Хэвлэлийн зөвлөл бол ардчиллын мөн чанар

Монголд Хэвлэл мэдээллийн зөвлөл байгуулагдаад нэг жил болох хугацаанд гаднаас нэг бус сургагч багш авчирч, Зөвлөлийн гишүүдэдээ сургалт зохион байгуулаад буй юм. Тэдний нэг нь Босни Херцеговинын Хэвлэл мэдээллийн зөвлөлийн дарга, олон улсын сургагч багш Лилиана Зуравос манайд өнгөрсөн оны арванэг, арванхоёрдугаар сард ирж хэвлэл мэдээллийн хэрэгслийн өөрийн зохицуулалтын хуралд оролцож сургалт хийсэн. Энэ үеэр түүнтэй Монголд хэвлэлийн зөвлөлийг хэрхэн зөв төлөвшүүлж, хөгжүүлж авч явах талаар ярилцлаа. Тэрбээр хэвлэл мэдээллийн байгууллагын өөрийн зохицуулалтын талаар арвин туршлага, мэдлэгтэйгээс гадна үүнийг дэлхийн олон оронд хөгжүүлэхийн төлөө хүч оюунаа дайчилж яваа юм билээ.

Монголд хэвлэлийн зөвлөл байгуулагдаад, танаас хоёр дахь удаагийн сургалтаа авлаа. Та энэ талаар ямар сэтгэгдэлтэй байна вэ?

Энэ бол миний хувьд нэр төрийн хэрэг. Би Монголд дөрөв дэх удаагаа ирж байна. Анх гурван жилийн өмнө ирэхэд хэвлэл мэдээллийн зөвлөл байгуулах тухай яриа явж байсан. Одоо байгуулчихсан, үйл ажиллагааг нь жигдрүүлэх гээд ажиллаж байгаа нь том амжилт юм.

Анх таныг гурван жилийн өмнө ирэхэд энэ талаар ямар яриа байсан бэ?

Фредрих Эбиртийн сан, Монголын хэвлэлийн хүрээлэн хамтран зохион байгуулсан үйл ажиллагаанд ирж байсан. Хэвлэл мэдээллийн эзэд, салбарын төлөөлөгчид хамтарч хэвлэл мэдээлийн салбарт өөрийн зохицуулалт гэдэг зүйлийг хэрхэн бүрдүүлэх вэ, бүрдүүлэх хэрэгцээ шаардлага байгаа тухай хамгийн анх удаа цуглаж ярилцаж байсан. Тухайн үед гурван өдрийн үйл ажиллагаа болсон. Хоёр өдөр нь хэвлэл мэдээллийн эзэд болон байгууллагад хандсан хөтөлбөр нэг өдөр сэтгүүлчдэд зориулсан арга хэмжээ нийт 50 груй хүнийг хамран зохион байгуулсан. Өнөөдөр энэ ажлын үр дүн гарчихсан байгааг харах таатай байна.

Хоёр дахь удаагаа Монголд ирэхэд бас арай өөр болчихсон байсан. Мэргэжлийн холбоод болон хэвлэлийн зөвлөлийн клубын үйл ажиллагаа идэвхжсэн байсан. Хэвлэл мэдээллийн томоохон байгууллагын төлөөллүүд Хэвлэл мэдээллийн зөвлөл гэдэг байгууллага Монголд байгуулагдах юм байна гэдгийг хүлээн зөвшөөрчихсөн үе байсан. Энэ үйл явдлаас хэдхэн сарын дараа Хэвлэл мэдээллийн зөвлөл байгуулагдсан байсан.

Гурав дахь удаагаа 2015 он арвандүгээр сард ирсэн. Ингэж ирэхдээ Хэвлэл мэдээллийн зөвлөлийн Удирдах гишүүдэд сургалт хийж, тус зөвлөлийн хоёр Ес зүйн хорооныхонтой уулзаж, өргөдөл гомдол хэлэлцэн шийдвэрлэх үйл явцтай танилцсан. Мөн энэ үеэр хэвлэл мэдээллийн өөрийн зохицуулалтын талаар хамгийн анхны нээлттэй хэлэлцүүлгийг хийсэн.

Монголын хэвлэл мэдээллийн зөвлөл гэдэг байгууллагын төлөвшил, ирээдүйг та хэрхэн харж байна вэ?

Монголын хэвлэл мэдээллийн зөвлөл зөв зам дээрээ явж байна. Тус зөвлөлийн удирдлагуудын хувьд салбартаа нэлээд хүлээн зөвшөөрөгдсөн сайн баг бүрджээ гэж би ажигласан. Мөн салбарын гишүүдийн зүгээс дэмжлэг байна гэж үзэж байна. Мэдээж цаашаа хэвлэлийн өөрийн зохицуулалтын талаарх мэдээллийг түгээж байр сууриа эзэлж хөгжүүлэхийн тулд асар их ажил хийнэ. Монголын хэвлэлийн зөвлөлийг бүх ажлыг хийж, тулгарах сорилт бэрхшээлийг даван туулж чадна гэдэгт би итгэлтэй байна. Яагаад гэвэл хэвлэл мэдээллийн өөрийн зохицуулалт гэдэг зүйл нэг талыг барьсан биш, мэргэжлийн сэтгүүлчид, хэвлэлийн байгууллагын эзэд болон олон нийтийн эрх ашгийг тэгш хамарсан зүйл байдгаараа онцлогтой. Өөрөөр хэлбэл, зөвхөн мэргэжлийнхнийг биш хэрэглэгчдийг давхар хамгаална гэсэн үг. Хэвлэл эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөөх байгууллага юм. Зөвлөлийн зүгээс салбарынхнаасаа хариуцлагатай бөгөөд мэргэжлийн бүтээгдэхүүнийг шаарддаг. Нөгөө талаас энэ байгууллага олон нийтийн буюу иргэдийн эрх ашгийг хамгаална.

Хэвлэлийн зөвлөл салбарынхныгаа биш иргэд, олон нийтийн эрх ашгийг хамгаална гэж та ярилаа. Энэ талаар тодруулж хэлэхгүй юу?

Юунаас хамгаалаад байгаа вэ гэхээр хариуцлагагүй, зүй бус худал мэдээллээс олон нийтийг хамгаалах байгууллага. Энэ ч утгаараа иргэд худал хуурмаг, сенсааци үүсгэсэн, хөөстэй зүй бус, ёс суртахуунгүй мэдээллүүд гарсан тохиолдолд хэнд хандахаа мэддэг, асуудлыг шийдүүлдэг газартай болж байна гэсэн үг. Энэ бол маш том зүйл.

Тэгэхээр Хэвлэлийн зөвлөл хэвлэл мэдээллийн байгууллага болон түүний эцсийн хэрэглэгчид болох уншигчдыг хооронд нь эвлэрүүлэн зуучлах гүүрийн үүрэг гүйцэтгэдэг. Нэг зүйлийг сайтар анхаарах хэрэгтэй. Хэвлэлийн зөвлөл иргэдээс гомдол хүлээж авснаараа сэтгүүлчдийн эсрэг тэднийг хяхаж хавчих үйл ажиллагаа явуулах зорилготой биш. Харин ч эсрэгээрээ гомдол хүлээж авч хүмүүс тэр мэргэжлийн байгууллагын бүтээгдэхүүнийг уншиж танилцаж байдаг. Хоёрдугаарт, зөв мэргэжлийн мэдээллийг өгөхийг шаардаж байгаа нэг арга зам болж байна.

Хэвлэлийн зөвлөлтэй болсноороо сэтгүүлчид, хэвлэлийхэнд ямар давуу тал үүсэх вэ? Манай монголчуудад шүүх засаглалыг илүүд үзэх хандлага байдаг л даа.

Хэвлэлийн салбарын өөрийн зохицуулалт гэдэг аливаа асуудлыг салбарынхаа хэмжээнд аль болох эвлэрч хоорондоо зохицож шийдэхийг хэлж байна. Аливаа сэтгүүлч гаргасан алдаа дутагдлынхаа төлөө заавал өөр газар дуудагдах биш, харин дотооддоо шийдээд уучлал хүсэх, залруулга гаргах, дахин мэдээллэх гэх мэтээр аль боломжоороо хялбар аргаар шийдчих боломжийг гаргаж өгч байгаа юм. Ингэснээрээ сэтгүүлчид маань илүү мэргэжлийн, төлөвшсөн байдлаар асуудалд хандаж хариуцлага хүлээх боломжтой болж байгаа юм. Зарим нь би алдаа гаргаснаа хүлээн зөвшөөрчихвөл намайг мэргэжлийн биш муу гээд ойлгочих болов уу ч гэж бодож болно. Энэ бол тийм биш. Сэтгүүлч ч гэсэн хүн. Ямар ч хүн ажлаа хийх явцдаа алдаа гаргадаг. Гаргасан алдаагаа ухаарч ойлгох, залруудах гэдэг бол зүгээр жам ёсны л асуудал. Гол нь алдаагаа олон нийтийн эрх ашгийн төлөө л хүлээн зөвшөөрч залруулах учиртай.

Монголын хэвлэлийн зөвлөл ёс зүйн зарчмаа маш сайн боловсруулж гаргаж чадсан байна. Мэргэжлийн сэтгүүлчид энэ ёс зүйн зарчмыг заавал дагаж мөрдөх ёстой. Яагаад гэвэл мэргэжлийн ёс зүйн код гэдэг эргээд сэтгүүлчийг хамгаалах зорилготой байдаг. Хэрвээ сэтүүлч хүн эргээд хууль дүрэм ёс зүйгээ мөрдөөд л бүтээгдэхүүн гаргаж чадах юм бол хэн ч тэр хүнийг өөрийнх нь хийгээгүй зүйлийн төлөө гүтгэх, буруутгах үндэслэл үүсэхгүй. Манай Боснид ч гэсэн энэ ёс зүйн код ажил хийхэд чөдөр тушаа болж байна гэж ярьдаг. Гэтэл тийм биш. Ёс зүйн код харин ч сэтгүүлчийг ямар нэгэн алдаа дутагдал гаргаж, хэрэг төвөгт холбогдохоос хамгаалж байгаа юм.

Хэвлэлийн зөвлөл, шүүхийн байгууллагад хандах хоёрын ялгааны тухай та их зөв асуулт асуулаа. Хэвлэлийн зөвлөлийн эвлэрүүлэн зуучлах үйлчилгээг шүүх зсаглалтай харьцуулахад харьцангуй зөөлөн байдаг. Нөгөө талаас хэвлэлийн зөвлөл мэргэжлийн сэтгүүл зүй хийгээд ёс зүйг хөгжүүлэх гээд маш чухал үүргийг гүйцэтгэж байна. Энд хамгийн чухал нь ёс зүйн код байгаа.

Буруугаа хүлээн зөвшөөрч залруулга гаргаснаараа ч юм уу, эсвэл гомдол зөөлөн хариу үйлдэл үзүүлснээр асуудал шийдэгдчихгүй. Шийдэгдлээ гэж үзэхэд нэг л дутуу санагдаад байгаа мэт ойлголт хүмүүст төрөхийг үгүйсгэхгүй. Энэ нь магадгүй манай өмнө байсан социалист нийгэмтэй холбоотой байж ч болох. Заавал хэн нэгнийг шийтгүүлж байж санаа нь амардаг. Тэгэхээр хэвлэлийн зөвлөл иргэдийн итгэл үнэмшлийг хэрхэн төрүүлэх вэ?

Ямар ч улсад анх хэвлэлийн зөвлөл байгуулагдах эхэн үед ийм зүйл ажиглагддаг. Ялангуяа социалист дэглэмээс ардчилал руу дөнгөж шилжиж орсон орнуудын хувьд энэ бол энгийн үзэгдэл. Ийм орнуудад сэтгүүлчид нэгэнт л надад шийтгэл байхгүй юм бол ямар нэмэр байгаа, яагаад заавал би ийм стандарт хэм хэмжээг дагах ёстой юм гэж боддог. Энэ нийгэм бол арай өөр. Бид мэргэжлийн байх ёстой учраас л мэргэжлийн ёс зүйг дагах учиртай гэсэн сэтгэлгээ суух ёстой.

Надад ч ийм асуулт ирдэг. Харин би тэднээс “Чамайг өглөө ажилдаа ирэхэд чинь редактор чинь за өнөөдөр ажилдаа мэргэжлийн байна шүү гээд гурав алгадаад, хэрэв мэргэжлийн байж чадахгүй бол орой дахиад гурав алгадна шүү гэсэн юм яагаад заавал хүсээд байгаа юм бэ. Эсвэл тийм байлгамаар байгаа юм уу” гэж асуудаг. Заавал яагаад өшиглүүлж байж ажиллах ёстой гэж. Мэргэжлийн байгаагүйн төлөө шийтгэлтэй орчин байвал юу болох вэ? Тэгэхээр гэм шийтгэл гэхээсээ илүү бидний мэргэжлийн бус үйлдэлийн үр дагавраас болж хүмүүст ямар хэмжээний хохирол учир болох вэ гэдгийг урьдчилж харж байх хэрэгтэй. Сэтүүлч, хэвлэл мэдээллийн ажилтнуудын эрхэлж буй ажил хүнд итгэл үнэмшил төрүүлэх маш хүчтэй зэвсэг учраас хариуцлагатай хандаж, үнэн бодит мэдээллийг өгөх ёстой. Тийм ч учраас сэтгүүл зүй гэдэг зүйгээр ч нэг мэргэжил илтгээлт юм. Тэр нь юуны төлөө илгээлт вэ гэхээр үнэний төлөөх.

Бидний туйлын зорилго бол ямагт олон нийтийн эрх ашиг сонирхлын талд зогсож, түүнд үйлчлэх ёстой. Сэтгүүлчид мөнгөтэй хүн, нам эвсэл, улс төр групп компанийн гар хөл болох ёсгүй. Тэр ашиг сонирхолд үйлчилдэг маркетингийн зориулалтын хуудасууд, тусгай цагуудад хуваарилагдчихсан байдаг. Хэвлэл мэдээллийн эрх чөлөөгүйгээр ардчиллыг бий болгох боломжгүй, мөн ардчилал хариуцлагатай, бие даасан хэвлэл мэдээлэлгүйгээр оршин тогтнох боломжгүй. Ийм учраас Хэвлэл мэдээллийн зөвлөл ардчиллын үнэт зүйлийг бий болгох, хангах, ардчиллын утга мөн чанарыг хадгалахад маш чухал үүрэгтэй юм. Хэвлэлийн зөвлөлийн өмнөө барьж байгаа ёс зүйн зарчим мэргэжлийн редакторууд, сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн байгууллагын эздэд ямар хариуцлагатай ажил хийж байгаа вэ гэдгээ ойлгож ухамсарлах тэр боломжийг бас олгодог.

Сэтгүүл зүй мэргэжлийн байхад хамгийн чухал нь ёс зүйн код байдаг. Энэ нь сэтгүүлчдэд юу өгдөг вэ?

Монголын хэвлэлийн зөвлөлийг ёс зүйн кодоо маш сайн гаргасан байна гэж би хэлсэн. Ёс зүйн код нь сэтгүүлч, хэвлэлийн эзэд, редакторуудын хувьд өмнө нь мэддэг байсан зүйлээс өөр шинэ зүйл бол биш. Илүү нарийн, дэвшилттэй хувилбар болсон байгаа. Хэвлэлийн зөвлөлөөс үүнийг гаргана гэдэг нь байгуулагуудад бид үүнийг баримтална гэсэн албан ёсны тунхаглалыг гаргаж өгч байгаа гэсэн үг. Ингэснээрээ иргэдийн зүгээс ч гэсэн ёс зүйгүй байна гэдэг тал дээр санал бодлоо зөв илэрхийлэх боломжийг нь нээж өгч байгаа.

Сүүлийн үед манай Боснигийн Хэвлэлийн зөвлөлд ирж байгаа гомдол ямар байдалтай болж байна вэ гэхээр “...Хүндэт редакци,...хүндэт редактороо, танай хэвлэлийн байгууллагаас гаргасан энэ мэдээлэл чинь таны мэргэжлийн ёс зүйн зарчмын энэ энэ заалтуудыг зөрчиж байна” гэж ирдэг болсон. Мэргэжлийн болж байгаа. Ийм гомдол хүлээж авсан байгууллага өөрийн эрхгүй юмаа эргэж харахаас аргагүй байдалд орох жишээтэй. Уншигч сонсогчид нь өөрсдөөс нь илүү мэргэжлийн ёс зүй кодыг мэддэг болсон байна гэсэн үг. Энэ нь тухайн редакци бид үүнийгээ засахгүй бол хэрэглэгчээ алдах юм байна гэж ухамсарлах хэмжээнд хүргэж байна.

Хэвлэл мэдээллийн зөвлөл хэвлэлийн салбарыг хараад, атгаад сууж байдаг мафийн толгойлогч шиг аюултай байгууллага бол биш. Аливаа асуудалд саармаг буюу дундын байр сууринаас хандаж аль нэг тал руу хэвийсэн бус салбарын мэргэжилтнүүд болон хэрэглэгч хоорондын харилцан ойлголцолыг бий болгож цаашид хамтарч хөгжүүлэх зорилготой байгууллага. Иргэд, сэтгүүлчид хамтраад сэтгүүл зүйн салбарын мэргэжлийн хэм хэмжээг дээшлүүлэх зорилготой. Хамтдаа тэмцэнэ гэсэн үг. Олон нийт бол хэвлэл мэдээллийн хэрэгсэл эрх чөлөөгөө олж аваагүй цагт ард иргэдийн хувьд эрх чөлөө байхгүй юмаа гэдгийг маш сайн ойлгох хэрэгтэй. Нөгөө талаас сэтгүүлчдийн хувьд хариуцлагатай, үнэн зөв мэдээллийг өгөх боломжгүй орчин байвал ард түмэн хохирно гэдгийг ухамсарлах ёстой. Тиймээс манай хэвлэлийн зөвлөл “Иргэд болон сэтгүүлчид хамтдаа үнэний төлөө тэмцэцгээе” гэсэн уриа үгийг ашигладаг. Энэ үгийг мөн Монголд ч гэсэн ашиглаж болно. Тэгэхээр бие даасан, үйл ажиллагаа нь тогтмолжсон хэвлэл мэдээллийн зөвлөлтэй байна гэдэг бол тухайн улс ардчиллыг өндөрт өргөж, арчилал биелэлээ олсоны том нотолгоо юм.

Хэвлэлийн зөвлөл төлөвшихөд эзэд, сэтгүүлчид яаж хамтран ажиллаж дэмжиж ажиллах вэ. Тэдний оролцоо ямар байх ёстой вэ?

Сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн эзэд юуны өмнө Хэвлэл мэдээллийн зөвлөлөөс гаргасан ёс зүйн зарчмыг үйл ажиллагаандаа мөрдөхөө хүлээн зөвшөөрөх ёстой. Харин Хэвлэлийн зөвлөлөөс ёс зүйг хэрэгжүүлж байгаагийнх нь хариуд “Энэ байгууллага ёс зүйг дээдэлж, баримталдаг байгууллага шүү” гэдэг лого өгч, брэндингийг нь маш сайн хийж өгөх хэрэгтэй. Ингэснээрээ тухайн байгууллагад өөрт нь ч гэсэн давуу тал бий болох боломжтой. 

Мөн хэвлэл мэдээллийн байгууллагууд өөрсдөд нь хаягласан санал гомдлыг хүлээн аваад, хүлцэл өчиж, залруулга хийх байдлаар зохих хариу үйлдэл үзүүлснээрээ тухайн хэвлэл мэдээллийн багууллага уншигч, сонсогчдоо хүндэтгэдэг төдийгүй алдаа дутагдлаа хүлээн зөвшөөрөх чадвартай, хариуцлагатай байгууллага гэдгээ илэрхийлж байгаа юм. Ингэснээрээ мэдээлэл түгээгч байгууллага болон хэрэглэгчдийн дунд илүү бат бэх хамтын ажиллагаа бий болох давуу талтай.

Мөн хэвлэлийн зөвлөлтэй болсноор хэвлэлийн байгууллагууд алдаа дутаглаа засах, тулгарч байгаа асуудлаа хамтарч шийдвэрлэх мэргэжлийн түнш байгууллагатай болж байна гэсэн үг. Хэвлэлийн байгууллагууд, эзэд Хэвлэл мэдээллийн зөвлөлийнхөө наандаж үйл ажиллагаа явуулах наад захын санхүүгийн дэмжлэг үзүүлэх нь чухал. Хэвлэл мэдээллийн зөвлөл гэдэг бол өөрийн зохицуулалтын салашгүй бөгөөд хамгийн органик хэсэг. Энэ хэсгийн үйл ажиллагааг дэмжих нь хэвлэл мэдээллийн эздийн үүрэг.

Хөгжингүй орнуудад бол хэвлэл мэдээллийн зөвлөлд үйл ажиллагааг томоохон хэвлэл мэдээллийн байгууллагууд дэмждэг. Өөрсдийнх нь эрх ашгийн төлөө гэдгийг ухамсарладаг учраас ямар ч асуудалгүйгээр дэмжлэг үзүүлдэг. Хөгжил буурай орнууд болон ардчилал шинээр оршин тогтнож буй улсад бид хэвлэл мэдээллийн зөвлөлийг дэмжих боломжгүй гэж хэлэх тохиолдол байдаг. Энэ тохиолдолд заавал мөнгө санхүүгээр биш ч гэсэн өөрсдийн үйл ажиллагааныхаа чиглэлээр тодорхой хэмжээний зар сурталчилгаа байрлуулах ч юм уу, мэдээлэл гаргах буюу ёс зүйн зарчмуудыг олон нийтэд хүргэх байдлаар дэмжлэг үзүүлэх боломжтой. Нөгөө талаасаа сэтгүүл зүйг хөгжүүлэхийн төлөө мэргэжлийн салбарын талаар аль болох зөв ойлголт өгч, ёс зүй гэдгийг олон нийтэд сурталчилан таниулах ёстой юм.

Олон улсын туршлагаас харахад төр засгийн байгууллагууд Хэвлэлийн зөвлөлийг дэмжиж хамтрах тал дээр ямар байвал зохилтой вэ?

Маш сайхан асуулт байна. Зарим улсад хэвлэлийн эрх чөлөөг төр засгаас дэмжих сонирхол байдаг. Энэ нь нэг талаасаа сэтгүүл зүйн эрх чөлөө гэдэг утгаар нөгөө талаас иргэдийн хэвлэн нийтлэх, үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг хангаж нэлээд сайн дэмжлэг үзүүлдэг төр засаг байна. ХБНГУ гэхэд зарим тохиолдолд Хэвлэлийн зөвлөлийн үйл ажиллагааны нийт төсвийн 48 хүртэл хувийг төрөөс гаргадаг. Герман энэ тал дээр хамгийн үлгэр жишээ улс. Ардчилал шинээр хөгжиж байгаа улсуудын хувьд энэ асуудал бэрхшээлтэй. Ийм орнуудад хэвлэл мэдээллийн зөвлөл төрөөс мөнгө авлаа гэхэд эргээд төрийн хараат байдлаа алдах вий гэсэн болгоомжлол бол байдаг. Нөгөө талаас зарим улсын төр засаг хэвлэл мэдээллийн тусгаар тогтнол сэтгүүл зүйн эрх чөлөөг дэмжих нь өөрсдийн үүрэг гэж огт харахгүй тохиолдол ч бий. Гэхдээ эрт орой хэзээ нэгэн цагт Хэвлэлийн зөвлөл гэдэг байгууллага төр засгаас нийт төсвийнхөө тодорхой хувийг гаргуулах ёстой.

Яагаад гэвэл энэ нь эргээд хариуцлагатай сэтгүүл зүй хэвлэлийн эрх чөлөө дээрээс нь ардчиллын үнэт зүйлсийн нэг тулгуур хүчин зүйл болохын хувьд энэ зорилгын төлөө төрөөс заавал тодорхой хэмжээнд дэмжлэг байх ёстой. Ингэхдээ төрөөс хэвлэл мэдээллийн зөвлөлийн бие даасан байдал, хараат бус байдалд нь халдаж, дарамт шахалт үзүүлж болохгүй. Нөгөө талаасаа хэвлэл мэдээллийн зөвлөл гэдэг байгууллагын хувьд төртэйгээ анхнаасаа зөв хамтарч ажиллаж сурах нь чухал. Яагаад гэвэл энэ байгууллага төрийн эсрэг биш. Тэгээд ч төрөөс гаргаж байгаа мөнгө төрийн мөнгө биш, татвар төлөгчдийн мөнгө байдаг. Тийм болохоор татварын мөнгийг иргэдийн хэвлэл эрх чөлөөгөөр хангагдах эрхийн төлөө ашиглах нь зүйтэй.

Сүүлийн үед хэвлэл мэдээллийн зөвлөлийн олон улсын чиг хандлагад ямархуу өөрчлөлт байна вэ?

Хэвлэлийн зөвлөлийн өөрийн зохицуулалт гэдэг зүйл 100 жилийн өмнөөс Скандиновын орнуудаас үүсэлтэй. Энэ жил хэвлэл мэдээллийн салбарын өөрийн зохицуулалт бий болсны 100 жилийн ойг Швед улсад тэмдэглэх гэж байна. Германд 60 жилийн өмнө байгуулагдсан. Норвегт бол бараг 10 жил болж байна. Их Британи, Эстони зэрэг мөн он удаан жилийн түүхтэй. Харин коммунист болон социалист дэглэмтэй байж байгаад шинэхэн ардчилал руу шилжсэн улсуудын хувьд бол Босни Херцеговины анхдагчдийн нэг. Манай улсад Хэвлэл мэдээллийн зөвлөл байгуулагдаад 15 жилийн нүүр үзэж байна. Мөн Македон, Серби зэрэг 30 гаруй оронд 10 гаруй жил болж байгаа. Дэлхий даяар хэвлэл мэдээллийн зөвлөлийн тоо өдөр ирэх тусам олширч байна. Хуучин ЗХУ-ын гишүүн байсан ОХУ, Азербайжан, Гүрж, Армен гэх мэт оронд ч байгуулагдлаа.

Ази Номхон далайн бүсэд ч гэсэн томоохон дэвшил өөрчлөлтүүд гарч байна. Жишээлбэл, Монголд хэвлэл мэдээллийн зөвлөл байгуулагдлаа. Мөн хэдхэн сарын өмнө Мяньмар улсад Сонин хэвлэлийн зөвлөл байгуулагдаад байна. Тайландад мөн адил. Эрх чөлөөт нийгэм хараат бус ардчиллыг хөгжүүлэхийг хүсэж байгаа бол Хэвлэл мэдээллийн зөвлөл гэдэг байгууллагын болон хэвлэл мэдээллийн салбарын үүрэг оролцоо маш чухал.

Энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулж, дуу хоолой болдог олон улсын байгууллага хэр олон бэ?

Олон улсад одоогийн байдлаар өөрийн зохицуулалтын гурван холбоо үйл ажиллагаа явуулж байна. Нэг нь Европын холбооны бие даасан хэвлэл мэдээллийн зөвлөлүүдийн холбоо. Хоёр дахь нь ЗХУ-ын гишүүн байсан орнуудын хэвлэл мэдээллийн зөвлөлийн холбоо гэж бий. Бид баруун Балканы бус нутгийн өөрийн зохицуулалтын холбоо гэж байгуулсан. Ази Номхон далайн бүсийн сэтгүүл зүйн өөрийн зохицуулалтын холбоог байгуулъя гэсэн яриа гарч байгаа. Энэ зүйлийн талаар би ирэх жилүүдэд илүү ярих байх гэж бодож байна.

Хэвлэл мэдээллийн зөвлөл танай оронд 15 жилийн түүхтэй. Та өөрийн орны хэвлэлийн зөвлөлийг олон жилийн турш удирдаж, авч яваа хүний хувьд өнгөрсөн хугацааны ололт амжилт хийгээд бахархах түүх нь юу байдаг вэ?

Бахархах зүйл маш олон бий. Энэ бол богинохон хугацаа. Ярилцлагын эхэнд дурдсанчлан манай хэвлэлийн зөвлөлийг анх байгуулагдаж байхад хүмүүс бас эргэлзэж тээнгэлзсэн итгэл үнэмшил муутай байсан. 15 жилийн дараа харахад хэвлэл мэдээллийн салбарынхан, иргэд, улс орон манай зөвлөлийг бидний анд нөхөр, журмын нөхөд хардаг болсон. Өөрөөр хэлбэл, мэргэжлийн сэтгүүл зүйг хөгжүүлэхээр явдаг гэсэн тэр итгэл үнэмшил тогтсон байгааг би харж байна. Хэвлэл мэдээллийн хэрэгслийн эзэд ч гэсэн хэвлэлийн зөвлөлийн шүүхээр шийдүүлэхгүйгээр хийгээд байгаа ажил бидний цаг, мөнгийг хэмнэж байна гэдгийг ойлгодог болсон.

Сэтгүүлчид ч гэсэн өөрсдийгөө өмгөөлүүлэх, асуудалд хэрхэн хандах талаар зөвлөгөө мэдээлэл авч байна. Тухайлбал, бэлгийн цөөнхий асуудал зэрэг хоёр талаас нь харж болох эмзэг сэдвүүд дээр ч гэсэн аль талаас нь харвал зүгээр вэ, яаж энэ асуудлыг мэдээлэх вэ гэдэг дээр биднээс заавар зөвлөгөө авдаг. Хэвлэл мэдээлийнхэн маань ч гэсэн иргэдээс ирүүлж байгаа санал гомдол хариу үйлдэл үзүүлээд даджээ. Бидний хийсэн олон сургалт семинарын үр дүнд их сургуулиуд болон Ерөнхий боловсролын сургуулийн сургалтын хөтөлбөрт хэвлэл мэдээллийн салбарын өөрийн зохицуулалтын талаар ойлголт өгөх хичээлүүд ордог. Аливаа зүйлийг эхлэхдээ анхнаас нь мэргэжлийн байж, зөв эхлүүлбэл цааш хадгалж авч явахад амар хялбар байдаг.

Та хэвлэлийн зөвлөлийн талаар хэчнээн оронд явж сургалт хийж байна вэ?

Балканы орнуудад хэвлэл мэдээллийн зөвлөл байгуулах талаар ажиллаж байсан. Серби, Косова, Македон, Монте Негро, Молдав, Мяньмар зэрэг улсад хамтарч ажилласан. Найм дахь орон нь Монгол болж байна. Хорват хоёр ч удаа хэвлэлийн зөвлөл байгуулах гээд үзсэн боловч бүтэлгүйтсэн. Гэхдээ болно гэдэгт би итгэдэг. Унгар Европын холбооны улс ч гэсэн одоо болтол хэвлэл мэдээллийн зөвлөл хараахан байгуулж чадаагүй. 2016 онд болчих байх гэж найдаж байгаа, өөрсдөө ч гэсэн ийм амлалт өгсөн.

Хорватад  хэвлэлийн зөвлөл байгуулах гээд амжилтгүй болсон шалтгаан нь юу байсан бэ?

Хэвлэл мэдээллийн эзэд нь ихэвчлэн ходинг, группийнхэн байдаг учраас дэмжлэг авч чадахгүй байгаа. Бусад улсын хувьд амжилттай болсон.

Эх сурвалж: Mongolian Economy


АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Нэр:
Сэтгэгдэл:
СЭТГЭГДЭЛ (0)

Сэтгэгдэл байхгүй байна