“Орон нутгийн мэдээллийн сүлжээ” төслийн 2016 оны сургалт эхэллээ

Монголын уул уурхай, эдийн засгийн мэргэшсэн The Mongolian Mining Journal сэтгүүлийн дэргэдэх “Хөгжлийн төлөө сэтгүүл зүй” ТББ, Германы хамтын ажиллагаа нийгэмлэгийн /GIZ/ Эрдэс баялаг түүхий эдийн иж бүрэн санаачилга хөтөлбөртэй хамтран 2015 онд “Орон нутгийн мэдээллийн сүлжээ” төслийг амжилттай хэрэгжүүлсэн билээ. Төслийн хүрээнд баруун 7, зүүн 5 болоод өмнөд 4 аймгийн нийт 57 сэтгүүлчийг хамруулсан сургалтыг бүсчилэн зохион байгуулсан. Энэхүү сургалтаар сэтгүүлчдийг уул уурхай, эдийн засгийн сэдвээр судалгаатай, баттай эх сурвалжаас олон нийтэд хэрхэн зөв мэдээлэл хүргэх талаар мэргэшүүлэхийг зорьсон юм. 

Тэгвэл “Орон нутгийн мэдээллийн сүлжээ” төслийг 2 дахь жилдээ үргэлжлүүлэн зохион байгуулахаар болж 2016 оны анхны сургалт өнөөдөр Улаанбаатар хотноо Хууль зүйн хүрээлэнгийн "Хуульчид" танхимд эхэлж байна. “Орон нутгийн мэдээллийн сүлжээ 2016” төслийн сургалтын нээлтийн үйл ажиллагаанд The Mongolian Mining Journal сэтгүүлийн эрхлэгч Б.Алигэрмаа оролцож, The Mongolian Mining Journal сэтгүүлийн Орлогч эрхлэгч Н.Ариунтуяа, Германы хамтын ажиллагаа нийгэмлэгийн /GIZ/ Эрдэс баялаг түүхий эдийн иж бүрэн санаачилга хөтөлбөрийг Дэд захирал О.Батболд нар үг хэллээ.

Энэ удаагийн сургалтыг Герман улсын сэтгүүлч Др.Асэндорпф удирдан явуулж буй онцлогтой. Тэрээр 1953 оноос түүхтэй “Deutsche Welle” академийн багш бөгөөд Германы Бремений Их Сургуулийн сэтгүүл зүйн лектороор ажилладаг.

Асэндорпф багш Монголын сэтгүүлчдэд зориулан энэхүү сургалтаараа эдийн засаг, байгаль орчин, нийгмийн асуудлуудын чиглэлээр сэтгүүл зүйн туршлага, арга барилын талаар хичээл заана.

Энэ жилийн сургалтын бас онцлог бол “Орон нутгийн мэдээллийн сүлжээ” төслийн 2015 оны сургалтад хамрагдсан сэтгүүлчдээс шигшигдэн оролцож буй. Өнгөрсөн жилийн сургалтад оролцсон сэтгүүлчид маань уурхайн үйл ажиллагаатай газар дээр нь танилцах санал хүсэлт гаргасны дагуу энэ жил сургалтын хөтөлбөртөө Сэлэнгэ аймаг дахь алтны Бороогийн уурхайн нөхөн сэргээлтэй танилцах аялалыг багтаалаа.

Өнөөдөр эхэлж буй сургалтын арга хэмжээнд зүүн, баруун болоод өмнөд бүсийн нийт 35 сэтгүүлч оролцож байна. Гурван өдрийн турш үргэлжлэх энэхүү сургалтад хамрагдсан сэтгүүлчдэд сертификат  олгоно.

Э.Од
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Нэр:
Сэтгэгдэл:
СЭТГЭГДЭЛ (0)

Сэтгэгдэл байхгүй байна