харилцаа холбооны асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

29.1.1. Өргөн нэвтрүүлгийн талаар баримтлах төрийн бодлого боловсруулах;

29.1.2.олон улсын өргөн нэвтрүүлгийн байгууллагад Монгол Улсыг төлөөлөх;

29.1.3.өргөн нэвтрүүлгийн сүлжээгээр дамжуулах гамшиг болон онцгой байдал, урьдчилан сэргийлэх үеийн мэдээ, мэдээлэл дамжуулах журам боловсруулж батлах;

29.1.4.үндэсний нэвтрүүлэг хөгжүүлэх сан бүрдүүлэх, түүнийг зарцуулах журмыг эрх бүхий байгууллагуудтай хамтран боловсруулах;

29.1.5.хуульд заасан бусад.

30 дугаар зүйл. Харилцаа холбооны зохицуулах хорооны эрх, үүрэг

30.1. Өргөн нэвтрүүлгийн үйл ажиллагааны талаар Зохицуулах хороо дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: 

30.1.1.өргөн нэвтрүүлгийн талаар төрөөс баримтлах бодлого, бодлогын чиглэл, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангаж, хяналт тавих;

30.1.2.2.өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчдийн эзэмшлийг олон нийтэд ил тод мэдээлэх, хэт төвлөрөл бий болохоос сэргийлэх арга хэмжээг авч хэрэгжүүлэх;

    30.1.3.радио, телевизийн газрын дамжуулах сүлжээгээр орон даяар дамжуулах радио, телевизийг  сонгох шалгуур үзүүлэлт, тавигдах шаардлагыг тодорхойлох журам батлах, хэрэгжүүлэх;

    30.1.4.өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчдийн шударга өрсөлдөх нөхцөл бүрдүүлж  жил бүр үнэлэлт, дүгнэлт гаргах;

    30.1.5.өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчдийн тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагыг баталж, хэрэгжилтэд хяналт тавих;

    30.1.6.өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгч хоорондын орлого хуваах зарчмыг тодорхойлох;

    30.1.7.энэ хуулийн 23.6-т заасан хөтөлбөрт тавигдах шаардлагыг батлах;

    30.1.8.холболтын нэгдсэн төвийн үйл ажиллагаанд тавигдах нөхцөл, шаардлага, ажиллах журмыг батлах;

    30.1.9. хуульд заасан бусад.
 

НАЙМДУГААР БҮЛЭГ
ХЯНАЛТ

31  дүгээр зүйл. Өргөн нэвтрүүлгийн үйл ажиллагаанд тавигдах хянал

31.1.Өргөн нэвтрүүлгийн үйл ажиллагаанд тавих хяналтыг Зохицуулах хороо, холбогдох бусад төрийн захиргааны байгууллага болон улсын байцаагч хэрэгжүүлнэ.

31.2.Өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ, үйл ажиллагаа, техник технологийн горимын хэрэгжилтэд харилцаа холбооны улсын байцаагч хяналт тавина.

31.3.Улсын байцаагч нь өргөн нэвтрүүлгийн тухай хууль тогтоомж, дүрэм, журам, заавар, стандартын биелэлтэд хяналт тавьж ажиллана.

32 дугаар зүйл. Өргөн нэвтрүүлгийн тухай хууль тогтоомж зөрчигчид хүлээлгэх хариуцлага

32.1.Өргөн нэвтрүүлгийн тухай хууль тогтоомжийг зөрчсөн гэм буруутай этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол Зөрчлийн тухай хууль, энэ хууль болон бусад хууль тогтоомжийн хүрээнд улсын байцаагч, эсхүл шүүгч захиргааны шийтгэл оногдуулна

33 дугаар зүйл. Хууль хүчин төгөлдөр болох

32.1.Энэ хуулийг 2017 оны ... дугаар сарын ..-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.


ГАРЫН ҮСЭГ
 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Нэр:
Сэтгэгдэл:
СЭТГЭГДЭЛ (0)

Сэтгэгдэл байхгүй байна