“Орон нутгийн сэтгүүлчдийн сүлжээ 2019” сэтгүүл зүйн сонирхолтой сургалтаар үргэлжиллээ 

“Хөгжлийн төлөө сэтгүүл зүй” ТББ-аас зохион байгуулдаг “Орон нутгийн сэтгүүлчдийн сүлжээ” сургалтад зөвхөн уул уурхай, эдийн засаг төдийгүй сэтгүүл зүйн чиглэлээр салбарын тэргүүлэх төлөөллүүд оролцож сэтгүүлчдэд хичээл заадаг уламжлалтай. Энэ удаагийн сургалтын хоёр дахь өдөр сэтгүүл зүйн салбарын шинэ хандлага, үндсэн ухагдахуунд төвлөрсөн сонирхолтой илтгэлүүд (07/03) сонслоо. Уг сургалтын эхний илтгэлийг МУИС-ийн ШУС-ийн Нийгмийн ухааны салбар хариуцсан дэд захирал, доктор, дэд профессор Б.Болд-Эрдэнэ “Сэтгүүл зүй олон нийтийн эрх ашгийг хэрхэн зохицуулах вэ” сэдвээр сонирхолтой илтгэл сонсголоо. Уг илтгэлээр сэтгүүлчид олон нийтийн сэтгэлгээ, эрх ашиг талаасаа юун дээр анхаарах ёстойг дэлгэрэнгүй танилцуулсан юм.

Мөн IKON.MN тэргүүлэх мэдээллийн сайтын Ерөнхий редактор Ч.Болортуяа “Дата сэтгүүл зүйн чиг хандлага, туршлага” сэдвээр илтгэл танилцууллаа. Төрийн нууцлалд хамааралгүй дата мэдээлэл буюу нээлттэй өгөгдлийг харьцуулан боловсруулж, иргэдэд зөв мэдээлэл хүргэх талаарх түүний илтгэл орон нутгийн сэтгүүлчдэд өгөөжтэй, сонирхолтой байлаа. 

Мөн “Ремо медиа” компанийн үүсгэн байгуулагч Б.Намнандорж “Хуурамч мэдээлэлд хэрхэн автахгүй байх вэ” сэдвээр сонсгол тавилаа. Тэрбээр хуурамч мэдээллийг танихдаа ямар цаг хугацаанд, ямар эх сурвалжаас мэдээлсэн байгааг анзаарах нь чухал болохыг тэмдэглэж, чанартай сэтгүүл зүйн талаарх үндсэн ойлголтуудыг өгсөн юм. Мөн тухайн мэдээлэлд ашигласан фото зураг үнэхээр бодит эсэхийг ч хайлтын системээр шалгаж үзэхэд илүүдэхгүйг тайлбарлалаа.

Энэ удаагийн сургалтын бас нэг онцлог нь Канадын Бритиш Колумбын Их сургуулийн Сэтгүүл зүйн сургуулиас бэлтгэсэн видео хичээл байлаа. Тус сургуулийн дэд профессор, “Global Reporting Centre”-ийн захирал Петер Клайны төсөлд хамрагдаж буй орон нутгийн сэтгүүлчдэд тусгайлан зориулсан видео хичээлийг хүргэсэн юм. Тэрбээр орон нутгийн сэтгүүлчид эдийн засаг, уул уурхайн чиглэлээр сурвалжлахдаа юун дээр анхаарах, сэтгүүл зүйн шинэ чиг хандлага нь орон нутгийн сэтгүүлчдэд ямар чадварт суралцахыг шаардаж буй талаар, мөн нийгмийн сүлжээний мэдээлэл газар авч буй өнөө үед сэтгүүлч юун дээр анхаарах вэ гэх мэт олон чухал асуултад хариулт өгсөн нь ихээхэн үр дүнтэй хичээл боллоо. 

Сургалтын төгсгөлд MMJ-ийн сэтгүүлч нар орон нутгийн сэтгүүлчдэд уул уурхай, эдийн засгийн чиглэлээр нийтлэл нэвтрүүлэг бэлтгэхдээ анхаарах зүйлсийн талаар зөвлөмж хүргэсэн юм.  “Орон нутгийн сэтгүүлчдийн сүлжээ-2019” төслийн сургалтад хамрагдсан сэтгүүлчид аймгуудын дөрвөн бүсэд хуваагдан сэтгүүл зүйн бүтээлийн сэдвээ сонгосон юм. “Хөгжлийн төлөө сэтгүүл зүй” ТББ-ын  зүгээс  орон нутгийн сэтгүүлчдийнхээ дунд сэтгүүл зүйн бүтээлийн уралдаан зарлаад буй бөгөөд мэргэжлийн, хараат бус шүүгчдийн  комисс тэдгээр бүтээлийг шалгаруулж, шилдэгүүдээ тодруулна.  Энэ удаагийн төслийн сургалтыг МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхим, “Оюутолгой” ХХК-ийн дэмжлэгтэйгээр The Mongolian Mining Journal сэтгүүлийн дэргэдэх  “Хөгжлийн төлөө сэтгүүл зүй” ТББ  амжилттай зохион байгууллаа.  

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Нэр:
Сэтгэгдэл:
СЭТГЭГДЭЛ (0)

Сэтгэгдэл байхгүй байна