Орон нутгийн сэтгүүлчдийн сургалт Хархоринд болж байна

The Mongolian Mining Journal сэтгүүлийн дэргэдэх “Хөгжлийн төлөө сэтгүүл зүй” ТББ нь Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг (GIZ)-тэй хамтран хэрэгжүүлж буй “Орон нутгийн сэтгүүлчдийн сүлжээ” төслийн хүрээнд энэ сарын 14-15-ны өдөр орон нутгийн сэтгүүлчдийн сургалтыг хоёр дахь жилдээ зохион байгуулж байна. 

Өнгөрсөн дөрөвдүгээр сард болсон Германы туршлагатай сэтгүүлч Асендорпфийн уул уурхайг сурвалжлах тухай илтгэл, хэлэлцүүлэг бүхий сургалтаар энэ оны төслийн арга хэмжээ эхэлсэн юм. Харин Өвөрхангай аймгийн Хархорин суманд болж байгаа энэ удаагийн сургалтад Монголын сэтгүүл зүйн салбарт тодорхой туршлагатай, бүтээлтэй мэргэжилтнүүд нийт 16 аймгийн 35 сэтгүүлчид мэдлэг, мэдээлэл өгч буйгаараа онцлогтой.

Энэ жилийн хоёр дахь удаагийн сургалтад “Мэдээллийг нягтлахуй” сэтгүүлзүйн номын редактор Н. Батжаргал “Сэтгүүлзүйг шинээр харах нь”, “Сошиал медиа ба сэтгүүл зүй, орон нутгийн редакцийг чадавхижуулах нь” сэдвээр илтгэл тавив. Түүний хувьд  Монголын сэтгүүл зүйн салбарт хийсэн ажиглалт, дүн шинжилгээгээ хуваалцсан нь ихээхэн сонирхол татаж байсан юм.

Мөн сэтгүүл зүйн ухааны доктор (Ph.D) С. Энхцэцэг “Телевизийн сэтгүүлзүй”, “Хөгжлийн төлөө сэтгүүл зүй” дэх телевизийн найруулагч Х. Ганбаатар “Телевизийн ажлын практик зөвлөгөө” илтгэлийг тус тус тавьж телевизийн сэтгүүл зүйн талаар онол, практикийн сонирхолтой илтгэл сонсголоо. Энэхүү илтгэлээр онол гэхээсээ илүүтэй сэтгүүл зүйн өдөр тутмын ажлын туршлага, ололт амжилт, зөвлөгөөг хуваалцсан юм.

Эхний өдрийн арга хэмжээ ийнхүү өндөрлөлөө. Өнөөдөр Сэтгүүл зүй ба олон нийтийн харилцаа сэдэвт илтгэл тавигдах төдийгүй эрэн сурвалжлах сэтгүүл зүйн чиглэлээр онол, практикийн хэлэлцүүлэг болох юм.

 

 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Нэр:
Сэтгэгдэл:
СЭТГЭГДЭЛ (0)

Сэтгэгдэл байхгүй байна