Хөгжлийн сэтгүүлзүйн гол зарчим нь асуудалд гарц хайж, санал болгох

“Хөгжлийн төлөө сэтгүүлзүй” ТББ, Германы хамтын ажиллагааны нийгэмлэгийн Эрдэс баялаг, түүхий эдийн иж бүрэн санаачилга хөтөлбөртэй хамтран “Орон нутгийн мэдээллийн сүлжээ” төсөл хэрэгжүүлж байгаа билээ. Төслийн хүрээнд орон нутгийн сэтгүүлчдэд уул уурхайн чиглэлээр нийтэлж, нэвтрүүлэхэд нь арга зүйн зөвлөгөө өгөх, ур чадварыг нь дээшлүүлэх чиглэлээр бүсчилсэн сургалтууд зохион байгуулсан юм. Сургалтын дараа оролцогчдын дунд Шилдэг бүтээлийн уралдаан зарласан бөгөөд энэ сард уралдааны шалгаруулалтыг хийлээ.

Шилдэг бүтээлийг үнэлж цэгнэх шүүгчээр МУИС-ийн Сэтгүүлзүйн тэнхмийн дэд профессор, доктор Б.Наранбаатар, Германы Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг (GIZ)-ийн Эрдэс баялаг, түүхий эдийн иж бүрэн санаачилга хөтөлбөрийн Дэд захирал О.Батболд, Mongolian Mining Journal сэтгүүлийн Ерөнхий эрхлэгч Л.Болормаа, Орлогч эрхлэгч Н.Ариунтуяа, сэтгүүлч Г.Идэрхангай, С.Болд-Эрдэнэ нар ажилласан юм. нийтлэлийн шилдэг бүтээлийг Шинэлэг санаа, Зохиомж, Хэл найруулга, Баримт, эх сурвалж ашигласан байдал, Бичлэгийн ур чадвар гэсэн 5 шалгуур үзүүлэлтээр үнэлж, шалгуур бус бүрийг 1-5 оноогоор үнэлэв. Харин шилдэг нэвтрүүлгийг дээр дурдсан эхний дөрвөн үзүүлэлт дээр Оновчтой хийц /хөгжим, шум, техникийн шийдэл г.м./ гэсэн шалгуураар үнэлсэн юм.

Шилдгийг тодруулахын тулд шүүгчид юуг хэлэлцэж, ямар үнэлэлт дүгнэлт өгснийг сонирхуулъя. 

Н.Ариунтуяа:  Сэтгүүлчид шилдэг бүтээлийн уралдаанд идэвхтэй оролцохоо мэдэгдэж байсан ч шалгаруулалтын мөчид цөөн тооны бүтээл ирлээ. Хугацааны хувьд орон нутгийн сэтгүүлчдийг харгалзан үзэх зарим шалтгаанууд бий. Сургалтын дараа амралтын улирал таарсан тул сэтгүүлчид мэдээлэл олох, бэлтгэх хоёр сараа алдсан талтай. Мөн орон нутгийн хэвлэл мэдээлэлд хүн хүч хомстой ч холбоотой байх. Зарим тохиолдолд нэг ажилтан сэтгүүлч, зураглаач, найруулагч гээд бүгдийг хийдгийн улмаас уралдааны шалгуурын дагуу нийтлэл, нэвтрүүлэг бэлдэхэд тодорхой цаг хугацаа зориулах бололцоо бага байдаг нь анзаарагдаж байсан. Гэхдээ цөөн хэдий ч уралдаанд бүтээлүүд ирснийг бид амжилт гэж үзэж байна. 8 нийтлэл, 4 нэвтрүүлэг ирснээс “Сэлэнгийн мэдээ” сониноос ирсэн цуврал 5 бүтээл 1 сэтгүүлчийнх. 

Анх бид бүс тус бүрээр эхний шалгаруулалт явуулж, шалгарсныг хоёр дахь шатны шалгаруулалтад оруулахаар төлөвлөсөн. Гэвч цөөн бүтээл хожуу ирсний улмаас хоёр шатны шалгаруулалт явуулах шаардлагагүй гэж үзлээ.

Шүүгчид ирсэн бүтээлүүдтэй танилцсан. GIZ-ийн О.Батболд захирал төслийг хамтран хэрэгжүүлэгч байгууллагаа төлөөлөн шүүгчээр ажиллалаа. МУИС-ийн Сэтгүүлзүйн танхимын дэд профессор Б.Наранбаатар багш сэтгүүл зүйн бүтээлүүдэд илүүтэй мэргэжлийн талаас нь шалгуур тавих шүүгч байгаа юм. Шилдэг бүтээлийг дүгнэх шалгуур үзүүлэлтийг Б.Наранбаатар багш гаргасан. Мөн Mongolian Mining Journal-ын сэтгүүлчид шүүгчээр ажиллаж байна. Уул уурхайн чиглэлээр цөөнгүй жил дагнан бичиж буйн хувьд хөндсөн сэдэв, дэвшүүлсэн санаа, баримт эх сурвалжийг ашигласан байдлыг олон талын байр сууринаас харах болов уу. Ингээд нийтлэлийн уралдаанд ирсэн бүтээлүүдийн талаар шүүгчдийнхээ саналыг сонсъё. 

Нийтлэлийн бүтээлүүд

Б.Наранбаатар: Шалгуур үзүүлэлтийг бүтээлүүд ирэхээс өмнө гаргасан. Ирсэн нийтлэл, нэвтрүүлгүүдийг харж байхад нэмэлт үнэлгээний школ байх ёстой байж гэж бодогдож байлаа.

Орон нутгийн сэтгүүлчид, ялангуяа телевизийн сэтгүүлчдийн зовлонг бид ойлгодог, мэддэг. Би хувьдаа үнэлгээгээ нэлээд өргөж тавьсан. Ирсэн бүтээлүүдэд ерөнхий нэг дутагдал ажиглагдсан нь баримт, эх сурвалж ашиглах. Голдуу тодорхой нэг хэлэлцүүлэг, хурал, эсвэл зохион байгуулсан ажлын хүрээнд цугласан хүмүүсээс мэдээлэл авч, түүнийгээ эвлүүлж, нэвтрүүлэг хийж байна. Сэтгүүлчийн хувийн эрэл хайгуул хийж, шинэ баримт дэлгэх тал дээр дутагдалтай байна. Ганц энэ уралдааны хүрээнд гэлтгүй Монголын сэтгүүлзүйн нийтлэг нэг дутагдал бий. Аливаа асуудлыг гаргаж ирэхдээ том малгай өмсүүлж, баахан асуудал тоочиж байснаа дуусгачихдаг. Сэтгүүлчийн зүгээс баримт эх сурвалжаар нотлогдсон дүгнэлт, гарцыг орхигдуулдаг. Хөгжиж буй орнуудад хүчээ авч байгаа хөгжлийн сэтгүүлзүйн хандлагын гол зарчим нь аливаа асуудалд гарц хайж, санал болгох байдаг. Уралдаанд ирсэн бүтээлүүдэд ийм зүйл ажиглагдахгүй байна.

Ирсэн бүтээл тус бүр дээр саналаа хэлье. Баянхонгор аймгийн сэтгүүлч Т.Санаадагвын “Баруун бүсийн цахилгаан эрчим хүчний найдвартай эх үүсвэр Монголын хөгжилд томоохон байр суурьтай” нийтлэлийн хувьд туршлагатай сэтгүүлч учраас хэл найруулга болон мэдээллээ багцалсан байдлын хувьд уншууртай. Гэхдээ өмнө бичиж байсан мэдээлэлдээ тулгуурласан, ганцхан хэлэлцүүлгийн хүрээнд өөрт бий болсон баримт материалыг ашигласан нь зохиомжийн хувьд хатуу, чамлалттай санагдсан.

Эрдэнэт хотын сэтгүүлч Л.Ганцолмонгийн “Эрдэнэтчүүд үйлдвэрийн хаягдлаар амьсгалж байна” нийтлэл сонирхолтой, уншууртай, санааны хувьд шинэлэг байсан ч зохиомжийн хувьд оновчтой болж чадаагүй. Жишээлбэл бичлэгийн ямар төрлөөр бичиж байгаа нь харагдахгүй. Их дэлгэрэнгүй санаа өгөх гэж байгаа мэт явж байснаа товчхон дуусчихдаг гэх мэт дутагдал гарсан. Баримт эх сурвалжийн тухайд албаны статистик тоо баримт тавьж байгаа ч эрүүл мэндэд ямар хор хохиролтой болох, тоос нь ямар өвчний эх үүсвэр болох, байж болох хэмжээнээс хэчнээн хувиар хэтэрчихээд байгаа юм бэ зэрэг бодит байдалд нөлөөлж байгаа үнэлгээний тоо баримт илт дутагдаж байна. “Эрдэнэтчүүд үйлдвэрийн хаягдлаар амьсгалж байна” гээд гарчгаа тавьчихсан, энэ сэдэвт нийтлэл нь зориулагдаж байгаа мэт боловч тэр талын тоо баримт байхгүй.

Ховд аймгийн сэтгүүлч Ж.Саруулын “Хөшөөтийн асуудлыг хөдөө тийш залсан хөшүүн гэрээний хэрэгжилт” нийтлэл ирсэн нийтлэлүүдээс хамгийн боломжийн болжээ. 

Сэлэнгэ аймгийн сэтгүүлч Н.Оюунмаагийн Гацууртын ордын талаарх цуврал бүтээлийн ихэнх нь ярилцлага байна. Гол дутагдал нь сэтгүүлч өөрөө Гацууртын ордыг ашиглах ёстой гэсэн ганцхан өнцөгтэй, түүнийгээ батлах гэж тал талаас оролдож байгаа мэт санагдсан. Үнэхээр хоёр талын байр суурийг тэнцвэртэй тусгах, эсвэл хоёроос дээш талуудын байр суурь байна уу гэдэг нь сэтгүүлчийн өгсөн мэдээлэл, асуусан асуултуудад харагдахгүй байна. Сэтгүүлч хүний хувьд нэг байр суурийг баримтлах, эсвэл өөрийн харсан өнцөгтөө баригдах нь том алдаанд тооцогддог.

Г.Идэрхангай:
П.Санаадагва сэтгүүлч “Өнөөгийн Баянхонгор” сонинд өмнө бичсэн сэдвээ уралдаанд зориулж шинэ баримт сэлтээр баяжуулж бичжээ. Туршлагатай сэтгүүлч учраас санаагаа тодорхой гаргаж, хэл найруулгадаа ихээхэн анхаарсан байна. Бидний ярьдгаар “бичлэг нь жигдэрсэн сэтгүүлч”. Хөндсөн сэдвийн хувьд ч том. Яг энэ сэдвээр орон нутгийн сэтгүүлчид бичээгүй байх гэж бодож байна.

Ж.Саруулын  “Хөшөөтийн асуудлыг хөдөө тийш залсан Хөшүүн гэрээний хэрэгжилт” нийтлэл нэлээд сонирхолтой санагдлаа. Орон нутгийн сэтгүүлч компани, орон нутгийн хооронд байгуулсан гэрээний хэрэгжилтийг гярхай ажиглаж, дүн шинжилгээ хийж,  ямар үр дүн гарав гэдгийг араас нь хөөцөлдөж бичнэ гэдэг сайн хэрэг. Гэрээ бодит амьдрал дээр хэрхэн хэрэгжиж буйг анзаарч бичсэн бараг анхны тохиолдол болов уу. Бичлэгийн ур чадвар боломжийн ч нэг дор хэт олон тоо баримт хэрэглэсэн нь уншихад түвэгтэй болгосон тал байна. 

Залуу сэтгүүлч Л.Ганцолмон Эрдэнэтийн цагаан тоосны дэгдэлтийн талаар асуудал дэвшүүлж бичихдээ бүтэн сарын ажиглалт хийж, хаягдал цагаан тоосыг багасгах хөрөнгө мөнгө байсаар байтал өөр зүйлд зарцуулж байгааг харьцуулалт хийж, зоримог  бичжээ.

Н.Оюумаагийн хувьд Гацууртын төслийг хөдөлгөе гэдэг санаа бүх бүтээлд нь гарч ирсэн. Олон талын байр суурь авч, бүтээлээ баяжуулсан ч хэл найруулга, үг үсгийн алдаа ихтэй. Мөн өмнө нь сонинд нийтлэгдсэн бүтээлээ ирүүлсэн. 

О.Батболд:
Миний хувьд шинэлэг санаа, зохиомж талаас нь илүүтэй дүгнэхийг оролдсон. Хэл найруулга, ур чадварын тухайд мэргэжлийн сэтгүүлчид илүү оновчтой дүгнэх байх. Бусад шүүгчтэй харьцуулахад би оноогоо нэлээд бага тавьжээ. 

Баянхонгор аймгийн сэтгүүлч Т.Санаадагвын “Баруун бүсийн цахилгаан эрчим хүчний найдвартай эх үүсвэр Монголын хөгжилд томоохон байр суурьтай” нийтлэлийг өнгөрсөн 5 дугаар сард Баянхонгор аймагт очихдоо сониноос нь уншиж байсан. Баянхонгор аймагт болсон уул уурхайн зөвлөгөөний үеэр энэ сонин тараагдаж, цахилгаан станцын талаар яригдаж байсан юм. Зөвлөгөөний үеэр аймгийн удирдлагууд, иргэд, компаниуд энэ сэдвээр нэлээд халуун яриа өрнүүлж байгааг анзаарсан.

Тэр үед нийтлэлийг өнгөц уншсан бол энэ удаад нэлээд тогтож уншлаа. Хоёр талын тайлбарыг тэнцвэртэй оруулж өгчээ. Компанийн захирлаас эхлээд жирийн иргэдийн байр суурийг бүгдийг баримтжуулан тавьсан байна. Олон жилийн туршлагатай учир хэл найруулга, бичгийн ур чадвар сайн байна гэж ойлгосон. Орон нутгийн сэтгүүлчийн хувьд байх ёстой чадварууд бүгд байна гэж дүгнэж байгаа. Гэхдээ санаа нь шинэлэг ч зохиомжийн хувьд тааруухан болжээ гэж харсан.

“Ховдын толь” сонины Ж.Саруул сэтгүүлчийн хувьд танай сэтгүүлийн хөнддөг орон нутгийн гэрээний асуудлаар бичжээ. “МоЭнКо” компани нэлээд юм болж байж Ховд аймагтай гэрээ байгуулан, Монголд анхны гэрээг байгууллаа гэж нэлээд сүртэй зарлаж байсан. Орон нутгийнхаа гэрээг барьж авч бичсэн нь шинэлэг, бусад сэтгүүлчдэд байгаагүй санаа гэж үзэж байна. Гэхдээ Засаг даргын орлогчоос гэрээний хувийг асуугаад л гэрээг ил тод биш гэж дүгнэсэн байсан. “МоЭнКо” компаниас гэрээний хувийг асууж үзээгүй юм байна гэж ойлгосон. Гэрээний хоёр талд адилхан хандаж байж, гэрээний хэрэгжилт ямар байгааг гаргасан бол илүү үр дүнтэй байсан болов уу. Баримт, сурвалжийг хангалттай ашигласан, бичлэгийн ур чадвар нь ч гайгүй санагдлаа. Хугацааны хувьд сургалтын дараа бичсэнээрээ чухал гэж үзсэн.

Эрдэнэтийн Л.Ганцолмон сэтгүүлчийн нийтлэлийг хамгийн бага тексттэй болохоор нь  хамгийн түрүүнд уншсан. Хамгийн эхэнд өндөр хүлээлттэй уншсан болоод ч тэр үү хамгийн бага оноог өгчээ. Зарим зүйл дээр би нэлээд хатуу хандсан байж магад. Эрдэнэтийн цагаан тоосны талаар их ярьж, бичдэг. Шинэлэг санаа, зохиомж тийм ч хангалттай биш. Залуу сэтгүүлчийн хувьд баримт эх сурвалж дээр нэлээд тоо оруулах гэж оролдсон нь таалагдсан.

“Сэлэнгийн мэдээ” сонины Н.Оюунмаа сэтгүүлчийн материалиудын хувьд орон нутгийн сэтгүүлчид Гацууртын асуудал шинэлэг байж магад. Бидний хувьд энэ сэдвээр хангалттай “бөмбөгдүүлсэн” болохоор санааны ч хувьд, мөн өмнө нь бичсэн материалаа нэмэлт баяжилт хийлгүй шууд ирүүлсэн нь шинэлэг санагдаагүй. Зохиомжийн хувьд бусад шүүгчдийн хэлсэнчлэн Гацууртын ордыг ашиглая гэсэн ганцхан өнцгөөс хандаж бичихдээ Бороогийн ордтой нэлээд харьцуулжээ. Харин эсэргүүцэж байгаа тал руугаа дотор нь нутгийн иргэд байхгүй гэх мэтээр нэлээд дайралт хийсэн нь сонирхолтой санагдсан.

С.Болд-Эрдэнэ: Т.Санаадагва гуайн материал үнэхээр том, сунжруу байлаа. Энэ нийтлэлд дурдагдсан TBF гэж компанийг бид саяхнаас мэдэх болсон. Тавантолгой дээр гэнэт л 5 тэрбум доллар өгье гээд гарч ирсэн компани. Баянхонгорт ийм төсөл хэрэгжүүлэх гэж явааг Т.Санаадагва гуайн нийтлэлээс мэдлээ. Тэр өнцгөөс нь харвал сонирхолтой. Олон талын байр суурийг орхигдуулалгүй гаргасан нь сайн. Ирсэн нийтлэлүүдээс ялгарах нэг давуу тал нь бүх талын эх сурвалжийг оруулсан.

Компани, иргэдийн төлөөлөл, орон нутгийн захиргаа гээд бүгдийн байр суурь тодорхой гарчээ. Гэхдээ компанийн захирлын уран гоё яриаг хэд хэдэн газар давтсан байна. Нөхөн сэргээлт гээд уурхайн асуудлаар эхэлснээ эрчим хүчний асуудал руу орчихсон. Эрчим хүчний талаар тодорхой тоо баримт бас байхгүй. Гарчгаа бататгасан энэ станц Монгол улсын эрчим хүчний үйлдвэрлэлийн тэдэн хувийг хангана гэдэг ч юм уу тийм баримт байхгүй байгаа юм.

Надад хамгийн таалагдсан нь “Ховдын толь” сонины Ж.Саруулын нийтлэл. Сэтгүүлчдийн анкетыг харж байхад орон нутгийн сэтгүүлчид дундаа нэлээд өндөр боловсролтойд тооцогдохоор сэтгүүлч байна. Хэд хэдэн удаагийн томоохон сургалтад хамрагдсан, хэл бичгийн ухааны магистрын зэрэгтэй. Санааны хувьд үнэхээр гоё санаа, чухал сэдвийг барьж авсан. “МоЭнКо” компани Хөшөөтийн уурхайг ашиглахын тулд орон нутагтай гэрээ байгуулж, түүнийгээ ч дуулиантай зарласан. Гэрээний зүйл заалт бүрийг маш сайн тусгасан ч нийтлэлийн үнэ цэнийг унагаасан ганц зүйл нь гэрээний нэг тал болох компанид хандаагүй. Ядаж гэрээний хэрэгжилтийн талаар асуулга тавиад хариу өгсөн, өгөөгүйг дурдсан бол илүү тэнцвэртэй байх байсан болов уу.

Гэрээний заалтыг үндэслэн орон нутагт тийм татвар хураамж төлнө гэсэн ч төлөөгүй байна гэх нэг хэрэг. Нөгөө талдаа яагаад төлөөгүй шалтгааныг харах ёстой. Сэтгүүлч өөрөө хэлээгүй ч шалтгаан  тодорхой байгаа. Нүүрсний борлуулалт зогссон болохоор орон нутагт өгөх мөнгө байхгүй нь тодорхой. Гэхдээ “МоЭнКо” компанийн нүүрс борлуулалт буурч байна уу гээд хөөвөл арай өөр асуудал руу орох байх. Гол нь гэрээ гэсэн сэдвийг барьж аваад, гэрээний заалтуудыг нэг бүрчлэн уншиж биелэлтийг нь нэхэж, аймгийн Тамгын газрын хүмүүстэй холбогдсоноороо сэтгүүлчийн ур чадвар, сэдвийн хойноос хөөцөлдөж байгааг маш тод харуулжээ.

Эрдэнэтийн сэтгүүлч Л.Ганцолмонгийн нийтлэлийн хувьд Эрдэнэтийн цагаан тоос байнга яригддаг сэдэв болохоор санааны хувьд тийм ч шинэлэг байгаагүй. Харин зохиомжийн хувьд цагаан тоосыг дарахад зарцуулагдах хөрөнгийг баяр ёслолын зардалтай харьцуулж харуулсан нь сонирхолтой. Гэхдээ энд баримтын алдаа гарсан юм болов уу гэж харлаа. Усаар чийглэхэд жилдээ 2 мянган долларын зардал гардаг гэсэн байна лээ. Жилд дөрөвхөн сая төгрөг гэдэг хэтэрхий бага тоо. Тоог андуурсан уу, эсвэл үнэхээр ийм бага байдаг уу, сайн мэдэхгүй байна. Хэрэв андуурсан бол энэ нь баримтын маш том алдаа болно. Цаашлаад хөндсөн сэдвээ, нийтлэлийнхээ агуулгыг тэр чигт нь унагана гэсэн үг. Хоёрхон мянган доллар гаргаад тоосоо дарж чадахгүй байж баяр тэмдэглэхэд хэдэн тэрбумаар зарцуулж байна гэдэг том асуудал босно.

“Сэлэнгийн мэдээ” сонины Н.Оюунмаа эрхлэгчийн нийтлэл, ярилцлагууд хэтэрхий нэг талыг баримталсан гэдэгтэй санал нийлж байна. Нийтлэлд “Тэд Ноён уулаа сэндийчүүлж, Гацууртын ордыг ашиглаж болохгүй 10 шалтгаан гэдэг хуудас тараасан” гээд шалтгаануудыг нь дурджээ. Хэрвээ асуудалд бодитой хандъя гэвэл тэр 10 шалтгааныг барьж аваад, бодитой эсэхэд нь үнэлэлт дүгнэлт өгөөд явсан бол илүү ач холбогдолтой байсан болов уу. Жишээ нь, дэлхийн өв устана гэдэг шалтгаанд өнгөрсөн хугацаанд хангалттай хариу өгсөн. Хараа, Ерөө гол ширгэнэ, хүн малыг хордуулна, эдийн засгийн үр ашиггүй гээд бүх шалтгаанд нь тийм, үгүй гэсэн хариултууд хангалттай байсан. Гэхдээ надад нэг зүйл маш сонирхолтой санагдсан нь Баянгол сумын ажилгүйчүүдийн холбооны тэргүүнтэй хийсэн ярилцлага. Сумын иргэдийн 80% нь ажилгүй, Гацууртын ордыг ашиглавал тэд ажилтай, орлоготой болно гэсэн санаа хэлсэн байна лээ. Гацууртын ордыг ашиглахад хоёр том асуудал бий. Нэг нь Ноён уулын дурсгал, нөгөө нь орон нутгийн иргэдийн эсэргүүцэл. Орон нутгийн сэтгүүлчийн хувьд давуу талаа ашиглаад орон нутгийн иргэд ажилтай орлоготой байхын тулд төслийг дэмжиж, хүсч байна гэдэг өнцгөөс эхлээд явсан бол гэж бодогдсон. Энэ нь сэтгүүлчийн ур чадвартай шууд холбоотой.

Л.Болормаа:
Б.Наранбаатар доктор онолын зөв дүгнэлтүүд хийж байна. Удахгүй Улаанбаатар хотод нэгдсэн сургалт зохион байгуулах үед сэтгүүлчдийн ур чадвар, хэл найруулга, давуу болон сул талыг шүүн ярилцах юм. Цаашид GIZ болон Канадын Засгийн газартай хамтраад уул уурхайн мэргжлийн хүмүүсийг урьж авчран орон нутгийн сэтгүүлчдэд сургалт явуулахаар төлөвлөж байгаа. Хэдий уралдаанд материал цөөхөн ирсэн ч үүнийг бид ололт гэж үзэж байгаа.

Уул уурхайн үйлдвэрлэл явагддаг дөрвөн гол аймгаас нийтлэлүүд иржээ. Бүгд тус тусын онцлогтой. Т.Санаадагва гуайн материал хэтэрхий том санагдсан. Хэрвээ би Баянхонгор аймгийн сэтгүүлч байсан бол Иргэдийн хурлын төлөөлөгч А.Дундуламын дүгнэлтээс материалаа эхэлж бичих байсан. “Энэ бүх мэдээллийг манай аймаг, сумын удирдлагууд хаалттай байлгаж, бүрхэгдүүлсэн нь өнөөдрийн маргааныг үүсгэж байна” гэжээ. Хоёр удаагийн уулзалтаас бөөн маргаан үүссэн байгаа юм. Уншихад их түвэгтэй ч төгсгөлд нь бодоход гал, ус шиг л зөрчилдсөн мэт. Жейсон захирал төслөө маш сайхан ярьсан ч нөгөө талаас иргэд эрс эсэргүүцсэн. Гол асуудал өдий хүртэл орон нутгийн удирдлагууд хаалттай байлгасантай холбоотой.

ИТХ-ын дарга Ширмэн одоог хүртэл энэ мэдээллийг бидэнд хүргээгүйд гайхаж байна гэсэн байсан. Бас нэг гол дүгнэлт нь “Энэ үйл явдлаас хэдхэн хоногийн өмнө тухайн сарын 2-ны өдөр орд газрыг тусгай хэрэгцээнээс хасчихсан байсан” гэдэг өгүүлбэр. Энэ бол манай төр засгийн чимээгүй хийдэг, орон нутгийн иргэд мэдэхгүй өнгөрч, хожим нь хоорондоо сөргөлддөг тийм асуудал. Үүнийг сэтгүүлчид гаргаж ирж бичдэг. Орон нутгийн сэтгүүлчийн хувьд энэ асуудлыг гаргаж ирэх байж дээ гэж бодогдож байсан. Т.Санаадагва гуайн сул тал нь бүх юмыг нэгд нэгэнгүй буулгаж бичсэн. Давуу тал нь харьцуулсан тоон мэдээллүүд юм. 2009 он болон 2014 онд нөхөн сэргээж байсан газрын хэмжээ байна. Харамсалтай нь энд мянга гэсэн нэгж алдаж, баримтын алдаа гаргажээ. Баримтын алдаа энэ материалыг хэрэггүй болгочихож байгаа юм.

Орон нутгийн сэтгүүлчдийн материалыг харж байхад бидний мэдэхгүй маш нарийн алт шиг мэдээлэл, баримт тэдэнд байна. Жишээ нь Т.Санаадагва гуайн материал. Түрүүн С.Болд-Эрдэнийн хэлсэнчлэн TBF International гэдэг компанийн талаарх бидний мэдэхгүй мэдээлэл Т.Санаадагва гуайд байна. Нөгөө талаар бидэнд байгаа мэдээллийг Т.Санаадагва гуай мэдэхгүй байна. Тавантолгой дээр TBF орж ирэх гээд ямар асуудал үүсгэж байсныг Т.Санаадагва гуай мэдэхгүй байна. Гэтэл аль 9 жилийн өмнө Баянхонгорт оччихсон байсныг бид мэдэхгүй байх жишээний. Энэ мэтчилэн орон нутгийн сэтгүүлчдэд давуу талууд байгааг хэлэх нь зүйтэй.

Жейсон захирал 300 орчим жил ашиглах уурхайн асуудлыг бас энд ярьсан байна лээ. Энэ бол маш их нөөцтэй ордын талаар ярьж байна гэсэн үг. Хэрвээ сэтгүүлч жаахан анализ хийсэн бол энд уурхай ухах гээд байна уу, эсвэл станц барих гээд байна уу гэдгийг гаргаж ирэх боломжтой. Бас энэ цахилгаан станц баригдвал Монгол улсын 3 сая хүнийг эрчим хүчээр хангана гэх мэт хэтийдсэн дүгнэлт их гарсан.

Материал Жейсон захирлын гоё үгээр эхлээд орон нутгийнхны үг хойно гарч ирж байна. Хоёр өөр эх сурвалжийн баримтыг харьцуулж гаргасан бол илүү сонирхолтой байх байсан байх. Иргэдээс, ИТХ-ын төлөөлөгчид маш чухал санаануудыг гаргаж тавьсан байсныг хойш нь цөлчихсөн. Тиймээс ур чадварын хувьд оноо бага тавилаа.

Ховдын Ж.Саруулын хувьд манай шүүгчдийн үнэлж байгаатай санал нэг байна. Сургалтад суусны үр дүн гарсан юм болов уу гэж ойлгосон. Эдийн засгийн сэтгүүлчийн гол чанар бол баримтад тулгуурлах байдаг. Маш их баримттай нийтлэл байсан. Сул тал нь тэр их баримтаа бүгдийг нь оруулчихсан. Цөөхөн баримтыг харьцуулж авсан бол илүү чанартай болох байж гэж харагдаж байлаа. Уншиж байхдаа одоо л гэрээний заалтаас оруулаад ирээсэй гэж бодож байтал заалт ороод ирж байх жишээтэй. Гэрээний хяналт байхгүй, хэрэгжүүлэх талууд уялдаа холбоогүй, хөрөнгө оруулалт хийгдээгүй гээд тодорхой асуудлууд гаргаж ирсэн байсан. Харин гол дүгнэлтээ тодруулж өгч чадаагүй юм шиг санагдсан. “Ховд Хөшөөт Хөгжил” сангаас гаргасан тайлан “МоЭнКо” компаниас гаргасан тайлан хоёр дээр тоо зөрж байгаа юм. Сэтгүүлч жаахан анзаарч хараад зөрсөн тоог бариад явсан бол гол ньюансыг гаргаад ирэх боломжтой байсан болов уу. Ийм арга зүйн зөвлөгөөнүүдийг бид 11 дүгээр сард болох сургалт дээрээ өгч, ярилцах болно.

Эрдэнэтийн сэтгүүлч Л.Ганцолмонгийн хувьд залуу сэтгүүлч, туршлагагүйтэж байх шиг байна. Сая С.Болд-Эрдэнийн хэлсэнчлэн цагаан тоосны зардал, 6 дугаар сард болсон арга хэмжээний зардал хоёрыг харьцуулах гэж оролдсон нь яалт ч үгүй давуу тал. Мөн 1 сарын хугацаатай хоёр зураг дарж, харьцуулсан нь таалагдсан. Тэр 2000 долларын зардал гэдэг бол маш том баримтын алдаа. Хойшоо бичсэн бүх юмаа үгүйсгэчихэж байгаа юм. Энэ нийтлэлээс надад төрсөн бодол бол Эрдэнэт үйлдвэр технологийн горимоо мөрдөж ажиллаж чаддаг юм болов уу, ашигтай ажилладаг, үргүй зардал ихтэй мөртлөө иргэдийн эрүүл мэндэд анхаардаг юм болов уу. Гэтэл сумын иргэд яасан хүлцэнгүй ханддаг юм бэ гэж бодогдсон. Сэтгүүлч их зөв дүгнэлт хийсэн. 6000 ажилтандаа маш их шагнал урамшуулал олгодог ч Говил багийн иргэдийн эрүүл мэнд түүнээс илүү үнэ цэнтэй гэсэн байгаа юм. Энэ санаагаараа эхлүүлээд Б.Наранбаатар багшийн хэлсэнчлэн эмнэлэг, эрүүл мэндийн чиглэлээр баримт цуглуулсан бол их боломжийн санагдсан.

“Сэлэнгийн мэдээ” сонины Н.Оюунмаагийн хувьд ур чадвар үнэхээр хангалтгүй байсан. За хө гээд асуулт нь ярианы хэлээр эхэлж байх жишээтэй. За ингэхээр хө, юу л даа хө, шантаажлал гэлтэй... гэх мэтээр ярианы хэллэг нь цааш үргэлжилнэ. Гэхдээ нийслэлийн бидний мэдэхгүй сэдвүүд энд их байна. Жишээ нь шороон ордын нөхөн сэргээлтийн стандарт, үндсэн ордын нөхөн сэргээлтийн стандарт юугаараа ялгаатай гэх мэт манай сэтгүүлд ч орж байгаагүй мэдээллүүд байна. Бас энд нэг хошин шог аятай мэдээлэл гарсан. Ноён уулын оройн хэсгийг тусгай хамгаалалтад аваад бэл хэсгийг тусгай хэрэгцээний газраас гаргасан гэж байгаа юм. Энэ мэдээллээр лийдээ хийгээд явсан бол жинхэнэ сенсаци нийтлэл ч байж болох байлаа.

Н.Ариунтуяа:
Орон нутгаас ирсэн нийтлэлүүд бидэнд орон нутагт юу чухал байгааг, ямар асуудалд анхаарал хандуулж байгааг мэдэх боломж олгосноороо үнэ цэнтэй байлаа. Хоёрдугаарт эх сурвалжууд их чухал санагдсан. Бидэнд олддоггүй онцгой, сонирхолтой эх сурвалжууд орон нутагт байна. Гэтэл нөгөө талдаа мэдээллийг тэнцвэртэй байлгах, өөр өнцгөөс харах олон талт эх сурвалж орон нутагт бас хязгаарлагдмал. Жишээ нь бид сая “МоЭнКо” компаниас мэдээлэл аваагүйг шүүмжиллээ.

Сургалтын үеэр сэтгүүлчид тухайн орон нутагт үйл ажиллагаа явуулдаг компаниудтай холбогдох, мэдээлэл авах боломж их хомс байдгийг онцгойлон ярьцгааж байсан. Бид зарим эх сурвалжтай холбох, шаардлагатай мэдээлэл, судалгаа олоход нь тус дэм болж чадахаа тухайн үед хэлсэн. Компани уурхайн талбай руугаа оруулахгүй бол бид хотод байдаг төвтэй нь холбогдож зөвшөөрөл авч өгөх боломжтой. Ховдоос Ж.Саруул хандсан бол бид “МоЭнКо” компанийн төв оффистой холбоод өгөх бүрэн боломж байлаа.

Ирсэн бүтээлүүд хөндсөн санаа, зохиомж, ур чадварын хувьд харилцан адилгүй ч орон нутгийн нийтлэг нэг дүр төрх харагдаж байна. Гацууртын ордын тухайд сэтгүүлч ганцхан өнцгөөс харсан ч орон нутгийнх нь уур амьсгалыг мэдэрч болохоор байна. Баянхонгороос, Ховдоос ирсэн нийтлэлүүдээс бид тухайн нутаг орны уур амьгалыг мэдэрч чадсан. Ийм үнэ цэнтэй учраас Mongolain Mining Journal ирсэн нийтлэлүүдийг редакторлан нийтэлсэн.
 
Нийтлэг сайн талын зэрэгцээ нийтлэг сул талтай. Нэгдүгээрт, эх сурвалждаа хөтлөгдөх байдал бүгдээс анзаарагдсан. Түрүүн С.Болд-Эрдэнэ гэнэн, итгэмтгий гэж хэлсэн. Сэтгүүлчийн нэг том чанар бол баримтад эргэлзэж, тэр эргэлзээ бүрийг тайлж байх. Гадны компанийн захирал ирээд уран гоё ярихаар шууд итгэж байгаа Т.Санаадагва гуайн нийтлэлээс харагдаж байна. Нэвтрүүлгүүд ч мөн адил. Хоёрдугаарт, олон талын эх сурвалжийг эрж хайх чанар. Нэг хүнд, нэг удаа хандаад л орхих жишээтэй. Өөр эх сурвалжийг хайх, уйгагүй эрэл хийх чанар харагдсангүй. Гуравдугаарт, хэл найруулгын хувьд бүхэлдээ сул. 6 сар ажиллаж байгаа залуу сэтгүүлчээс эхлээд 37 жил ажилласан туршлагатай сэтгүүлч хүртэл хэл найруулга, бичлэгийн ур чадвар сул байна. Бүр наад захын үг үсгийн алдаанууд хэтэрхий гэмээр их байна. Сэтгүүлчид үг үсгийн алдаа яриад сууж байх нэг талаараа эмгэнэлтэй.

Ховдын сэтгүүлч Ж.Саруулын нийтлэлийг би манай сургалтын үр дүн гэж ойлгож байгаа. Сургалтын үеэр орон нутаг, компани хоорондын харилцаа, гэрээний асуудлыг нэлээд нухацтай ярьсан. Тэндээс сэдвээ олж харсан болов уу гэж бодож байна. Эрэл хайгуул хийсэн, шинэлэг сэдэв сонгосон, асуудал дэвшүүлээд, түүний араас явсан зэрэг нь энэ нийтлэлийг өргөж байгаа юм.

Нэг дутагдалтай тал нь зөвхөн шүүмжлэхийн тулд шүүмжлээд байх шиг. Асуудлын учир шалтгааныг гаргаж ирэх нь шүүмжлэхээс илүү чухал. Хоёрдугаарт, жинхэнэ гэрээг олж авч анализ хийж чадсан уу гэдэгт эргэлзсэн. Яагаад гэхээр гэрээг байгуулсан талуудаас биш хөндлөнгийн этгээдээс хуулбар олж авсан гэж байгаа юм. Дээр нь хэл  найруулга сул. “Хөшөөтийн асуудлыг хөдөө тийш залсан хөшүүн гэрээний хэрэгжилт” гээд гарчгаасаа ойлгомжгүй. Хөшөөтийн асуудлыг хөдөө тийш зална гэж юуг хэлж байгааг ойлгоогүй. Хөшүүн гэрээ гээд гэрээг гарчигтаа шууд дүгнэчихэж байгаа юм. Угтаа бол гэрээ биш гэрээний хэрэгжилт хөшүүн байж болно. Mongolain Mining Journal энэ нийтлэлийг редакторлаж гаргахдаа “Хөшөөтийн гэрээний хөшүүн хэрэгжилт” гэж гарчгийг зассан. Иймэрхүү хэл найруулга тал дээр анхаарах зүйлс нэлээд байна.

Баянхонгор аймгийн сэтгүүлч Т.Санаадагва гуайн материалыг нэг биш удаа уншиж байж, хоёр удаагийн хэлэлцүүлэг дээр яригдсан маш олон хүний байр суурийг уйгагүй буулгасныг ойлгосон. Зохиомж маш ойлгомжгүй байсан. Л.Болормаа эрхлэгч гол санаануудыг ярьсан болохоор давхцуулалгүй яръя. Бодит байдал дээр орон нутгийн иргэдийн хандлага, уур амьсгал ямар байгааг мэдрүүлж чадсан нь нийтлэлийн нэг давуу тал нь. Түүний нэг жишээ нь Баян Өндөр сумын малчин Хөдөлмөрийн баатар Самдан гуайн ярианаас хөдөө нутаг дахь өвгөдийн дүр шууд харагдаж байна. “Энэ газар нутгийг манай өвөг дээдэс биднийг амьдар гэж үлдээсэн болохоос хэн нэгэн дарга цаасаар бусдад дамладаг эд биш” гэсэн үгийг уул уурхайтай нутгийн иргэдийн хэлэхийг хүсдэг, хэлдэг үг нь гэж ойлгож болно.

Эрдэнэтийн Л.Ганцолмонгийн нийтлэл редакторлахад хамгийн бага ажиллагаа шаардсан. Хамгийн туршлага багатай, зургаахан сар ажиллаж байгаа ч нэлээд цэгцэрсэн бичлэгтэй. Дутагдалтай тал нь баримтуудаа эх сурвалжаар нотлоогүй, хүмүүсийн дунд ам дамжин яригддаг дам яриаг барьж аваад, түүнийгээ баталж, эсвэл няцааж чадаагүй.

Сэлэнгийн Н.Оюунмаа сэтгүүлчийн цуврал таван материал бүгд нэг өнцгөөс харсан нь анхаарал татсан. Захиалгатай ч юм шиг. Сайн тал гэвэл Гацууртын асуудлаар төвийн хэвлэл мэдээллээр огт гардаггүй шинэлэг эх сурвалжуудыг гаргаж иржээ. 

Нэвтрүүлгүүдийн талаар

Н.Ариунтуяа: Ховд, Орхон, Сэлэнгэ, Төв аймгаас нийт 4 нэвтрүүлэг ирснээс сэтгүүлч Ж.Саруулын бэлтгэсэн нэвтрүүлгийн сэдэв их шинэлэг санагдсан тул тус бүтээл дээр, тэр тусмаа дэвшүүлсэн санаан дээр нь анализ хийхийг хичээлээ. Нэвтрүүлгээр “Нөхөн сэргээлтийг олборлолт хийх замаар зардлыг нь гаргуулж хийх нь хэр үр дүнтэй вэ?” гэсэн асуудлыг хөндсөн нь сэдвийн хувьд яах аргагүй шинэлэг. Баянхонгор аймагт нөхөн сэргээлт хийлгэх нэрийдлээр гар аргаар алт олборлуулж буйийм тохиолдол гарсан. Нөхөн сэргээлтийн компаниуд олборлолт хийгээд ямар ч татвар төлөхгүй, орлогоо бүртгүүлэхгүй явж байна. Тусгай зөвшөөрөлтэй компани л олборлолт хийх ёстой. Энэ нь хууль ёсны ажиллагаа мөн үү, үгүй юу гэдэгт илүү төвлөрмөөр санагдсан ч орон нутгийн сэтгүүлчийн хувьд энэ нь боломжгүй зүйл л дээ. Ж.Саруулын нийтлэлээс ч, нэвтрүүлгээс ч асуудлыг зөв олж хардаг, эх сурвалжид хөтлөгддөггүй сайн чанар харагдсан. Сэтгүүлч өөрөө эрэл хийж, бусдаас хараат бус үйл ажиллагаа явуулж чадаж байна.

Сул тал нь эх сурвалж тэнцвэртэй биш. Газар дээр нь шалгалт явуулсан мэргэжлийн хяналтын байцаагч, Байгаль орчны газрын дарга, Дэлхийн байгаль хамгаалах санг төлөөлсөн ТББ-ын тэргүүн гэсэн гурван хүнээс л яриа авсан. Асуудал гаргаад байгаа компанийн эх сурвалж огт байхгүй.  Ядаж ямар үйл ажиллагаа явуулдаг ямар компани вэ гэдгийг албан ёсны баримт, эх сурвалжаас хайсангүй. Нутгийн иргэдийн дунд яригддаг дам яриагаар дүгнэчихэж байна. Асуудлыг лавшруулахын тулд иргэдээс, нинжа нараас яриа авч, эх сурвалжуудаа тэлсэн бол мэдээлэл олон талтай, тэнцвэртэй болох байлаа. 

Уралдаанд ирүүлсэн бүтээлүүд бүгд нэвтрүүлгийн зохиолгүй байна. Төв аймгийн сэтгүүлчийн “Хөдөлмөрийн аюулгүй байдал”, Орхон аймгийн “Монголын хүнд үйлдвэрлэлийн өнөөгийн байдал” нэвтрүүлгүүд нэг л хурал, семинараас бэлтгэгджээ. Гэхдээ Орхон аймгийн Б.Гантуяа сэтгүүлч төмөрлөгийн үйлдвэрийн талаар семинараар яригдсан асуудлыг хүмүүст ойлгомжтой хүргэж чадсан. Төв аймгийн Ж.Хонгорбаатар сэтгүүлч хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн асуудал, нөхөн сэргээлт, “нинжа” гээд олон сэдэв руу халиад орчихоор ямар асуудал ярих гээд байгаа нь ойлгогдохгүй байна. Нэвтрүүлгийн нэрээс харвал  хөдөлмөрийн аюулгүй байдлын талаар хөндөх гээд байгаа юм шиг. Сүүлдээ MNO компанийн хөдөлмөрийн аюулгүй байдлын танилцуулга болоод явчихсан.

Сэлэнгийн Ц.Ундармаагийн “Химийн хор нөлөө ба хүнцэл” нэвтрүүлгийн зохиомж сонирхолтой. Сэтгүүлч эх сурвалжаа олох, түүнтэй утсаар холбогдох, ажил дээр нь ирээд хүлээх, уулзаж ярилцах зэргээр хөдөлгөөнтэй, дүрслэлтэй зохиомж сонгож авсан нь сайн ч тэр бүрийд эвлүүлэг огт хийгээгүй, залхмаар урт яриа хөврүүлэх, монтажаар хасчих ёстой эфирийн соёлгүй үйлдлүүд их гаргаж байна. Ялангуяа эвлүүлгийн ажил онц муу байсан нь сэтгүүлчийн эрэл, хөдөлмөр бүгдийг үгүй хийчихсэн.   

Л.Болормаа: Орхоны сэтгүүлч Б.Гантуяа “Монголын хүнд үйлдвэрлэлийн өнөөгийн байдал”, Төв аймгийн Ж.Хонгорбаатар “Эрүүл ахуй аюулгүй байдлын аян” гэсэн нэвтрүүлгүүд юуг өгүүлэх нь нэрнээсээ шууд тодорхой. Нэг үйл явдлын сурвалжлага юм. Тиймээс уралдааны бусад бүтээлтэй харьцуулан шалгаруулж дүгнэлт өгөхийг хүссэнгүй. Ховд аймгийн сэтгүүлч Ж. Саруулын бэлтгэсэн нэвтрүүлгийн сэдэв дажгүй. Хэдийгээр эх сурвалж цөөхөн ч гэсэн нэвтрүүлгийн хийцийн хувьд дүрсээ хольж монтажлах зэргээр дуу дүрс холболтын хувьд телевизийн дөртэй нь анзаарагдсан. Сэлэнгэ аймгийн Ц.Ундармаа сэтгүүлчийн бэлтгэсэн нэвтрүүлэг хугацааны хувьд их урт боловч давуу талууд бас байгаа юм. Сэтгүүлчийн тавьж байгаа асуулт болоод эх сурвалжууд их сайн байсан. Нэвтрүүлгийн гол санаа их чухал байлаа. Өөрөөр хэлбэл “энэ хүнцэл гэдэг чинь амархан уусдаг эрдэс биш юм” гэсэн санааг гаргахыг хичээсэн. Мэдээж дандаа нэг талын байр суурийг харуулсан тал бий. Авууштай нь эх сурвалжаа олж чаддаг. Асуултаа мэдэж тавьсан. Бид нарын төдий  л мэдэхгүй сайн эх сурвалжууд нэвтрүүлэгт орсон бол нөгөө талдаа бидний сайн харьцдаг эх сурвалжууд хариулт өгөхөөс татгалзсан байдал  анзаарагдсан. Орон нутаг болоод хотын сэтгүүлчдийн эх сурвалж өөр өөр. Энэ тал дээр хоорондоо хамтран, нэг нэгнээ дэмжиж ажиллах, эх сурвалжтай холбож өгөхөд ”Орон нутгийн мэдээллийн сүлжээ” төсөл их чухал юм гэж бодож суулаа. Сэтгүүлч телевизийн эфир, хэл ярианы соёл маш муу байна.

С.Болд-Эрдэнэ: Миний хувьд хамгийн шимтэж үзсэн хоёр нэвтрүүлэг нь Орхоны Б.Гантуяа, Ховдын Ж.Саруулын нэвтрүүлэг. Нэвтрүүлгийг агуулга талаас нь анзаарснаа хэлье. Ж.Гантуяагийн нэвтрүүлгийг зүгээр нэг хурлын сурвалжлага гээд өнгөрч болохгүй. Хоёр жил гаруй телевизийн нэвтрүүлэг хийхдээ ийм хурлаас нэвтрүүлэг бэлдсэн нь цөөнгүй. Ийм хурлуудад бүх талын эх сурвалж байдгаараа нэвтрүүлгийг илүү өгөөжтэй болгоход том хөшүүрэг болдог. Б.Гантуяа ч эх сурвалжуудыг сайн ашигласан. Сэдвийнхээ хүрээнд агуулгаа ч сайн гаргажээ. Гэхдээ алдаа мадаг яривал бас бий. Эрдэнэт хот аж үйлдвэрийн төв болох нь гэж ойлгоод л тэр чигтээ явчихсан. 50 минутын нэвтрүүлгийн бараг талд нь шахуу “Бэрэн” компанийн хоёр захирал ярьчихаж байна. Нийтлэлүүдийн алдаанууд ч энд давтагдаж байна. Сэтгүүлч “Бэрэн”-гийн захирлуудад шууд хөтлөгдөөд явчихсан. Монголд анхны домэйн зуух барилаа гэнгүүт их мундаг мэт ойлгосон байх. Гэтэл нэвтрүүлгээр тэр домэйн зуухны дүрс гарсангүй. Би очиж үзээгүй ч технологийн хувьд хуучирсан, байгаль орчинд сөрөг нөлөөтэй домэйн гэж шүүмжлэлийг мэргэжлийн хүмүүсээс цөөнгүй удаа сонссон. Зуухны дүрсийг, ойр орчимд нь амьдардаг иргэдээс ядаж ганцхан яриа авчихсан бол гэж бодогдсон. Баригдчихсан байгаа үйлдвэрийг тэр нутагт байгаагийн хувьд дүрсийг нь оруулчихад тийм ч асуудалтай биш. Энэ талаасаа учир дутагдалтай. Бас титрээ тавиагүй байна лээ.

Ж.Саруулын нэвтрүүлгийн хувьд чухал сэдвийг барьж авсан. Олборлолт хийх замаар нөхөн сэргээлт хийнэ гэдэг уул уурхайн салбарт тулгамдаад байгаа асуудлын нэг. Шийдэл нь зөв байж магад ч хэрэгжилт дээрээ  гажчихсан асуудлыг сурвалжлахаар барьж авсан нь сайшаалтай. Би эхэндээ нэвтрүүлгийг алтны нөхөн сэргээлтийн талаар гэж ойлгосон ч дунд хэрд нь очоод вольфрам гэж мэдсэн. 7.5 тонныг олборлоод байна гэхээр нь гайхаж шалгасан хэрэг. Сэтгүүлчийн хувьд энэ олборлосон хэмжээнд ньюанс өгөх байж дээ гэж бодож байлаа. 7.5 тонн гэвэл ойролцоогоор 200 гаруй мянган доллар байх шиг. Ямар нөөцтэй, цаашид хэдийг олборлох нь тодорхойгүй. Хэдийг олборлоод хэдээр нь нөхөн сэргээлт хийх нь ойлгомжгүй байгаа юм. Бас нэг дутагдалтай тал нь компанийн эх сурвалж байхгүй.

Төв аймгийн Хонгорбаатарын ХАБЭА-н нэвтрүүлгийг үнэхээр шаардлага хангасангүй гэж үзлээ. Сэлэнгэ аймгийн Ц.Ундармаагийн нэвтрүүлгийн тухайд сэдэв нь чухал байсан. Нинжатай аймгийн хувьд хүнцлийн талаар нэвтрүүлэг хийсэн сайн. Хийц, зохиомж тал дээр харин тааруухан болсныг хэлье.

Б.Наранбаатар:
Телевизүүдийн нэвтрүүлэгт нийтлэг алдаа дутагдал их байлаа. Зохиол байхгүй, эх сурвалжуудын яриа хэтэрхий урт, өгч байгаа санаа ховорхон, үзэгчдийг нэвтрүүлэгт уях чадамж муу, дүрс эвлүүлгийн чадвар тааруухан, сэтгүүлч эфирийн соёлгүй зэрэг шүүмжлэлтэй зүйл олон байна. Нэвтрүүлгийн санаа сэдэл жирийн үзэгчийг хэрхэн татаж, хөтөлж байна вэ гэдэг талаас нь илүүтэй анхаарч дүгнэлээ. “Олон ястны телевиз”-ийн сэтгүүлч Ж.Саруул “Нөхөн сэргээлтийг олборлолт хийх замаар зардлыг нь гаргуулж хийлгэх нь хэр үр дүнтэй вэ?” нэвтрүүлэг үндсэндээ гурван хүний ярианаас бүрдсэн, хэтэрхий сунжирсан, уйтгартай, дүрс ашиглалт бараг байхгүйн үүднээс үзэгчийг уяж чадахгүй байна. Эх сурвалжуудын мэдээлж, ярьж байгаа баримт, фактууд мэдээж чухал, үнэ цэнтэй. Гэхдээ энгийн үзэгч яриаг сонсоод ойлгохооргүй, нэвтрүүлэг сонирхлыг нь татаж чадахгүй бол шууд л сувгаа солино. Энэ нэвтрүүлэг дээр анзаарагдсан нэг зүйл бол гурван эх сурвалжийг 1 өрөөнд хамт байхад нь ярилцлага авсан шиг байгаа юм. Энэ нь нэвтрүүлгийг улам сонирхолгүй болгох нэг жишээ юм. 

Ц.Ундармаагийн бэлтгэсэн нэвтрүүлгээс сэтгүүлчийн зүгээс санал санаачилга гаргаж, зардал мөнгө олж Улаанбаатар хотод ирж, эх сурвалжаа хайж явсан нь харагдсан. Эфирийн соёл, нэвтрүүлгийн хийцийн хувьд маш дутуу ажилласан гэж дүгнэж байна. Бусад нэвтрүүлгийн хувьд нэг үйл явдал дээр нэг дор сууж байгаа эх сурвалжуудаас тодорхой нэг асуудлаар байр суурь авч, баримтыг асуугаад эвлүүлсэн нь анзаарагдаж байна. Энэ нь нэгдүгээрт, орон нутгийн сэтгүүлчдийн өөрсдийнх нь зовлон байх. Хоёрдугаарт, сэтгүүлчийн өөрийн ажиллагаа, судалгаа маш дутмаг байгаагийн илрэл гэж бодож байна. Харин Төв аймгийн сэтгүүлч Ж.Хонгорбаатарын бэлтгэсэн нэвтрүүлгийн хийц, дуу дүрсний хувьд үзэгчийг уях байдал ажиглагдсан.

Г.Идэрхангай: “Химийн хор нөлөө ба хүнцэл” нэвтрүүлэг нь хөдөлмөр, зардал шаардсан нэвтрүүлэг.  Гэхдээ манай шүүгч нар энэ нэвтрүүлгийн алдааг их ярилаа. Нэвтрүүлгийн хувьд сэтгүүлч, зураглаач, эвлүүлэгч гурвын ажиллагаа нэг цэг дээр  уулзах ёстой. Өөрөөр хэлбэл, эдгээр   уран бүтээлчид нэвтрүүлгийнхээ зохиомж, хөтлөлт, дуу дүрс гээд бүхий л зүйл дээр ойлголцож, санаа бодлоо нэгтгэх байсан. Түүнээс биш сэтгүүлчийн онилж авсан сэдэв их сонирхолтой. Орон нутгийнхны хамгийн эмзэг сэдвийг барьж авчээ. Сэтгүүлч өөрөө идэвхтэй, санаачилгатай байна гэдэг сайн хэрэг. Орон нутгийн сэтгүүлчдэд тулгардаг нэг зовлон бол техник хэрэгсэл, сурвалжлагын унаа, бусад  зардал тул тэр талаасаа дутмаг байсан байж болох.  Хэдийгээр сэтгүүлч  сэдвээ олоод, материалуудаа цуглуулж чадсан ч түүнийг бүтээл болгох тал дээр баг сайн ажилласангүй гэж дүгнэж байна. 

“Эрүүл ахуй, аюулгүй байдлын аян” нэвтрүүлгийн тухайд хоёр сэтгүүлч хамтран бэлтгэсэн бүтээл. Хамтын бүтээл гэдэг утгаараа  ур чадвар нь илүү харагдах ёстой байлаа. Ядахнаа нэг ч хөтлөлт байсангүй. Тодорхой нэг аяны хүрээнд зохион байгуулагдсан арга хэмжээн дээр очоод дүрс, яриа аваад монтажилсан. Сэтгүүлч түүнийг боловсруулж, үнэ цэнтэй болгох ёстой юм.

Үүнээс гадна “Монголын хүнд үйлдвэрлэлийн өнөөгийн байдал” гэсэн том “малгай” өмсгөсөн гарчигтай хэрнээ доторх агуулга нь Эрдэнэт үйлдвэрийг түшиглэж барих төмөрлөгийн цогцолборын талаарх нэвтрүүлгийн хувьд сэдэвтээ тохирсон гарчиг өгөх байжээ.  Доторх мэдээллүүд сайн ч яриа хэт голчилсон. “Бэрэн” группын  хийж байгаа ажлууд их дурдагдсан болохоор үзэгчид нэг, хоёр  компанийн сурталчилгаа гэж дүгнэх вий.

Ж.Саруул сэтгүүлчийн хувьд уралдаанд бэлтгэсэн нэвтрүүлгээ манай редакц руу  явуулахын алдад асуудал гарч, нэвтрүүлэг нь устаад өөр нэвтрүүлэг хийх гэж байгаагаа мэдэгдсэн юм. Ингээд “Сэтгүүлчийн эрэл,  үр дүн” нэртэй нэвтрүүлгийг богино  хугацаанд бэлтгэсэн ч хөтлөлт чамбай, зохиомжтой болжээ. Хөндсөн сэдэв, санаа нь ч анхаарал татахаар. 

Эцэст нь хэлэхэд би уралдаанд ирүүлсэн бүтээлүүдэд тийм ч хатуу хандаагүй. Орон нутгийнхаа асуудал, чухал сэдвүүдийг зоримог хөндөж, хөдөлмөрлөж, цаг хугацаанд нь ирүүлсэн бүтээл бүрийг би үнэлсэн.

Нөгөө талаас орон нутгийн сэтгүүлчдийг чадавхижуулах сургалтад манай сэтгүүлчид бор зүрхээрээ идэвхтэй оролцлоо. Тэдэнд редакцийн дэмжлэг илт дутсан. Ядахнаа бүтээлээ ирүүлж байгаа сэтгүүлчийн ур чадвар, ажлынх нь амжилт бүтээлийн талаар албан тодорхойлолт ч ирсэнгүй. Уралдааны морьд бүр уяачтай. Үүнтэй адил орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслийн удирдлагууд сэтгүүлчээ манай уралдаанд оролцохыг бодлогоор дэмжиж,  бүтээлд нь редакцийн засвар хийж, санаа оноо өгөх тал дээр их дутмаг хандлаа гэж би харж байгаа.   
    
Шүүгчид уралдаанд ирсэн бүтээлүүдийг ийнхүү шүүн хэлэлцлээ. Шалгаруулалтын дүнг 11 дүгээр сард Улаанбаатар хотноо болох “Орон нутгийн мэдээллийн сүлжээ” төслийн нэгдсэн арга хэмжээн дээр зарлах юм.   

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Нэр:
Сэтгэгдэл:
СЭТГЭГДЭЛ (0)

Сэтгэгдэл байхгүй байна