Сэтгүүлчид Тогтвортой хөгжлийн зорилтыг сурвалжилна

Улс орны дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт тогтвортой хөгжлийг илэрхийлэх үү? Эсвэл энэхүү өсөлт энгийн иргэдийн аж амьдралд хэрхэн нөлөөлж байгаагаар хөгжлийг хэмжих ёстой юу?

Энэ мэтчилэн аливаа асуудлыг хөгжлийн чиг баримжаатайгаар олж харж, нийтэлж нэвтрүүлэх мэдлэг чадвартай сэтгүүлчдийг бэлтгэх зорилгоор Хэвлэлийн хүрээлэн, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрхамтран “Тогтвортой хөгжлийн зорилтыг сурвалжлах нь” сургалтыг нэгдүгээр сарын 22-25-нд зохион байгуулж байна.

Сэтгүүлчдийг тогтвортой хөгжлийн зорилтыг хөндөж бичихэд сэдэлжүүлэх, хөгжлийн чиглэлээр мэргэшихэд шаардлагатай мэдлэг, ойлголтыг өгөхөд энэхүү сургалтын ач холбогдол оршиж байгаа юм. Уг сургалтад Улаанбаатар хот болон орон нутгийн нийт 50 сэтгүүлч хамрагдаж, хөгжлийн сэтгүүлчээр мэргэшиж байгаа юм.
 
Сургалтын эхний өдөр Хэвлэлийн хүрээлэнгийн сургагч багш нар “Тогтвортой хөгжлийн зорилт-2030” үзэл баримтлал болон Хөгжлийн сэтгүүл зүй, тогтвортой хөгжил дэх сэтгүүлчдийн оролцооны талаар сонирхолтой мэдээллүүдийг өгсөн юм.
“Хөгжлийн сэтгүүл зүйн зорилго нь ард иргэдэд өөрсдөд нь хамааралтай шийдвэр гаргах, өөрчлөлт хийхэд нь туслах, мэдээллээр хангахад чиглэдэг. Ялангуяа иргэдийг чадавхижуулах, сэдэлжүүлэхэд чухал үүрэгтэй” хэмээн  сургагч багш Ж.Оюунцэцэг тодотгосон юм.

Хөгжлийн сэтгүүл зүй хэд хэдэн онцлогтой. Хамгийн гол нь үйл явдал биш, үйл явцыг сурвалжилдаг. Тухайн болж буй үйл явцыг сурвалжлахдаа Яагаад, хэрхэн, яаж гэдэг асуултад түлхүү анхаардаг. Хөгжил өөрөө үйл явц, иймд үйл явц өрнөж буй шат дараалал бүрт анхааралтай ажиглаж мэдээлэхэд чиглэдэг аж. Тиймдээ ч хөгжлийн сэтгүүлч барьж авсан сэдвээ ахин дахин бичдэг онцлогтой гэдгийг сургагч багш нар онцолсон.

Тогтвортой хөгжлийн асуудлууд зөвхөн улс төрчид, эрдэмтэд, эдийн засагчид, хүний эрхийн байгууллагын мэддэг, судалдаг, хариуцдаг асуудал биш. “Тогтвортой  хөгжил” гэдэг хэллэгийн утгыг хүмүүс тэр бүр бүрэн гүйцэд ойлгодоггүй учир байнга хэрэглэж, тайлбарлаж чаддаггүй.

Тиймээс сурвалжлага бэлтгэхдээ хөгжилд хамаарах асуудал, сэдэв гарч ирэх бүрт түүнийг хувь хүний туршлагад хамаатуулан тодорхой болгох хэрэгтэй аж. Ялангуяа хөгжлийг бичихдээ бэрхшээл тоочих бус тухайн асуудлыг шийдэх гарц, боломжийн тухай дэвшүүлэхийг оролдож байх нь хөгжлийн сэтгүүлчийн үндсэн зарчим гэдгийг сургагч багш нар тодотгож байсан юм.

Сургалтын үеэр НҮБ-ийн Хөгжлийн хөтөлбөрийн Олон нийттэй харилцах мэргэжилтэн Б.Булганчимэг тогтвортой хөгжлийн асуудлын эх сурвалж, сүүлийн үеийн нээлттэй мэдээллийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн юм. Мөн мэдээллийн тэнцвэрт байдал ба тогтвортой хөгжлийн сэтгүүл зүйн бүтээлд иргэдийн мэдээлэл, байр суурийг хэрхэн ашиглах вэ, ярилцлага хийх арга тактикийн талаар сургагч багш Ц.Чимэддондог тодорхой жишээн дээр тайлбарлалаа.
Тогтвортой хөгжлийн зорилт, түүний хүрээнд хөндөж болох сэдвүүдийг оновчтой сонгох, Google-ээс  хайлт хийх аргачлалуудын талаархи  сургагч багш Ц.Тамирын мэдээлэл, мобайл сэтгүүл зүйн арга барил, тогтвортой хөгжлийн асуудлыг сурвалжлахад гар утас  ашиглах зааварчилгааны талаархи сургагч багш А.Амартүвшиний хичээл сонирхолтой байлаа.
Сургагч багш Д.Мөнхчимэг сэтгүүлчид аливаа нийтлэлийг бичихдээ  асуудал биш, харин асуудлыг хүншүүлэх буюу хүнээр төлөөлүүлж гаргаж ирэх нь илүү сонирхолтой бөгөөд ач холбогдол нь өндөр юм гэлээ. Өөрөөр хэлбэл, тухайн асуудлыг бичээд байхаасаа илүүтэй асуудал хүн дээр хэрхэн тусч, нөлөөлж байгааг бичих нь өгүүллийг амттай болгодог хэмээн тэрээр тайлбарласан юм.
 
Тогтвортой хөгжлийн үзэл баримтлалыг хэрэгжүүлэх, хяналт тавих гол субъект нь Үндэсний хөгжлийн газар. Тус газрын мэргэжилтэн С.Сюзанна  Монгол улсад тогтвортой хөгжлийн зорилтыг хангахад авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар мэдээлэл өгч, сэтгүүлчдийн асуултад хариулллаа.

Хөгжлийн бодлогын баримт бичгүүдийг  урт  хугацааны /15-20/, дунд /8-10, 3-5 жил /, богино /3-5 жил/-ээр эрэмбэлж, 1990 оноос хойш батлагдсан үндэсний урт хугацааны бодлогын баримт бичгүүдэд дүн шинжилгээ хийж, хэрэгжихгүй байгааг нь цуцлах, хүчингүй болгох зэрэг арга хэмжээнүүд авч байгаа талаар мэргэжилтэн дурдлаа.

Үндэсний хөгжлийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлогын баримт бичгийг боловсруулж байгаа бөгөөд  хуулийн хугацаанд батлагдах байх гэсэн хариултыг өглөө. 

УИХ-ын 2016 оны 19 дүгээр тогтоолоор “Монгол улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030”-ийг баталсан юм. Уг үзэл баримтлалд Монгол улс 2030 онд нэг хүнд ногдох орлогоороо дунд орлоготой орнуудын тэргүүлэх эгнээнд хүрсэн, тогтвортой өсч байгаа эдийн засгийн олон салбартай, нийгмийн хүрээнд дундаж болон чинээлэг дундаж давхарга давамгайлсан, экологийн тэнцвэртэй байдлыг хадгалсан, тогтвортой ардчилсан засаглалтай улс болно хэмээн тодорхойлсон.

Тогтвортой хөгжил 2030 үзэл баримтлалыг хэрэгжүүлсэнээр:
Манай улс 2030 онд нэг хүнд ногдох үндэсний нийт орлого 17500 америк долларт хүрч, нэг хүнд ногдох орлогоороо дунд орлоготой орнуудын тэргүүлэх эгнээнд хүрнэ. Эдийн засгийн жилийн дундаж өсөлт 2016-2030 онд 6.6 хувиас доошгүй байна. Ядуурлын бүх төрлийг эцэс болгоно.  Орлогын тэгш бус байдлыг багасгаж, нийт хүн амын 80 хувь нь дундаж болон чинээлэг дундаж давхаргын ангилалд багтсан байна.

Монгол хүний эрүүл, урт удаан амьдрах нөхцөлийг хангаж, дундаж наслалтыг 78-д хүргэнэ. Хүний хөгжлийн өндөр үзүүлэлт бүхий эхний 70 орны нэг болно. Экологийн тэнцвэртэй байдлыг хадгалж, ногоон эдийн засгийн үзүүлэлтээр дэлхийн 30 эхний орны нэг болно. Бизнес эрхлэлтийн үзүүлэлтээр дэлхийн эхний 40, өрсөлдөх чадварын үзүүлэлтээр эхний 70 орны нэг болно. Хөгжлийн бодлогоо бүх түвшинд хэрэгжүүлэх чадвартай, авлигаас ангид, иргэдийн оролцоог хангасан, мэргэшсэн тогтвортой засаглал төлөвшсөн байна.

Г.Идэр


 
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Нэр:
Сэтгэгдэл:
СЭТГЭГДЭЛ (0)

Сэтгэгдэл байхгүй байна