ОРОН НУТГИЙН СЭТГҮҮЛЧДИЙН СУРГАЛТАД ОЛЗУУРХАХЫН УЧИР

“Өнөөгийн Баянхонгор” сонины Эрхлэгч П.Санаадагва
                       
“Орон нутгийн сэтгүүлчдийн сүлжээ” төслийн хүрээнд зохион байгуулагддаг ээлжит сургалтад оролцох сэтгүүлчид Баянхонгор, Өвөрхангай, Увс, Сэлэнгэ аймгийн “Орон нутгийн цогц хөгжил- 4 талын түншлэл” чуулганд Баянхонгор аймгаас оролцогчдын хамтаар зорьсон юм.

Аймгийн ЗДТГ-ын Төрийн захиргаа удирдлагын хэлтсийн дарга С.Баярмагнайгаар ахлуулсан 20 гаруй хүн, зургаан сэтгүүлч дээрх чуулган болон орон нутгийн сэтгүүлчдийн сургалтад оролцсон юм. Дээрх дөрвөн аймгийн чуулга уулзалт Хархорин сумын “Хаан тайж” жуулчны баазад болсон бол орон нутгийн сэтгүүлчдийн сургалт Хархорин сумын орон нутгийг судлах музейд боллоо. Эртний Хархорум хот-эдүгээгийн Хархорин сум бол Монголын өв соёлын түүхэн газар гэдгээрээ ихээхэн онцлог нутаг.

Энэ суманд Орхоны хөндийг түшин байрлах олон арван жуулчны баазаас гадна Монголын бурхны шашны нэгээхэн том төв болох Эрдэнэзуу хийд, Хархорины гэж олноо танигдсан дээхэн үеийн гурилын үйлдвэр зэрэг нэр мэдэх газрууд эртний танил мэт угтлаа.

Орхоны хөндийд бараа бараагаа харан айлсах олон жуулчны баазуудаас хамгийн тансаг, хамгийн өндөр зэрэглэлийнх нь Сумогийн их аварга Д.Дагвадоржийнх юм байна. Үүний дараа орох “Хаан тайж” хэмээх жуулчны баазад бид наймдугаар сарын 13-ны үдээс хойш аяны дөрөө мултлан, гурван өдөр саатаж, зорин ирсэн чуулга уулзалт, сургалтуудад чиглэл чиглэлээр хамрагдсан юм.

Хархорин төдийгүй Монголын дөрвөн зүг найман зовхист тос даасан намрын шаргал өдрүүд айлчилж, үе үехэн намрын цагаан бороо шаагин, солонгын өнгөөрөө гайхуулна. Нар ээсэн өдөр хоногууд үргэлжлэх хэдий ч өглөө оройдоо хангай нутгийг мэдрүүлэх гэсэн мэт жиндүүхэн байв. Очсоны /наймдугаар сарын 13/ орой аймгуудын дунд спортын болон хөгжөөнт тэмцээнд зохиогдож, үдшийн бүрий тасартал өрсөлдлөө.

Сэтгүүлчдийн зуны сургалтад 10 гаруй аймгаас нийтдээ 40 гаруй сэтгүүлч хамрагдлаа. “Орон нутгийн сэтгүүлчдийн сүлжээ” төслийн ээлжит сургалт наймдугаар сарын 14-ний өглөө Хархорин сумын музейн хурлын танхимд эхэлсэн юм. Сургалтын нээлтэд Германы Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн (GIZ) Эрдэс баялаг, түүхий эдийн иж бүрэн санаачилга (ЭТИС) хөтөлбөрийн Дэд захирал О.Батболд, “Хөгжлийн төлөө сэтгүүл зүй” ТББ, The Mongolian Mining Journal сэтгүүлийн орлогч эрхлэгч Н.Ариунтуяа болон сургагч багш нар оролцсоноороо онцлог болов.

Энэ удаагийн сургалтыг “Мэдээллийг нягтлахуй” сэтгүүл зүйн номын редактор Н.Батжаргал “Сэтгүүл зүйг шинээр харах нь” сэдвээр хагалж, сонирхолтой баримтуудад тулгуурлан явуулсан нь сэтгүүлчдийн сонирхлыг татсан, үр дүнтэй, өгөөж арвинтай болсон юм. Түүнчлэн Н.Батжаргал багш орон нутгийн сэтгүүлчдийн хүсэн хүлээсэн “Сошиал медиа ба сэтгүүл зүй, орон нутгийн редакцийг чадавхжуулах нь” сэдвээр сургалтаа үргэлжлүүлснээр энэ өдрийн үдээс өмнөх сургалт өндөрлөсөн юм. Сэдвийн дагуух чөлөөт ярилцлагыг The Mongolian Mining Journal сэтгүүлийн сэтгүүлч С.Болд-Эрдэнэ чиглүүлж, асуулт хариултаар сургалтын агуулгыг улам бататгаж өгсөн билээ. 

Энэ удаагийн сургалт эртний нийслэл Хархорин суманд болсноороо онцлог байсан. Бид сумын төвд байрлах “Кинг” нэртэй ресторанд үдийн цайнд оров. Суманд аймгийн төвийнхөөс дутахааргүй чанартай хоол цай, хөнгөн шуурхай үйлчилгээтэй ресторан үйл ажиллагаа явуулж байсан нь орон нутгийн сэтгүүлчдэд олзуурхах сэтгэл төрүүлснийг тодосгон тэмдэглэхэд хүргэсэн юм.

Энэ өдрийн үдээс хойших сургалтын хөтөлбөр сэтгүүл зүйн ухааны доктор С.Энхцэцэг багшийн  “Телевизийн сэтгүүл зүй” сэдвээр үргэлжилсэн юм.

Мөн өдрийн үдээс хойш The Mongolian Mining Journal сэтгүүлийн дэргэдэх “Хөгжил” студийн телевизийн найруулагч Х.Ганбаатар “Телевизийн ажлын практик зөвлөмж” сэдвээр хөдөөгийн сэтгүүлчдийн тархийг цэнэглэсэн нь ёстой л “Загатнасан газар маажив” гэгч болж, онол практикийн хосолмол загвар гэхээр амьдралд ойрхон сургалт явууллаа. Дээрх сэдвүүдийн дагуух сэтгүүлчдэд тохиолддог кэйсүүд, чөлөөт ярилцлагыг The Mongolian Mining Journal-ын Э.Оджаргал сэтгүүлч ойлгомжтой сайхан чиглүүлснийг онцлон дурдъя.

Хаа байсан баруун, зүүн хязгаарын хөдөө хөхөрч, гадаа гандаж явдаг сэтгүүлчдийг цуглуулж, мэргэжил мэдлэгийг нь өнөөгийн шаардлагын түвшинд хүргэхийн төлөө хоёргүй сэтгэл өвөрлөн зүтгэж, “Орон нутгийн сэтгүүлчдийн сүлжээ” төслийг хэрэгжүүлж буй “Хөгжлийн төлөө сэтгүүл зүй” ТББ, The Mongolian Mining Journal сэтгүүлийн чадварлаг хамт олонд орон нутгийн сэтгүүлчид бид олзуурхан талархаж явах учиртай юм.

Энэ удаагийн сургалтаас олзуурхах бас нэг зүйл нь эрт эдүгээгийн домог түүх өгүүлсэн Эрдэнэзуугийн хийдтэй танилцсан явдал байлаа. Алдарт Эрдэнэзуутай танилцах хугацаа 17 цагт байсан нь энэ удаагийн сургалтын цагийн хуваарийн алдаа болжээ. Яагаад гэвэл, шашин номын хурал цэглэсэн учраас тэр. Хол ойроос ирсэн сэтгүүлчид дуучин лам хэмээн олноо танигдсан Баасансүрэн ламаас өгсүүлээд цуутай хийдийн олон сайхан лам хуврагаас сонин сайхан зүйл мэдэж сонсож авах боломжийг алдсан байж мэдэх... Гэхдээ яах вэ? Энэ сайхан энерги шингэсэн газар орны талаарх онцлог мэдээллийг олж авах боломжийг олгосон төслийн багийнханд олзуурхахгүй байх учиргүй. 

Одоогоос 430-аад жилийн өмнөх түүхийг өгүүлэх Эрдэнэзуугийн хийдийн хүндтэй босгоор алхаж их түүхийн хүрдийг эргүүлэх сайхан боломж тохиосонд хүн бүхний царайд зөв энергийн од харвасан байхыг олж харснаа эхлэн өгүүлэхүй дор Эрдэнэзуугийн хийдийн тайлбарлагчаас сонссон бүхнээ энэхүү нийтлэлд тодосгон тэмдэглэе.

Монгол оронд бурхны шашин гурвантаа дэлгэрсний хожуу үеийн дэлгэрэлтийн халх, зүүн Монголын анхны хийд нь Эрдэнэзуу бүлгээ. Урьд нь 1585 онд эхлээд байсан сүмийн гол нурууг /Одоогийн гол зуу сүм/ гал нохой жилийн зуны дунд сарын 15 буюу нийтийн тооллын 1586 онд тавьснаар Эрдэнэзуу хийд байгуулагдах үндэс суурь тавигдсан гэжээ. Тус хийдийг байгуулагч нь эзэн Чингис хааны Алтан ургийн Халхын Анхдугаар богд, Өндөр гэгээн Занабазарын элэнц эцэг, Түшээт хаадын өвөг Автай сайн хан болохыг тайлбарлагч тодосгов.

1870-аад оны байдлаар Эрдэнэзуу хийд 62 сүм дуган, 500 гаруй барилга байгууламж 1500 орчим ламтай болоод байжээ. 1930-аад оны улс төрийн их хэлмэгдүүлэлт Эрдэнэзууг тойрсонгүй дайрч өнгөрчээ. Тайлбарлагчийн ярьснаар Монголын бурхан шашны ховор нандин үнэт зүйлс энэхүү музейд хадгалагдан байдаг нь Монголын их олзуурхал болой...

Эрдэнэзууг БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 1965 оны зургадугаар сарын 1-ний өдрийн 441 дүгээр тогтоолоор улсын зэрэглэлтэй шашны түүхийн сүм музей болгосон байна. XVI-XIX зууны үед холбогдох түүх шашин, урлагийн үнэ цэнтэй бүтээлүүд болох хөөмөл, цутгамал, модон сийлбэрүүд, баримал, шуумал, шүтээн зураг, зээгт наамал зэрэг үүх түүхийн гэрч болсон олон сайхан үзмэрийг гадаад дотоодын олон зуун мянган хүнд толилуулсаар байна.

Нөгөө талаар 2004 онд “Дэлхийн өв-Орхоны хөндийн соёлын дурсгалт газар”-ыг нийт хүн төрөлхтний тусын тулд өвлүүлэн үлдээж, хадгалан хамгаалах шаардлагатай соёлын хосгүй хийгээд түгээмэл ач холбогдолтой үнэт өв болохыг нотолж дэлхийн соёлын өвд бүртгэсэн нь өдгөө цагийн том гавьяа гэлтэй... Алдарт Эрдэнэзуугийн их түүхээс товчхон өгүүлэхэд ийм бүлгээ.

Орон нутгийн сэтгүүлчдийг чадавхжуулах ээлжит сургалтын эхний өдөр ийнхүү өндөрлөсний дараа “Хаан тайж” жуулчны баазын их танхим дуу хуурын аялгуу, цэнгээнт бүжгийн намуухан айзамд автаж, “Орон нутгийн цогц хөгжил” дөрвөн талын түншлэл чуулганд оролцсон аймгууд өөрсдийн танилцуулгаа хийж, нутаг нутгийнхаа онцлогийг харуулсан брэнд бүтээгдэхүүний дээжсээс бүрдсэн дурсгалын зүйлсийг Германы хамтын ажиллагааны нийгэмлэгийн (GIZ) эрдэс баялаг, түүхий эдийн иж бүрэн санаачилга (ЭТИС) хөтөлбөрийн хамт олон, багш нартаа дурсгалын зүйлс гардуулж, өөр хоорондоо халуун дотноор танилцан, харилцан туршлагаа солилцон, цэнгээнт бүжгийн аянд хөл нийлэн шөнө дөл болтол бүжицгээв.
 
Энэхүү арга хэмжээнд “Орон нутгийн сэтгүүлчдийн сүлжээ” төслийг хэрэгжүүлэгчид болон орон нутгийн сэтгүүлчид идэвхтэй оролцсон. Үдэшлэгийн хөтөлбөрт багтсан сонирхолтой тоглоомд алс баруун хязгаараас ирж сургалтад оролцсон Баян-Өлгий аймгийн телевизийн сэтгүүлч У.Хуат идэвхийлэн оролцож шагнагдсан нь орон нутгийн сэтгүүлчдийн энэ удаагийн сургалтын хожмоо дурсагдах дурсгалт агшин болж үлдсэн юм.

Наймдугаар сарын 15-ны нар манддагаараа мандаж, бидний сургалт төслийн менежер Г.Энхсайханы хатуу шаардлагаар цагтаа эхэлсэн юм. Урд шөнийн уулзалт үдэшлэгт урам зоригоо сэргээн тун ч идэвхтэй оролцсон Баян-Өлгийн У.Хуат, Завханы Г.Алтангэрэл, Төв аймгийн Ц.Ууганбаатар, Ж.Хонгорбаатар тэргүүтэй залуучуудын амралтын цаг оройтсон ч адтай, одтой залуу насны ааг омгийг гайхуулан энэ өдрийн сургалтдаа идэвхийлэн оролцсон нь олзуурхууштай санагдаж өвгөн сэтгүүлчийг залуу зандан үеийн бодолд автуулсныг нуугаад яах вэ?... Залуу нас ийм л сайхан.

Энэ өдрийн сургалт сэтгүүл зүйн ухааны доктор С.Энхцэцэгийн “Сэтгүүл зүй ба олон нийтийн харилцаа” сэдвээр эхэллээ. Сэтгүүлчид олон нийттэй харилцах үйл ажиллагаанд ямар алдаа түгээмэл гаргадаг хийгээд ямар алдаанаас зайлсхийх ёстой гээд олон чухал зүйлийг мэдэж авсан гэдэгт эргэлзэхгүй байна. “Орон нутгийн сэтгүүлчдийн сүлжээ” төслийн ээлжит сургалтын нэг онцлог нь багшийн заасан сэдвийг бататгахын тулд чиглүүлэгч нь өдөөж тухайн сэдвийн дагуух чөлөөт ярилцлага явуулж байсан нь сэтгүүлчид санаа бодлыг чөлөөтэй илэрхийлэх боломжийг олгож байсан юм. Сургалтаас сургалтад зохион байгуулалт улам чанаржиж, сэтгүүлчид ч хичээл дээр яригдсан зүйлсийг амьдралд хэрэгжүүлж байна.
 
Эхний өдрийн сургалтын гэрийн даалгавар уул уурхайн сэдэвт нийтлэлийн бүтээлд анализ хийх бөгөөд тэр “Эрдэнэтийн уурхайн нууц наймаа” хэмээх 2016 оны долдугаар сарын 9-нд The Diplomat сэтгүүлд нийтлэгдсэн бүтээл байлаа. Дээрх бүтээлд чиглүүлэгч С.Болд-Эрдэнийн дэмжлэгтэйгээр орон нутгийн олон сэтгүүлчид бүтээлд хийсэн анализ, санал бодлоо чөлөөтэй илэрхийлцгээсэн юм. Энд сэтгүүлч бүрийн хэлж ярьсныг нуршин өгүүлэх нь илүүц бизээ.

Сургалтын төгсгөлд “Хөгжлийн төлөө сэтгүүл зүй” ТББ, The Mongolian Mining Journal-ын Орлогч эрхлэгч Н.Ариунтуяа сургалтын үр дүнг бодитоор үнэлэх нэг хэмжүүр болдог нийтлэл нэвтрүүлгийн уралдааны удирдамжийг танилцуулж, 10 сард болох дараагийн сургалтаар дүнг хэлэлцэхийг мэдэгдлээ. Сургалтын хаалтын үйл ажиллагаанд Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн (GIZ)     Эрдэс баялаг, түүхий эдийн иж бүрэн санаачилга (ЭТИС) хөтөлбөрийн захирал Др. Штефан Ханселманн оролцож, орон нутгийн сэтгүүлчдийг чадавхижуулах “Орон нутгийн сэтгүүлчдийн сүлжээ” төсөл амжилттай хэрэгжиж,  тав дах удаагийнхаа сургалтыг Монголын эртний нийслэл Хархорум хот-өдгөөгийн Өвөрхангай аймгийн Хархорин суманд өндөрлүүлж байгааг онцлов. Мөн төслийг амжилттай хэрэгжүүлж буй төслийн багийнхан, орон нутгийн сэтгүүлчид, сургалт явуулж буй багш нарт талархал илэрхийлснээр энэ удаагийн сургалт өндөрлөв.

Орон нутгийн сэтгүүлчдийн ээлжит сургалт ийнхүү өндөрлөсний дараа сургалтад оролцсон сэтгүүлчид Хархорин сумын “Хаан тайж” жуулчны баазын хурлын танхимд зохиогдож буй “Орон нутгийн цогц хөгжил-4 талын түншлэл” төслийн явцын үр дүнг хэлэлцэх, харилцан туршлага солилцох Өвөрхангай, Баянхонгор, Увс, Сэлэнгэ аймгуудын уулзалт, хэлэлцүүлгийн “Аймгуудын түншлэлийн хөгжлийн төлөвлөгөө” сэдэвт нэгдсэн хуралдаанд оролцсоноор ганзага дүүрэн мэдлэгтэй нутаг нутгийн зүг хөлгийн жолоо залсан юм.

Хөдөө орон нутгийн сэтгүүлчид ёстой л “бор зүрхээрээ” эзэмшсэн мэргэжил, сонирхлын дагуу ажиллаж хөдөлмөрлөж яваа ч МСНЭ-ийн нэгэн эд эс нь яахын аргагүй мөнөөсөө мөн. Гэсэн хэдий ч МСНЭ-ээс орон нутгийн сэтгүүлчдийг чадавхжуулах, нийгмийн асуудлыг шийдвэрлэх зэргээр тулгамдсан олон асуудлаас нэгийг нь ч болов шийдвэрлэхийн төлөө төдий л анхааралгүй өдий хүрсэн нь бодит үнэн. Бидний төлөө, биднийг цаг үетэйгээ хөл нийлүүлэхийн төлөө, чадваржуулахын төлөө чин сэтгэл өвөрлөн, нэгэн санаа зорилгын дор нэгтгэн амжилттай ажиллаж буй “Орон нутгийн сэтгүүлчдийн сүлжээ” төслийг хэрэгжүүлэгч “Хөгжлийн төлөө сэтгүүл зүй” ТББ, The Mongolian Mining Journal-ын хамт олондоо талархаж явдгаа энэхүү дашрамд тодосгоё.

2015 онд хойд бүс, баруун бүсээс эхэлсэн орон нутгийн сэтгүүлчдийн сургалт Сэлэнгэ, Баянхонгор, Өвөрхангай, Улаанбаатар хотод, нийтдээ таван удаа амжилттай зохион байгуулагдахад жинтэй хувь нэмэр оруулсан хүмүүс бол нэрт сэтгүүлч, “Орон нутгийн сэтгүүлчдийн сүлжээ” төслийг эхлүүлж өдий зэрэгт хүргэх зам мөрийг ариутгасан The Mongolian Mining  Journal-ын Ерөнхий эрхлэгч Л.Болормаа агсан, Орлогч эрхлэгч Н.Ариунтуяа, сэтгүүлч С.Болд-Эрдэнэ, Э.Оджаргал, Б.Төгсбилэгт, Хонгор нутгийн хүү Г.Идэрхангай, найруулагч Х.Ганбаатар, зураглаач М.Энх-Амгалан, дизайнер Р.Эрдэнэдэлгэр, сургалтын арын албыг нягт нямбай гүйцэтгэж ирсэн менежер Г.Энхсайхан, мөн Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн (GIZ) ЭТИС хөтөлбөрийн Захирал Штефан Ханселманн, Дэд захирал О.Батболд нар бөгөөд орон нутгийн сэтгүүлчдийг чадавхжуулах, нэгтгэх, нэгэн зорилго дор нэгдэн ажиллуулахад хоёргүй сэтгэлээр чин хүсэл өвөрлөн зүтгэж яваад нь орон нутгийн сэтгүүлчид талархаад баршгүйг энэ мөчид онцолмоор байгааг үгүйсгэх нэгэн байхгүй гэдэгт итгэнэм ...

Харин дээр дурдсан баг хамт олны сайхан сэтгэл, бидний төлөө чамгүй их хөрөнгө санхүү, оюуны хөдөлмөрөө зориулж буйн хариуд орон нутгийн сэтгүүлч бид олигтой нийтлэл, нэвтрүүлэг хийж чадсан билүү гэдэгт шуудхан хэлэхэд эргэлздэг. Магадгүй нэлээд хэсэг нь надтай санал нэг байж мэдэх... Сэтгүүлчийн хөдөлмөр даацтай нийтлэл, нэвтрүүлгээр л олон түмэнд үнэлэгддэг, тэдний оюуны хэрэгцээг хангадаг гэдгийг манай орон нутгийн сэтгүүлчид битгий мартаасай билээ дээ... Бас “Орон нутгийн сэтгүүлчдийн сүлжээ” төслийг хэрэгжүүлэгч сэтгүүлч нөхдийн зохион байгуулж буй ажил жинтэй, бас үнэтэй гэдгийг мартах учиргүй... Санаанд тодхон энэ сайхан хамт олноороо бахархнам.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Нэр:
Сэтгэгдэл:
СЭТГЭГДЭЛ (0)

Сэтгэгдэл байхгүй байна