Сэтгүүл зүйд ШИНЭ ХУУДАС НЭЭСЭН “Орон нутгийн сэтгүүлчдийн сүлжээ”

2010.05.25. Зуны нар ээсэн энэ эгэл нэгэн өдөр  Монголын сэтгүүл зүйн түүхэнд www.journalism.mn сайт нээгдсэнийг  MМJ баг олон нийтэд анх зарласан юм. “Монгол ньюс”-ын хэвлэлийн бага хурлын танхимд Болормаа  эрхлэгч маань “Хөгжлийн төлөө сэтгүүл зүй” /ХТСЗ/  төрийн бус байгууллага ажиллаж эхэлснийг дуулгаж, шинэхэн сайтынхаа ач холбогдлын талаар дэлгэрэнгүй ярьж билээ.

The Mongolian Mining Journal-ын дэргэд үүсэн байгуулагдаад удаагүй “Хөгжлийн төлөө сэтгүүл зүй” ийнхүү шинэ сайтаараа хүч нэмсэн нь энэ.   Сайт маань “Тэмдэглэлийн дэвтэр” гэсэн булантай. Энэ булан өдгөө ч  сэтгүүлчдийн ажлын гараагаа эхлүүлсэн  нандин дурсамж, анхны уран бүтээлийнх нь тухай сонирхолтой нийтлэл, сурвалжлагуудаар  дүүрэн. 

Л.Болормаа  эрхлэгчийн санаачлагаар байгуулагдсан “Хөгжлийн төлөө сэтгүүл зүй” ТББ-ын хийж бүтээсэн бүхнийг өнөөдрийн өндөрлөгөөс харахад цөөхөн, чадварлаг  хамт олны хүчээр ямар их ажлын ард гараа вэ эрхгүй бодогддог. Төрийн бус байгууллага байгуулагдсан даруйдаа л   төвийн сэтгүүлчдэд зориулсан анхны  мэргэшүүлэх сургалтаа “Хөрөнгийн зах зээлийг сурвалжлан бичих нь. Анхан шатны ойлголтууд” гэдэг сэдвээр эхлүүлж байж. 

2010 оны тавдугаар сард “Maх Tower”-ын сургалтын танхимд  хийсэн энэ сургалтад Монголын тэргүүлэх хэвлэл мэдээллийн байгууллагын эдийн засгийн сэдвээр бичдэг сэтгүүлчид хамрагдаж байсан нь сэтгүүлийн хуудаснаа тодхон үлджээ. Анхны сургагч багш нар маань   Монголын олон улсын хөрөнгийн корпораци, МУИС-ийн Эдийн засгийн сургуулийн Санхүүгийн тэнхимийн чадварлаг багш, мэргэжилтнүүд. 

Сэтгүүлчдийн түгээсэн мэдээлэл хурдтай, хүчтэй, шинэлэг байхын зэрэгцээ ул суурьтай баримт, ухаалаг дүн шинжилгээтэй байгаасай хэмээн “Хөгжлийн төлөө сэтгүүл зүй” үргэлж хүсдэг билээ. Энэхүү  хүсэл эрмэлзэл MMJ багийн зарчим болон  төлөвшиж, олон олон сургалтыг мэргэшсэн түвшинд зохион байгуулах хөшүүрэг болж ирсэн юм.  2010 он бол Монгол Улс бүхэлдээ хөрөнгийн бирж, хувьцааны тухай ойлголтыг нэхсэн он жил байлаа.  Тиймдээ ч   MMJ баг  “Нүүрсний зах зээл”, “Хувьцааны мэдээллийг хэрхэн бэлтгэх вэ” зэрэг цогц мэдээллийг багтаасан цуврал сургалтыг  энэ сэдвээр дагнан мэргэшсэн чадварлаг багш нартай хамтран хийж ирэв. 

МУИС-ийн Эдийн засгийн сургуулийн Эдийн засгийн судалгаа, эрдэм шинжилгээний хүрээлэнгийн захирал, доктор Б.Түвшинтөгс, MIСС хөрөнгө оруулалтын банкны  Ерөнхийлөгч Д.Ачит-Эрдэнэ нар зэрэг  шилдэг залуусаас сэтгүүлчид маань ихийг сурч мэдсэн нь эргэлзээгүй. 

MMJ баг орон нутагт хийсэн анхны мэргэшүүлэх төслөө мөн л 2010 онд “Уул уурхайн мэдээллийг түгээх арга зүй” хэмээн нэрийдэж,  Өмнөговь аймгийн Даланзадгадыг зорьсон билээ.  Уул уурхайн үйл ажиллагаа эрчимтэй өрнөж буй  аймгийн бүх хэвлэл, мэдээллийн төлөөллүүдийг оролцуулсан энэ сургалтаараа  сэтгүүл зүйн түүхэндээ бас л анхдагч. Учир нь, MMJ шиг дэргэдээ сургалтын цогц системийг бүрдүүлсэн байгууллагатай хэвлэл мэдээллийн хэрэгсэл   Монголд байгаагүй юм. Одоо ч байхгүй гэж  бардам хэлнэ.  

Орон нутгийн сэтгүүлчид үзэг нэгтнүүдийнхээ хөдөлмөр зүтгэлийг үнэлж, ийм  практик сургалтын үнэ цэн зайлшгүй чухал байгааг илэрхийлж, цаашид үргэлжүүлэх санал тавьсан нь   “Хөгжлийн төлөө сэтгүүл зүй”-н хамт олонд ихээхэн урам зориг  өгсөн.

MMJ-ийн хамт олон  ч өөрсдөө   уул уурхайн сэтгүүл зүйд суралцах  боломжийг нээж өгсөн  он жилүүд 2010 оноос эхлэлтэй. Уул уурхайн ердөө тавхан гадаадын компани Хонгконгийн биржид шинээр бүртгүүлээд байсан  2010 оны аравдугаар сард  Монголын үндэсний компаниудын нэгдэл  Mongolian Mining Corporation анх удаа IPO босгосон тэр түүхэн агшныг MMJ   сурвалжилж байв.  Хөрөнгийн биржийн  тухай  сургалтаа практиктай холбож өгсөн  томилолтын  нийтлэлүүд  сэтгүүлийн хуудсанаа  тодхон үлджээ.  

Дэлхийн сая сая үзэгчдийн танил, мэргэшсэн шинжээч-сэтгүүлч, авъяаслаг хөтлөгч   Хаслинда Аминтэй уулзан, Блүүмбэргийн Сингапур дахь төвөөр нь анхлан зочилж Asia Mining Congress форумыг сурвалжилсан сэтгүүлчид мөн л MMJ-ийнх байлаа. Сургалт-томилолт үргэлжилсээр...

Ийнхүү “Хөгжлийн төлөө сэтгүүл зүй” ТББ орон нутгийн мэдээллийн сүлжээ байгуулах зорилтыг 2015 онд дэвшүүлж, сургалтын төслийн үйл ажиллагаанд илүү зоримог орсон гэж хэлж болно. Ингэхдээ бүсийн хэмжээнд орон нутгийн сэтгүүлчдийн бүх төлөөллийг хамарсан томоохон сургалтын ажлыг эхлүүлэв. Илүү олон сэтгүүлчийг хамрах, улмаар шатлан өргөжүүлэх, цуврал сургалтуудын дүнд уул уурхайн анхан шатны ойлголттой бичдэг, нэвтрүүлэг бэлтгэдэг мэргэшсэн сэтгүүлчдийн төлөөллийг орон нутагт төлөвшүүлэхийн чухлыг MMJ-ийн хамт олон маш сайн ойлгож, мэдэрч байлаа. 

Ийнхүү  “Хөгжлийн төлөө сэтгүүл зүй” ТББ төслийн үйл ажиллагаагаа өргөтгөн “Орон нутгийн мэдээллийн сүлжээ” нэртэйгээр бүсчилсэн анхны сургалтаа  2015 онд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хотоос эхлүүлсэн юм. Төслийн санхүүгийн үндсэн дэмжигч нь  Германы Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн  Эрдэс баялаг, түүхий эдийн иж бүрэн санаачилга хөтөлбөр. 

Ганц удаагийн сургалтын арга хэмжээ биш, мэдээллийн олон талт урсгалыг тогтмолжуулан, сэтгүүл зүйн мэргэжлийн арга зүйгээр байнга дэмжих, цаашид урт хугацаанд тогтвортой үргэлжлэх ажил болоход ЭТИС хөтөлбөр, Монголын Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилга зэрэг олон улсын төслийн байгууллагууд маш том түлхэц, нөлөө үзүүлсэн гэдгийг энд тодотгон тэмдэглэе. 

2015 оны тавдугаар сарын 26-27-нд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хотноо  зохион байгуулагдсан Хойд бүсийн сургалт мөн оны зургаадугаар сард Баруун бүсийн сургалтаар үргэлжилсэн.  Алс холын Баян-Өлгий, Ховдын цэнхэр хязгаар,  өврийн сайхан Өвөрхангай зэрэг  5 аймгаас 27 сэтгүүлч  зорин ирцгээсэн гайхалтай түүхийг MMJ  сэтгүүлдээ мөн л бичиж үлдээсэн юм.  

Хойд бүсийн таван аймаг, Баруун бүсийн долоон аймгийн нийт 47 сэтгүүлч сургалтад  хамрагдсан ба Улаанбаатар хотноо зохион байгуулагдсан Нэгдсэн сургалтад Хойд, Өмнөд, Баруун бүсийн сэтгүүлчид идэвхитэй оролцжээ. Тухайн жилд сургалтад оролцсон нийт сэтгүүлчдийн дунд уралдаан зарлах, уурхайтай танилцах аялал зохион байгуулах зэргээр уг төслөө далайцтай болгон өргөжүүлсэн онцгой  түүх 2015 онд хамаарагдана.    

2015.11.10.  Энэ өдөр Улаанбаатар хотноо зохион байгуулагдсан Нэгдсэн сургалтын нээлтэд The Mongolian Mining Journal  сэтгүүлийн Эрхлэгч Л.Болормаа “Сэтгүүлчдийг мэргэшүүлэх, ялангуяа орон нутагт ажиллаж байгаа хэвлэл мэдээллийнхэнд бодит мэдээлэл, танин мэдэхүйн ойлголт өгөх, нийслэл хотод байгаа гол эх сурвалжуудтай тэднийг холбох зорилгоор төслөө эхлүүлсэн” хэмээн онцлон хэлж байж. Үнэхээр ч түүний хэлсэнчлэн  уул уурхайн салбарын мэргэжлийн байгууллагуудтай сэтгүүлчдээ холбож, мэдээлэл авах бололцоогоор хангаж өгсөн нь тэдний  уралдаанд ирүүлсэн бүтээл бүрийн чансаагаар тодорхойлох болов. MMJ-ийнхэн жил бүрийн эцсээр шилдэг бүтээлийн эздээ тодруулдаг уламжлал ч тогтов.

Чухамдаа Засгийн газрын шийдвэр-Орон нутгийн удирдлагын ажил-уул уурхайн компанийн үйл ажиллагаа-Иргэдийн хүсэл сонирхлыг холбогч Сэтгүүлчийн үүрэг улам бүр нэмэгдсэн гэсэн үг.   

2016 оны сургалтууд ч мөн онцлог үйл явдлуудаар  дүүрэн өнгөрчээ.   Барууны  сэтгүүл зүйн өндөр ур чадвартай сургагч багш нараас номын дуу сонссон  азтай сэтгүүлчид бол манай орон нутгийнхан. Амжилттай хэрэгжсэн төслийг үргэлжүүлэх, орон нутгийн сэтгүүлчдийн эргэх холбоо, ур чадварыг  шат ахиулах зорилгоор 2016 оны “Орон нутгийн сэтгүүлчдийн сүлжээ” төслийн ажлаа дахин эрчтэйгээр эхлүүлсэн. 

Германы туршлагатай, нэр хүндтэй сэтгүүлч Дирк Асендорфийг ЭТИС хөтөлбөр сургалтандаа  урьж оролцуулсан нь шинэлэг байлаа. “Уйтгартай” урт илтгэл, танилцуулга бүхий хэв загвараар явагддаг бусад сургалтуудаас Асендорф багшийн практик давамгайлсан  хичээл онцгой ялгарч байж. 

Байгаль орчны сэтгүүл зүй, өнөө цагт сэтгүүлчдийн мэдээллийн гол эх сурвалжийн нэг болсон интернэт ашиглалтын талаар цоо шинэ, ул суурьтай мэдлэгийг  тэрээр орон нутгийн сэтгүүлчдэд өгчээ. Танхимын сургалтаас гадна сэтгүүлчдийг уул уурхайн үйлдвэрлэл, тэр дундаа Бороогийн алтны уурхайгаар аялуулсан нь Асендорф багшийн хичээлийг улам ч сонирхолтой болгосон юм.

MMJ-ээс зохион байгуулж байгаа сургалтад орон нутгийн сэтгүүлчдийн идэвх оролцоо сайн байгааг тэрээр үнэлээд “Зөвхөн үнэнийг өгүүлэх нь сэтгүүлчийн мэргэжлийн зарчим юм. Үргэлж энэ зарчмаа баримтлаж яваарай. Та бүхэнтэй өнгөрүүлсэн өдрүүд үнэхээр сайхан байлаа” хэмээгээд нутгийн зүг мордсон билээ. 
Өнгөрсөн хугацаанд төслийн хүрээнд өөр өөрийн онцлог, үе шаттай зургаан удаагийн  цуврал сургалтыг MMJ 15 аймгийн 70 орчим сэтгүүлчийг хамруулан зохион байгуулжээ. Эдгээр сургалтаас шигшигдсэн  35 сэтгүүлчтөгсгөлийн сургалт семинарт хамрагдсан юм. 

Хэдийгээр нэгдсэн сургалт цаг хугацааны хувьд  тухайн оны арав, арваннэгдүгээр саруудад  таардаг болохоор  сэтгүүлчид маань байгалийн ямар нэгэн үзэгдлийг даван туулж ирэх шаардлага гардаг байв. 

Хот, хөдөөгүй цасаар шуурч, цаг агаар огцом хүйтэрсэн  хүнд үеүдэд тэд  зорьсон газартаа, товлосон цагтаа хэдийнэ  цуглачихсан,  танхимаа дүүргээд л сууж байдаг. Суралцая, хөгжье гэсэн эрмэлзэл дүүрэн сэтгүүлчдийг ЭТИС хөтөлбөр, МУИС-ийн сэтгүүл зүйн тэнхим  ямагт   дэмжиж ирсэн юм.  Гадаадын чадварлаг сургагч багш нарын нэг, ХБНГУ-ын Мюнхен мужийн харъяат, сэтгүүлч Бернд Освальд орон нутгийн сэтгүүлчдэд цахим сэтгүүл зүйн чиг хандлага,  түүний зөв зохистой хэрэглээний талаарх туршлагаа хуваалцсан нь  мөн л цаг үеэ олсон чухал сургалт байв. 

MMJ-ээс хэрэгжүүлж буй “Орон нутгийн сэтгүүлчдийн сүлжээ” төслийг Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэл өндөрөөр үнэлж, 2016 оны  Ерөнхийлөгчийн нэрэмжит шагналын эзнээр тодруулсан юм.  Уг төслийг мэргэжлийн сэтгүүл зүйг төлөвшүүлэхийн төлөөх оны шилдэг үйл ажиллагаа хэмээн үнэлсэн билээ.   

2017 оны хувьд ч “Орон  нутгийн сэтгүүлчдийн сүлжээ” төсөлд 21 аймгийн 39 сэтгүүлч хамрагдсанаар Монгол Улсын өнцөг булан бүрт хүрсэн сүлжээ бий болж өргөжлөө.  Танхимд өрнөдөг сургалтаас хальж, өмнийн говийн уул уурхайн үйлдвэрлэлтэй танилцах практик  аялал болсон нь орон нутгийн сэтгүүлчид  бүтээл дээрээ өсч хөгжих боломжийг  олгосон юм. Мянга сонсохоор нэг үз гэдэг.    

“Оюутолгой”, “Энержи Ресурс”, “Эрдэнэс Тавантолгой”-н уул уурхайн төслийн үйл ажиллагаатай  танилцаж, мэдээ мэдээллээ бэлтгэсэн сэтгүүлчдээ төслийн багийн зүгээс  урамшуулдаг болов. 2017 оны хаалтын сургалтыг аравдугаар сарын 9-10-нд “Туушин” зочид буудлын “Сүлд” танхимд хийсэн юм. Уламжлал ёсоор шилдэгүүдээ шалгаруулав. Шилдэгүүдээ Австрали, Германд аялах эрхийн бичгээр шагнасан нь бусад сэтгүүлчдийн өсч хөгжих, сургалтандаа идэвхитэй оролцох бас нэгэн урам, хөшүүрэг болж ирснийг тэмдэглэх учиртай. 

“Хөгжлийн төлөө сэтгүүл зүй” ТББ “Орон нутгийн сэтгүүлчдийн сүлжээ” төслийг дөрөв дэх жилдээ  амжилттай хэрэгжүүлэхдээ  нийт 11 удаагийн  цуврал сургалтад 21 аймгийн давхардсан тоогоор 100 гаруй сэтгүүлч хамрагдсан байдаг. Тэгвэл  2018 оны хувьд “Оюутолгой” ХХК болон Германы хамтын ажиллагааны олон улсын нийгэмлэгийн ЭТИС хөтөлбөр, МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхмийн дэмжлэгтэйгээр хэрэгжсэн сургалт гурван үе шаттай хэрэгжиж өндөрлөлөө.  

Өнгөрсөн тавдугаар сард сэтгүүлчид Улаанбаатар хотноо онолын семинарт хамрагдсан бол тэрхүү мэдлэг ойлголтоо бататган уул уурхайн үйл ажиллагаатай танилцах үүднээс  “Оюутолгой” компанийн уурхайн талбайд зочилж, улмаар гүний уурхайн бүтээн байгуулалттай танилцсанаараа илүү үр өгөөжтэй болсон гэж хэлж болно. 

2018.11.15-16.  Бүтэн дөрвөн жил үргэлжилсэн “Орон нутгийн сэтгүүлчдийн сүлжээ” төслийн энэ оны сургалтын хаалтын семинар Улаанбаатар хотноо “Шинэ Пума Империал” зочид буудлын сургалтын танхимд амжилттай болж өндөрлөв.  Сургалтын үйл ажиллагааг “Хөгжлийн төлөө сэтгүүл зүй” ТББ-ын Орлогч эрхлэгч Н.Ариунтуяа,  “Оюутолгой” ХХК-ийн Хэвлэл мэдээлэл хариуцсан ахлах зөвлөх Э.Лхагва нар нээж үг хэллээ. Энэ удаагийн сургалтад Монгол Германы ашигт малтмал технологийн их сургуулийн захирал Н.Дорждэрэм “Уул уурхайг танин мэдэх нь” сэдвээр илтгэсэн нь сэтгүүлчдийн сонирхлыг ихээр татлаа.

Тэрээр, дэлхийн газрын ховор элементийн 95%-ийг Хятад  улс олборлож, үйлдвэрлэлдээ ашигладаг. Тийм учраас онгоцны болон приус машины батарей бүгд энэ улсад л үйлдвэрлэгдэж байна. Гэтэл Америк ийм нэг уурхай ажилуулахад л Хятадын газрын ховор элементын салбар дахь монополь эрхийг байхгүй болгочихно. Өөрсдөө юмаа ухахгүй ой модоо хайрлаад байдаг нь ийм учиртай. Баялгаа дуусгачихвал бид юу хийх вэ гэдгээ бодоод байна л даа” хэмээн ярилаа.  

Дэлхийн улс орнуудад орчин үеийн технологи нэвтрэхийн хэрээр хэрэглээний материал ба эрчим хүчний эх үүсвэрээс хамаарах хамаарал буурч байна. Ийм нөхцөлд ОХУ нь анхдагч түүхий эдийн экспортоос хэт хамаарсан байдлаа бууруулж, дэд бүтцийн бүтээн байгуулалт, боловсруулах үйлдвэрлэлд тулгуулсан эдийн засгийн загварыг сонгож байна хэмээн судлаач, инженер Ж.Золжаргалын “Түлш эрчим хүч ба эдийн засаг” илтгэлдээ дурьдсан юм.  Цахилгаан станц, өнгөт ба хар төмөрлөгийн хайлуулах үйлдвэрлэл, химийн үйлдвэрлэл, барилгын материалын үйлдвэрлэл гэх мэт эрчим хүчний зарцуулалт өндөртэй аж үйлдвэрлэлийг Монголд хөгжүүлэх нь өрсөлдөх чадвар, давуу талын хувьд өргөн боломжтойг тэрээр  хэлж байсан юм.  

Уул уурхайн танин мэдэхүйн хичээлээс гадна МУБИС-ийн Сэтгүүл зүйн тэнхмийн эрхлэгч доктор, дэд профессор С.Амартүвшингийн  орон нутгийн хэвлэл мэдээллийн онцлог, зах зээлийн  талаар хийсэн  сургалт ч мөн сонирхолтой байлаа. Олон нийт буюу  “хэрэглэгч” хэмээх ойлголт хуучирсан, “хэрэглэгчид бол зах зээл” гэсэн шинэчлэгдсэн үзэл хандлага, зах зээл сонирхол, хэрэгцээ зан төлөв, амьдралын хэв маягаас шалтгаалан өөр өөр байдгийг тэрээр онцолсон. 

Мөн www.gogo.mn сайтын Ерөнхий редактор О.Ариунбилэгийн орон нутгийн сэтгүүлчдийн бүтээл дээр хийсэн анализ ба практик зөвлөмж, Монголын хэвлэл мэдээллийн зөвлөлийн Гүйцэтгэх захирал Г.Гүнжид­маагийн илтгэсэн “Зөрчлийн хууль ба салбарын өөрийн зохицуулалт”, МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхмийн багш Д.Идэржаргалын сэтгүүлчийн ёс зүйн үндсэн зарчмууд, түүнийг баримтлахтай холбоотой асуудал гэсэн  илтгэлүүд сэтгүүлчдийн анхаарлыг татсан олон сонирхолтой асуудлыг хөндсөн юм. 

Уламжлал ёсоор, Оюутолгойд хийсэн танилцах сургалтын талаар сэтгүүлчдийн нийтэлж, нэвтрүүлсэн бүтээлийг телевиз, сайт, сонин гэсэн гурван ангиллаар шалгаруулж, шилдэгүүдээ тодруулсан. Телевизийн төрөлд Өмнөговь аймгийн “Алтанговь” телевизийн сэтгүүлч С.Сумъяагийн “Уул уурхай ба сэтгүүлчдийн дуу хоолой” нэвтрүүлэг, сайтын төрөлд МОНЦАМЭ агентлагийн Дорноговь аймаг дахь сурвалжлагч, МСНЭ-ийн салбарын дарга Х.Эрдэнэбулганы “Дэлхийн технологийг Монголдоо гаршуулсан далд уурхайн оператор бүсгүй”, сонины төрөлд Хөвсгөл аймгийн “Эрх чөлөө” сонины эрхлэгч Б.Гэрэлнямын “Говьд буусан хангайн  гийчин”нийтлэл шалгарч мөнгөн шагнал хүртэв. Гран-при буюу шилдгийн шилдэг бүтээлийн шагналыг Дундговь аймгийн “Дундговийн амьдрал” сонины эрхлэгч, МСНЭ-ийн салбарын дарга, www.dundgovi.mn сайтын захирал С. Пүрэвсүрэн “Олон жил Монголыг тэжээх Оюутолгой” нийтлэлээрээ хүртэж DELL брэндийн зөөврийн компьютерээр шагнагдсан юм.  

Төслийн хаалтийн ёслол дээр МСНЭ-ийн “Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан”  тэмдгээр The Mongolian Mining Journal  сэтгүүлийн захирал  Л.Батбаяр, ерөнхий санхүүч Г.Энхсайхан, сэтгүүлч Б.Төгсбилэгт нар шагнагдсаныг МСНЭ-ийн Гүйцэтгэх захирал Э.Болортулга, Удирдах зөвлөлийн гишүүн Б.Нямдорж нар гардууллаа. Мөн  MMJ-ийн сэтгүүлч Г.Идэрхангайг “Баянхонгор аймгийн  Тэргүүний ажилтан”-аар шагнасныг “Өнөөгийн Баянхонгор” сонины эрхлэгч П.Санаадагва, ЗДТГ-ын хэвлэл, мэдээлэл хариуцсан ажилтан Б.Чинбат нар тус тус гардуулсан юм.    
    
Монголын сэтгүүл зүйд шинэ хуудас нээсэн “Орон нутгийн сэтгүүлчдийн сүлжээ”-г цаашид үргэлжүүлэн өргөтгөхийн чухлыг орон нутгийн сэтгүүлчид маань хүсч байна. MMJ-ийн баг хамт олны зүгээс ч 2019 ондоо, дараа дараагийн жилүүддээ төслөө үргэлжлүүлэн ажиллана гэсэн итгэл дүүрэн байгааг тэмдэглэе. 

Г.Идэрхангай


АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Нэр:
Сэтгэгдэл:
СЭТГЭГДЭЛ (1)

Сэтгэгдэл (1)

  • My jour  (202.170.70.74)
    2019-07-02 14:25
    my bon