“Орон нутгийн сэтгүүлчдийн сүлжээ” төслийг үргэлжлүүлэх хүлээлт ба даалгавар

Сэтгүүлчдийн өөрсдийгөө хөгжүүлэх урам зоригийг харах сайхан байна... Энэ үгийг Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн (GIZ) Эрдэс баялаг түүхий эдийн иж бүрэн санаачлага (ЭТИС) хөтөлбөрийн захирал Ш.Ханселманн “Орон нутгийн сэтгүүлчдийн сүлжээ” төслийн хаалтын семинарын гэрийн даалгавраа амжилттай гүйцэтгэсэн Шилдэг бүтээлийн эздийг зарлах торгон мөчид хэлсэн юм.   

The Mongolian Mining Journal сэтгүүл, түүний дэргэдэх “Хөгжлийн төлөө сэтгүүл зүй” ТББ-аас ЭТИС хөтөлбөрийн дэмжлэгтэйгээр хоёр дахь жилдээ амжилттай зохион байгуулсан энэхүү төслийн хаалтын нэгдсэн семинар арваннэгдүгээр сарын 14-15-нд Улаанбаатар хотноо боллоо. Өмнөх өдрүүдэд нь хот, хөдөөгүй цасаар шуурч, цаг агаар огцом хүйтэрсэн  ч  орон нутгийн сэтгүүлчид хүндрэл бэрхшээлийг үл ажран зорьсон газартаа, товлосон цагтаа цугларсан юм.

Монголын уул уурхайн салбар хүндхэн байдалтай байна. Гэхдээ хүнд байлаа гээд энэ салбарын хөгжлийг зөнд нь орхиж болохгүй. Өнгөрсөн хугацаанд гарсан алдаа дутагдлыг судлан таньж, засч залруулах нь төр, хувийн хэвшил гэлтгүй хийх учиртай ажил.

Өнгөрсөн хугацаанд төслийн хүрээнд өөр өөрийн онцлог, үе шаттай зургаан удаагийн цуврал сургалтыг 15 аймгийн 70 орчим сэтгүүлчийг хамруулан зохион байгуулжээ. Эдгээр  сургалтад идэвхтэй оролцсон 35 сэтгүүлч төгсгөлийн сургалт семинарт хамрагдсан юм.


Орон нутгийн сэтгүүлчид гэж хэн бэ?” Хэдийгээр алслагдмал хөдөө, орон нутагт ажилладгаар нь ингэж нэрлэж байгаа ч төвийн сэтгүүлчдээс ялгаагүй мэдээллийн орон зайд амьдарч, олон нийтийг мэдээ мэдээллээр хангадаг зарчим нь адил.
Орон нутгийн сэтгүүлчдийн  уул уурхай, эдийн засгийн мэдлэг чадварыг дээшлүүлж, энэ чиглэлээр мэдээ, мэдээлэл, нийтлэл, нэвтрүүлэг бэлтгэх сэдэл төрүүлэх, үйл ажиллагааг нь идэвхжүүлэх зорилгоор төслийг эхлүүлсэн билээ. Эрдэс баялгийн салбарын талаарх сэтгүүлчдийн боловсрол, хандлага, мэдлэг, ёс зүйг төлөвшүүлснээр нийгэмд зөв ойлголт, хандлага төлөвшиж чадна. Тиймээс сэтгүүлчдийг чадавхжуулах сургалтын хөтөлбөрөө уул уурхайн салбарын мэдлэг ойлголтоор хязгаарлалгүйгээр сэтгүүл зүйн салбарын хөгжлийн чиг хандлага, өөрчлөлтийн талаарх мэдээллийг ч хүргэхийг эрмэлздэг.  

2016 оны гурван үе шаттай сургалтын эхнийхэд уул уурхай, байгаль орчны чиглэлээр олон жилийн туршлагатай Германы сэтгүүлч, доктор Дирк Асэндорпф байгаль орчны сэтгүүл зүй (болон интернэт хайлтын системийн) талаар ойлголтыг гүнзгийрүүлэх сургалт явуулсан бол хоёр дахь удаагийн сургалтад үндэсний мэргэжилтнүүд оролцож, сэтгүүл зүйн салбар, хөгжлийн чиг хандлагад илүү төвлөрч сургалт явуулсан билээ.

Төгсгөлийн семинарт ХБНГУ-ын Мюнхен мужийн харьяат, сэтгүүлч Бернд Освальд цахим сэтгүүл зүйн чиг хандлага, түүний зөв зохистой хэрэглээний талаарх туршлагаа хуваалцсан юм. 

“Бернд Освальд багшийн хувьд цахим сэтгүүл зүйгээр мэргэшиж, энэ чиглэлээр олон удаагийн сургалт зохион байгуулсан туршлагатай нэгэн. Сүүлийн үед олон нийт нийгмийн сүлжээг идэвхтэй ашиглаж, мэдээ мэдээлэл түгээж байна. Тэднийг мэргэжлийн сэтгүүл зүйгээс ялгаж салгаж ойлгоход Бернд Освальд багшийн хичээл туслах байх” хэмээн ЭТИС хөтөлбөрийн Дэд захирал О.Батболд сургалтыг нээж хэлсэн үгэндээ онцолсон.

Сэтгүүл зүйн сургагч багш Бернд Освальд нь 2001-2009 онд www.sueddeutsche.de мэдээллийн сайтад улс төрийн нийтлэлийн эрхлэгч, мэдээний хэлтсийн даргаар ажиллаж байжээ.

Энэ удаагийн сургалтаар тэрээр “Интернэтийн сүлжээний хайлтын үр дүнг сайжруулах нь”, “Timeline, инфографик хийх аргачлал”, “Нийгмийн сүлжээг сэтгүүл зүйд ашиглах нь” гэсэн сэдвүүдээр хичээл заасан юм.  “Юуны өмнө, сэтгүүлчид цахим ертөнцөд хэрхэн эрэл хайгуул хийх талаар суралцах  болно. Google болон хайлтын бусад системийг илүү дэвшилттэй аргаар ашиглаж, нийгмийн хэвлэл мэдээллийн хэрэгслээс мэдээллийг яаж авах, баримтыг шалган баталгаажуулахад юуг анхаарах ёстой талаар тодорхой ойлголт  өгөхийг хичээлээ” хэмээн сургагч багш хичээлээ эхлүүлэв.

Түүний хичээлтэй уялдуулан The Mongolian Mining Journal-ын сэтгүүлч Э.Оджаргал  интернэт болон хайлтын системүүдийг сэтгүүлчийн хувиар хэрхэн ашигладаг өөрийн  туршлагаа хуваалцсан.

Орон нутгийн сэтгүүлчдийн хувьд нийслэл хотод байгаа эх сурвалжуудаас бодит мэдээлэл авах боломж хомс. Тиймээс хаалтын семинарын үеэр тэднийг уул уурхайн салбарын гол төлөөллүүдтэй холбож, ярилцлага, мэдээлэл авах бололцоог MMJ сэтгүүлийн зүгээс олгохыг хичээдэг. Энэ удаад Ашигт малтмал, газрын тосны газрын дарга Б.Баатарцогт, Кадастрын хэлтсийн дарга Д.Мөнхтамир, Геологи хайгуулын хэлтсийн дарга Д.Алтанхуяг нар мэдээлэл хийж, сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулсан юм. 

Мөн сургалтын хүрээнд уул уурхайн салбарын туршлагатай мэргэжилтнүүдийг урьж, чөлөөт ярилц­лага өрнүүлдэг уламжлалтай. Энэ удаад Монголын уул уурхайн салбарын хууль эрх зүйн шинэчлэл, хөрөнгө оруулалтын орчны чиглэлээр олон жил ажилласан туршлагатай МУУҮА-ийн ерөнхийлөгч Н.Алгаа,  “Эрдэнэт” үйлдвэрийн 30 гаруй жилийн бүтээн байгуулалтад оролцсон туршлагатай мэргэжилтэн, Ш.Отгонбилэгийн нэрэмжит Технологийн сургуулийн Хөгжлийн асуудал эрхэлсэн Орлогч захирал, профессор С.Давааням нарыг урьсан юм.

“Хэвлэл мэдээллийн салбарын 80-90%   нь нийг­мийн чиглэлийн, үлдсэн нь бизнесийн үйл ажиллагаа явуулдаг бол уул уурхайн 80-90% нь бизнесийн, харин үлдсэн нь нийгмийн чиглэлийнх байдаг. Уул уурхайн компаниуд эхлээд ашгаа олохгүй бол нийгмийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж чадахгүй. Тэгвэл хэвлэл мэдээлэл нийгмийн чиглэлийн үүргээ илүү сайн гүйцэтгэж чадвал олон уншигчтай болж, тэр хэрээрээ ашгаа хүртдэг. Мэргэшихийн цаад талд мэдлэг байх ёстой. Мэдээллийн урсгалыг шүүгээд, дүн шинжилгээ хийснээр мэдлэг бий болдог” хэмээн МУУҮА-ийн ерөнхийлөгч Н.Алгаа хэлсэн юм.

Профессор С.Давааням уул уурхайн салбарын талаарх болохгүй бүтэхгүй бүхнийг түүж бичихийн зэрэгцээ болж бүтэж байгааг олж харж бичээсэй хэмээн хүсдэгээ хэлсэн. Тэрээр хүн төвтэй тогтвортой хөгжлийн бодлого, эдийн засгийн бодлого, мэдээлэл бүхий иргэд ба олон нийтийн ойлголт хяналт зэрэг цогц ойлголтын талаар сэтгүүлчдэд тодорхой мэдээлэл өгсөн. 

Сургалтын дараагийн хэсэгт  МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхмийн дэд профессор, доктор Б.Наранбаатар “Мэдээллийн тренд VS үзэл бодлын сэтгүүл зүй” сэдвээр илтгэлээ. Орчин  үеийн сэтгүүл зүйн шинэ үзэгдлийг тэрээр баялаг жишээ баримтаар тайлбарлаж, олон нийтийн мэдээллийн эмх замбараагүй орчинд иргэд төөрөх, өөрөө мэдээлэл бүтээгч байхыг эрмэлзэх, ашиггүй, ач холбогдолгүй мэдээллийг залгигч болон хувирч байгааг  онцлон ярилаа.

Сэтгүүлчид ажил үүргээ гүйцэтгэж явахдаа таамаглаагүй эрсдэлд орох тохиолдол их бий. Ийм эрсдэлээс хэрхэн сэргийлэх талаар “Глоб интернэшнл төв” ТББ-ын хуульч Д.Мөнхбүрэнгийн өгсөн зөвлөгөө үр өгөөжтэй байлаа.

“Шүүмжлэлтэй, хурц нийтлэл хэвлэгдэхэд ашиг сонирхол нь хөндөгдсөн тодорхой хүмүүс, байгууллага нэхэмжлэл гаргана. Тиймээс сэтгүүлч өөрийн бичсэн нийтлэлтэй холбогдох бүх баримт, нотолгоог бүрдүүлж гаргаж тавих ёстой. Сэтгүүлч мэдээлэл цуглуулахдаа мэдээлэл өгсөн хүнээсээ ярилцлагыг диктафон, гар бичмэл болон аль ч хэлбэрээр авсан тэр хүнээрээ гарын үсэг зуруулж, баталгаажуулах хэрэгтэй” хэмээн Д.Мөнхбүрэн хуульч сэтгүүлчдэд зөвлөсөн.

Орон нутгийн сэтгүүлчдийн  уул уурхай, эдийн засгийн мэдлэгийг тэлэх, ур чадварыг нь хөгжүүлэх хөшүүрэг болохын зэрэгцээ сургалтын үр дүнгээ үнэлэхийн тулд сэтгүүлчдэд гэрийн даалгавар болгож, нийтлэл, нэвтрүүлгийн уралдаан зарладаг билээ. Бүтэн жилийн сургалтын дараа сэтгүүлчид уул уурхай, эдийн засгийн чиглэлээр нийтэлж, нэвтрүүлсэн бүтээлээ ирүүлж, түүнд Шүүгчдийн зөвлөл анализ хийн, үнэлж дүгнэдэг уламжлалтай.

Энэ удаагийн сургалтад “Боржигон” FM радиогийн сэтгүүлч Т.Болдбаатарын “Таамаглал хийгээд андуурал”, Дорноговь аймгийн “Д медиа” агентлагийн сэтгүүлч З.Энхзулын “Дорноговийн уул уурхайн татвар ба зарцуулалт”, “Алтайн мэдээ” сонины сэтгүүлч Э.Нарангэрэлийн “Замын амлалт завсарлах болсон нь хэн гуайн гавьяа вэ?”, “Өвөрхангайн мэдээ” сонины сэтгүүлч Б.Мөнгөнцэцэгийн “Бөөрөлжүүтийн энэлэн” гэсэн дөрвөн нийтлэл уралдаанд ирсэн юм. Харин нэвтрүүлгийн төрөлд Ховд аймгийн “Жаргалант” телевизийн сэтгүүлч С.Жавзандуламын “Цаанаа учиртай цагаан эрэг”,   Баянхонгор аймгийн “Хонгор” телевизийн сэтгүүлч Т.Тамжидмаа, Ч.Мягмарсүрэн нарын  “Хогийн цэгийн асуудал”, Сэлэнгэ аймгийн “Мандал” телевизийн сэтгүүлч Ц.Ундармаагийн “Хуулийг хэн хэрэгжүүлэх вэ?”, Баянхонгор телевиз”-ийн сэтгүүлч Д.Дэлгэрсайханы “Хонгорын хүдэр ХХК-тай Элчин сайд танилцав”  нэвтрүүлгүүд өрсөлдөв. 

Шүүгчдийн зөвлөлийн гишүүнээр МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхмийн дэд профессор, доктор Б.Наранбаатар, ЭТИС хөтөлбөрийн Дэд захирал О.Батболд, Сэтгүүл зүйн ухааны доктор (Ph.D) С.Энхцэцэг, The Mongolian Mining Journal сэтгүүлийн Орлогч эрхлэгч Н.Ариунтуяа, сэтгүүлч Г.Идэрхангай, С.Болд-Эрдэнэ нар ажиллаж, уралдаанд ирүүлсэн  найман  бүтээл дээр өөр өөрийн үнэлэлт дүгнэлтээ өгч, шалгаруулалтыг хийсэн юм. Шалгаруулалтыг сэтгүүл зүйн шилдэг бүтээлийн таван үндсэн шалгуураар үнэлж, онооны системээр дүгнэв. Сэтгүүлчдийн гэрийн даалгаварт ирүүлсэн бүтээлд хийсэн Шүүгчдийн үнэлгээг  MMJ-ийн сэтгүүлч Г.Идэрхангай нийтлэлийн төрлөөр, сэтгүүл зүйн ухааны доктор (Ph.D) С.Энхцэцэг  нэвтрүүлгийн төрлөөр тус тус танилцуулж, зөвлөмж өглөө.

Орон нутагт тулгамдсан асуудлуудыг сэтгүүлчид зоригтой хөндөж, баримт эх сурвалжийг сайн ашиглаж байгаа ч  нийтлэлийн бүтэц, зохиомж, хэл найруулга болон гарчгийн алдаа нийтлэг байгаа бол нэвтрүүлгийн хувьд зохиолгүй, шинэлэг санаа багатай, нэг талыг барьсан эх сурвалжуудыг түлхүү ашигласан дутагдал түгээмэл байв. Эдгээр бүтээл голдуу уул уурхайг эерэгээр харсан, орон нутагт өрнөж байгаа бүтээн байгуулалтын талаарх газар дээрээс хийсэн амьд сурвалжлага гэдгээрээ онцлог байлаа. 

Нэгдсэн сургалт уулзалт семинарын төгсгөлд нийтлэл, нэвтрүүлгийн шилдгүүдийг зарласан юм. Уралдаанд ирсэн бүтээлүүдээс онооны нэгдсэн дүнгээр хамгийн өндөр оноог “Хуулийг хэн хэрэгжүүлэх вэ” нэвтрүүлгээрээ Сэлэнгэ аймгийн “Мандал” телевизийн сэтгүүлч Ц.Ундармаа, “Замын амлалт завсарлах болсон нь хэн гуайн гавьяа вэ?” нийтлэлээрээ “Алтайн мэдээ” сонины сэтгүүлч Э.Нарангэрэл нар  авч, Австрали улсад 14 хоног суралцах эрхийн эзэд болов. ЭТИС хөтөлбөрийн захирал Ш.Ханселманн, Дэд захирал О.Батболд нар нийтлэл, нэвтрүүлгийн тэргүүн байранд шалгарсан сэтгүүлчдэд эрхийн бичгийг гардуулан өгсөн юм.

ЭТИС хөтөлбөрийн захирал Ш.Ханселманн “Орон нутгийн сэтгүүлчдийн сүлжээ”  төслийн нэгдсэн сур­гал­тыг хааж хэлсэн үгэндээ “Уралдаанд идэвхтэй орол­цож, бүтээлээ ирүүлсэн сэтгүүлчдэд талархал илэрхийлье.  Та бүхэн сургалтдаа олноороо ирж орол­цож байна. Монгол гэлтгүй, дэлхий нийтэд сэтгүүл зүйн чиг хандлага интернэтийн хурдацтай хөгжлөөс шалтгаалж өөрчлөгдөн хувирч байна. Иргэд энэ их мэдээлэл дунд төөрөх, үүнээс болж нэг талыг барьсан өрөөсгөл мэдээлэл олж авч, улмаар буруу шийдвэр гаргах зэрэг асуудал тулгардаг. Сэтгүүлч та бүхний үүрэг бол эдгээр мэдээллийг судалж, үнэлж, бодитой үнэн зөвийг нь иргэдэд хүргэх билээ. Энэ үйлстээ нэг баг болж ажиллаж байгаад баяртай байна” гэлээ.

Сэтгүүлчид “Орон нутгийн сэтгүүлчдийн сүлжээ” төслийн сургалт жилээс жилд шат ахин урагшилж буйд сэтгэл дүүрэн байгаагаа илэрхийлж, цаашид үргэлжлүүлэх, үйл ажиллагааг тогтмолжуулах хүсэлтээ уламжлахын зэрэгцээ өөрсдөө ч улам идэвх санаачилгатай оролцохоо илэрхийлсэн билээ. Орон нутгийн иргэдэд уул уурхайн талаар танин мэдэхүйн  зөв ойлголт өгөх, бодит мэдээллээр хангахын тулд төсөл үргэлжлэх хэрэгцээ шаардлага зайлшгүй байгааг сэтгүүлчид төдийгүй зохион байгуулагчид, дэмждэг байгууллагын хувьд аль аль нь гүнзгий ойлгож байгаа. Тиймээс илүү өргөн хүрээнд, үр дүнтэй явуулах үүрэг даалгаврыг хүлээж үлдлээ.


Г.Идэрхангай  
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Нэр:
Сэтгэгдэл:
СЭТГЭГДЭЛ (0)

Сэтгэгдэл байхгүй байна