Байгаль орчны сэтгүүл зүй “аудит”-ын үүрэг гүйцэтгэх цаг ирнэ

Сурвалжилсан Г.Идэр   

“Та нар яагаад юм асуухгүй байна. Мэдэхийг хүсч байгаа зүйлээ асуулгүй өнгөрөх  нь  алдаа  болдог шүү” хэмээн  хэлээд Асэндорпф багш хөнгөхөн инээмсэглэн, сэтгүүлчид рүү нүд гүйлгэн харав. Орон нутгийн сэтгүүлчидтэй эхнээсээ энгийн чөлөөтэй харилцаж,   сургалтаа аль болох асуулт хариултын хэлбэрээр явуулахыг тэрээр хүсчээ. Ихэнх сургалт  “уйтгартай” урт илтгэл, танилцуулга бүхий хэв загвараар үргэлжилдэг бол Асэндорпф багшийн хичээл чөлөөт уур амьсгал дунд сонирхолтойгоор өрнөсөн.  

The Mongolian Mining Journal сэтгүүлийн дэргэдэх “Хөгжлийн төлөө сэтгүүл зүй” ТББ нь  Германы хамтын ажиллагааны нийгэмлэгийн Эрдэс баялаг, түүхий эдийн иж бүрэн санаачилга /ЭТИС/ хөтөлбөрийн дэмжлэгтэйгээр “Орон нутгийн мэдээллийн сүлжээ” төслийг хоёр дахь жилдээ үргэлжлүүлэн зохион байгуулж байгаа нь энэ юм.

2015 онд уг төслийн хүрээнд баруун, хойд, өмнөд бүсийн 57 сэтгүүлчийг хамруулсан сургалт зохион байгуулж, оны төгсгөлд “Блю Скай”-н “Даймонд” танхимд нэгдсэн уулзалтаа хийж, сургалтын дараа орон нутаг дахь уул уурхайн асуудлаар нийтлэл, нэвтрүүлэг бэлдсэн сэтгүүлчдээ урамшуулсан билээ.

фото: Б.Рэнцэн

Амжилттай хэрэгжсэн төслийг үргэлжлүүлэх, орон нутгийн сэтгүүлчдийн эргэх холбоо, ур чадварыг дахин шат ахиулах зорилгоор 2016 оны “Орон нутгийн мэдээллийн сүлжээ” төсөл ажлаа эрчтэйгээр эхэллээ. Энэ удаад ЭТИС хөтөлбөр Германы туршлагатай, нэр хүндтэй сэтгүүлчийг урьсан юм.  2016 оны сургалтад өмнөх сургалтад хамрагдсан орон нутгийн хэвлэлийнхнээс 35 сэтгүүлч шигшигдэн оролцов. Алс баруун хязгаар, өмнийн говь гээд Монгол орны өнцөг булан бүрээс сэтгүүлчид зорин иржээ.

Дөрөвдүгээр сарын 2-ны өглөө Хууль зүйн хүрээлэнгийн “Хуульчид” танхимд эхэлсэн “Орон нутгийн мэдээллийн сүлжээ 2016” төслийн сургалтыг The Mongolian Mining Journal сэтгүүлийн Орлогч эрхлэгч Н.Ариунтуяа, Германы хамтын ажиллагаа нийгэмлэгийн ЭТИС хөтөлбөрийн Дэд захирал О.Батболд нар нээж үг хэлэв. “Энэ удаагийн сургалт шат ахиж, сертификаттай болж байна. Германаас туршлагатай сэтгүүл зүйн мэргэжилтэн ирж Монголын сэтгүүлчидтэй туршлага, ур чадвараа хуваалцах болсонд баяртай байна. Энэ дашрамд сэтгүүлчдийн сурах хэрэгцээ шаардлагыг ойлгож, сургалтыг эхнээс нь дэмжин ажиллаж буй ЭТИС хөтөлбөрийн хамт олонд талархлаа илэрхийлье” хэмээн Орлогч эрхлэгч Н.Ариунтуяа онцоллоо. Өмнөх жилийн сургалтаас гарсан саналыг үндэслэн орон нутгийн сэтгүүлчдийг уул уурхайн үйлдвэрлэлтэй танилцуулах, практик мэдлэг мэдээлэл  олгоход энэ удаагийн сургалт чиглэж байгааг О.Батболд захирал нээлтийн үгэндээ тодотгов.

СЭТГҮҮЛ ЗҮЙ БОЛ ШИНЖЛЭХ УХААН БИШ, УР ЧАДВАР...
фото: Б.Рэнцэн
“Би сэтгүүлчийн мэргэжил эзэмшээгүй. Үндсэн мэргэжил маань социологич” хэмээн Асэндорпф багш сургалтын эхэнд өөрийгөө танилцуулсан юм. 1980-аад онд “Таz” сонины нийтлэлийн буланг хэсэг нөхдийн хамт  санаачилсан нь сэтгүүл зүйн ертөнц дэх түүний анхны алхам байв. Хэвлэлийн компанийн бус, зөвхөн уншигчдын эзэмшилд байсан сонинд тэрээр арав гаруй жил зүтгэж, “Die Tageszeitung” сонины эрхлэгчээр 1986-1996 онд ажиллажээ.

“Сэтгүүл зүй бол шинжлэх ухаан биш, ур чадвар” хэмээн Асэндорпф багш хэлсэн нь ийм учиртай. Сонины сэтгүүлчийн ажлын цалин бага, үйл ажиллагааны хувьд цомхон байсан тул тэрээр Өмнөд Африкийн Умтата хотыг зорьжээ.

Тэнд Африкийн орнууд ардчилсан систем рүү хэрхэн орсон талаар судалгааны ажил хийж, докторын зэрэг хамгаалсан байна. Герман орондоо буцан ирж, долоо хоног тутмын хамгийн том сонин болох “Die Zeit”-д ажилд оржээ. 100 хуудастай, 500 мянган хувь хэвлэгддэг тус сонинд ажиллахын хажуугаар  олон нийтийн радио зэрэг мэдээллийн хэрэгсэлд гэрээгээр ажилладаг байжээ. Сүүлийн жилүүдэд Асэндорпф багш онлайнаар голдуу нийтлэл бичиж байгаа аж.

Өдгөө Дойчэ Вэллэ академи болон Брэмений хэрэглээний Шинжлэх  ухааны Их сургуульд сургагч багшаар ажиллаж байгаа юм. Жилдээ сэтгүүл зүйн хэд хэдэн сургалт зохион байгуулдаг бөгөөд Монголд анхны сургалтаа хийж буй нь энэ.  Орон нутгийн сэтгүүлчдээс гадна нийслэлийн томоохон хэвлэл мэдээллийн байгууллагын сэтгүүлчид ч түүний сургалтад хамрагдаж Германы сэтгүүл зүйн онцлог, чиг хандлагатай танилцсан. 

Энэ удаад  орон нутгийн сэтгүүлчид сургалтын эхний өдөр “Бороо гоулд” компанийн үйл ажиллагаа болон нөхөн сэргээлтийн талбайтай танилцав. Сэтгүүлчид аялалаас өөр өөрийн бичих сэдэвтэй буцан ирээд, сургалтаа танхимд үргэлжлүүлэв. Ингэхдээ үндсэн таван бүлэгт хуваагдан, багаар ажиллаж, багийн ажлын талаар сургагч багшаас  зөвлөмж авсан нь сургалтыг илүү өгөөжтэй болгосон.

Гэвч орон нутгийн сэтгүүлчдийн дийлэнх нь “Бороо гоулд” компанийн уурхайн талаар  мэдлэг мэдээлэл дутмаг, бэлтгэл тааруу очсоныг Асэндорпф багш анзаарсан бөгөөд сэтгүүлч хүний нэн  түрүүн эзэмших зүйл бол тухайн очих газрынхаа талаар тал бүрийн бодит мэдээллийг урьдчилан цуглуулж судалсан байх ёстойг сануулсан юм. Ялангуяа  нийтлэл, сурвалжлага бичих арга зүй, логик дараалал, ур чадвараа ахиулах талаар олон шинэ санааг харамгүй хэлж өгсөн билээ.

“ЭКО” НЭРТЭЙ КОМПАНИ, БАЙГУУЛЛАГУУДЫН ТАЛААР ЭРЭН СУРВАЛЖЛАГА ХИЙГДЭХГҮЙ БАЙНА  

Асэндорпф багш мэргэжлийн түвшинд уул уурхай болон түүнтэй холбоотой сэдвүүд болох төрийн бодлого, эдийн засаг, байгаль орчны асуудлыг хэрхэн бичих талаар мэдээлэл өгч, жишээн дээр ажилласан юм. Тэр дундаа, Герман улс дахь байгаль орчны мэдээ, мэдээлэл бэлтгэдэг туршлага, нийтлэг асуудал, ялгаатай арга, хандлагуудыг  дэлгэрэнгүй танилцуулсан. Орон нутгийн сэтгүүлчдийн хувьд өмнө нь төдийлөн сонсож байгаагүй шинэлэг сэдэв нь байгаль орчны сэтгүүл зүй байсан.

фото: Б.Рэнцэн

Өнөөдөр Монголын байгаль орчинд тулгараад байгаа асуудлууд 1950-1960-аад оны Германы нийгэмд гол бэрхшээл болж байж. Тухайн үед Германд агаарын бохирдлын улмаас нялх хүүхдүүд эрсдэх явдал нэлээд гарч байсан ба Асэндорф багшийн амьдарч байсан хотод агаар дахь хорт бодисын хэмжээ хэт өндөр түвшинд хүрч байжээ. Ийнхүү байгаль орчны асуудал хурцаар тавигдаж, сэтгүүлчид ч үүнд чухал үүрэг гүйцэтгэжээ.

1961 онд “Шпигел” сэтгүүлийн тэргүүн нүүрт “Цэнхэр тэнгэрээ эргүүлэн авчиръя” гарчигтай дуулиант нийтлэл гарч, улс төрийн сонгуульд намууд байгаль хамгааллын сэдвийг гол уриагаа болгон оролцдог байжээ. Улмаар 1970-аад оноос байгаль орчныг хамгаалах олон тооны байгууллагууд бий болж, үйлдвэрийн томоохон ослуудын талаар цуврал нийтлэлүүд гарч эхэлжээ. “Шпигел” сэтгүүл 1986 онд “Байгалийн гамшиг: Кольн хотын ариун дуган усанд автлаа” гэсэн гарчигтай зургийг тэргүүн нүүрэндээ нийтэлсэн нь нийгэмд асар их шуугиан тарьж байж. Урьд өмнө төдий л яригддаггүй байсан байгаль орчны асуудал улмаар улс төрийн асуудал болон хувирч, НҮБ-аас дэлхийн бодлогын томоохон баримт бичгүүдийг батлан гаргажээ. Үүнтэй холбоотойгоор байгаль орчны хууль тогтоомжууд гарч, ногоон технологийн экспорт, сэргээгдэх эрчим хүчний томоохон бизнесүүд цэцэглэж эхэлснийг Асэндорпф багш илтгэлдээ онцолсон. 

Ялангуяа Германы бизнесийн байгууллагууд ногоон технологиоос асар их ашиг орлого олж, энэ чиглэлийн сурталчилгаа ч өндөр хөгжжээ. “Ногоон тархи угаалт” буюу “greenwashing” гэдэг ойлголт ч энэ үеэс бий болсон байна. Хөгжлийн энэ явцад тус улсад “Байгаль орчны сэтгүүл зүй” бүрэлдэн бий болсон ба тусгай ашиг сонирхлын сэтгүүлүүд ч олноор байгуулагджээ.

Эдгээрийн ихэнх нь байгаль орчин юм уу, аж үйлдвэрийн байгууллагуудтай ойр ажилладаг, цөөн хэд нь бие даасан шинж чанартай байсан байна.

фото: Б.Рэнцэн

Гэхдээ өнөөдөр Германы хэвлэл мэдээллийн гол хэрэгслүүдэд ажиллаж буй эдийн засаг, улс төрийн сэдвээр мэргэшсэн сэтгүүлчидтэй харьцуулахад байгаль орчны сэтгүүлч маш цөөхөн аж. Хэдийгээр байгаль орчны сэтгүүл зүй Германы сэтгүүл зүйн хөгжлийн нэг салаа мөчир болж буй ч  байгальд ээлтэй технологийн талаар түлхүү мэдээлдэг болсон байна. Гэхдээ үүнээс гарах сөрөг үр дагавар, амьдралын мөчлөгийн дүн шинжилгээний талаарх мэдээлэл хомс байгааг жишээн дээр тулгуурлан тайлбарласан. 

Түүний хэлж буйгаар, “эко” нэртэй компани, байгууллагуудын талаар эрэн сурвалжлага, судалгаа огт хийгдэхгүй байгаа аж. Байгаль орчны сэдвээр дагнасан ихэнх сэтгүүлч байгаль хамгаалах байгууллагуудын талаар түгээмэл, ерөнхий ойлголттой байгаагаа “ногоон үзэл баримтлал” гэж буй нь алдаатай үзэл хэмээн тэрээр үзэж байна. “Байгаль орчны сэтгүүл зүй нийгэмд тун удахгүй “аудит”-ын үүрэг гүйцэтгэх цаг ирнэ гэж Асэндорпф багш хэллээ.

Илтгэлийн дараа орон нутгийн сэтгүүлчид “Бороо гоулд” уурхайн нөхөн сэргээлт, нийгмийн хөрөнгө оруулалт зэрэг хэд хэдэн сэдвээр Virtual хэвлэлийн бага хурал хийсэн юм. Өөрөөр хэлбэл, сэдвээ сонгож, төрөл жанраа тодорхойлон, боломжит гарчиг, зурагт жишээн дээр ажиллаж, мэдээний эх дээр хэлэлцүүлэг хийн, нэмэлт ямар ямар судалгаа, хайгуул хийх шаардлагатайг тодорхойлсон юм. Сэтгүүлчид сэдвээ өөр хоорондоо чөлөөөтэй харилцан ярилцаж, Асэндорпф багш ч тухай бүрт нь санал зөвлөмж өгсөн нь  сургалтыг улам өгөөжтэй  болгож байв.

“Таны бичиж буй нийтлэл, сурвалжлага дор хаяж гурван эх сурвалжтай байснаар  баталгаажих учиртай. Сэтгүүлч хүн аливаад сэжиглэж ханддаг байх ёстой. Бид уншигчдын нүд чих болохоос тархи биш юм. Тиймээс өөрийн санаагаа хэзээ ч уншигчдад тулгаж болохгүй” хэмээн тэрээр зөвлөлөө. 

Өнөө цагт сэтгүүлчдийн мэдээллийн гол сурвалжийн нэг нь интернэт. Тэгвэл Асэндорпф багш “Google”-ийг ухаалаг байдлаар, өдөр тутам ашиглаж сурах зааварчилгаа өгсөн. “Залуу сэтгүүлчид шууд л google, интернэтийг судалгаагаа болгох гэж оролддог. Энэ нь буруу биш ч ихэнхдээ ул суурьтай, болгоомжтой хандах хэрэгтэй” гээд интернэтийн зөв зохистой ашиглалтын талаар хичээлээ үргэлжлүүлэв.

Google хайлтын системээс мэдээлэл авахад голдуу АНУ-ын эх сурвалжтай мэдээллүүд гарч ирдэг байна. Тус системийн мэдээлэл бүрдүүлэлт маш нууцлагдмал бөгөөд энэхүү бизнесээсээ жилдээ 50 тэрбум ам.долларын ашиг олдог ажээ.

Асэндорпф багш сургалтынхаа үеэр “Internet Arhive” гэсэн хайлтын сонирхолтой системийн талаар мөн танилцуулж, веб хуудаснаас устсан мэдээллүүдийг тус архиваас хайхад гарч ирдэгийг тодорхой жишээн дээр тайлбарлаж үзүүлсэн.    

“СЭТГҮҮЛЧИДТЭЙ ӨНГӨРҮҮЛСЭН ӨДРҮҮД САЙХАН БАЙЛАА”

фото: Б.Рэнцэн

Орон нутгийн сэтгүүлчдийн идэвх оролцоо сайн байгаад Асэндорпф багш сэтгэл өндөр  байв. “Зөвхөн үнэнийг өгүүлэх нь сэтгүүлчийн мэргэжлийн зарчим юм. Үргэлж энэ зарчмаа баримталж явна гэдэгт итгэлтэй байна. Та бүхэнтэй өнгөрүүлсэн өдрүүд үнэхээр сайхан байлаа” хэмээн  тэрээр ярилаа.

Гурван өдрийн сургалтын дараа сэтгүүлчдэд сертификат гардуулах хүндтэй мөчид GIZ-ийн Эрдэс баялаг, түүхий эдийн иж бүрэн санаачилга хөтөлбөрийн захирал Др.Ханселманн “Манай хөтөлбөр дөрвөн аймагт “Орон нутгийн цогц хөгжил-4 талын түншлэл” төслийг амжилттай хэрэгжүүлж байгаа. Сэтгүүлч та бүхэн энэ үйлсэд тусална гэдэгт найдаж байна. Талуудад үнэн зөв, бодитой мэдээлэл түгээх, хамтын ажиллагааг амжилтад хүргэхэд сэтгүүлчдийн үүрэг оролцоо их” гэдгийг онцлон тэмдэглэсэн.

фото: Б.Рэнцэн

GIZ-ийн Эрдэс баялаг, түүхий эдийн иж бүрэн санаачилга хөтөлбөрийн захирал Др.Ханселманн, Дэд захирал О.Батболд, “Хөгжлийн төлөө сэтгүүлзүй” ТББ-ын захирал  Б.Алигэрмаа, багш Асэндорпф нар  орон нутгийн сэтгүүлчдэд сертификат гардууллаа.

“Орон нутгийн мэдээллийн сүлжээ-2016” төслийн дараагийн  сургалтыг ирэх наймдугаар сард Өвөрхангай аймагт зохион байгуулахаар товлоод байгаа билээ.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Нэр:
Сэтгэгдэл:
СЭТГЭГДЭЛ (0)

Сэтгэгдэл байхгүй байна