”ОРОН НУТГИЙН МЭДЭЭЛЛИЙН СҮЛЖЭЭ” төслийн сургалтанд оролцсон сэтгүүлчдийн сэтгэгдэл

Өвөрхангай аймгийн “Сонирхолтой дэлхий” сэтгүүлийн эрхлэгч Ж.Амарцэцэг:

Сургалт үр өгөөжтэй болж байна. Хэдий сэдэв нь уул уурхайд түшиглэж байгаа ч гол агуулга нь орон нутгийн сэтгүүлчдийг чадавхижуулах, төлөвшүүлэх зорилготой гэж ойлгодог. “Орон нутгийн мэдээллийн сүлжээ” төслийн сургалтад би гурав дахь удаагаа оролцож байна. Энэ удаад гадаад багш хичээл заасан нь илүү сонирхолтой байлаа. Монголд нүүрлээд байгаа агаарын бохирдлын асуудал 1960-1970-аад оны үед Германд ч нүүрлэж, тодорхой арга хэмжээ авсны үр дүнд цэлмэг тэнгэрээ буцааж авсан юм байна. Энэ туршлагаар хэдхэн жилийн дотор утаанаасаа салах боломж Монголд байгаа юм байна гэж ойлголоо.

Сэлэнгэ аймгийн “Сэлэнгийн мэдээ” сонины эрхлэгч Н.Оюунмаа:

Орон нутгийн сэтгүүлчид Уул уурхайн яам, Ашигт малтмалын газрын албан тушаалтнуудтай уулзах боломж хомс байдаг. Миний хувьд, Ашигт малтмалын газрын дарга Д.Үүрийнтуяатай хааяа имэйлээр холбогдохоос өөр бусадтай нь ямар нэг байдлаар харилцаж үзээгүй. Би ч өөрөө мэдээлэл авах чиглэлээр хүч тавин хөөцөлдөж байсангүй.
 
Энэ сургалтаар сэтгүүлч хүн маш гярхай байх ёстой, ямар нэгэн зүйлийг бичихдээ олон эх сурвалжид тулгуурлан судалгаа хийсний үндсэн дээр асуудлын мөн чанарыг гаргаж ирнэ гэдгийг ойлголоо. Уул уурхайн мөн чанарыг иргэдэд зөв тайлбарлахгүй бол буруу зөрүү ойлголт үүсгэдэг. Сэтгүүлчийн үүрэг бол тухайн асуудлыг үнэн бодитой, судалгаатай, үндэслэлтэйгээр тайлбарлахад анхаарах хэрэгтэй юм байна.

Асэндорпф багш их ажигламтгай хүн юм. Надад энэ чанар дутагддагийг ойлгож мэдлээ. Нөгөөтэйгүүр, Герман, Монгол хоёр орны уул уурхайн хөгжил өөр байна. Тиймээс сэтгүүлчид хөгжингүй орны уул уурхайг ойлгож мэдээд, тэр жишигт хүрэхэд түүчээлэх үүрэгтэй юм байна. 

Манай сэтгүүлчид “Бороо гоулд”-ын уурхайд очихдоо үйл ажиллагаа явагдаж байгаа гэж ойлгож, нэлээд хүлээлттэй очсон байх. Нөгөөтэйгүүр, сэтгүүлчид асуух зүйлээ сайн бэлдэж очоогүй учраас жаахан тулгамдсан талтай. Гэхдээ байгаль орчны жишиг нөхөн сэргээлтийг 2020 он хүртэл хийхээр төлөвлөсөн томоохон уурхайтай зохих түвшинд танилцсандаа баяртай байна.

Баян-Өлгий аймгийн Орон нутгийн радио, телевизийн сэтгүүлч У.Хуат:

Анх удаа уурхай дээр очиж үзлээ. Гадаад багш олон сайхан зүйл заалаа.  Сэтгүүлч хүн ажигч байх хэрэгтэй, сэтгүүл зүй бол бие даасан шинжлэх ухаан биш, авьяас ур чадвар юм гэдгийг энэ удаагийн сургалтаас ойлголоо. Бидний нүдийг нээж өгсөн өгөөжтэй сургалт боллоо. Үр дүнд нь орон нутгийн ард иргэд сэтгүүлч биднээс үнэн зөв мэдээлэл авна гэдэгт  итгэлтэй байна.  

Увс аймгийн ”Сама” телевизийн Гүйцэтгэх захирал С.Амраа:

Увс аймагт ашиглалтын болон хайгуулын 241 лиценз олгожээ. Сүүлийн дөрвөн жилийн хугацаанд 182 лиценз олгогдсоныг Аймгийн Засаг даргаас сонссон. Эдгээр лицензийг олгосноор Увс аймагт ямар үр өгөөжтэй байх юм, хариуцлагын тогтолцоо нь ямар байх юм, хэрхэн анхаарч ажиллах юм гэдгийг холбогдох албаны хүмүүсээс тодруулахаар ярилцаж байгаа. Ийм үед орон нутгийн сэтгүүлчдэд уул уурхайн сэдвээр сургалт явуулсан нь үр дүнтэй боллоо. Монгол улсын хөгжлийн гарцыг уул уурхай гэж харж байгаа өнөөгийн нөхцөлд нийгмийн тэргүүн эгнээнд явах ёстой сэтгүүлчдэд энэ сургалт үнэн бодит мэдээллээр хангах, уул уурхайн мэргэжилтнүүдтэй харилцаа холбоо үүсгэх сэдлийг өгч байгаагаараа ач холбогдолтой юм. Сургалтаас авсан мэдээллийнхээ дагуу орон нутгийн хөрсөнд буусан мэдээ, мэдээлэл гаргаж, иргэдэд зөв ойлголт өгөх боломжтой.

Энэ удаагийн сургалтын нэг давуу тал нь Бороогийн уурхайтай танилцсан явдал. Уурхайн үйл ажиллагаа, нөхөн сэргээлттэй газар дээр нь танилцсанаар сэтгүүлчид цаашид уул уурхайтай холбоотой нийтлэл нэвтрүүлэг бэлтгэхдээ юун дээр анхаарах ёстойг мэдэж авлаа. Ялангуяа Германы туршлагатай сэтгүүлчээр хичээл заалгасан нь сэтгүүл зүйн онол болон дадлагын ач холбогдолтой боллоо. 

Уул уурхайтай холбоотой асуудлыг би  зөвхөн орон нутгийн түвшиндээ л хардаг байсан. Надад нөлөөлдөг, мэдээлэл солилцох бололцоог олгодог хүн бол манай дүү, дуучин  С.Жавхлан. Монгол улсынхаа нутаг дэвсгэрээр зургаан удаа тойрохдоо ашигт малтмалын чиглэлээр хаана, ямар үйл ажиллагаа явагдаж байгаа, болж бүтэхгүй зүйл юу байгаа талаар байнга мэдээлэл солилцдог. Тиймээс би Увс аймагтаа байгаа ашиглалт, хайгуулын лицензийн асуудлыг судалж байна. Би аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралд хоёр удаа сонгогдсон. Сүүлийн дөрвөн жилд хурлын тэргүүлэгчээр ажиллаж буйн хувьд, хэвлэл мэдээллийн байгууллага ажиллуулж буй хүний хувьд Монгол улсын хууль эрх зүйн орчин хөрсөн дээрээ хэрхэн бууж байгаа талаар дүгнэлт хийж байна. 

Өнөөдөр Увс аймгийн хэмжээнд арилжааны гурван телевиз, “Увсын өнгө” сонин ажиллаж байна. Орон нутгийн телевизүүд зөвхөн өөрийн аймгийн радиус дотор үйл ажиллагаа явуулдаг. Аймгийн төвд яригдаж байгаа мэдээллийг сумдын түвшинд авах бололцоо Монголд хараахан бүрдээгүй байна.

Төвөөс мэдээлэл авъя гэхэд нийслэлээс 1500 км алслагдсан орон нутагт байгаа бидэнд тийм боломж байдаггүй. Интернет болон утсаар л холбогдох боломжтой. Асэндорпф багшийн багаар ажиллуулсан явцаас мэдээллийн бодит байдлыг хангах, тэнцвэртэй байлгах, олон эх сурвалжаас мэдээлэл авахын чухлыг ойлгосон. Цаашид нэвтрүүлэг хийхдээ шаардлагатай тал бүрийн эх сурвалуудаас мэдээлэл авч хийж байна.

Өмнөговь аймгийн “Говийн наран” телевизийн сэтгүүлч А.Жамъяндэлгэр:

Би анх удаа сургалтад оролцлоо. Үр өгөөжтэй, сайхан сургалт болсон. Манай аймаг уул уурхай харьцангуй хөгжсөн газар. Би өөрийгөө уул уурхайн сэдвээр сайн бичдэг гэж боддог байсан бол сургалтад сууснаар илүү сайжрах ёстойгоо ойлголоо.

Уул уурхайн талаар бичихдээ өнцгөө яаж зөв тодорхойлох гээд олон зүйлийг сурч авлаа. Монголд дөнгөж хөгжих гэж байгаа сэтгүүл зүйн нэг төрөл бол байгаль экологийн сэтгүүл зүй.Зөвхөн Улаанбаатар хот төдийгүй аймаг, сумдад ч агаарын бохирдол их байна. Уул уурхайн үйл ажиллагаа явагдаж буй аймгууд дахь хөрсний бохирдол, цианид зэрэг хортой бодист хүн мал  хордож буйг хөндөж бичих ёстойг сургалтад сууснаар ойлгож авсан.
 
Байгаль экологийн сэтгүүл зүй бол маш том агуулгатай юм байна. Үүнийг хөгжүүлэх ёстой. Багш маань сэтгүүлч хүн учраас хичээл заах арга барил нь бидэнд ойр, ойлгомжтой байлаа.

Ховд аймгийн “Ховдын телевиз”-ийн сэтгүүлч  С.Жавзандулам:

Энэ сургалтад би хоёр дахь удаагаа оролцлоо. Миний хувьд өмнө нь уул уурхай, эдийн засгийн чиглэлээр хэрхэн бичих нийтлэх талаар сургалтад оролцож байгаагүй. Баянхонгор аймагт болсон “Хөгжлийн төлөө сэтгүүл зүй” ТББ-ын сургалтаас анхны мэдэгдэхүүн авч байсан бол төсөл цааш үргэлжлэн, удаах сургалтаар мэдлэг маань гүнзгийрч байгаад баяртай байна.

Ховд аймагт байдаг ганц уурхай нь “Хөшөөтийн уурхай”. Энэ уурхайг орон нутгийнхан төдийгүй Монгол даяар мэддэг. Харамсалтай нь санхүүжилтийн улмаас уурхайн үйл ажиллагаа зогссон. Мөн манай аймагт нөхөн сэргээлт их учир дутагдалтай байгаа. Хамгийн сүүлийн жишээ гэхэд Цэцэг сумын Цагаан эрэгт нөхөн сэргээлт хийгдэхгүй, ард иргэдийн эсэргүүцэлтэй тулгарч байна. Нөхөн сэргээлт хийх ёстой компани нь төслийн мөнгийг аваад алга болсон. Төрийн мөнгө ийм байдлаар салхинд хийсч байна. Энэ чиглэлд хариуцлага тооцох механизм алга. Тиймээс орон нутгийн сэтгүүлчид бид нийгмийн хүчтэй дуу хоолой болж, сэтгүүл зүйн төгс бүтээл гаргах ёстой болж байна. Уул уурхайн сэдэв манай аймгийн хувьд төдий л хөндөгдөж байгаагүй. Энэ сургалтаар заавал бичих ёстой, анхаарах сэдэв юм байна гэдгийг ойлголоо.

Сэлэнгэ аймгийн “Миний Монгол” телевизийн сэтгүүлч Ц.Бүжин:

Орон нутгийн иргэд уул уурхайн талаарх мэдээллийг ихэвчлэн төвийн хэвлэл мэдээллээс авдаг. Мөн аймгийн удирдах албан тушаалтны өгсөн мэдээллээр л ойлгодог. Орон нутгийн сэтгүүлч бид нутаг орондоо явагдаж буй уул уурхайн үйл ажиллагааны талаар мэдлэг мэдээлэл дутмаг байдгаас газар дээрээс нь бодит мэдээлэл хүргэж чаддаггүй юм байна гэдгээ ойлгож авлаа. Тиймээс орон нутгийн иргэд төвийн дуулиан шуугиантай мэдээлэлд хөтлөгдөн, зарим талаар буруу зөрүү ойлголттой болдог тал бий. 

Миний хувьд хэвлэл мэдээллийн салбарт 10 гаруй жил ажиллаж байна. Олон чиглэлээр сургалтад хамрагдаж байсан ч уул уурхайн чиглэлээр мэргэшин бичих сургалтад огт хамрагдаж байсангүй. Орон нутгийн сэтгүүлчид ажлын ачаалал ихтэй байдаг болохоор цаг зав гарган өөрийгөө хөгжүүлэх, мэргэшүүлэх тал дээр тааруухан байдаг. 

Дархан-Уул аймгийн DBS телевизийн сэтгүүлч П.Майцэцэг:  

“Орон нутгийн мэдээллийн сүлжээ” төсөл үргэлжилж байгаад их баяртай байна. Төслийн үр дүнд орон нутгийн сэтгүүлчид бид уул уурхайн сэдвээр маш их мэдлэг, мэдээлэл олж авч байна. Орон нутгийн сэтгүүлчдийг ийм төрлийн сургалтад үнэнийг хэлэхэд “тоож” хамруулдаггүй. Энэ сэдвээр мэдлэг мэдээлэл олж авахад ч хэцүү байдаг. Тиймээс “Орон нутгийн мэдээллийн сүлжээ” төслийн сургалт их шинэлэг юм. 2015 оны сургалтаар орон нутгийн сэтгүүлч бид ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг хэрхэн тооцож авдаг, уул уурхайн компаниудын орон нутагт үзүүлэх үр өгөөжийг яаж үнэлэх талаар олон чухал мэдээлэл авч байлаа.

Харин энэ жил Бороогийн алтны уурхайтай очиж танилцсанаар танхим, дадлага хосолсон сургалт явагдлаа. Мөн Герман улсаас уригдан ирсэн, байгаль орчны чиглэлээр мэргэшсэн сэтгүүлч   багшилсан нь олон улсад уул уурхайн мэдээ мэдээллийг хэрхэн түгээдэг, сурвалжилдаг талаар тун сонирхолтой мэдээллүүдийг өглөө. 30 жил уул уурхай, байгаль орчны сэдвээр бичсэн болохоор жинхэнэ мэргэшсэн сэтгүүлч юм.

Сургалтын үеэр орон нутгийн сэтгүүлчдэд тулгамдаж буй нэг асуудал нь гадаад хэлний бэрхшээл гэж анзаарагдлаа. Дараа дараагийн сургалтын хөтөлбөрт гадаад хэлний сургалтыг багтаавал их үр дүнтэй санагдлаа. 

Дархан-Уул аймгийн хамгийн том уурхай нь Шарын голын уурхай. Бидний хувьд зөвхөн тухайн уурхайн мэргэжилтэн, аль эсвэл хэвлэлийн ажилтны өгсөн мэдээллээр л асуудалд ханддаг байсан. Харин “Орон нутгийн мэдээллийн сүлжээ” төслийн сургалтад хамрагдсанаар уурхайн үйл ажиллагаа хэрхэн явагддаг, нөхөн сэргээлтийн ямар стандарт мөрддөг, эдийн засгийн ямар үр өгөөж өгөх ёстой талаар мэдлэг олж авлаа.
Орон нутгийн сэтгүүлчдэд салбарын яамтай холбогдон статистик, тоо баримт авах сонирхол байдаг. Гэвч орон нутгаас ихэвчлэн утсаар харилцах боломжтой. Гэтэл “орон нутгаас ярьж байна” гэдэг үг нь албан тушаалтнууд хойрго хандах, хүнд суртал гаргах  шалтгаан болдог.

Завхан аймгийн “Шинэ Завхан” телевизийн захирал, “Улиастайн тойм” сонины эрхлэгч Г.Алтангэрэл

“Орон нутгийн мэдээллийн сүлжээ” төслийн энэ жилийн сургалтаар Бороогийн алтны уурхайн нуруулдан уусгах технологитой танилцсан нь их олзуурхууштай байлаа. Уул уурхайн талаар мэдээлэл уншиж байснаас яг уурхайн үйл ажиллагаатай газар дээр нь танилцаж байсангүй. Алтны олборлолт дээр байгаль орчинд хортой технологи ашигладаг гэж ярьдаг. Бороогийн алтны уурхайн үйл ажиллагаатай танилцсанаар олон улсын стандартын дагуу технологийг зөв ашиглаж чадвал байгаль орчинд аюулгүй байдгийг  олж мэдлээ.

Манай Завхан аймагт “Баян Айраг эксплорэйшн” компани алтны үндсэн ордыг олборлох үйл ажиллагаа явуулж байна. Энэ оны 2 дугаар сард тус компанийн эрхэлж буй уурхайгаас 3 дахь удаагаа цианид натри алдагдсан. Алдагдсан гол шалтгаан нь уурхайн ажилчдын болгоомжгүй, хариуцлагагүй байдлаас болсон юм билээ. Тиймээс сургалтаар олж авсан мэдлэг, мэдээлэлдээ тулгуурлан “Баян Айраг эксплорэйшн” компанийн алтны уурхайн үйл ажиллагааны талаар сурвалжлага бэлтгэе гэж төлөвлөж байна.

Говьсүмбэр аймгийн “Боржигон нутаг FM102.5” радиогийн сэтгүүлч Т.Болдбаатар:

Сургалтаар уул уурхайн үйл ажиллагааны талаар сэтгүүлч бидний наад захын мэдвэл зохистой мэдлэгийг олгож байна. Уул уурхайн үйл ажиллагаа Монголын нутаг дэвсгэрт түгээмэл явагдаж байгаа учир орон нутгийн сэтгүүлчдийг энэ чиглэлээр мэргэшүүлэх сургалтад хамруулсан нь зөв зүйтэй юм. Сэтгүүлч бид уул уурхай орон нутгийн хөгжилд ямар үр өгөөж үзүүлдэг, нөхөн сэргээлтийн чиглэлээр хэрхэн ажиллах ёстой, цаашлаад татвар, лиценз гээд олон чухал мэдлэгийг олж авлаа. 

Тодорхой сэдвээр мэргэшүүлэх нь Монголын сэтгүүл зүйд зайлшгүй байх шаардлагатай . Өнөөдөр сэтгүүлчдийг дандаа  л муу муухайг уудалж төнхөж явдаг, нэг талыг барьж уншигч, үзэгчдийг төөрөгдүүлдэг хөлсний ажилчин мэт үзэх хандлага байдаг нь сэтгэл эмзэглүүлдэг. Энэ ойлголтыг зөв болгох, сэтгүүл зүйг цэвэршүүлэх нь “Орон нутгийн мэдээллийн сүлжээ” төслийн сургалтын гол зорилго гэж сэтгүүлчийн хувьд харж, баярлаж байгаа. 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Нэр:
Сэтгэгдэл:
СЭТГЭГДЭЛ (0)

Сэтгэгдэл байхгүй байна