УРИАЛГА

Мэдээллийн технологи, интернетийн хурдтай хөгжлөөс хамаарч иргэд өөрсдөө мэдээллийг үүсгэж түгээх, өөр хоорондоо хурдан шуурхай солилцох боломжтой болсон өнөө үед мэргэжлийн сэтгүүл зүйд бусад бүх мэдээллийн эх сурвалжаас итгэл үнэмшил төрүүлэхүйц, мэргэжлийн түвшинд хийгдсэн болон ёс зүйн хариуцлагатай байдлаараа ялгарч байх онцгой чанарын шаардлага болон хариуцлагатай үүрэг ноогдох боллоо.

Мэргэжлийн сэтгүүл зүй олон нийтийг эргэн шалгаж болохуйц эх сурвалж болон баримтанд тулгуурласан үзэл бодол, мэдээ, мэдээллээр хангах болно. Тиймээс Монголын Хэвлэл Мэдээлийн Зөвлөлөөс хэвлэл мэдээлэл олон нийтийн эрх ашгийн төлөө үйлчилж, хараат бус, эх сурвалжид тулгуурласан, бодит үнэн мэдээллийг түгээж ажиллахыг, мөн хариуцлагатай, мэргэжлийн сэтгүүл зүйн хэм хэмжээг заасан Монголын сэтгүүл зүйн Ёс зүйн зарчмаа баримтлаж ажиллахыг нийт СЭТГҮҮЛЧИД, ХЭВЛЭЛ МЭДЭЭЛИЙН БАЙГУУЛЛАГУУДАД уриалж байна.

Монгол Улсад хэвлэл мэдэээлийн ёс зүй, мэргэжлийн хэм хэмжээг сахиулах үндсэн чиг үүрэгтэй хэвлэл мэдээллийн салбарын өөрийн зохицуулалтын байгууллага болох Монголын Хэвлэл Мэдээлийн Зөвлөл байгуулагдаад гуравдахь жилийнхээ босгыг алхаж байна. Өөрийн энэ чиг үүргээ хэрэгжүүлэхдээ уншигч, сонсогч, үзэгчидтэй хамтарч ажилладаг. Иргэн бүр аль нэгэн хэвлэл мэдээллээр гарсан нийтлэл, нэвтрүүлэгт мэргэжлийн ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн эсэхтэй холбоотой гомдлыг ямар нэгэн төлбөргүйгээр Монголын Хэвлэл Мэдээлийн Зөвлөлд гаргах эрхтэй. Монголын Хэвлэл Мэдээлийн Зөвлөл гомдлыг хүлээн авч, шалган гомдлыг хэлэлцэж, гаргасан шийдвэрээ олон нийтэд зарладаг. Ингэснээрээ Монгол улсын иргэний үнэн бодит мэдээлэл авах, нөгөө талаас хэвлэл мэдээллийн цензургүй эрхийг шүүхийн оролцоогүйгээр эдлүүлэх механизмыг бий болгож байгаа юм.

Монголын Хэвлэл Мэдээлийн Зөвлөл нь байгуулагдсанаасаа хойш 61 хэвлэл мэдээллийн байгууллагад хаягласан 25 гомдлыг иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудаас хүлээн авч шалган шийдвэрлэсэн нь энэхүү өөрийн зохицуулалтын тогтолцоо нь нийгэмд хүсэн хүлээгдэж байсан болохыг харуулж байна. Хэвлэл мэдээллийн байгууллагын редакциуд ч иргэдийн ирүүлсэн гомдлыг нухацтай авч үзэж, ёс зүйн алдаа гаргасныхаа төлөө тухайн иргэдээс уучлал хүсэх, алдаатай мэдээллээ залруулах соёлыг илэрхийлж эхэлж байна.

Хэвлэл мэдээллийн өөрийн зохицуулалтыг нийгмийн соёл болгон хэвшүүлэхтэй зэрэгцэн Монгол Улсын нэгдэн орсон, соёрхон баталсан олон улсын гэрээ, конвенцид нийцүүлэн хэвлэл мэдээллийн эрх зүйн орчныг боловсронгуй болгосноор хариуцлагатай сэтгүүл зүйг хөгжүүлж, хэвлэлийн болон хүний эрх чөлөөг хамгаалах нөхцөл бололцоо бүрдэх юм.

Өнөөдөр сэтгүүлчдээс аж амьдралыг нь үгүй хийхүйц өндөр хэмжээний төлбөр нэхэх замаар ялангуяа улс төрч, өндөр албан тушаалтны нэр төр гутаахтай холбоотой асуудлаарх хуулийн хатуу зохицуулалтыг дарамтлах хэрэгсэл болгон ашигладаг явдал зогсох ёстой. Энэ нь сэтгүүлчдийг айдас хүйдэст автуулан мэдээлэл баримтаа нийтлэхээс түдгэлзэхэд хүргэх бөгөөд ингэснээр хэвлэл мэдээллээр дамжуулан эрх мэдлийг ажиглаж хянах иргэний эрх хохирох юм.

УИХ-аас нэр төр гутаахтай холбоотой зохицуулалтыг Эрүүгийн хуулиас хассанаар хэвлэл мэдээллийн зөрчлийг эрүүгийн гэмт хэргээс холдуулах алхам хийсэн ч энэ зохицуулалт Зөрчлийн тухай хуульд өндөр мөнгөн торгуулийн дүнтэйгээр буцаад тусгагдсан нь асуудлыг бүрэн шийдсэнгүй, сэтгүүлчдийг айлган дарамтлах нийгэмд халтай үр дагавар нь хэвээрээ үлдэж иргэдийн мэдээлэл авах эрх, хэвлэлийн эрх чөлөөнд халдаж байна гэж бид үзэж байна. Хэвлэл мэдээллийн салбарынхан Монголын Хэвлэл Мэдээлийн Зөвлөлийг байгуулснаараа хэвлэл мэдээлэл болон иргэний хоорондох зөрчлийг харьцангуй хялбар аргаар зохицуулах иргэний арга замыг эрэлхийлж, өөрийн зохицуулалтын байгууллагаараа шийдвэрлүүлж, мэргэжлийн алдаагаа цэгнэн нягталж, хариуцлагатай байхын төлөө ажиллаж байна. Тиймээс бид улс төрчдөөс энэ байдлыг анхааран үзэж цензур адил дарамтлах хэрэгсэл болгон ашиглаж болохуйц ийм зохицуулалтыг хуульчлахаас татгалзахыг шаардаж байна.

Түүнчлэн УИХ-д шинээр өргөн баригдсан Өргөн нэвтрүүлгийн хуулийн төсөлд өргөн нэвтрүүлгийн бизнесийн орчинг сайжруулах, салбарын хөгжлийг хангах бодлого, зохицуулалт, мөн өргөн нэвтрүүлгийн салбарын зохицуулах байгууллага болох Харилцаа Холбооны Зохицуулах Хороог бие даасан, мэргэжлийн байлгах асуудал огт хөндөгдөөгүй байна. Энэ хууль батлагдвал тусгай сан байгуулж, түүнд төвлөрсөн хөрөнгийг Засгийн газраас хуваарилан телевизүүдэд олгохоор заасан нь тэдний хараат бус байдлыг алдагдуулж, улс төрчдийн “гар хөл” болох нөхцөл улам бүр нэмэгдэнэ гэж салбарын мэргэжилтнүүд дүгнэж байгаа төдийгүй олон улсын экспертүүдийн зүгээс энэхүү хуулийн төсөлд хийж байгаа дүн шинжилгээнд ч энэ тухай дурьдагдаж байгаад анхаарлаа хандуулахыг хүсч байна.

Хэвлэл мэдээллийн эрх зүйн орчинг шинэчлэн сайжруулах чиглэлээр авч хэрэгжүүлэх арга хэмжээ, хууль боловсруулах, хэлэлцүүлэх үйл явцад хэвлэл мэдээллийн мэргэжилтнүүд, мэргэжлийн төрийн бус байгууллагууд, эзэд удирдлага, сэтгүүлчид, төдийгүй олон нийтийн санал, бодлыг нь сонсож, өргөн хэлэлцүүлэг өрнүүлэн хамтран ажиллахыг ЭРХЭМ ТӨРИЙН ТҮШЭЭДЭД УРИАЛЖ БАЙНА.

Монголын олон сэтгүүлч, хэвлэл мэдээллийн удирдлагын хүсэл зориг, эрмэлзэл бол иргэдэд өөрийн чөлөөт үзэл бодлоо бий болгоход нь туслах итгэл үнэмшилтэй, үзэл сурталгүй бөгөөд эх сурвалжид тулгуурласан үйлчилгээг үзүүлэх явдал бөгөөд бид ЧӨЛӨӨТ, ОЛОН ТАЛТ, ХАРААТ БУС, ХАРИУЦЛАГАТАЙ ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ байсан цагт л энэхүү үйлчилгээг үзүүлж чадах юм. Ийм байхын тулд эрх зүйн орчингоо сайжруулах, өөрийн зохицуулалтаа төлөвшүүлэх, хүний эрхийг дээдэлсэн, ардчилсан хэвлэл мэдээллийн соёлыг нийгэмд түгээн дэлгэрүүлэх бидний үйлсэд нэгдэн олон талт хамтын үйл ажиллагаа явуулж, үзэл бодлоо уралдуулж, идэвхитэй хамтран ажиллахыг нийт ИРГЭДДЭЭ УРИАЛЖ БАЙНА.

МОНГОЛЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЗӨВЛӨЛ

2017 оны 5 дугаар сарын 03 Улаанбаатар хот

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Нэр:
Сэтгэгдэл:
СЭТГЭГДЭЛ (0)

Сэтгэгдэл байхгүй байна