Дэлхийн эдийн засаг ба Монголын уул уурхайн салбар дахь нөлөөлөл

Тэмдэглэсэн Э.Жаргал 

Японы Осака хотноо болсон “Их хорь” орны төрийн тэргүүн нарын Дээд хэмжээний уулзалтад томилолтоор ажиллаад ирсэн Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөх, эдийн засагч Н.Энхбаяр “Орон нутгийн сэтгүүлчдийн сүлжээ 2019” төслийн 21 аймгийн сэтгүүлчдийн сургалтад   “Дэлхийн эдийн засаг ба Монголын уул уурхайн салбар дахь нөлөөлөл” илтгэл тавьсныг тоймлон хүргэж байна.

“Их хорь”: Дэлхийн эдийн засгийн өсөлтөд худалдаа, геополитикийн эрсдэлүүд эрчимжиж байна

Дэлхийн 19 улс болон Европын холбоо багтах “Их хорь”-ийн уулзалтаар зөвхөн эдийн засаг, худалдаа бус дэлхий нийтийн хөгжлийн чухал асуудлуудыг хэлэлцдэг. Хөрөнгө оруулалт, эрүүл мэнд, дэд бүтэц, эрчим хүч, байгаль орчин, технологи зэрэг маш олон сэдвийг хамарна. Дэлхийн эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангахын тулд “Их хорь”-ийн орнууд тухайн салбаруудад баримтлах хөгжлийн бодлогоо тохиролцож, тодорхойлдог. Осака дахь уулзалтаас гаргасан тунхагт, дэлхийн эдийн засгийн өсөлтөд олон улсын худалдаа, хөрөнгө оруулалт чухал үүрэгтэй бөгөөд худалдаа, геополитикийн эрсдэлүүд эрчимжиж байна гэж дүгнэсэн. Цаашдаа дэлхийн худалдаа ил тод, шударга байх ёстой. Үүний тулд Дэлхийн худалдааны байгууллагын (ДХБ) дүрэм, зохицуулах механизмыг зайлшгүй шинэчлэх шаардлагатай гэсэн саналыг дэвшүүллээ. 

Америк-Хятадын хооронд худалдааны дайн өрнөхөд нэг тал нь зах зээлээ хамгаалсан өндөр татвар тогтоож байна. Уг нь ДХБ-ын дүрмээр, бараа бүтээгдэхүүнээ экспортолж байгаа тал гомдол мэдүүлэх ёстой. Үүний дагуу Хятадын тал  гомдол гаргасан. Уг нь ДХБ-аас Хятадын гомдлыг хүлээн авч, Америкийн талаас нэмсэн татвар шударга бус учир цуцал гэсэн шаардлага тавих ёстой. Гэвч ийм шийдвэр гаргах механизм ажиллахгүй байна гэж “Их хорь” орны удирдагчид үзэж байгаа юм. 
Мөн тус уулзалтаар  Дональд Трамп, Си Жинпин нар тохиролцоонд хүрээгүй бол 2020-2021 онд дэлхийн эдийн засаг нийт 13 их наяд ам.доллараар саарна гэсэн урьдчилсан тооцоо гарчээ. Өнөөдөр дэлхийн цөөнгүй орнууд худалдааны хоригт байгаа бөгөөд өнгөрсөн нэг жилийн хугацаанд хийсэн судалгаагаар 350 тэрбум ам.долларын бараа бүтээгдэхүүн худалдааны хоригт орсон байна.

ОПЕК: Газрын тосны нийлүүлэлтийн хязгаарлалт 9 сар үргэлжилнэ

“Их хорь”-ийн уулзалт, тэр дундаа хоёр том гүрний удирдагчид ямар яриа хэлэлцээр явуулахаас шалтгаалан ОПЕК-ийн гишүүн орнуудын  чуулган долдугаар сарын 1-2-нд  болж хойшилсон юм. Сүүлийн жилүүдэд хоёр өдөр чуулдаг болж байна. Эхний өдөр ОПЕК-гишүүн буюу газрын тос олборлогч 14 орон, дараагийн өдөр ОПЕК ба гишүүн бус ОХУ гэсэн хоёр хэлбэрээр чуулдаг. Энэ удаагийн чуулганы үр дүнд газрын тосны хязгаарлах шийдвэрээ  9 сар үргэлжлүүлэхээр тогтсон. Тодруулбал, 2020 оны гуравдугаар сарын 31 хүртэл газрын тосны олборлолтын хязгаарлалт хэвээр үлдэж байна. Өөрөөр хэлбэл, ОПЕК-ийн гишүүн орнууд газрын тосны нийлүүлэлтээ нэмэгдүүлэхгүй. Энэхүү шийдвэр нь газрын тосны үнэ өсөхөд нөлөөлөх магадлалтай. 

Гишүүн  орнуудын хувьд зах зээл дэх газрын тосны нэг баррелийн 60-65 ам.долларын үнийн одоогийн  түвшинг боломжийн гэж үзэж байна. ОХУ-ын дотоодын зах зээл дээр газрын тосны ханш өсөхөд царцаах арга хэмжээ авч байсан удаатай. Тухайн үед газрын тосны олборлогч, худалдаалагч томоохон компаниуддаа татварын хөнгөлөлт үзүүлсэн шийдвэрийн хугацаа энэ долдугаар сарын 1-нд дууссан юм. Одоо ОПЕК-ийн гишүүн орнуудын шийдвэрийн дараа Оросын дотоодын зах зээлд газрын тосны жижиглэн худалдааны үнэ дахин өсч болзошгүй. Үнэ өсөх ч импортлогч орны хувьд Монголд шууд нөлөөлөхгүй. Монголд газрын тос импортлогч 10 гаруй компани байдаг. Тус тусдаа худалдан авалтын гэрээ хэлэлцээрийг бүтэн жилээр бус улирлаар хийдэг. Тиймээс Оросын экспортлогчдод төдийлөн ашиг сонирхолтой наймаа биш. Харин байршлын хувьд хамгийн ойр орших Ангарскийн нефть боловсруулах үйлдвэрээс худалдан авч байгаа юм. Цаанаас Челябинск, Красноярскаас худалдан авахад тээвэрлэх зай хол, замын зардал өндөр тусна.  Сүүлийн үед  АНУ  газрын тосны маш том нийлүүлэгч орон болсон. Тиймээс зөвхөн ОПЕК-ийн орнуудаас гадна гишүүн бус ОХУ, мөн АНУ гэсэн хэлбэрийн хэлэлцээр хийж байж газрын тосны үнэ ханшийг тогтвортой байлгах нөхцөлд хүрч байна.     


Ираны боловсруулах хязгаарлалтаас ураны хэмжээ 300 кг давжээ

Дэлхийн газрын тосны нийлүүлэлтийн бараг 30-40%-ийг Ормузын хоолойгоор тээвэрлэдэг. Уг хоолойн 70 орчим хувь Иран улсын мэдэлд байдаг. Ийм чухал байршил бүхий газар нутагт Иран-Америкийн мөргөлдөөн үүсч байгаа учир зөвхөн газрын тосны салбар, түүхий эдийн ханшид бус дэлхийн эдийн засагт нөлөөлах эрсдэлтэй. АНУ, Европын холбоотой тохирч Ираны боловсруулж болох ураны хэмжээнд хязгаарлалт тавьсан. Одоо тэрхүү хязгаарлалтаас 300 кг илүү давсан тухай мэдээлэл цацагдсан. Тиймээс Ираны эсрэг хатуу арга хэмжээ авах ёстой гэж АНУ байр сууриа илэрхийлээд байна. Ер нь бол тус хоёр улс хоорондоо олон жил зөрчилдөөнтэй явж ирсэн юм. 

Ираны уран баяжуулах цөмийн хөтөлбөрийг түр зогсоох, үүний хариуд тус улсын газрын тосыг гадаад зах зээлд хязгаарлахгүй байх тухай “Тегераны цөмийн асуудлаарх” хэлэлцээрийг “Энхийн зургаа” буюу Иран болон Орос, Хятад, Америк, Франц, Их Британи, Герман байгуулсан. Гэвч өнгөрсөн оноос хүчингүй болж улмаар Иран-Америкийн сөргөлдөөн хурцадмал байдалтай үргэлжилж байна. Сүүлд, АНУ-ын дроныг Ираны талаас буудаж устгасан гэж үзэн Оманы болон Ормузын хоолойд газрын тосны тээвэрлэлт аюулгүй байх шаардлагатай хэмээн   Америк цэргийн нэмэлт хүчин, усан онгоцуудыг байрлуулаад байгаа юм. Мөн пуужингаас хамгаалах нэмэлт систем байрлуулна гэдгээ Трамп мэдэгдсэн. Энэ нөхцөл байдал нь дэлхийн эдийн засагт, тэр дундаа түүхий эдийн зах зээл, ханш, хөрөнгийн биржүүдэд эрсдэлтэй байдал үүсгээд байна.

Хятадын эдийн засгийн өсөлт цаашид саарна

Улс орнуудын дэлхийн эдийн засгийн өсөлтөд оруулж буй хувь нэмэр  өөр өөр. Тэгвэл хөгжиж буй орнуудаас түүхий эд экспортлогч улсуудын нийт эдийн засгийн өсөлт 2019 онд 5-6% байхаар байна. Энэ дотроос Монгол Улсын анхаарлыг татах, худалдааны гол түнш Хятадын эдийн засгийн өсөлт юм. “Их хорь”-ийн уулзалтын дараа Хятадын Төв банкны Ерөнхийлөгч товч мэдэгдэл хийсэн. Тэрхүү мэдэгдэлд тус улсын эдийн засгийн өсөлт цаашид саарах тул аажмаар бууруулах арга хэмжээ Засгийн газраас авч байна. Үүнийг Хятадын хэрэглээ хумигдаж байгаатай холбоотой гэж ойлгож болохоор байна. Технологийн шинэчлэл  хөгжиж байгаа зах зээлийн эдийн засгийг огцом өсгөдөг. Тэрхүү өсөлтийн хурд эргээд буурч байгаа жишээ Хятад бөгөөд бага орлоготой иргэд дундаж давхаргад шилжиж хэрэглээ нь тэлсэн. Тэгэхээр 300 сая хүний хэрэглээ цаашид айхтар өсөхгүй учир хэрэглээ талаасаа ч хумигдаж байгаа юм.
 

Орос түүхий эдийн экспортын хувьд гарцаагүй Монголын өрсөлдөгч

Украины асуудлаас болж ОХУ одоо ч гэсэн худалдааны хоригтой байгаа юм. Дэлхийн банкнаас энэ онд Оросын эдийн засгийн өсөлт 1.6-1.8%-тай байх таамаглал дэвшүүлсэн. Оросын хувьд түүхий эд экспортлогч хөгжиж буй орнуудын бүлэгт хамаардаг. Экспортын гол орлогыг газрын тос, шатдаг хий, нүүрс зэрэг бүрдүүлж байна. Улсын төсвийн дийлэнх зардал батлан хамгаалах салбар, сансар судлалд зарцуулагдаж байгаа юм. 2018 онд АНУ дунд тусгалын пуужинг хязгаарлах хэлэлцээрээс гарна гэдгээ мэдэгдсэн. Үүний дараа ОХУ ч гэсэн мөн тус хэлэлцээрээс гарах болсноо мэдэгдэж, энэ оны тавдугаар сард тус улсын Ерөнхийлөгч В.В.Путины хэлэлцээрээс татгалзах хуулийн төслийг төрийн ДУМ  баталлаа. Үндсэндээ энэ хэлэлцээр байхгүй болж байна. Ингэснээр цөмийн зэвсэглэлтэй хоёр том гүрэн пуужингийн зэвсгийн тоогоо нэмж, хүчин чадлыг сайжруулах боломж бүрдэж байгаа юм. 

Гуравдугаар сард Путин “Шууд шугам”-д оролцохдоо Оросын шинэ үеийн зэвсэглэлээ чухалчилж ярилаа. Тэр дотор байлдааны “Авангард” пуужинг онцолсон. Орчин үеийн өндөр технологитой энэ пуужинг Америкийн тал судалсан бөгөөд оросууд 60 нэгжийг үйлдвэрлэх боломжтой гэж үзжээ. “Авангард” пуужин туршилтаас гарч одоо үйлдвэрлэлд орсон. Ирэх оноос ОХУ-ын Батлан хамгаалах яам зэвсэглэлдээ ашиглаж эхэлнэ. Цагт 11 мянган км туулах хурдтай энэ пуужинг ашигласнаар 400 км зайнаас маш хурдан цохилт өгөх давуу талтай гэж Оросын тал мэдэгдэж байгаа юм. Тэгвэл саяхан Путин анх удаа байлдааны тавдугаар үеийн “Су-57” загварын сөнөөгч онгоцыг олон нийтэд танилцуулсан. Зүгээр нэг байлдааны онгоц бус нисгэгчийн бүхээг дотроос эсрэг талын маш олон байг зэрэг хянах боломжтой, хөрвөх чадвар сайтай, маш хурдтай. ОХУ нь технологийн хувьд бусад орнуудаас хоцрогдоогүй зэвсэглэлтэй гэдгээ илэрхийлж байгаа юм. Орос нь зэвсэглэл, пуужин бүтээхэд асар их хөрөнгө зарцуулж байгаа ч эндээс олж байгаа орлого харьцангуй бага. АНУ-д пуужингийн хөдөлгүүр худалдаж, тус улсын сансрын нисгэгчдийг төлбөртэйгээр нисгэж, ганц нэг хиймэл дагуул төлбөртэй явж байна. Эдгээрээс олох орлого Оросын сансрын хөтөлбөрийг  бүрэн санхүүжүүлэхэд хүрэлцэхгүй. 

ОХУ-ын төсөвт эзэлж буй батлан хамгаалах, сансар судлалын зардал асар их учир нийгмийн салбартаа зарцуулах хөрөнгө  бүрдэж чаддаггүй. Иймээс тус улсын хязгаар суурин, хотуудад орон сууц болоод цалин тэтгэвэр хүрэлцдэггүй асуудал байнга хөндөгддөг. Нөгөөтэйгүүр, Орос  түүхий эдийн экспортын хувьд гарцаагүй Монгол Улсын өрсөлдөгч мөн. Дэд бүтэц, эрдэс баялгийн салбарт баримтлах стратегиуддаа Алс Дорнодын бүс нутгаа хөгжүүлэх, далайн боомтуудаар экспортоо нэмэгдүүлэх төлөвлөгөө зорилтыг тусгасан. Экспортын гол худалдан авагч орнууд нь зүүн талд оршдог. Газрын тосны хамгийн том импортлогч нь Хятад бол коксжих болон эрчим хүчний нүүрсний хувьд Хятадаас гадна Япон, Өмнөд Солонгос томоохон худалдан авагч юм. Баруун зүгт буюу Европт үндсэндээ шатдаг хий л худалдаж байна. Жил ирэх тусам Оросын нүүрсний экспорт өсч байгаа бөгөөд нийт нийлүүлэлтийн 40%-ийг Азийн орнууд эзэлж байна. Алс Дорнодын Владивостокийн боомтыг шинэчлэн сайжруулж өнгөрсөн жилээс туузан дамжуургаар нүүрсээ ачдаг болсон. Бүх боомтод туузан дамжуургаар нүүрсээ ачдаг болох юм бол Монголын нүүрстэй өрсөлдөх чадвараа улам ахиулна гэсэн үг. Одоо Хятадын нүүрсний зах зээл дэх нийлүүлэлтээр Монгол Улс гуравдугаарт байсан бол дөрөв рүү ухарч, харин оронд нь Орос гүйцэд түрүүлэх магадлал их. u

Монгол Улсын зээлжих зэрэглэл буурах эрсдэлтэй
 

Энэ оны нэгдүгээр улирлын байдлаар, Монгол Улсын эдийн засгийн өсөлт 8.6% байна. Эдийн засгийн өсөлтийг хангах гол хүч уул уурхайн салбар хэвээр байна. 2018 онд улсын гадаад худалдааны нийт эргэлт 12.8 тэрбум ам.долларт хүрсэн бөгөөд анх удаа улсын ДНБ-ний хэмжээнээс давсан. Гадаад худалдаанд экспорт томоохон хувь хэмжээг эзэлж байгаа бөгөөд экспортод зэс, нүүрс голлож байна. Энэ хоёр бүтээгдэхүүний экспорт тогтвортой байвал Монгол Улсын гадаад худалдаа өсөлттэй байх болно.

Гадаад худалдаанд учирч болзошгүй эрсдэлийн хувьд биднээс хамаарах зүйл тун бага. Хөрш орнуудын эдийн засаг, бүс нутгийн байдлыг анхаарах хэрэгтэй. Хөрш орнуудын улс төрийн харилцаа, ялангуяа сүүлийн үед Азийн орнуудын эдийн засаг өсч буй нөлөөлөл бидэнд их хамаарна. Америк-Хятадын худалдааны дайны үе шатуудын өрнөлийг мөн анзаарах учиртай.

Монгол Улс экспортын хувьд зэсийн баяжмал, нүүрс, ноолуур гурав стратегийн гол бүтээгдэхүүн юм. Одоогоор бусад нь ач холбогдол багатай. Коксжих нүүрсний экспортын хувьд өнөөгийн байдлаар Гашуунсухайт, Шивээ хүрэнгийн боомт ачааллаа дийлэхгүйд хүрсэн. Хилийн шинэ гарцуудыг хөгжүүлэх шаардлагатай байна. Тиймээс нүүрсний салбарын тээвэрлэлт, дэд бүтцийн асуудалдаа өөр бодлогоор хандах хэрэгтэй байгаа юм. Энэ асуудлыг олон ч жил ярьж байна. 2008 онд Дэлхийн банкнаас “Монгол Улсын говийн бүсийн дэд бүтцийн стратеги” бичиг баримт гаргасан. Үүнд, авто болоод төмөр замын дэд бүтцийг хэрхэн хөгжүүлэх тухай маш чухал асуудлыг хөндсөн юм. Энэ асуудлаар 2-3 удаагийн хэлэлцүүлэг хийсэн бөгөөд Дэлхийн банкны Бээжин дэх төлөөлөгчийн газрын дэд бүтцийн асуудал эрхэлсэн зөвлөх, мэргэжилтнүүд оролцож байсан юм. Тэрхүү зөвлөмжөөс заримыг нь хэрэгжүүлсэн бол өнгөрсөн 10 жилийн хугацаанд боломжийн ажил хийж чадах байсан гэж боддог. Харамсалтай нь монголчууд бид ашиглаж чадсангүй.

Олон улсын зэсийн холбооноос гаргаж байгаа урт, богино хугацааны тайлангуудаас харахад ойрын жилүүдэд дэлхийд ашиглалтад орох зэсийн уурхай ховор.  2024 он хүртэл зэсийн том уурхай байхгүй байна. Харин хүчин чадлаа сайжруулж байгаа уурхайнууд бол бий. Яг энэ чухал цаг үед буюу 2023 онд Монголын Оюутолгой ордын далд уурхай ашиглалтад орох учиртай. Тэр хугацаанд Оюутолгойн далд уурхайтай дүйцэхүйц зэсийн уурхай   ашиглалтад орохгүй. Далд уурхай ашиглалтад орохгүй хойшлох тохиолдолд 2023-2025 онд дэлхийн  зах зээл дээр зэсийн нийлүүлэлтэд дутагдал үүснэ.  

Монгол Улсад хэрэгжиж буй нүүрс, газрын тос, зэс, төмөрлөгийн томоохон төслүүдийн үйлдвэрлэл бүгд 2022-2023 онд ашиглалтад орох хугацаатай. Гэтэл ойрын 2-3 жилд  манай улс өр төлж эхэлнэ. Хамгийн аюултай нь зээл биш бондын төлбөр юм. Олон улсын санхүүгийн байгууллагын зээл шиг цувуулж төлөхгүй. Тогтсон нэг өдөр бондын төлбөрийг төлөх ёстой байдаг учир дефольтын эрсдэл өндөр. Хэрэв 2021 оны эхний улиралд багтаан бондын төлбөрийг төлөх шийдэл олж хэлцэл хийхгүй бол гуравдугаар сараас хойш Монгол Улсын зээлжих зэрэглэл буурах эрсдэлтэй. Тиймээс томоохон бондуудын эргэн төлөлтийн асуудлаар ирэх жил гэхэд тодорхой шийдэл олсон байх ёстой. Тэгэхээр ирэх 2 жил экспортоо дэмжих хэрэгтэй болно. Гадаад хөрөнгө оруулалтыг одоогийн түвшинд зайлшгүй байлгах шаардлагатай. Мөн бондын эргэн төлөлтийн хугацааг хойшлуулах арга зам бий. Ингэж байгаа нөөц боломжоороо зохицуулалт хийхгүй бол 2020-2021 оны Монгол Улсын төсөв тун хүнд байдалд байна.

2020 онд өндөр хөгжилтэй орнууд 5G технологи руу шилжинэ

Дэлхийн эдийн засагт улс орнуудын материаллаг эдээс гадна технологийн дэвшил маш чухал үүрэг гүйцэтгэж байна. Азийн улс орнууд, тэр дундаа Хятад, Өмнөд Солонгос 5G технологийг нэвтрүүлж эхэллээ. Оросууд шинэ зэвсэглэлдээ өндөр технологийг ашиглаж байна. Хиймэл оюун ухаан хөгжүүлэх чиглэлээр АНУ тусгай захирамж гаргав. Америк-Хятад хоорондын худалдааны дайны гол асуудлын нэг технологийн өрсөлдөөн юм. Зургаадугаар сард Хятадын Сычуан мужид газар хөдлөх үеэр эмнэлэгт 5G технологийн тусламжтайгаар өвчтөний дүрс бичлэгийг шууд дамжуулж өөр хотоос нарийн мэргэжлийн эмч оношилгоо хийж туршсан байна. 

Тухайн хүнд өвчтөнийг өөр эмнэлэг рүү тээвэрлэх эсэх боломжтой талаар зайнаас оношилгоо хийсэн юм. Энэхүү шинэ технологийг эрүүл мэндийн салбарт ашиглаад эхэлж байна. Хотын замын хөдөлгөөнийг удирдахад 5G технологи маш том давуу тал болж буй. Иргэний салбараас гадна батлан хамгаалах салбарт ч олон давуу талыг олгож байна.Одоо Орос “Су-57” загварын сөнөөгч онгоцыг 5G технологи руу шилжүүлэхээр судалж байгаа бөгөөд олон байг нэгэн зэрэг устгах аюултай талтай. Дэлхийн улс орнууд хэдийн 5G технологийг нэвтрүүлэх бодлогоо боловсруулсан. Хамгийн түрүүнд Өмнөд Солонгосын хоёр хот  5G технологи  нэвтрүүллээ. АНУ-ын Лос Анжелес хотод түр нэвтрүүлж туршсан. 2020 онд дэлхийн өндөр хөгжилтэй орнууд энэхүү технологи руу бүрэн шилжсэн байна. Технологи нь цаашдын өрсөлдөөний гол суурь болж байгаа учир технологийн хөгжлийн хурдаас Монгол Улс ч хоцрох учиргүй. Тиймээс технологийн дэвшлийг анхаарч, энэ чиглэлд хөрөнгө оруулах зайлшгүй хэрэгтэй болж байна.   
 
 


 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Нэр:
Сэтгэгдэл:
СЭТГЭГДЭЛ (0)

Сэтгэгдэл байхгүй байна