Орон нутгийн сэтгүүлчдэд уул уурхайн талаар бичих боломж илүү байгааг олж харлаа

Дорноговь аймгийн DSB телевизийн найруулагч, сэтгүүлч З.Энхзул

Манай аймагт хамгийн их буюу 359 хайгуул, ашиглалтын тусгай зөвшөөрөл олгогдсон тоо гарчээ. Эндээс уул уурхайгаас орж ирэх орлого аймагт чухал байр суурь эзлэх нь харагдаж байна. Ирэх оноос Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн тодорхой хувь уул уурхайн үйлдвэрлэл явагдаж буй орон нутагт хуваарилагдаж эхэлнэ. Хуулийн энэ өөрчлөлт орон нутагт үр өгөөжөө өгөх байх.

Манай аймгаас Айраг суманд хамгийн олон уул уурхайн компани үйл ажиллагаа явуулдаг. Одоогийн байдлаар 4 компани ашиглалт явуулж байна. Гэтэл суманд орж байгаа хөрөнгө оруулалт байдаггүй. Хог хаягдлын үйлчилгээний хураамж зэрэг бага хэмжээний төлбөр л орж ирдэг. Иймээс уул уурхайн компаниуд орон нутагт үйл ажиллагаа явуулахдаа ард иргэдийн эсэргүүцэлтэй тулгардаг. Айраг сумын хувьд өмнө нь хайгуулын тусгай зөвшөөрөл маш их олгогдож байсан ч ард иргэдийн эсэргүүцлийн улмаас лиценз олголтыг зогсоосон юм билээ. Тиймээс уул уурхайн компаниас орон нутагт өгч байгаа орлогын хэмжээг нэмэгдүүлэх нь зүйтэй юм.

Дорноговь аймагт Сайншанд суманд 2 телевиз, Замын-Үүд суманд 1 телевиз, 1 радио үйл ажиллагаа явуулдаг. Хэвлэл мэдээллийн хэрэгслүүд боловсон хүчин хомстой. Мэргэжлийн сэтгүүлчид бий ч ихэвчлэн төрийн байгууллагад ажилладаг. Дорноговь аймгаас DSB, MNT телевизийн хоёр сэтгүүлч “Орон нутгийн мэдээллийн сүлжээ” төслийн сургалтад хамрагдлаа. Орон нутгийн сэтгүүлчдэд уул уурхайн сэдвээр бичих боломж илүү байгааг сургалтад сууснаар олж мэдлээ. Миний хувьд өмнө нь уул уурхай гэдэг ийм сонирхолтой сэдвийг төдийлөн анзаардаггүй байж. Сургалтын дараагаар энэ сэдвээр бичих сонирхол илүү төрлөө. “Орон нутгийн мэдээллийн сүлжээ” хэмээх маш чухал төслийг хэрэгжүүлж байгаад сэтгүүлчийн хувьд их баяртай байна. Хөдөө, орон нутгийн сэтгүүлчид хотын сэтгүүлчидтэй уялдаа холбоотой ажиллах хэрэгтэйг ойлголоо. 

Орон нутгийн сэтгүүлчдийн анхаарлыг чухал сэдэвт хандуулж чадлаа

Өвөрхангай аймгийн “Гэгээлэг” телевизийн захирал, сэтгүүлч Г.Ариунзаяа

Орон нутгийн сэтгүүлчид маш олон тал руу хөрвөж ажилладаг тул хотын сэтгүүлчид шиг эдийн засаг, улс төр, уул уурхайгаар дагнан бичих боломж гардаггүй. Ялангуяа уул уурхайн хувьд орон нутгийн сэтгүүлчдэд энэ талын мэдлэг, ойлголт хомс учир өөрийн эрхгүй орхигддог сэдэв. “Орон нутгийн мэдээллийн сүлжээ” төслийн сургалтад хамрагдаж, тодорхой ойлголттой болсноор уул уурхайн сэдвийн чухлыг ойлгож, сонирхож эхэлсэн. Уул уурхай хүнд сэдэв юм.
 
Сургалтын дараах уралдаанд 50 гаруй сэтгүүлчээс 8 бүтээл ирж байгаа нь уул уурхайн сэдэвт орон нутгийн сэтгүүлчид анхаарлаа хандуулах хэрэгтэйг харуулж байна. Анхны уралдаан гэхэд ирсэн бүтээлүүд тооны хувьд чамлахааргүй, чанарын хувьд чухал сэдвүүдийг хөндсөн нь харагдлаа. Дараа дараагийн уралдаанд сэтгүүлчид илүү олноор оролцох байх. Орон нутгийн сэтгүүлчдэд дутагдаж байсан маш чухал, хэрэгтэй сургалт болсон. Ялангуяа бидний амьдарч буй газарт өрнөж буй асуудлыг хөндөн гаргаж ирэхэд тулгуур болох мэдээллүүдийг сургалтаар олж авсандаа баяртай байгаа.

Орон нутгийн сэтгүүлч бидний анхаарлыг ийм чухал сэдэвт хандуулж, татан оруулж, мэргэшүүлж байгаад Mongolian Mining Journal сэтгүүлийн редакцид маш их баярлаж талархаж буйгаа илэрхийлье. Энэхүү арга хэмжээнээс уул уурхайн салбар дахь багийн хамтын ажиллагаа харагдаж байна. Уул уурхайн чиглэлээр бичдэг сэтгүүлийн редакц төдийгүй шийдвэр гаргах түвшний хүмүүс оролцож, тодорхой мэдээллүүд өгсөн нь их чухал байлаа. Магадгүй энэ сургалтын өгөөж, нөлөөгөөр орон нутаг, аймгаас уул уурхайн чиглэлээр дагнан бичих сайн сэтгүүлчид орон нутгаас төрөн гарах байх. Ийм үйл хэргийн эхлэлийг тавьсан их том ажил гэж “Орон нутгийн мэдээллийн сүлжээ” төслийг үнэлж байна.

Нэвтрүүлэг хийж, нийтлэл бичихдээ ийм үр дүнд хүрнэ гэж төсөөлөөгүй

Ховд аймгийн “Олон ястны телевиз”, “Ховдын толь” сонины сэтгүүлч Ж.Саруул

“Орон нутгийн мэдээллийн сүлжээ” төслийн Баруун бүсийн сургалтад хамрагдсаны дараа сэтгүүлчдийн дунд зарласан уралдаанд бүтээлээрээ өрсөлдөж, тэргүүн байранд шалгарсандаа маш их баяртай байна. Би телевизийн нэвтрүүлэг, нийтлэл гэсэн хоёр бүтээлээр оролцсон. Нэвтрүүлэг хийж, нийтлэл бичихдээ ийм үр дүнд хүрнэ гэж төсөөлөөгүй. Бүтээлүүдээ бэлтгэж байхдаа нэлээд бэрхшээлтэй тулгарсан.

Их ажлын зэрэгцээ уралдаанд явуулах нэвтрүүлгээ хийж дуусаад байтал бүх материал устаж алга болсон. Тиймээс өөр сэдвээр дахин шинэ нэвтрүүлэг бэлтгэх шаардлага тулгарсан. Нэвтрүүлгийн сэдэв сонголтын хувьд цаг хугацаа бага байсан учир дутуу, орхигдуулсан зүйл их байлаа. “Орон нутийн мэдээллийн сүлжээ” төсөл Монголын сэтгүүлзүйд тулгамдаж байгаа асуудлыг хөндөж, сэтгүүлчдийн анхаарлыг хандуулсан нь өндөр ач холбогдолтой байлаа.

Уул уурхай, эдийн засгийн сэдвээр нийтлэл нэвтрүүлэг бэлтгэхэд үнэтэй мэдлэг өглөө

Өмнөговь аймгийн сэтгүүлч С. Номинцэцэг

“Хөгжлийн төлөө сэтгүүл зүй” ТББ, “The Mongolian Mining Jornal” сэтгүүлээс зохион байгуулсан “Орон нутгийн мэдээллийн сүлжээ” төслийн сургалтад Өмнөговь аймгаас 5 сэтгүүлч оролцлоо. Энэ удаагийн сургалт орон нутгийн сэтгүүлчдэд ур чадвартай байхыг сануулж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөхийн зэрэгцээ уул уурхай, эдийн засгийн сэдвээр нийтлэл нэвтрүүлэг бэлтгэхэд үнэтэй мэдлэг мэдээлэл өгсөн гэж миний хувьд дүгнэж байгаа.

Манай аймгийн хувьд Оюутолгой, Тавантолгой, Нарийнсухайт гээд эрдэс баялгийн асар их нөөцтэй бүс нутаг. 2015 оны байдлаар Өмнөговь аймагт хайгуулын болон ашиглалтын 247 лиценз олгогдсон. Уул уурхай дагасан эерэг, сөрөг асуудал маш ихтэй. Ард иргэдээ судалгаан дээр суурилсан, шинжлэх ухааны үндэслэлтэй үнэн бодит мэдээллээр хангах нь сэтгүүлч бидний үүрэг. 
 
Орон нутагт медиа зах зээл бага, хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн санхүүгийн чадавх тааруу, мэргэжлийн сэтгүүлч хүрэлцээгүйн улмаас сэтгүүлчид давтан болон мэргэшүүлэх сургалтад тэр бүр хамрагдаж чаддаггүй. Гэсэн ч бид энэ сургалтад чухал ач холбогдол өгч оролцсон. Цаашид “Хөгжлийн төлөө сэтгүүл зүй” ТББ-аас сэтгүүлчдийг хөгжүүлэх, мэргэжлийн ур чадварыг нь сайжруулах олон төрлийн сургалт зохион байгуулна гэдэгт итгэлтэй байна. Уул уурхайн бүс нутгийн сэтгүүлч бидэнд хамгийн хэрэгцээтэй мэдлэг мэдээлэл өгч, хооронд нь уулзуулж, санал бодлоо солилцох алтан боломжийг олгосонд чин сэтгэлээсээ талархаж байна.

Сэтгүүл зүйн хөгжлийн хандлагыг мэдрүүлж чадлаа

Баян-Өлгийн аймгийн сэтгүүлч У.Хуат

“Эмч хүнийг эмчилдэг бол сэтгүүлч нийгийг эмчилдэг” гэж сэтгүүлчийн нийгэм дэх байр суурь, үүрэг хариуцлагыг тов тодорхой заасан үг бий. Бүхэл бүтэн нийгмийг эмчлэх үүрэгтэй хүн бүх талын өргөн мэдлэгтэй байх нь зүй ёсны хэрэг. Гэвч зарим сэтгүүлчид мэдлэг мэдээлэл дутмагаас болоод хагас дутуу ойлгосон буруу мэдээлэл түгээх явдал цөөнгүй. Ялангуяа уул уурхайн чиглэлээр зарим нэг увайгүй улстөрчдийн хувийн ашиг сонирхлоос үүдэлтэй сөрөг пиарыг үнэн мэт ойлгож, буруу мэдээлэл түгээдэг тал бий. 

The Mongolian Mining Journal сэтгүүлийн дэргэдэх “Хөгжлийн төлөө сэтгүүл зүй” ТББ-аас санаачлан, зохион байгуулсан “Орон нутгийн мэдээллийн сүлжээ” төсөл иймэрхүү дутагдлыг арилгах талаар хичээн ажиллаж байгаа нь чухал юм. 2015 оны 5 дугаар сараас эхэлсэн сургалт орон нутгийн сэтгүүлчдэд уул уурхай, эдийн засгийн  тухай мэдээлэл, мэдлэг өгсөн чухал арга хэмжээ боллоо. Миний хувьд хоёр дахь удаагаа энэ сургалтад хамрагдаж, хэрэгтэй мэдлэг, мэдээллийг олж авсандаа маш их баяртай байна.

Мэдээллийг тэнцвэртэй, бодитой хүргэх талаар мэргэжил арга зүйн зөвлөмж өгсөн цаг үеэ олсон маш чухал сургалтыг үр дүнтэй зохион байгуулсан The Mongolian Mining journal сэтгүүл, “Хөгжлийн төлөө сэтгүүл зүй” ТББ-ын хамт олонд талархлаа илэрхийлье!. Миний хувьд алсаас зорьж ирсэн хэрэг маань бүтсэнд сэтгэл хангалуун байгаа.

Монголын сэтгүүл зүй хөгжлийн шинэ шатанд гарч байна

Сэлэнгэ аймгийн "Мандал" телевизийн сэтгүүлч Ц.Ундармаа

Монголын уул уурхайн анхдагч бөгөөд мэргэжлийн The Mongolian Mining Journal сэтгүүлийн дэргэдэх “Хөгжлийн төлөө сэтгүүл зүй” ТББ-ийн санаачилгаар зохион байгуулсан “Орон нутгийн мэдээллийн сүлжээ” төслийн сургалтад хамрагдсандаа маш их баяртай байна. Сургалтад хамрагдсанаар эдийн засаг, тэр дундаа уул уурхайн сэдвээр мэргэшин бичих талаар үнэтэй мэдлэг, мэдээлэл олж авлаа. Мөн сургалтын хүрээнд орон нутгийн сэтгүүлчдийн дунд зарласан уралдаанд өөрийгөө сорьж оролцон шагнал хүртсэндээ туйлын баяртай байна, их ч урам авлаа. Миний хувьд телевизийн бүтээлд “Химийн хор нөлөө ба хүнцэл” нэвтрүүлгээрээ оролцсон.

Орон нутгийн сэтгүүлчдийн хөгжүүлэх, чадавхижуулах ажлыг шат дараатай хэрэгжүүлсэн нь нүдээ олсон, зөв ажил гэж хувьдаа дүгнэж байна. Өөрийгөө хөгжүүлэхээр алслагдсан аймгаас сургалтыг зорин ирж байгаа сэтгүүлчдийг харахад л орон нутгийн сэтгүүлчдэд ямар хэрэгтэй, чухал, үгүйлэгдсэн сургалт болохыг мэдэж болно.

“Орон нутгийн мэдээллийн сүлжээ” төсөл амжилттай хэрэгжиж буйгаас гадна сургалтыг зохион байгуулснаар Монголын сэтгүүл зүйн хөгжлийг шинэ шатанд гаргаж байна гэж бодож байна. Энэ чухал үйл ажиллагааг санаачлан, зохион байгуулсан The Mongolian Mining Journal сэтгүүлийн эрхлэгч Л.Болормаа болон редакцийн хамт олонд ажлын амжилт хүсч, дараа дараагийн шинэ сургалтаар дахин уулзахын ерөөл тавья.
 
Бараг анх удаа Уул уурхай яам, Ашигт малтмалын газрын төлөөллөөс их чухал мэдээлэл авлаа

Сэлэнгэ аймгийн “Миний Монгол” телевизийн сэтгүүлч Б.Туул

МУИС-ийн багш Б.Наранбаатарын илтгэл их сонирхолтой, сэтгүүл зүйн мэргэжлийн хувьд авууштай санагдлаа. Монголын бүх телевиз, ялангуяа Улаанбаатар хотын телевизүүд гадаад мэдээндээ төдийлөн өнгөтэй, өөдтэй мэдээ гаргадаггүй. Энд, тэнд болсон үймээн самуун, бослого, алан хядалт, халдлагыг ихэнхдээ мэдээлдэг юм шиг санагддаг. Дэлхийн хэмжээнд биш гэхэд Орос, Хятад, Казахстан, Буриад гээд ойрын орнуудад Монголын тухай мэдээ гардаг болов уу гэж бодогдож суулаа. Энэ талаар анхаарч, ийм чиглэлд ажлууд зохион байгуулаасай гэж хүсч байна. Өөрөөр хэлбэл, Монголын сэтгүүл зүйн гадаад харилцаа хөгжөөсэй.

“Орон нутгийн мэдээллийн сүлжээ” төслийн сургалтад хамрагдан, зохион байгуулагч байгууллагын шагналыг хүртсэндээ баяртай байна. Бидэнд орон нутагт ажиллаж амьдарч буйн давуу талууд байна. Нөгөөтэйгүүр сэтгүүлч биднийг мэргэшүүлэх, чадваржуулах ажлыг орон нутагт асуудал бэрхшээлгүйгээр сайн зохион байгуулаасай гэсэн хүслээр зохион байгуулагчидтай хамтарч ажилласан. Нэг нэгнийгээ дэмжиж ажиллах нь их чухал.

Уул уурхайгаа мал аж ахуй, газар тариалан, хүнс хөдөө аж ахуйтай хослуулан хөгжүүлэх санааг дэмжиж байна. Монгол улсын Сайд М.Энхсайханы илтгэлд  уул уурхайгаа түшиглэж хөдөө аж ахуйгаа хөгжүүлье гэлээ. Зөвхөн хөдөө аж ахуй гэлтгүй бусад салбарууд ч уул уурхайг даган хөгжих боломж нээгдэнэ. Сургалтаар уул уурхайн салбарын ил тод байдлыг хөндөж ярилаа. Ялангуяа сумдын иргэд ямар ч мэдээлэлгүй байдаг. Орон нутгийн сэтгүүлчид сургалтын үеэр бараг анх удаа Уул уурхай яам, Ашигт малтмалын газрын төлөөллөөс их чухал мэдээлэл авлаа. Гэтэл орон нутгийн иргэдийг бид ийм мэдээллээр цаг алдалгүй хангаж байх  үүрэгтэй шүү дээ. Тиймээс ийм хэрэгтэй, чухал мэдээллүүдийг орон нутгийн хэвлэл мэдээллийн байгууллагад шуурхай хүргэхэд анхаарч, ийм чиглэлийн ажлууд зохион байгуулаасай гэж хүсэх байна.   

Маш их мэдлэг мэдээлэл хуримтлуулсан сургалт боллоо

Төв аймгийн TBS телевизийн сэтгүүлч Ж.Хонгорбаатар

Миний бие Төв аймгийн хэвлэл мэдээллийн салбарыг төлөөлж “Орон нутгийн мэдээллийн сүлжээ” төслийн баруун бүсийн Сэлэнгэ аймагт зохиогдсон сургалтад хамрагдсан. Тухайн үед уул уурхайн салбарын бодлого, өнөөгийн байдал, статистик судалгаа зэрэг маш олон чухал мэдээлэл олж авсан. Хоёр дахь удаагийн сургалтад Улаанбаатар хотноо хамрагдлаа. Энэхүү сургалт өмнөд, баруун, хойд бүсийн сэтгүүлчдийг хамарч, илүү өргөн цар хүрээнд зохион байгуулагдаж байгаад сэтгүүлч бид их талархаж байна.

Орон нутгийн хол, ойроос үл хамааран маш олон сэтгүүлч сургалтыг зорин ирж, оролцож байгаа нь ямар хэрэгтэй сургалт болохыг харуулж байгаа юм. Өмнөх сургалтаар олж авсан мэдлэгээ 11 дүгээр сарын сургалтаар улам бататгаж, илүү олон зүйлийг мэдэж авлаа. Энэ удаагийн сургалтаар сэтгүүлчид мэдээлэл хүргэхдээ ямар алдаа дутагдал гаргадаг, цаашид юуг анхаарахыг илүү тодотгож, ойлгуулснаараа асар их ач холбогдолтой юм. Мөн энэ удаагийн сургалтад сэтгүүлч бидэнд маш чухал хүмүүсийг урин оролцуулж, уул уурхайн талаар хэрэгтэй мэдээлэл өгсөн сонирхолтой илтгэлүүд тавилаа. Миний хувьд эдгээр мэдээлэл, зөвлөмжөөс өөрт хэрэгтэйгээ тэмдэглэн авлаа.

Цаашид хийх ажлын цар хүрээнд асар их өөрчлөлт орж байна. Бусад сэтгүүлчид ч гэсэн миний адил мэдлэг, мэдээллийг өөртөө хуримтлуулсан байх. Ингэснээр орон нутгийн иргэдэд хүргэх мэдээллүүд чанаржина гэж бодож байна. “Орон нутгийн мэдээллийн сүлжээ” төсөл үргэлжлэн хэрэгжиж, орон нутгийн сэтгүүлчдийг улам мэргэшүүлээсэй гэж хүсч байна.
Сэтгүүлчдийн баг сургалтыг зохион байгуулсан нь харьцуулшгүй үр өгөөжтэй байсан 

Төв аймгийн TBS телевизийн Ц.Ууганбаатар

“Орон нутгийн мэдээллийн сүлжээ” сургалтаар уул уурхайн хөгжлийн зөв хандлага ямар байх ёстой, орон нутгиийн сэтгүүлчид энэ тал дээр ямар ойлголт, мэдлэгтэй байх ёстой вэ гэдгийг таниулж өглөө. Уул уурхайн үйлдвэрлэл орон нутагт явагддаг учир энэ сэдвийг орон нутгийн сэтгүүлчид газар дээрээс нь илүү сайн сурвалжилж, хөндөж чадна гэсэн ойлголтыг авлаа. Ялангуяа сургалтын хүрээнд сэтгүүлчдийн дунд зарласан бүтээлийн уралдаан маш үр дүнтэй байсан. Уралдаанд хэчнээн сэтгүүлч бүтээл ирүүлсэн гэхээс илүүтэй ямар сэдвийг хөндсөн бүтээлүүд өрсөлдөж, тэдгээрийг хэрхэн дүгнэж шалгаруулсан нь сэтгүүлч бидэнд хамгийн хэрэгтэй чухал мэдлэгийг өгсөн.

Шүүгчдийн хийсэн анализаас сэтгүүлч бид хэрхэн мэдээ мэдээллээ бэлтгэх, төвийн хэвлэл мэдээллээс ялгарах давуу тал, бас боломж байгааг ухааруулж өгсөн нь маш чухал байлаа. Орон нутгийн сэтгүүлч бидний ажил үүргийг тодотгож өгсөн нь “Орон нутгийн мэдээллийн сүлжээ” сургалтын ач холбогдол байсан. Нөгөөтэйгүүр, сэтгүүлзүйн “гал тогоонд” чанагдаж, зовлон бэрхшээлийг биеэр туулдаг сэтгүүлчдийн баг сургалтыг зохион байгуулснаараа бусад сургалттай харьцуулшгүй үр өгөөжтэй байсныг онцлон хэлье.

Орон нутаг дахь бүсийн сургалтын үеэр ойлгож, мэдэж авсан нэг сэдэв бол компанийн нийгмийн хариуцлага байсан. Нийгмийн хариуцлагыг бүх л шатандаа анхаарах хэрэгтэй юм байна. Тэр дундаа уул уурхайн компаниудын тухайд нийгмийн хариуцлага талаас нь илүү мэдээлж, орон нутагтай хэрхэн хамтран ажилладаг болон хийж хэрэгжүүлж буй ажлыг нь орон нутгийн сэтгүүлч бид маш сайн анхаарч, мэдээлж байх хэрэгтэй юм байна. Дараа дараагийн сургалтыг уул уурхайн үйлдвэрлэл явагдаж буй газар дээр нь хийх саналтай байна. Ингэхдээ аймгуудыг баг болгон, тус бүрд нь нөхөн сэргээлт, уул уурхайн статистик, хөрөнгө оруулалт зэрэг сэдэвчилсэн даалгавар өгөх байдлаар олон янзын хэлбэрээр зохион байгуулж болох юм. Багаар ажиллахын ач холбогдол нь цаашид бие биетэйгээ эргэх холбоотой болох юм. Газар дээр нь очиж сургалт явуулснаар сэтгүүлчид ч илүү мэдээлэл олж авах давуу талтай.


АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Нэр:
Сэтгэгдэл:
СЭТГЭГДЭЛ (0)

Сэтгэгдэл байхгүй байна