Сэтгүүл зүйг шинээр харах нь

Эртний буурал түүхийн их өвийг хадгалсан Орхоны хөндийн уудам бэлчир энэ жил зуншлага сайхан, намрын сэрүү орж буй ч номин ногооноороо байгаа нь хэн хүний сэтгэлд таатай.

Хархорин сумын төвөөс таван километрийн зайд, Орхон голыг хаяалан байрших жуулчны кэмпүүд хол, ойрын зочдын хөлд дарагджээ. Тэдний нэг “Хаан тайж” жуулчны баазад орон нутгийн сэтгүүлчид буудалласан юм. “Хөгжлийн төлөө сэтгүүл зүй” ТББ-ээс хоёр дахь жилдээ зохион байгуулж буй “Орон нутгийн сэтгүүлчдийн сүлжээ” төслийн ээлжит сургалтад хамрагдахаар алс холоос зорин ирцгээсэн хэвлэлийн багууд ээлж дараалан буусан нь энэ юм.  

Эртний түүхт Хархорум, эдүгээгийн Өвөрхангай аймгийн Хархорин сум бол Их Монголын хаант төрийн сүр хүч, хөгжил цэцэглэлтийн гайхамшигт өв соёлыг хадгалан үлдсэн гал голомт билээ. Тиймдээ ч  аянчин гийчид эндхийн байгалийн гоо үзэмж, Орхоны хөндийн түүх дурсгал, Бурханы шашны анхны цогцолбор Эрдэнэзууг үзэж нүдээ хужирлахаар зорин ирдэг. Аялагчдын их цувааг даллан дуудсан Хархорин нөгөө талаасаа урлаг соёл, албан хурал зөвлөгөөн зэрэг томоохон арга хэмжээнүүдийг  зохион байгуулдаг  гол төв болж эхэлж байна.

Хойд, Өмнөд, Баруун бүсийн сэтгүүлчид энэ оны тавдугаар сард Германы туршлагатай сэтгүүлч Асэндорпфийн сургалтад хамрагдаж, байгаль орчны сэтгүүл зүйн талаар багагүй  ойлголттой болоод буцсан бол энэ удаад Монголын сэтгүүл зүйн салбар, хөгжлийн чиг хандлагын талаар “номын дуу” сонсохоор ирсэн юм.

Наймдугаар сарын 14-ны өглөө. Японы Засгийн газрын буцалтгүй тусламжаар, олон улсын музейн өндөр стандарт, шийдэлтэй баригдсан Хархорум  музейн  хурлын танхимд орон нутгийн сэтгүүлчид ээлжит семинар эхлэв.

“Энэ төсөл богино хэмжээнийх биш. Олон жил үргэлжлэх энэхүү төслийн гол хүмүүс нь та бүхэн юм шүү. Тиймээс орон нутгийн сэтгүүлчдээс олон сайхан санал санаачилга гарна гэдэгт итгэдэг” хэмээн GIZ-ийн ЭТИС хөтөлбөрийн дэд захирал О.Батболд сургалт-семинарын  нээлтийн үгэндээ тодотголоо.

Төслөөс хэрэгжүүлж байгаа сургалт бүр өөрийн онцлогтой, шинэ санаа сэдвээр баяжигдсан, өмнөх сургалтуудынхаа үр дүнд суурилсан байдгаараа орон нутгийн сэтгүүлчдийн анхаарлыг татдаг. Энэ удаагийн сургалт дан сэтгүүлзүйн сэдвүүдээр дагнасан нь онцлог байв.

Н.Батжаргал багш “Сэтгүүл зүйг шинээр харах нь” сэдэвт илтгэлээрээ сэтгүүлчдийн семинарын эхний өдрийн “салхийг хагалсан”  юм. Тэрээр Германы Эрэн сурвалжлах сэтгүүл зүйн суурь сурах бичиг болох “Мэдээллийг нягтлахуй” номын редактор. Германы сэтгүүл зүйд нэн алдартай энэхүү номыг стандарт гэж хүлээн зөвшөөрдөг бөгөөд 30 гаруй  жилийн турш эрэлт нь буурахгүй дахин дахин хэвлэгдсээр байна. Практик сэтгүүл зүйн гарын авлага болсон энэ номоос Монголын сэтгүүлчид суралцах боломжийг орчуулагч, редакторууд нээсэн юм. Н.Батжаргал багш сэтгүүл зүйг шинээр харах, ялангуяа сэтгүүл зүйн шинэ хандлагын талаарх ажиглалт, дүн шинжилгээгээ хуваалцаж, практик зөвлөмж өгсөн нь ихээхэн сонирхолтой  байлаа.

“Орон нутгийн сэтгүүлчдийн сүлжээ”-г сэтгүүлчдийн мэргэжлийн эрх ашгаараа нэгдэх төсөл гэж би ойлгож байна. Мэргэжлийн эрх ашиг гэдэг бол ёс зүй дээр нийгмийн харилцааг удирдах явдал юм” гэж Н.Батжаргал багш  онцоллоо.

Тэрээр “Сошиал медиа ба сэтгүүл зүй”, “Орон нутгийн редакцийг чадавхижуулах нь” сэдвээр илтгэлээ үргэлжлүүлж, сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулсан юм.

“Хувьсгал хийхгүйгээр нийгмийн амьдралд өөрчлөлт авчирдаг салбар бол сэтгүүл зүй. Сэтгүүлчид үгээ хэлдэг, бичдэг, үзүүлдэг болохоос биш гудамжинд гарч хашгирч жагсдаггүй.  Тиймээс сэтгүүл зүйн салбараа арчлах, тордох үүрэг сэтгүүлчдэд ногдож байна” хэмээн тэрээр ярилаа.

Эдүгээ интернэтийн хэрэглээ сэтгүүл зүйг шинээр харах гадаад нөхцөл болж байгаа бөгөөд нийгмийн олон салбарыг үндэсээр нь өөрчилж буйг анзаарах цаг болжээ. 1994 онд дэлхийд 4 сая хүн интернэт хэрэглэж байсан бол энэ тоо 2015 оны 11 дүгээр сард гурван тэрбумд хүрчээ. Монголд интернэтийн мэдээллийг судалж нягталдаг судалгааны байгууллага хөгжөөгүйгээс гадна  дэлхийн интернэтийн баялаг сангийн 70 орчим хувь нь монголчуудад хаалттай байгааг Н.Батжаргал багш тодотгосон.

Мэргэжлийн сэтгүүл зүй иргэний, онлайн, сошиал медиад байр сууриа алдаж буйг тэрээр мөн онцлоод сэтгүүл зүй судлалыг хөгжүүлэх шаардлага Монголд тулгарч байгааг сануулсан юм. Интернэтийн орон зай хөдөө, хотгүй тэлж байгаа энэ үед цагаа олсон хичээл боллоо хэмээн оролцогчид үнэлж байсан.

Сэтгүүл зүйн ухааны доктор /Ph.D/ С.Энхцэцэгийн “Телевизийн сэтгүүл зүй” сэдэвт илтгэл ч орон нутгийн сэтгүүлчдийн анхаарлыг татаж байлаа. Телевизийн сэтгүүлчийн зайлшгүй эзэмших ёстой ур чадваруудыг тэрээр тодорхой жишээн дээр тайлбарлаж,  онол-практикийг хослуулсан мэдээллүүд нь үр өгөөжтэй байв.

Ялангуяа телевизийн контентуудад технологийн хөгжил шинэ боломжууд нээж байгаа байгаа бөгөөд чанартай контент бэлддэг продакшнуудаа хэрхэн дэмжих, санхүүгийн болон редакцийн  хараат бус байдлаа хадгалах зэрэг өргөн хүрээнд авч үзсэн юм.

Сургалтад хамрагдаж байгаа орон нутгийн сэтгүүлчдийн цөөнгүй нь телевиз, радио удирдаж яваа залуухан  сэтгүүлчид. Энэ утгаараа С.Энхцэцэг багшийн хичээл тэдэнд хүсэн хүлээсэн мэдээллүүдийг өгч чадсаныг сургалтын үеэр илэрхийлж байсан.

Тэрээр “Сэтгүүл зүй ба олон нийтийн харилцаа” илтгэлдээ “Олон нийтийн харилцааны үндсэн зарчим нь байгууллага зөвхөн хаашаа явж буй, юунд хүрэх гэж байгаа тухай биш. Харин тавьсан зорилгодоо яаж хүрсэн, ямар зарчим баримталсанд оршино” гээд PR, хэвлэл мэдээллийн хоёрын ялгаа заагийн талаар ч дурьдлаа.

PR гэж юу вэ, олон нийтийн харилцааны онолууд, олон нийтийн харилцаа амжилттай хийх аргачлал, үндсэн зарчмуудыг тайлбарлаж, Америкийн олон нийтийн харилцааны шилдэг жишээ,  Монголын улстөрийн PR-ын сонирхолтой жишээн дээр тулгуурлан ярьсан нь анхаарал татаж байлаа. Семинарын хоёр дахь хэсэг үндсэндээ телевизийн салбарын асуудлуудыг хөндсөн гэж хэлж болно.

“The Mongolian Mining Journal” сэтгүүлийн дэргэдэх “Хөгжил” студийн найруулагч Х.Ганбаатар “Телевизийн ажлын практик зөвлөгөө” сэдвээр илтгэлээ.

Монголын сэтгүүл зүйд төрөлжсөн радио үүсэн бий болж байх үед “Гэр бүл”-ийн радио 104-ийг байгуулалцсан тэрээр хожим “Ийгл” ТВ-д найруулагчаар ажиллаж байсан туршлагатай нэгэн.

“Хэвлэл мэдээллийн байгууллага бол багаар ажиллах зарчимтай. Миний ажигласнаар орон нутгийн хэвлэл мэдээллийнхэн редакцийн төлөвлөлтөө муу хийж байна. Жилээр биш, долоо хоногоор ажлаа төлөвлөөд байгаа нь тааруухан уран бүтээл гарах нөхцөл болдог” хэмээн Х.Ганбаатар яриад видео камераар зураг авалт хийхэд анхаарах зүйлс, зөвлөгөөг практик түвшинд дэлгэрэнгүй өглөө.

Энэхүү сургалт-семинарын үеэр 2016 оны 7 дугаар сарын 9-нд The Diplomat сэтгүүлд нийтлэгдсэн “Эрдэнэт уурхайн нууц наймаа” хэмээх нийтлэлд сэтгүүлчид задлан шинжилгээ хийж, үзэл бодлоо хуваалцсан юм. The Mongolian Mining Journal-ийн сэтгүүлч С.Болд-Эрдэнийн хөтлөн явуулсан семинарын энэхүү хэсэг орон нутгийн сэтгүүлчдийн идэвх, оролцоонд  тулгуурласан юм.

Ийнхүү хоёр өдөр амжилттай  үргэлжилсэн “Орон нутгийн сэтгүүлчдийн сүлжээ” төслийн сургалтын үйл ажиллагааг хааж Германы хамтын ажиллагааны нийгэмлэгийн ЭТИС хөтөлбөрийн захирал Др.Штефан Ханселманн, дэд захирал О.Батболд, Хөгжлийн төлөө сэтгүүл зүй” ТББ-ын Орлогч эрхлэгч Н.Ариунтуяа нар үг хэллээ.

“Mongolian Mining Journal-д нэг онцлог байгаа нь улс орныхоо хөгжилд анхаарал хандуулж байгаа явдал. Үүнийгээ “Хөгжлийн төлөө сэтгүүл зүй” ТББ-аар дамжуулан харуулж буйд талархал илэрхийлье.

Эргэн тойронд  хөгжлийн маш их өөрчлөлт явагдаж байна. Сэтгүүлч та бүхэн энэ хөгжилд чухал үүрэгтэй юм шүү. Монголын өнөөдрийн нөхцөл байдлыг авч үзвэл, санаанд байгаа төслүүдийг шууд хэрэгжүүлчих эдийн засгийн хүч бололцоо дутмаг байна. Гэхдээ сэтгүүлч та бүхэнд хөгжлийг авчирч чадах хүч, эрх мэдэл байгаа” хэмээн Др. Штефан Ханселманн  ярилаа.

Орон нутгийн сэтгүүлчид сургалтын төгсгөлд “Энэ удаагийн сургалт сэтгүүл зүйн сэдвүүдээр дагнасан нь онцлог байлаа, дараагийн сургалтад онолын  бус илүү практик дадлагын хичээлүүд орвол сонирхолтой хэмээн өөрсдийн үнэлэлт дүгнэлтээ өгч байлаа.

Орон нутгийн сэтгүүлчдийн хувьд мэргэжлийн сургалтад хамрагдахаас гадна өөр өөрсдийн сонин хэвлэл, телевиз радиодоо  нийтлэл, сурвалжлага бэлтгэх үүрэгтэй. Тиймдээ ч тэд сургалтын дараах чөлөөт цагаараа эртний түүхт Эрдэнэзуу хийд, Хархорум музей болон Орхоны хөндийн түүх дурсгалуудтай танилцсан юм.

Түүнчлэн “Орон нутгийн сэтгүүлчдийн сүлжээ”-г эхнээс нь дэмжин оролцсон  Германы хамтын ажиллагааны нийгэмлэгийн ЭТИС хөтөлбөрөөс  наймдугаар сарын 13-15-ны өдрүүдэд  “Орон нутгийн цогц хөгжил-4 талын түншлэл” төслийн явцын үр дүнг хэлэлцэх, туршлага солилцох уулзалт хэлэлцүүлгийг “Хаан тайж” жуулчны баазад зохион байгуулсан. Уг уулзалт хэлэлцүүлгийг орон нутгийн сэтгүүлчид сурвалжилж,  өөрсдийн хэвлэл мэдээллийн хэрэгслээрээ олон нийтэд хүргэсэн юм.

“Орон нутгийн сэтгүүлчдийн сүлжээ” төслийн гуравдахь шатны сургалт буюу 2016 оны төслийн үйл ажиллагааны сүүлийн нэгдсэн уулзалт-сургалт ирэх аравдугаар сард Улаанбаатар хотноо зохион байгуулагдана.

Нэгдсэн уулзалтын үеэр Хойд, Өмнөд, Баруун бүсийн сэтгүүлчдийн дунд зарласан сэтгүүл зүйн “Шилдэг бүтээл”-ийн дүнг зарлаж, шилдэг сэтгүүлчийг тодруулах юм.


Г.Идэрхангай /The Mongolian Mining Journal/

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Нэр:
Сэтгэгдэл:
СЭТГЭГДЭЛ (0)

Сэтгэгдэл байхгүй байна

  •   (203.91.115.44)
    2016-09-14 01:43
    энэ их сайхан сургалт болдог юм шигээ Гэтэл зарим аймгаас сэтгүл зүйн бүтээл гаргадаггүй сэтгүүл зүйг орон нутагт зөвхөн мөнгө болгох хэрэгсэл болгон ашигладаг хмүсийг суулгасан байх юм аа гайхаад байх юмТэгээд төслийн р дүн гарах уу ийм хүмүүсээс илүү олон хүн хамруулахгүй яав даа Амжилт хүсье