Уул уурхайн салбарын эдийн засагт үзүүлж буй нөлөөлөл

Э.Оджаргал

Томилолтын замыг талдаа хоёр хоног туулан алсын аймгаас зорих, үүр цайхтай уралдан ойрын нутгаас ирэх 21 аймгийн сэтгүүлчид эх орны нийслэлд учрах шалтгаан “Орон нутгийн сэтгүүлчдийн сүлжээ” сургалт байлаа. Тав дахь жилдээ хэрэгжиж байгаа энэхүү төслийн анхны сургалтаас хамрагдаж буй “нэг ангийн” 35 сэтгүүлчид тэд. Жил бүрийн уулзалтыг хүлээн учирсан анд нөхдийн сэтгэл догдлом баярт мөч, халуун дулаан уур амьсгал дунд  энэ жилийн сургалтын үйл ажиллагаа эхэлсэн юм. Хоёр өдрийн турш үргэлжилсэн сургалтын сэдэв “Уул уурхайн салбарын эдийн засагт үзүүлж буй нөлөөлөл”.

Уул уурхай нь олон өнцгөөс харах өргөн утга агуулгатай сэдэв. Тиймээс эдийн засаг, хууль эрх зүй, банк санхүү, гадаад худалдааны чиглэлээр төрийн байгууллага болоод компани, хөндлөнгийн хараат бус шинжээч, мэргэжилтнүүдийг сургалтын багшаар урьж   тал бүрийн  оролцоо, байр суурийг тэнцвэржүүлэхийг эрмэлздэг. Эх орны эдийн засгийг тэтгэж буй гол салбар уул уурхайн үндсэн үйл ажиллагаа явагддаг орон нутгийн сэтгүүлчдийг үнэн бодит, зөв мэдээллийг бэлтгэхэд нь эдийн засгийн ойлголтоос гадна мэргэжлийн ур чадварыг нэмэгдүүлэх, сэдэв дагнан чадавхжуулах хосолмол хэлбэрээр сургалт явагддаг онцлогтой.

Дэлхийн эдийн засаг ба Монголын уул уурхайн салбарын эрсдэл

...Хулгана тэмээний эсрэг зүгт харж зогсоод нарыг түрүүлж харснаар 12 жилд багтдаг үлгэрт өгүүлдгийн адил сэтгүүлчид олны анхааралд өртөөгүй, ард нь үлдэх чухал мэдээллийг гаргаж ирэх хэрэгтэй хэмээн Монгол Улсын Ерөнхий сайдын эдийн засгийн зөвлөх Н.Энхбаяр илтгэлээ эхэлсэн юм. Тэрээр “Төрийн байгууллагад олон жил ажиллаж буй миний хувьд анзаарсан зүйл, сэтгүүлчид нэг л үйл явдал руу анхаардаг. Сонин, телевиз, сайтууд бүгд цацах тэрхүү ижил мэдээлэл онцлог биш, шинэлэг бус болдог. Гадаад, дотоодод болж буй олон үйл явдлаас чухлыг нь ялгаж салгаж сэтгүүлч мэдээлэх учиртай. Одоо Монгол Улсад Үндсэн хуулийг өөрчлөх тухай хэлэлцүүлэг, түүнийг тойрсон гишүүдийн олон талын мэдэгдэл гээд энүүхэн дундаа олон мэдээлэл дунд “живж” байхад дэлхий дахинд түүнээс чухал мэдээллүүд цацагдаж байна. Тэр дундаас Монголын гадаад худалдаа, эдийн засагт нөлөөлж болзошгүй үйл явдлуудыг анзаарахыг зөвлөсөн. Японы Осака хотноо болсон “Их хорь” орны Төрийн тэргүүн нарын дээд хэмжээний уулзалтад томилолтоор ажиллаад Монголд ирснийхээ маргааш нь “Орон нутгийн сэтгүүлчдийн сүлжээ 2019” төслийн сургалтаар танилцуулсан түүний илтгэл дэлхий дахинд өрнөж буй үйл явдал, хөгжлийн шинэ хандлага, технологийн өрсөлдөөн, олон улсын зах зээлийн нөхцөл байдал Монголын уул уурхайн салбар, экспорт,  гадаад худалдаанд нөлөөлөх эрсдэлүүдийн талаар сүүлийн үеийн шинэ соргог мэдээллийг агуулсан байлаа.

“Их хорь” орны удирдагчдын уулзалтын өмнө олон улсын санхүүгийн байгууллагууд бүгд дэлхийн эдийн засгийн өсөлтийн таамаглалаа бууруулж шинэчилсэн. Дэлхийн худалдааны бараг 20 гаруй хувийг бүрдүүлэх хоёр том гүрэн АНУ, БНХАУ-ын хоорондын худалдааны дайн олон улсын эдийн засгийн өсөлтийг сааруулах гол хүчин зүйл гэж үзсэн юм. “Их хорь”-ийн уулзалтаар Дональд Трамп, Си Жинпин нар тохиролцоонд хүрээгүйсэн бол ирэх хоёр жил дэлхийн эдийн засаг нийт 13 их наяд ам.доллар алдах урьдчилан тооцоо гарсан байна. Тиймээс дэлхийн худалдааг ил тод, шударга явуулахад ДХБ-ын дүрэм, зохицуулалтын механизмыг зайлшгүй шинэчлэх шаардлагатай гэсэн дүгнэлтэд хүрчээ. Дэлхийн хоёр том эдийн засгийн зөрчилдөөн, ОПЕК-ийн орнуудын шийдвэр, Ираны хориг болоод цөмийн хөтөлбөр, технологийн хөгжлийн өрсөлдөөнд Азийн орнууд тэргүүлэх өнөөгийн нөхцөл байдал олон улсын зах зээл, тэр дундаа түүхий эдийн ханш болоод уул уурхайн бүтээгдэхүүн экспортлогч орнуудад эрсдэл учруулж болзошгүй. Гэтэл үүний зэрэгцээ дэлхийн түүхий эдийн гол зах зээл Хятадын дотоодын эрэлт үндсэндээ ханасан учир эдийн засгийн өсөлт нь ирэх жилүүдээс саарч эхлэх тухай тус улсын Төв банкны Ерөнхийлөгч мэдэгдсэн юм. Монгол Улсын хувьд уул уурхайн бүтээгдэхүүний экспорт эдийн засагт чухал үүрэгтэй. Тиймээс хөрш орнуудын улс төрийн харилцаа, ялангуяа сүүлийн үед эрчимтэй өсч буй Азийн орнуудын эдийн засаг, тэдгээрт шууд нөлөөлөх Америк-Хятадын худалдааны дайны үе шатуудын өрнөл манай улсын экспортод тодорхой хэмжээнд нөлөөлөх эрсдэлтэй. Манай экспортын стратегийн гол бүтээгдэхүүн нь зэсийн баяжмал, нүүрс, ноолуур бөгөөд одоогоор бусад нь ач холбогдол багатай. Зэс, нүүрсний экспорт тогтвортой байвал Монгол Улсын гадаад худалдаа өснө. Гэтэл коксжих нүүрсний экспортын хувьд Гашуунсухайт, Шивээхүрэн  боомт ачааллаа дийлэхгүйд хүрсэн. Шинэ гарцыг хөгжүүлэх шаардлагатай. Зэсийн тухайд Дэлхийн зэсийн холбооноос гаргаж байгаа урт, богино хугацааны тайлангаар 2024 он хүртэл ашиглалтад орох зэсийн уурхай байхгүй. Энэ чухал цаг үед буюу 2023 онд уг нь Монголын Оюутолгой ордын далд уурхай ашиглалтад орох төсөөлөлтэй. Оюутолгойн далд уурхайтай дүйцэхүйц зэсийн уурхай дэлхийн ашиглалтад орохгүй нь ихээхэн давуу тал. Ойрын 2-3 жилд улс өр төлж эхэлнэ. Бондын эргэн төлөлтийн хугацааг хойшлуулж чадахгүй бол 2020-2021 оны Монгол Улсын төсөв тун хүнд байдалд байна” гэж эдийн засаг, уул уурхайн салбарт нөлөөлж болзошгүй эрсдэлүүдийг тэрээр тайлбарлав. 


Хариуцлагатай уул уурхай ба дам нөлөө

МУУҮА-ийн Гүйцэтгэх захирал Д.Энхболд “Хариуцла­гатай уул уурхай: Монголын эдийн засагт үзүүлэх өгөөж, нөлөөлөл” сэдвээр илтгэл  тавилаа. 2019 оны эхний таван сарын байдлаар улсын төсөвт 1.2 их наяд төгрөг уул уурхайн салбараас төвлөрчээ. Уул уурхайн үр өгөөжийг бодитоор илэрхийлж болох тоо бол төсөвт оруулж буй орлогын хэмжээ. Гэтэл хүмүүс төсөвт шууд орох зөвхөн орлогыг бодож, зарцуулалтыг анхаардаггүй. Хянах мэдлэггүйгээс болж уул уурхайгаас   үр өгөөж хүртэхгүй байна гэсэн ойлголттой явдаг талтай. Тиймээс МУУҮА-аас Монгол Улсын 2018 оны төсвийн бүрдүүлэлтэд тодорхой инфографик хийжээ. Өнгөрсөн онд улсын төсөвт уул уурхайн салбараас 2.4 их наяд төгрөгийн орлого төвлөрүүлсэн.
  
Эрдэс баялгийн салбар нь улсад төлж байгаа татвараас гадна бусад салбарт асар их хөрөнгө оруулалт хийж   байна. Үүнийг дам нөлөө, үржүүлэх нөлөө гэж нэрлэж, ярьдаг. Уул уурхайн бүтээгдэхүүн дангаараа улсын нийт экспортын 90%-ийг эзэлж, Монгол Улсын гол орлогыг бүрдүүлж буй. Тэр утгаараа бусад салбаруудтай шууд уялдаатай байдаг. Үүний тод жишээ 2014 онд уул уурхайн салбарыг дагаад барилгын салбар унаж байсан гашуун түүх бий. Уул уурхайн салбар тогтвортой, орлоготой үед эдийн засагт оруулах хувь хэмжээ татвар хэлбэрээр бус худалдаа, үйлчилгээнд шууд дам нөлөөлж байдаг. ДНБ-ний 23%-ийг бүрдүүлдэг ч уул уурхай нь  дам нөлөөгөөр эдийн засагт 60 илүү хувийг хангаж буй салбар юм. Хариуцлагатай уул уурхай, компанийн эдийн засагт үзүүлж байгаа үр өгөөж гэдэг зөвхөн орон сууц, сургууль цэцэрлэг, зам барьснаар бус өргөн утга агуулгаар нь харах учиртай. Том, жижиг ялгаагүй уурхайнууд хариуцлагатай байх ёстой. Ямар хандлагаар уурхайг удирдаж байгаагаас хариуцлагатай, хариуцлагагүй гэдгийн ялгаа гарна” гэдгийг тодотгосон юм.

Оюутолгойн өгөөжийн өөр өнцөг

“Орон нутгийн сэтгүүлчдийн сүлжээ” төслийг анхнаас нь дэмжин ажиллаж ирсэн “Оюутолгой” компаниас энэ удаагийн сургалтад Хамтын ажиллагаа, мэдээлэл харилцааны газрын Тэргүүн зөвлөх Э.Лхагва оролцлоо. Тэрээр “Монгол Улсын Засгийн газар, Дэлхийн банктай хамтран ядуурлын судалгаа 4 жил тутам тайлагнадаг. 2018 оны судалгаагаар, Өмнөговь аймаг 11%-тай буюу хамгийн бага үзүүлэлттэй гарсан. Өнгөрсөн онд  “Оюутолгой” компани улсын төсөвт 200 сая ам.долларын орлого бүрдүүлсэн. “Говийн оюу” хөгжлийг дэмжих сангийн сүүлийн үеийн мэдээллээр, зөвхөн уул уурхайн нөлөөллийн сумдад зээл олгох, эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлт болоод жижиг дунд бизнесийг дэмжиж байсныг больж, аж үйлдвэрлэл бага хөгжсөн сумдад боломж  олгож байна. “Оюутолгой” компани Монголд үйл ажиллагаа явуулж буй мэргэжил сургалтын 21 төвд өнгөрсөн 5-6 жилийн хугацаанд бараг 89 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн. Энэ талаар иргэд тэр бүр мэддэггүй. Аюулгүй ажиллагааны үнэ төлбөргүй сургалт явуулж өгөх хүсэлт 300 компаниас ирүүлсний дагуу МУУҮА-тай хамтран Төв аймгийн Заамар суманд сургалт хийсэн байх жишээтэй. Салбартаа аюулгүй ажиллагаагаараа манлайлж, монгол нэг уурхайчны амь насыг аврах аюулгүй ажиллагааны дүрэм журмыг бусад уурхайд зааж, сургаж “халдварлуулж” байна. Орон нутгийн замд “Яараад яахав дээ” компанит ажлыг анзаарсан байх. Замын цагдаагийн газрын Урьдчилан сэргийлэх хэлтсээс “Оюутолгой” компанид санал тавьж, “Мобиком” компанитай хамтран энэхүү компанит ажлыг хийлээ. Долдугаар сарын 9-нд хаагдсан энэ кампанит ажил “100 хүн, тэр дотроо 10 хүүхдийн амийг аврая” гэсэн зорилтыг дэвшүүлсэн” талаар  ярьсан юм. Энэ мэтчилэн Монгол Улсад оруулж буй Оюутолгой төслийн үр өгөөж, хөрөнгө оруулалтыг өөр өнцгөөс харж болмоор. 

Эрдэс баялгийн боловсрол ба АМГТГ-ын мэдээлэл

Эрдэс баялгийн боловсрол сэдвээр АМГТГ-ын Эрдэс баялгийн мэдээллийн технологийн төвийн хэлтсийн дарга Н.Мөнхбилэг илтгэхдээ, салбарын үнэн бодит   мэдээллийг авах арга зүйн зөвлөгөө, уул уурхайн үйл ажиллагааны талаарх ойлголтыг задалж тайлбарласан юм.
Мэдээлэл гэдэг боловсрол. Муу мэдээллийг дагаад боловсрол ч тааруу байна. Иргэдэд эрдэс баялгийн боловсрол олгоход үнэн бодит мэдээлэл чухал. Ашигт малтмалын тухай хууль, Газрын тосны тухай хууль болон бусад хуулинд заасан хэлбэр, хугацаа, хамрах хүрээний  дагуу газрын хэвлийг ашиглахтай холбоотой үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж, хувь хүн, хуулийн этгээдийн мэдээллийг АМГТГ цуглуулдаг. Яг энэ хууль эрх зүйн орчны хүрээнд боловсруулсан мэдээллээ олон нийтэд түгээдэг. Харин энд “нууц” гэдэг асуудалтай сэтгүүлчид байнга тулгардаг. 2018 оноос хэрэгжиж эхэлсэн Төрийн болон албаны нууцын тухай хууль нь мэдээллийг харьцангуй ил тод болгосон.  

Ашигт малтмалын тусгай зөвшөөрөлтэй талбай аймгийн бүх газар нутгийг хамарлаа гэсэн шүүмжлэл маш их яригддаг. Монгол Улс нь геологи уул уурхай, байгаль орчны, газрын гэсэн гурван үндсэн кадастрын мэдээллийн сантай. Аймгийн газар нутгийг хамрах ашигт малтмалын тусгай зөвшөөрөлтэй талбайг бусад кадастрын бүртгэлийн хамт хувьчилж бодит тоон үзүүлэлтээр харуулах нь зүйтэй. Сум, багийн газар нутгийн хэмжээнд ч гаргаж болно.  
 
Гурван үндсэн кадастрын бүртгэлийн  мэдээллийг харьцуулсан  хувь үзүүлэлтээр ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн талбай хамгийн бага юм.   Тиймээс мэргэжлийн сэтгүүлчид кадастрыг тухай болж өгвөл цогцоор нь ярьж, мэдээлэхгүй бол дэндүү өрөөсгөл ойлголт хүмүүст өгөх болно. Эндүүрч, ташаа ойлгодог бас нэг асуудал нь ашигт малтмалын нөөц  бөгөөд тун нарийн ойлголт юм. Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн хурлаар зөвхөн геологийн нөөцийг бүртгэж авдаг. Геологийн нөөц буюу тодорхой талбайд урьдчилж тоймлон тооцсон, “байж болох нь” гэсэн таамаглал юм. Геологийн нөөц Монгол Улсад хэрэгтэй. Харин уурхайн үйлдвэрлэл явагдахад эдийн засгийн үр ашигтай буюу үйлдвэрлэлийн нөөц гэж тусдаа бөгөөд уул уурхайн үйлдвэрлэл явуулах аж ахуйн нэгжид хэрэгтэй. Тэгэхээр харсан, сонссон тооны хэмжээгээр тухайн ашигт малтмалын нөөцийг ашиглана гэж шууд утгаар нь ойлгож болохгүй.  

АМГТГ-аас мэдээллийг ил тод болгох, түргэн шуурхай хүргэх чиглэлээр цахим мэдээллийг хөгжүүлэх өргөн цар хүрээтэй ажлууд идэвхтэй хийж байна. Уул уурхай, эрдэс баялгийн боловсрол олгох, чухал мэдээллийг авах боломжтой Канадын Засгийн газартай хамтран хэрэгжүүлж буй SESMIN төслийн “Мэдлэгийн портал”, Швейцарийн хөгжлийн агентлагийн Тогтвортой бичил уурхай төслийн “Мэдээллийн сан”-г хөгжүүлж байгаа юм. АМГТГ-ын вэб сайтын Анхдагч тайлангийн санд өнөөгийн байдлаар 8600 гаруй нэгж тайланг архивласан. 1939 оноос хойших Монгол Улсын нутаг дэвсгэр дээр хийгдсэн бүх төрлийн, шатны геологийн тайлан юм. Энэ нь төрийн үндэсний архивын салбар архив гэж явдаг. Уг архиваас мэдээллээ үүсгэдэг бөгөөд цахим өгөгдлийн 30 гаруй төрөлжсөн сантай. Цахим өгөгдлийн сан нь сканердсан зураг, PDF файл бус тоон өгөгдлүүд байдаг. Үүнээс гадна сэдэвчилсэн зургийн сантай. Энэ бүх архив, тоон мэдээллийн сангаа ашиглан АМГТГ нь шинэ системийг хөгжүүлж байгаа нь “Монгеокат” юм. Дэлхийн хаанаас ч нэвтэрч орох онлайн систем бөгөөд 2018 онд төрийн байгууллагын дэлхийн шилдэг системээр шалгарсан. Уг систем нь хуучны социалист гэгдэх орнуудад тэргүүн туршлага болж түгэх хандлагатай. Монгол Улс  “Монгеокат” системийг нэвтрүүлснээр, мэдээллийн ил тод байдал нэмэгдсэн. Нөгөөтэйгүүр, бодит мэдээллийг авах хэрэглээ өсч байна. Түүнчлэн, вэб сайтад метадата буюу өгөгдлийн тухай өгөгдөл гэж бий. Үүнд зөвхөн  улсын хөрөнгөөр хийсэн ажлын тайлангууд байдаг. Хувийн хөрөнгөөр хийсэн ажлын тайлангуудын хувьд, Ашигт малтмалын тухай хуулийн 57.2 зүйл заалтад аж ахуйн нэгжийн хүсэлтээр байгууллагын нууцад багтдаг учир тайлангуудыг олон нийтэд тавьж болдоггүй.

Уул уурхайн салбарт багц хууль хэрэгтэй

Монгол Улс ардчилсан нийгэмд шилжсэнээс хойш өнөөдөр тулгараад байгаа асуудал, шийдэл хайж байгаа уул уурхайн салбарын одоогийн хөгжлийн үе шатыг “идэр залуу” хэмээн Уул уурхайн эрх зүй судлаач Г.Сурахбаяр тодорхойлов. Түүний илтгэл уул уурхайн салбарын өнгөрсөн он жилүүдийн хууль эрх зүйн орчны өөрчлөлт нь өнөөдөр эдийн засагт тусч буй сөрөг үр дагавар, шинэчлэх боломжийн талаар өөрийн санал, дүгнэлтийг  дэвшүүлсэн юм.  

Одоогоос 22 жилийн өмнө анх уул уурхайн салбарын Ашигт малтмалын тухай хуулийг баталсан. Гэхдээ 2003 оноос хойш уул уурхайн салбар нь Монголын нийгмийн өдөр тутмын амьдралд нөлөөлөх хөгжлийн үе шатанд орсон. Өнгөрсөн хугацаанд хууль эрх зүйн орчныг шинэчлэх бодлого, шийдвэр, өөрчлөлтүүд нь уул уурхайн салбарыг дэмжсэн, Монгол Улсад хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх, эдийн засгийн үр нөлөөг өндөр байлгах, байгаль орчин болоод нөхөн сэргээлтийг хариуцлагатай болгох гэсэн эх оронч бодлого агуулсан нь мэдээж. Гэвч уул уурхайн салбараа мөнгө гэж харах уу, эсвэл нэмүү өртөг шингэсэн, хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх үү гэсэн хоёр дэнсийг тухайн үеийн бодлого тодорхойлогчид сайтар эргэцүүлэлгүй, сэтгэлийн хөөрлөөр хандсан гэж судлаач дүгнэж байна. Сайтар судалгаатай хийгдээгүйн улмаас өнгөрсөн хугацаанд эдийн засгийн өсөлт болоод хөрөнгө оруулалт тогтворгүй, улсын өрсөлдөх чадвар, нэр хүнд унасан гэдэг хатуухан шүүмжлэлийг хэлж байв. Дэлхий нийтийн чиг хандлага, хариуцлагатай уул уурхайн суурь бол ард түмний нэрийн өмнөөс баялгийг ашиглах, захиран зарцуулах төрийн шаардлага өндөр түвшинд байдаг. Анхнаасаа өндөр шаардлага тавьж байж хариуцлагатай уул уурхай бий болж, цаашлаад ард иргэд ойлгож дэмждэг, төр-компаниудын харилцаа эрүүл явагддаг, орон нутагтай уялдаа харилцаатай тогтолцоо бий болно. Өнөөдөр Дубайн гэрээ, Оюутолгой төсөл Монголд үр ашгаа өгөхгүй байна гэсэн маргаантай асуудал. Оюутолгойн экспортолдог зэсийн баяжмал дотор алт, мөнгө зэрэг дагалдах эрдэс байгаа гэж шүүмжилдэг. Ийм асуудлыг шийдвэрлэх гэж “68%-ийн” татварын  тухай хууль гаргасан. Уул уурхай их мөнгө олж байна, өндөр татвар авах ёстой гэсэн ганц өнцгөөс харж улс төрч хандлагаар хуулийг өөрчилсөн нь өнөөдөр эдийн засагт сөргөөр нөлөөлж байгаа нь энэ. Монгол Улс уул уурхайн салбарын үзэл баримтлал, ерөнхий зарчим байхгүйгээс асуудлууд гарч ирж байгаа юм. Өөрөөр хэлбэл, уул уурхайн салбар нэг  зарчим, нэг дүрэмтэй, нэг чигтэй байх ёстой. Монгол Улсын төрийн бодлого цэгцгүй, ойлгомжгүй, тогтворгүй байна. 

Нэн ялангуяа гадаад, дотоодын хөрөнгө оруулагч нартай хөрөнгө оруулалт болоод тогтвортой байдлын гэрээ байгуулахад баримталдаг суурь зарчим байхгүйгээс Засгийн газар бүр хоорондоо ялгаатай шийдвэрүүд гаргаж байна. Энэ нь эргээд уул уурхайн салбарыг муухай харагдуулж, нэр хүндийг нь унагаж, цаагуураа хөрөнгө оруулагч нарт хүндрэлтэй байдлыг бий болгосон. Барууны хөгжингүй орнуудад уул уурхайн төсөл нь дэс дараа, үе шаттай  үр өгөөжийн тогтолцоо бий. Эхлээд татварын асуудал, ажлын байр нэмэгдүүлэх, ханган нийлүүлэлт орон нутгаас худалдан авалт хийх, дэд бүтцийг хөгжүүлнэ.  Ингээд хамгийн сүүлд тухайн орон нутгийн тодорхой төслүүдийг хэрэгжүүлж, санхүүжүүлдэг. Ийм пирамид тогтолцоотой хууль эрх зүйн орчны зохицуулалт, үүн дээр төрийн байгууллагын дэмжлэг, компаниудын хамтын ажиллагаа байж уул уурхайн сонгодог агуулгаараа хөгжиж байна. Монгол Улсад хэрэгжиж буй уул уурхайн төслүүдийн талаарх судалгаа байхгүй. Улсын эдийн засгийг авч яваа, дам нөлөөгөөр тэтгэж байгаа цөөн төслүүдээ татаж унагах бодлого, шийдвэр гаргаад байгаа нь харамсалтай. Уул уурхайн салбарын хууль эрх зүйн орчныг сайжруулахад ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийн, уул уурхайн үндсэн үйл ажиллагааг зохицуулах, мэргэжлийн удирдлагаар хангах гэх мэт бие даасан тус тусдаа зохицуулалттай багц хуультай байх хэрэгтэй гэж судлаач  үзэж байна. Одоо байгаа асуудлаа шийдэж чадахгүй байж байтал дараагийн “Оюутолгой” нээгдэхэд бид маргасаар, шийдэлд хүрээгүй, урагшаа ахилгүй байх вий. Тиймээс хууль эрх зүйн шинэчлэлийг зайлшгүй хийж хариуцлагатай уул уурхайг хөгжүүлж шинэ тутамд уялдуулах шаардлагатай гэсэн байр сууриа илэрхийллээ. 

Эдийн засгийг солонгоруулах ба уул уурхай

Өнөөдөр дан ганц уул уурхай түшиж байгаа Монгол Улсын хувьд гадаад зах зээл, уул уурхайн бүтээгдэхүүний үнийн хэлбэлзлээс хамаарч эдийн засаг өсч, буурах эрсдэл байна. Үүнээс сэргийлж эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангахын тулд эдийн засгийг төрөлжүүлэх асуудлыг монголчууд яриад цөөнгүй жил бол байна. Монголбанкны Судалгаа статистикийн газрын Ахлах эдийн засагч Ц.Бямбацогтын илтгэлийн агуулга Монгол Улсын эдийн засгийн бүтцийн тал руу илүүтэй чиглэж байлаа. Тодруулбал, эдийн засгийн оновчтой бүтэц ямар байх талаар мэдээлэл өгсөн юм. Эдийн засгийн төрөлжилтийн хувьд өнөөдөр уул уурхайн салбар давамгайлж байгаа бөгөөд солонгоруулах боломж, бусад салбартай уялдуулан тэнцвэртэй хөгжүүлэх асуудлыг тэрээр хөндлөө. Энэхүү илтгэл нь нөгөө талаасаа уул уурхайгүй аймгууд эдийн засгаа тэтгэх салбаруудаа хөгжүүлэх давуу талын олж харах боломжийг олгож байв. 

Монгол Улсын эдийн засгийн төрөлжилт  2002 онд харьцангуй жигд байжээ. Уул уурхайн үйлдвэрлэл эдийн засгийн 9%  байсан бол 2017 онд дөрөв дахин томорч ДНБ-ний 23%-ийг бүрдүүлж байна. Мөн хугацаанд Монгол Улсын нийт экспортын 50%-ийг уул уурхайн салбар бүрдүүлж байсан бол өнөөдөр 90 орчим хувь болж өссөн. Өнөөдөр уул уурхайн салбарт хөрөнгө оруулалт нэмэгдэж байгаа ч бусад салбараа дэмжиж чадахгүй байгаа нь хоорондын холбоо нягт бус байгааг илтгэж буй. Уялдаа нягт байх юм бол уул уурхайн салбарын уналтын мөчлөг тохиоход бусад салбарууд нь эдийн засгаа тэтгээд явах учиртай. Эдийн засагт нийт 30 салбар байгаа бөгөөд хоорондоо уялдаа, холбоотой байж гадны “шок”-оос эдийн засгаа хамгаалж чадна. Улсын төсвийн зардал тасралтгүй тэлж  байна. Төсвийн орлогын 20-30% буюу гол эх үүсвэр уул уурхайн салбарын татвараас бүрдэж байгаа юм. Дэлхийн түүхий эдийн зах зээл дэх зэс, нүүрс, төмрийн хүдрийн үнээс хамаарч улсын төсвийн орлого хэлбэлзэж байдаг.   

Эдийн засгийг төрөлжүүлэхэд тулгарч байгаа хамгийн гол зүйл нь санхүүжилт болон улс төрийн орчин. Бусад хүчин зүйлсэд хууль эрх зүйн орчин, төрийн байгууллагын тогтвортой байдал нөлөөлж байна. Мөн ажиллах хүчин буюу боловсролтой, техник технологи дээр ажиллах чадвартай хүмүүс дутмаг бэрхшээл бий. Худалдааг дэмжих, хөнгөвчлөх институцийн орчин буюу худалдааг дэмжсэн тусгай байгууллага, нэгж байхгүй. Далайн гарцгүй, уур амьсгалын гэх зэрэг бидний шийдэж чадахгүй асуудлууд, суурь хүчин зүйлс бас байгаа юм.

Эдийн засгийг төрөлжүүлэх хамгийн гол суурь  нь жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх бөгөөд сум, баг тус бүр өөрсдийн үйлдвэрлэлийг явуулж, тодорхой хэмжээний амьжиргааны эх үүсвэртэй болж байж эдийн засаг хөлжинө. Монгол Улсад уул уурхайн салбараас гадна хөгжүүлэх боломжтой салбарын талаар сүүлийн жилүүдэд хийсэн судалгаануудаар, ноос ноолуур, арьс ширний үйлдвэрлэлээр дэлхийн зах зээл дээр өрсөлдөх боломжтой. Энэ жил Дэлхийн банк, Олон улсын санхүүгийн корпорацаас хийсэн судалгаагаар, арьс шир, ноос ноолуур, цагаан идээг боловсруулах, аялал жуулчлал, цахим арилжааны (lend.mn, крипто валют) талбарт Монгол Улс хөрөнгө оруулалт татах бололцоотой дүгнэлт гаргасан. Гэхдээ эдгээр нь экспортыг төрөлжүүлэхэд хамаатай хэмээн илтгэлээ төгсгөсөн юм.

“Орон нутгийн сэтгүүлчдийн сүлжээ 2019” сургалтаар багш нарын тавьсан илтгэлийн мэдээллийг сэтгүүлчдэд илүү ойртуулах, наалдуулах, бүтээлдээ ашиглах өнцгийг олж харахад дөхөм болох үүднээс MMJ-ийн редакци урьдчилан 7 асуултыг гэрийн даалгаварт илгээсэн юм. Тэрхүү асуултын дагуу сэтгүүлчид өөр өөрсдийн аймаг дахь уул уурхайн онцлог, төсөл, уурхайн үйл ажиллагааны талаар танилцуулсан. Энэ нь богино хугацаанд 21 аймгийн ашигт малтмал нөөц болоод онцлог, томоохон төслүүдийн хэрэгжилтийн талаар сэтгүүлчид ерөнхий мэдээллийг өгсөн юм. 

Сэтгүүлчдийн гэрийн даалгаврын “шалгалт”-ыг Монголын  Экспортлогчдын холбооны Ерөнхийлөгч, техникийн ухааны доктор Д.Галсандорж авсан юм. Монголын уул уурхайн салбарт 24 настайгаасаа ажиллахдаа Багануур, Шарын гол, Эрдэнэт, Монросцветмет зэрэг анхдагч уурхайнуудын бүтээн байгуулалтад гар бие оролцсон, Монголын уул уурхайн салбарын “толь бичиг” тэрээр энэ жилийн сургалтад уригдан сэтгүүлчдэд “Эрдэс баялгийн эдийн засаг гэж юу вэ?” сэдвээр илтгэсэн юм.  Тэрээр сургалтын эхний өдөр уул уурхайн салбарын мэргэжлийн зөвлөгөө өгч, сэтгүүлчдийг чиглүүлсэн. АМГТГ-ын мэдээллээс харахад аймаг бүр ашигт малтмалаар баялаг юм. Уул уурхайн үйл ажиллагаанаас улсад төлж буй татвар хураамж орон нутгийн хөгжүүлэхэд үзүүлж буй үр дүнг орон нутгийн сэтгүүлчид бодитой мэдээлнэ гэдгийг хэлж байлаа. Эдийн засгийн тогтвортой хөгжлийн нэг чухал үзүүлэлт бол хариуцлагатай уул уурхай. Ухаа худаг уурхай 850 сая ам.долларын санхүүжилт дэлхийн хөрөнгийн зах зээлээс татаж, өнөөдөр 5 сая орчим коксжих нүүрс олборлон экспортолж байгаа бөгөөд баяжуулах үйлдвэр, цахилгаан станц байгуулж, тухайн орон нутагтаа хотхон байгуулж, аймагт ажлын байр нэмэгдүүлж орон нутгийн эдийн засагт дэм үзүүлээд явж байгаа хариуцлагатай уул уурхайн тод жишээ болгон илтгэлдээ онцолсон.

Энэ жилийн сургалтад оролцож буй 21 аймгийн нийт 35 сэтгүүлчид “Уул уурхайн салбарын эдийн засагт үзүүлж буй нөлөөлөл” сэдвийн хүрээнд бэлтгэсэн бүтээлээр уралдаанд өрсөлдөх бөгөөд “Шилдгийн шилдэг”-ээр шалгарах сэтгүүлч хөгжилтэй орны уул уурхайтай газар дээр нь танилцаж, Монгол Улсынхаа эдийн засаг, эрдэс баялгийн салбартай бодитоор харьцуулах аялалын эрхийн эзэн болох учиртай. 

Сургалтын хоёр дахь өдөр ба сэтгүүл зүйн хичээл

Уламжлал ёсоор, сургалтын хоёр дахь өдөр сэтгүүлчийн мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, чадавхжуулахад чиглэсэн бөгөөд сэтгүүл зүйн онол болоод практик туршлагын талаар  оролцогч багш нар илтгэл тавьсан юм. “Орон нутгийн сэтгүүлчдийн сүлжээ” төслийн сэтгүүл зүйн сургалтуудыг МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхим дэмжин, мэргэжлийн багш нар хичээл заадаг. Сүүлийн хоёр жилийн сургалтанд багшилж буй МУИС-ийн ШУС-ийн Нийгмийн ухааны салбар хариуцсан дэд захирал, доктор, дэд профессор Б.Болд-Эрдэнэ багш энэ удаад “Сэтгүүл зүй олон нийтийн эрх ашгийг хэрхэн зохицуулах вэ” сэдвээр сонирхолтой илтгэл сонсголоо. Тэрээр илтгэлдээ олон нийтийн сэтгэлгээ, эрх ашиг талаасаа юун дээр анхаарах тухай өгүүлсэн юм. Мөн тэргүүлэх мэдээллийн сайт IKON.MN-ийн Ерөнхий редактор Ч.Болортуяа “Дата сэтгүүл зүйн чиг хандлага, туршлага” илтгэлээрээ төрийн байгууллагуудын нууцлалд хамааралгүй дата мэдээлэл болох нээлттэй өгөгдлүүдийг харьцуулан боловсруулж, уншигчдад мэдээлэл бэлтгэх өөрийн сайтын туршлагаас хуваалцав. Орон нутагт мэдээллийн талбар сайтаар өргөжин тэлж байгаа энэ үед сэтгүүлчдэд сонирхолтой, басхүү өгөөжтэй хичээл байлаа. “Хуурамч мэдээлэлд хэрхэн автахгүй байх вэ” сэдвээр илтгэсэн “Ремо медиа” компанийн үүсгэн байгуулагч Б.Намнандорж интернет платформын мэдээлэл, технологийн талаар ярьсан. Тэр дундаа, хуурамч мэдээллийг танихдаа ямар цаг хугацаанд, ямар эх сурвалжаас мэдээлсэн байгааг анзаарах нь чухал болохыг тэмдэглэж, чанартай сэтгүүл зүйн талаарх үндсэн ойлголтуудыг өгсөн юм. Мөн тухайн мэдээлэлд ашигласан фото зураг үнэхээр бодит эсэхийг ч хайлтын системээр шалгаж үзэхэд илүүдэхгүйг тайлбарлалаа.

Сэтгүүл зүйн сургалтын энэ жилийн онцлог бол видео хичээл байсан юм. Дэлхийн сэтгүүлч бүрийн мөрөөдөл Канадын Бритиш Колумбын Их сургуулийн Сэтгүүл зүйн сургуулиас “Орон нутгийн сэтгүүлчдийн сүлжээ 2019” сургалтыг дэмжин ажиллаж байгаа билээ. Энэ хүрээнд тус сургуулийн дэд профессор, “Global Reporting Centre”-ийн захирал Петер Клайны төсөлд хамрагдаж буй 21 аймгийн сэтгүүлчдэд тусгайлан зориулсан видео хичээлийг хүргэсэн юм. Тэрбээр орон нутгийн сэтгүүлчид эдийн засаг, уул уурхайн чиглэлээр сурвалжлахдаа юун дээр анхаарах, сэтгүүл зүйн шинэ чиг хандлага нь орон нутгийн сэтгүүлчдэд ямар чадварт суралцахыг шаардаж буй талаар, мөн нийгмийн сүлжээний мэдээлэл газар авч буй өнөө үед сэтгүүлч юун дээр анхаарах вэ гэх мэт олон чухал асуултад хариулт өгсөн нь эдийн засаг болоод уул уурхай, сэтгүүл зүй гэсэн хоёр өдрийн сургалтын агуулгыг холбосон хичээл боллоо. 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Нэр:
Сэтгэгдэл:
СЭТГЭГДЭЛ (0)

Сэтгэгдэл байхгүй байна