“Орон нутгийн сэтгүүлчдийн сүлжээ”-2016 төсөл -Уралдааны удирдамж

“Орон нутгийн мэдээллийн сүлжээ” байгуулах төсөл нь ХБНГУ-ын Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэг /GIZ/-ийн дэмжлэгээр “Хөгжлийн төлөө сэтгүүл зүй” ТББ-ын хэрэгжүүлж буй төсөл бөгөөд нийслэл болон аймаг орон нутгийн түвшинд эдийн засаг, уул уурхайн мэдээллийг нийтэд хүртээмжтэй, хараат бус байдлаар түгээхэд орон нутгийн сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн байгууллагын оролцоог нэмэгдүүлэх, мэргэжлийн чадавхийг бэхжүүлэхэд чиглэсэн сургалт, мэргэжлийн арга зүйгээр хангах төсөл юм.

Төслийн үндсэн зарчим нь хувийн хэвшлийн аливаа байгууллага, хөрөнгө оруулагчид, орон нутгийн удирдлагын ашиг сонирхлоос ангид байж, мэдээллийн олон талт урсгалыг тогтмолжуулах, сум орон нутгийн түвшинд мэдээллийг түгээх, дэлгэрүүлэх, мэргэжлийн сэтгүүл зүй ба олон нийтийн харилцааг орон нутгийн түвшинд хөгжүүлэхэд урт хугацаанд хамтран ажиллахад оршино.

Төслийг санаачлагч “Хөгжлийн төлөө сэтгүүл зүй” ТББ нь 2010 онд Монголиан Майнинг Журналын санаачилгаар байгуулагдсан, ашгийн бус, мэргэжлийн сэтгүүл зүйг дэмжих зорилготой, нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллага юм. “Хөгжлийн төлөө сэтгүүл зүй” ТББ нь 2015 оноос бүсийн хэвлэл мэдээллийн байгууллагуудын сүлжээдийг байгуулах төслөө эхлүүлж хойд, баруун, өмнөд бүсийн хэвлэл мэдээллийн байгууллагын редакциудын төлөөллийг оролцуулсан сургалтыг орон нутагт зохион байгуулж, 2015 оны эцсээр үр дүнгийн нэгдсэн уулзалтаа Нийслэлд хийж, төслийнхөө ажлыг дүгнэсэн билээ. Энэ үеэр оролцогчдын дунд сэтгүүл зүйн “Шилдэг бүтээл”-ийн уралдаан зарлаж, уралдаанд ирүүлсэн бүтээлүүдийг нийтлэл болон телевизийн нэвтрүүлэг гэсэн үндсэн 2 төрлөөр шалгаруулан дүнгээ гаргасан юм.

“Хөгжлийн төлөө сэтгүүл зүй” ТББ-аас энэ удаа орон нутгийн хэвлэл мэдээллийн байгууллагуудын дунд 2016 оны сургалт семинарын үр дүнг дүгнэх сэтгүүл зүйн “Шилдэг бүтээл”-ийн уралдаанаа дахин зарлаж байна.

Уралдааны төрөл:
- Асуудал дэвшүүлсэн нийтлэл
- Асуудал дэвшүүлсэн нэвтрүүлэг

Тавигдах шаардлага:
Уралдаанд ирүүлэх бүтээл нь “Орон нутгийн сэтгүүлчдийн сүлжээ” төслийн сургалтын хөтөлбөрт багтсан доорх 5 сэдвийн дагуу байна. Үүнд:
 
1.    Орон нутгийн нэмүү өртөг үйлдвэрлэх сүлжээ ба бизнесийн төрөлжилт,
2.    Байгаль орчны менежмент,
3.    Хүйсийн тэгш эрхийн асуудал,
4.    Орлогын менежмент
5.    Уул уурхайн эдийн засаг

Нийтлэлийн төрөлд ирүүлэх сэтгүүл зүйн бүтээл стандарт мөрөөр шивсэн А4 бичгийн цаасаар 3-4 хуудас хэмжээний материал байх ерөнхий шаардлагыг хангана.
Агуулгын хувьд бичлэгийн ур чадвар, бичлэгийн төрөл зүйл буюу зохиомж, хэл найруулга, баримт, эх сурвалж, мэдээллийн тэнцвэрт байдал, дүн шинжилгээ хийсний үндсэн дээр өөрийн санаа бодол, үзэл баримтлалыг оновчтой арга, хэлбэрээр дэвшүүлсэн сэтгүүлчийн ур чадварыг харуулсан байх,

Хэлбэрийн хувьд гэрэл зураг, хүснэгт, схем, инфографик зэргийг багтаасан сэтгүүл зүйн мэргэжлийн ажил байна.

Телевизийн нэвтрүүлэг нь:

Агуулгын хувьд
баримт, мэдээллийн эх сурвалж, мэдээллийн тэнцвэрт байдал, дүн шинжилгээ хийсний үндсэн дээр өөрийн санаа бодол, үзэл баримтлалыг оновчтой арга, хэлбэрээр дэвшүүлсэн сэтгүүлчийн ур чадварыг харуулсан байх,

Хэлбэрийн хувьд
хөтлөлт, дуу дүрсний чанар, дэлгэцийн бүтээлийн оновчтой шийдэл харуулсан, 15-25 минутын, найруулагч ба редакторын хамтын мэргэжлийн бүтээл  байна.  

Сэтгүүлзүйн бүтээлийг бэлтгэх явцдаа сургагч багш нараас арга зүйн зөвлөгөө авч ажиллаж болно.

Уралдааны удирдамжтай холбоотой нэмэлт тодруулга болон арга зүйн бусад зөвлөгөөг 77222300, 77220900, 77222400,77220200 утсаар авч болно.


Үндсэн шалгаруулалт:
Нийтлэл ба нэвтрүүлэг тус бүрээс 2 бүтээлийг шалгаруулж, тус бүрийг мөнгөн шагналаар шагнаж урамшуулна.

Гран При шалгаруулалт:
Уралдаанд ирүүлсэн бүтээлүүдээс шилдгийн шилдэг сэтгүүл зүйн нэг бүтээлийг шалгаруулж, Гран При шагналаар шагнаж урамшуулна.   

Шалгаруулалтыг Уралдааны Комисс хийх ба уралдааны комисст The Mongolian Mining Journal-ийн редакц, GIZ байгууллагын мэргэжилтнүүд, МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхимийн багш нар багтана. Уралдааны дүнг 2016 оны 10-11 дүгээр сард нийслэл Улаанбаатар хотноо зохион байгуулах Нэгдсэн арга хэмжээний үеэр зарлан, шагналыг гардуулна.
Уралдаанд ирүүлэх бүтээлийг 2016 оны 10 дугаар сарын 1-ний дотор:

ariun@mongolianminingjournal.com,
od@mongolianminingjournal.com,
info@mongolianminingjournal.com
хаягуудаар явуулах буюу:

15160 Улаанбаатар
Төв шуудан 1513
хаягаар шуудангаар илгээнэ.

“Хөгжлийн төлөө сэтгүүлзүй” ТББ

“Орон нутгийн сэтгүүлчдийн сүлжээ”-2016 төсөл







АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Нэр:
Сэтгэгдэл:
СЭТГЭГДЭЛ (0)

Сэтгэгдэл байхгүй байна