Босни Герцоговиний Хэвлэлийн Зөвлөлийн Дүрэм

(Босни Герцоговиний Сан ба Холбоодын тухай хуулийн 10, 12 дугаар зүйлд үндэслэн Босни Герцоговиний Албан ёсны хэвлэл, Дугаар 32/01, 42/03 ,2009 оны 2 дугаар сарын 28-ны өдөр Сараевод болсон Босни Герцоговиний Хэвлэлийн Зөвлөлийн Ерөнхий чуулганаар Босни Герцоговний Хэвлэлийн Зөвлөлийн дүрэмд өөрчлөлт оруулсан)

    Босни Герцоговиний Хэвлэлийн Зөвлөлийн Дүрэм

1.    Ерөнхий Зүйл


1-р зүйл

Холбоо нь 2006 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр Сараевод болсон Холбооны Ерөнхий чуулганы шийдвэрээр Босни Герцоговиний Сан ба Холбоодын тухай Хуулийн дагуу Босни Герцоговини дэх хэвлэмэл мэдээллийн мэргэжлийн стандартыг дээшлүүлэх, хамгаалах эрхэм зорилготойгоор байгуулагдсан.

2-р зүйл

Энэхүү дүрэм нь, Хуулийн 12-р зүйлд заасны дагуу:
-    Холбооны нэр, хэрэв тохиромжтой бол Холбооны товч нэр, Холбооны хаяг
-    Холбооны зорилго, зорилтууд
-    Гишүүнчлэлийн хугацаа ба Гишүүнчлэлд тавигдах шаардлагууд
-    Чуулганы байгууллагууд, тэднийг сонгох арга зам, тэдний удирдлагууд, чуулганы ирц ба санал хураах үйл явц, мандатын хүчинтэй хугацаа, Ерөнхий чуулганыг зарлан хуралдуулах эрх бүхий этгээд, чуулганы завсарлага ба үргэлжлэх хугацаа болон чуулганы үйл ажиллагааг зогсоох
-    Холбооны эд хөрөнгөтэй харьцах, эзэмших эрх олж авах, тэдгээрийн хэрэглээнд хяналт тавих эрх бүхий байгууллагын журам
-    Үйл ажиллагааны сурталчилгаа
-    Дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулах болон бусад ерөнхий дүрэм журмуудыг батлах горим
-    Тамга тэмдгийн агуулга, хэлбэрийн тодорхойлолт
-    Холбооны төлөөлөгчид
-    Холбооны үйл ажиллагааг зогсоох, тараах, завсарлуулах, эрх шилжүүлэх, буруутгах нөхцөл болон журмууд, түүн дотор санал хураалтанд шаардлагатай тусгай ирцийн хувь хэмжээг тогтооно
-    Холбооны үйл ажиллагаа дуусгавар болсон тохиолд үлдсэн эд хөрөнгийг хэрхэх тухай журам
-    Холбооны зорилго зорилтын хэрэгжилтийн талаарх бусад чухал асуудлуудыг тодорхойлно

З-р зүйл

 Холбоо нь төрийн болон улс төрийн бус, ашгийн төлөө бус байгууллага бөгөөд энэхүү дүрэмд заасны дагуу гишүүдийн сайн дурын, чөлөөт зарчмын үндсэн дээр холбооны зорилго зорилтыг хэрэгжүүлнэ.

4-р зүйл

Холбоо нь харъяалагдах яаманд бүртгүүлснээр хууль зүйн этгээдийн бүрэн эрхтэй болно. Ингэснээр бүрэн эрхийн хугацаандаа өөрийн нэрийн өмнөөс хуулийн хүрээнд бие даасан үйл ажиллагаа явуулна.

5-р зүйл

Холбоо нь хуулийн хүрээнд өөрийн бүх эд хөрөнгөөрөө хариуцлага хүлээнэ.

6-р зүйл

-    Холбооны гишүүд нь өөрсдийн нэрийн өдөртэй байх бөгөөд энэ нь 12 дугаар сарын 13 юм.

2.    Холбооны нэр, төв байр :

7-р зүйл

Холбооны нэр нь:
-    Vijeće za štampu u Bosni i Hercegovini

-    Vijeće za tisak u Bosni i Hercegovini
-    Савјет за штампу у Босни и Херцеговини
Холбооны нэр нь Англи дээр:
The Press Council in Bosnia-Herzegovina гэж бичигдэнэ.

8-р зүйл

Холбооны төв байр нь Сараево, Трампина гудамжны 8 тоотод байрлана.
Холбоо нь төв байрнаас гадна Босни Герцоговиний нутаг дэвсгэр дээр холбооны үйл ажиллагаа, зорилго зорилтыг хэрэгжүүлэхэд шаардлагатай салбарууд, зохион байгуулалтын бусад хэлбэрүүд, өөрийн оффистой байж болно.
Зохион байгуулалтын тэдгээр хэлбэрүүдийг Холбооны удирдах зөвлөлийн олонхийн саналаар батлах бөгөөд зохион байгуулалтын удирдлага, нэр, үйл ажиллагаа, дүрмийн сан, эд хөрөнгийн тоо болон бусад шаардлагатай зүйлсийг тогтоож өгнө.

9-р зүйл

Холбоо нь ТУЗ-ын саналаар нэрээ өөрчилж болно. Холбооны нэрэнд оруулсан өөрчлөлтийг Холбооны Ерөнхий чуулганаар батламжилна.

10-р зүйл

Холбоо нь Босни Герцоговиний нийт нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулна.

3.    Холбооны зорилго зорилт ба үйл ажиллагаа

11-р зүйл

Холбооны зорилго зорилт ба үйл ажиллагаа
1.    Хэвлэл дэх ёс зүйн стандартыг өсгөх, хамгаалах түүнчлэн хэвлэл мэдээллийн салбар дахь өөрийн зохицуулалтыг бэхжүүлэх замаар Босни Герцоговиний мэргэжлийн сэтгүүл зүйг хамгаалах, хөгжүүлэх
2.    Босни Герцоговиний сэтгүүл зүйн мэргэжлийн стандартад хяналт тавих
3.    Мэдээлэх эрх болон Хэвлэлийн эрх чөлөөг хамгаалах
4.    Олон нийт болон Холбооны гишүүдийг мэргэжлийн зөвлөгөө арга зүйгээр хангах
5.    Олон нийт болон гишүүдэд зориулсан хурал зөвлөгөөн, хэлэлцүүлэг, сургалт зохион байгуулах
6.    Хууль болон бусад хууль тогтоомжийн дагуу Босни Герцоговиний хэвлэл мэдээллийн байгууллагуудын өөрийн зохицуулалтын тогтвортой хөгжилд шаардлагатай нөхцөл байдлыг бий болгох зорилгоор бусад байгууллагуудад санал тавих
7.    Адил төстэй үйл ажиллагаа явуулдаг гадаад дотоодын бусад Холбоодуудтай туршлага солилцох
8.    Холбооны амжилт, зорилго зорилтын үр дүнг харуулсан ном товхимол, гарын авлага хэвлүүлэх, вэб сайт нээх

12-р зүйл

Холбоо нь энэхүү дүрмийн 11-д заасан зорилго, зорилтдоо нийцсэн ашгийн төлөө үйл ажиллагаа явуулж болох боловч олсон бүх ашиг орлогоо Холбооны дүрэмд заасан ашгийн төлөө бус үйл ажиллагаандаа хурал цуглаан зохион байгуулах, сургалт семинар хийх, шинжээчдийн уулзалт зохион байгуулах гэх мэт зарцуулна.

Холбоо дүрмийн зорилгод шууд холбоогүй үйл ажиллагаа явуулах шаардлагатай бол хууль журмын дагуу тусгай эрх бүхий хуулийн этгээдээр гүйцэтгүүлж болно.  

4.    Холбооны гишүүнчлэл


13-р зүйл

Босни Герцоговиний нутаг дэвсгэр дээр бүртгэлтэй, сэтгүүл зүй, медиа салбарт үйл ажиллагаа явуулдаг ямар ч хуулийн этгээд Холбоонд гишүүнээр элсэж болох бөгөөд гишүүнээр элссэнээр Холбооны Дүрэм болон энэ дүрэмд хамаатай бүх хуулийн заалтыг хүлээн зөвшөөрч дагаж мөрдөнө.

Босни Герцоговиний иргэн, Босни Герцоговиний нутаг дэвсгэр дээр амьдардаг гадаадын иргэн Холбооны гишүүнээр элсэж болох бөгөөд Холбоонд өргөдөл гаргаж гарын үсэг зурна. Мөн энэ зүйлийн эхний догол мөрт заасан нөхцөлийн дагуу сайн дурын ажил хийх замаар гишүүнээр элсэж болно.

14-р зүйл

Холбооны гишүүнчлэл нь сайн дурынх байна.
Гишүүнчлэл нь байнгын, хүндэт, бүлгийнбайгууллагын гэсэн хэлбэртэй байна. Холбоо нь гишүүнчлэлийн бүртгэлийг хадгална. Холбооны гишүүд нь гишүүнчлэлийн карттай байна.

15-р зүйл

Тухайн оронд хууль ёсоор амьдарч байгаа хэн бүхэн энэ дүрмийн 13-т заасны дагуу Холбооны байнгын гишүүн болж болно. Бүлгийн буюу байгууллагын гишүүнчлэл нь Холбооны зорилго зорилтыг хэрэгжүүлэхэд оролцохын тулд Холбооны гишүүнчлэлд нэгдэж болно. Холбооны Хүндэт гишүүд нь Холбооны хөгжилд санал өгөхөөс бусад материаллаг болон бусад замаар онцгой хувь нэмэр оруулсан хүмүүс байна. Хүндэт гишүүд нь Холбооны үйл ажиллагаанд зөвлөх үүрэгтэйгээр оролцож болно.

Холбоонд гишүүнээр элсүүлэх шийдвэрийг Холбооны ТУЗ-ийн саналд үндэслэн Холбооны Ерөнхий чуулган батална.

16-р зүйл

Холбооны гишүүдийн эрх үүрэг:

-    Энэхүү дүрмийн зүйл заалтыг ёсчлон биелүүлнэ
-    Холбооны ёс зүйн болон бусад хэм хэмжээг шударгаар баримтална
-    Холбооны байгууллагуудад сонгох сонгогдох
-    Холбооны үйл ажиллагаанд оролцох
-    Дүрэмд заасан Холбооны зорилго зорилтыг биелүүлэх үйл ажиллагаанд идэвхтэй оролцох
-    Холбооны үйл ажиллагаанд үнэлэлт дүгнэлт өгөх
-    Холбооны гишүүнчлэлээс хасах санал гаргах
-    Холбооны үйл ажиллагааны талаар цаг тухай бүр мэдээлэл авах эрхтэй
-    Холбооноос зохион байгуулж байгаа бүхий л үйл ажиллагаанд оролцож, санал тавих, асуулт асуух хариулт авах эрхтэй
-    Холбооны шийдвэрийн дагуу Холбооны үйл ажиллагаанд оролцох эрх, давуу тал олж авах
-    Мэргэжлийн болон бусад асуудлаар Холбооны зүгээс тусламж дэмжлэг авах
-    Холбооны гишүүд нь адил тэнцүү эрх эдэлж үүрэг хүлээнэ

17-р зүйл

Холбооны гишүүнчлэл дуусгавар болох:

-    Холбооны гишүүнчлэлээс сайн дураар татгалзаж Холбооны даргад бичгээр хүсэлт гаргасан бол
-    Холбооны дүрмийг зөрчиж Холбооны байгууллагуудаас гишүүнчлэлээс хасах санал гаргасан бол
-    Холбооны нэр хүндэд халдсан бол
-    Тухайн оронд оршин суух хууль ёсны хугацаа дууссан бол
-    3 сараас дээш хугацаагаар төлбөрөө төлөөгүй бол
-    Нас барсан тохиолдолд
-    Холбооны үйл ажиллагаа дуусгавар болсон тохиолдолд

Гишүүнчлэлээс хасах тухай шийдвэрийг Холбооны даргын саналд үндэслэн ТУЗ-өөр батална. Гишүүнчлэлээс хассан тухай шийдвэр, тайлбарыг Холбооны зүгээс тухайн гишүүнд бичгээр хүргүүлнэ.

Холбооны гишүүн нь гишүүнчлэлээс хассан тухай шийдвэрийг хүлээн зөвшөөрөөгүй тохиолдолд тухайн шийдвэрийг хүлээж авсанаас хойш 15 хоногийн дотор Холбооны Ерөнхий чуулганд гомдол гаргаж болно. Холбооны Ерөнхий чуулган нь эхний хуралдаанаараа эцсийн шийдвэрийг гаргана. Тухайн гомдолд шинжилгээ хийж байх хугацаанд тухайн гишүүнчлэлийн бүрэн эрхийг түр зогсооно.

18-р зүйл

Холбооны Ерөнхий чуулган нь хууль болон энэхүү дүрэмд нийцүүлэн Ерөнхий журмыг батлах ба тэрхүү журмаар Холбооны гишүүнчлэлийг зогсоох, шинээр гишүүнчлэл олгох үйл явцыг нарийн тогтооно.

5.    Холбооны байгууллагуудын Шийдвэр гаргах үйл явц

19-р зүйл

Холбооны байгууллагууд нь :

-    Холбооны Ерөнхий чуулган
-    Холбооны Төлөөлөн Удирдах Зөвлөл
-    Холбооны Гүйцэтгэх захирал –аас бүрдэнэ.

20-р зүйл

Холбооны байгууллагууд нь дараах үүрэгтэй:
1.    Энэхүү дүрэм болон Холбооны бусад журамд заасны дагуу идэвхитэй үйл ажиллагаа явуулах
2.    Холбооны үйл ажиллагааг хөгжүүлэх, бэхжүүлэх, олон нийт болон Холбооны гишүүдийг мэдээллээр хангах
3.    Холбооны үйл ажиллагаа, зорилго зорилтыг биелүүлэхэд гишүүдийн шууд оролцоог хангах

5а. Холбооны Ерөнхий чуулган

 
21-р зүйл

Ерөнхий чуулган нь Холбооны дээд байгууллага мөн.
Ерөнхий чуулган нь Холбооны бүх гишүүдээс бүрдэнэ.
Холбооны Ерөнхий чуулганаас Чуулганы дарга ба хоёр дэд даргыг сонгоно.
Тэдгээр нь Холбооны бүх гишүүдээс сонгогдоно.
Дарга нь Ерөнхий чуулганаа удирдана.
Чуулганы дарга ба дэд даргын мандат нь хоёр жилийн хугацаатай байх ба дахин сонгогдох боломжтой.

22-р зүйл

Холбооны Ерөнхий чуулган нь жилд нэгээс доошгүй удаа хуралдана.
Чуулганы дарга нь Ерөнхий чуулганыг зарлан хуралдуулах ба даргын эзгүй үед хоёр дэд даргын нэг нь чуулган хуралдахаас 15-аас доошгүй хоногийн өмнө чуулганыг зарлана.

Чуулганы дарга нь Чуулганы гишүүдийн Гуравны нэгээс дээш хувийн шаардлагаар Чуулганыг зарлах үүрэгтэй. Мөн Чуулганы ТУЗ-ын Гуравны хоёрын шаардлагаар чуулганыг зарлан хуралдуулах үүрэгтэй.

23-р зүйл

Энэхүү дүрэм болон Чуулганы бусад журамд заасны дагуу Чуулганы гишүүдийн талаас дээш хувь нь хүрэлцэн ирсэн тохиолдолд чуулганыг хүчинтэйд тооцно.
Энэхүү дүрэмд өөрөөр заагаагүй бол Чуулганд хүрэлцэн ирсэн гишүүдийн талаас дээш хувийн саналаар шийдвэр гаргана.
Чуулганаас гаргасан шийдвэр, тунхаглал нь олон нийтэд ил тод байна.

24-р зүйл

Чуулганы гишүүд нь тэдний төрөл садан, гэр бүлийнхэнтэй холбоотой асуудлаар болон гишүүдийн хяналтад байгаа асуудлаар, эсвэл гишүүдийн эдийн засгийн ашиг сонирхолтой асуудлаар санал өгч болохгүй.  
Холбооны гишүүд нь бүрэн эрхийн хугацаандаа Холбооны санхүүгийн гүйцэтгэлтэй холбоотой ажлыг зах зээлийн үнээр Холбоонд тохирох хамгийн сайн нөхцлөөр удирдан явуулах үүрэгтэй.

25-р зүйл

Холбооны Ерөнхий чуулган
-    Холбооны Дүрэмд дүн шинжилгээ хийх, нэмэлт өөрчлөлт оруулах
-    Холбооны хууль ёсны үйл ажиллагааг батлах, удирдах
-    Холбооны ерөнхий дүрэм журмуудыг батлах, нэмэлт өөрчлөлт оруулах
-    Холбооны Ерөнхий бодлогыг тодорхойлох
-    Удирдах зөвлөлийн гишүүнд нэр дэвшүүлэх, гишүүнээс эргүүлж татах
-    Холбооны Удирдах зөвлөлийн Дарга болон хоёр Дэд даргад нэр дэвшүүлэх, эргүүлж татах
-    Холбооны итгэмжлэгдсэн төлөөлөгчийг хууль ёсны үйл ажиллагаанд нэр дэвшүүлэх
-    Холбооны Гүйцэтгэх захирлыг нэр дэвшүүлэх, эргүүлэн татах
-    Холбооны хөгжил цэцэглэлтэнд анхаарал хандуулах, хэрэглээнд хяналт тавих
-    Жил бүрийн хуанлийн төлөвлөгөөг батлах
-    Холбооны байгууллагуудын санхүүгийн төлөвлөгөө болон, үйл ажиллагааны болон санхүүгийн тайланг хэлэлцэх, батлах, удирдамж өгөх
-    Хууль болон Холбооны Дүрмийн дагуу Холбооны хэрэглээ, болон төлбөрийн талаарх шийвэрийг гаргах, санхүүгийн дэмжлэг үзүүлэх
-    Холбооны үйл ажиллагааны хүрээнд Холбооны гишүүдийн эрх ашгийг хангахаар зохих байгууллагуудад томилох төлөөлөгчдийг сонгох
-    Эвсэлд нэгдэх, нийлэх, тусгаарлах шийдвэр гаргах, Холбооны үйл ажиллагааг өөрчлөх, дуусгавар болгох, мөн түүнчлэн хууль ёсны болон бусад өөрчлөлтийг хийх
-    Холбооны гишүүдийн өргөдөл гомдлыг шийдвэрлэх талаар шийдвэр гаргах
-    Холбооны байгууллагуудад харъяалагдахгүй бусад асуудлаар хэлэлцэх, шийдвэр гаргах
Холбоо нь энэхүү Дүрэм харшлахгүй бол өөрийнхөө эрх мэдэлд хамаарах зарим үйл ажиллагааг Удирдах Зөвлөлд шилжүүлж болно.

Холбооны Ерөнхий чуулганы Дарга ба Дэд дарга
26-р зүйл

Холбооны Ерөнхий чуулганаас Холбооны Ерөнхий чуулганы Дарга болон хоёр Дэд даргыг сонгоно. Ерөнхий чуулганы Дарга болон хоёр Дэд дарга нар нь чуулганы бүх гишүүдээс сонгогдоно. Дарга болон Дэд дарга нар Холбооны Ерөнхий чуулганд ажлаа тайлагнана.

27-р зүйл

Холбооны Ерөнхий чуулганы Дарга нь дараах эрх үүрэгтэй:

-    Холбооны Ерөнхий чуулганыг зарлан хуралдуулна
-    Ерөнхий чуулганаар хэлэлцэх асуудлыг оруулна
-    Чуулганы шийдвэр болон чуулганы бусад журмын биелэлтийг хариуцна
-    Ерөнхий чуулганы байгууллагуудын үйл ажиллагааг удирдана
-    Холбооны үйл ажиллагааг олон нийтэд мэдээлнэ
-    Холбооны ерөнхий журмууд болон энэ Дүрэмд заасан бусад үйл ажиллагааг явуулна
-    Бүрэн эрхийнхээ хугацаанд Холбоог төлөөлнө

Чуулганы Даргын эзгүйд хоёр Дэд даргын нэг нь түүнийг орлож, бүрэн эрхийг хэрэгжүүлнэ.

5.б Холбооны Удирдах Зөвлөл

28-р зүйл

Удирдах Зөвлөл Холбооны Гүйцэтгэх байгууллага мөн. Удирдах зөвлөл нь чуулганаас чуулганы хооронд Холбоог удирдлага зохион байгуулалтаар хангах бөгөөд санхүүгийн төлөвлөгөө, чуулганы шийдвэрүүд болон Холбооны бусад бүхий л үйл ажиллагааг удирдана ажиллана.

29-р зүйл

Удирдах зөвлөл нь Ерөнхий чуулганаас нэр дэвшүүлэн 2 жилийн хугацаагаар сонгогдсон 7 гишүүнээс бүрдэх бөгөөд дахин сонгогдох боломжтой.

Удирдах зөвлөл нь Удирдах зөвлөлийн Дарга болон хоёр Дэд даргыг сонгоно. Дарга болон хоёр Дэд дарга нь Холбооны Удирдах зөвлөлийн нэр дэвшүүлсэн гишүүдээс сонгогдоно.

30-р зүйл

Холбооны Удирдах Зөвлөл нь шаардлагатай тохиолдолд хуралдах ба жилд 4-өөс  доошгүй удаа хуралдана. Удирдах Зөвлөлийн Дарга Удирдах Зөвлөлийн хурлыг зарлан хуралдуулах ба түүний эзгүйд хоёр Дэд даргын нэг Удирдах Зөвлөлийн хурлыг чуулган болохоос 15 хоногийн өмнө зарлана.

31-р зүйл

Холбооны Удирдах зөвлөл нь энэхүү Дүрэм болон Холбооны бусад ерөнхий журмуудад заасан дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ. Үүнд:

-    Ерөнхий чуулганы бэлтгэлийг хангана
-    Ерөнхий чуулганаар батлах Дүрмийн болон бусад журмуудын төслийг бэлтгэнэ
-    Ерөнхий чуулганаас батлах бодлого болон бусад шийдвэрүүдийн төслийг бэлтгэнэ
-    Санхүүгийн төлөвлөгөөнд тусгагдсан Холбооны зардлын талаарх шийдвэрийг гаргана
-    Үйл ажиллагааны төлөвлөгөөний үр дүнгийн талаарх жилийн болон хагас жилийн тайланг хэлэцэж батламжилна
-    Ерөнхий чуулганд танилцуулах жилийн болон хагас жилийн тайланг батлана
-    Ерөнхий чуулганы Гомдол барагдуулах Хорооны гишүүдийг чөлөөлөх болон нэр дэвшүүлэх эрх эдлэнэ
-    Шагнал талархлын асуудлаар шийдвэр гаргана
-    Худалдан авалт, борлуулалт, хөнгөлөлт суутгалын асуудлаар шийвэр гаргана
-    Гүйцэтгэх захирлын дэвшүүлсэн санал болон тайлангийн асуудлаар шинжилгээ хийж дүгнэлт гаргана
-    Хууль болон энэхүү Дүрэмд тусгагдсан Ерөнхий чуулганаас олгосон бусад бүрэн эрхийг хэрэгжүүлнэ

32-р зүйл

Удирдах зөвлөл нь Холбооны зорилго зорилтыг хэрэгжүүлэхийн тулд өөр өөр байгууллага байгуулах шинжээчдийн комисс томилох шийдвэр гаргах, түүнчлэн Холбооны үйл ажиллагааг техникийн болон захиргаа удирдлагаар хангана ажиллана.

33-р зүйл

Удирдах Зөвлөл нь гишүүдийн талаас илүү хувь нь хүрэлцэн ирснээр хүчин төгөлдөр шийдвэр гаргана. Холбооны Удирдах Зөвлөл нь санал хураалтанд оролцсон гишүүдээс олонхийнталаас илүү хувийн саналаар шийдвэр гаргана.

Холбооны Удирдах Зөвлөлийн бүх гишүүд саналын эрхтэй бөгөөд тэдний гаргасан мэдэгдэл нь олон нийтэд нээлттэй байна.

34-р зүйл

Удирдах Зөвлөлийн гишүүнийг хугацаанаас өмнө чөлөөлөх:

-    Гишүүн өөрөө хүсэлт гаргасан бол
-    Зөвтгөх шалтгаангүйгээр 3 удаа хуралд оролцоогүй бол
-    Холбооны дархан байдалд халдсан бол
-    Хууль, Дүрэм болон холбооны бусад журмуудад заасан үндэслэлээр

Удирдах Зөвлөлийн гишүүнчлэлийг дуусгавар болгох асуудал нь Удирдах Зөвлөлийн хурлаар хэлэлцэгдэн шийдвэрлэгдэж, Холбооны Ерөнхий чуулганаар давхар батлагдана.

Холбооны Удирдах Зөвлөлийн Дарга ба Дэд дарга

35-р зүйл

Холбооны Удирдах Зөвлөлийн Дарга нь Дэд даргатай байна.

36-р зүйл

Холбооны Удирдах Зөвлөлийн дарга нь дараах эрх үүргийг хэрэгжүүлнэ:

-    Өөрийн санаачлагаар болон Удирдах Зөвлөлийн гишүүдийн 13-ээс доошгүйн хүсэлтээр Холбооны Удирдах Зөвлөлийн хурлыг зарлан хуралдуулна
-    Удирдах Зөвлөлийн үйл ажиллагааг удирдах
-    Холбооны Ерөнхий чуулганы удирдамж, үйл ажиллагааны төлөвлөгөө, үр дүн болон Ерөнхий чуулганы шийдвэрийг хэрэгжүүлэх
-    Холбооны төсвийн гүйцэтгэлийн талаар тушаал гаргах
-    Удирдах Зөвлөлийн баталсан баримт бичигт гарын үсэг зурах
-    Холбооны ажилд туслалцаа үзүүлэхэд шаардлагатай материал бэлтгэх асуудлаар өөрийн санаачлагаар болон гишүүдээр дамжуулан Комисс томилох, яаралтай холбох
-    Ерөнхий чуулганд зориулан мэдээлэл болон бусад материалууд бэлтгэх, дүн шинжилгээ хийх
-    Ерөнхий чуулган болон Холбооны Удирдах Зөвлөлөөс олгосон эрхийн дагуу бусад үйл ажиллагаа явуулах

5.с Холбооны Гүйцэтгэх Захирал

37-р зүйл

Холбоо нь Ерөнхий чуулганаас нэр дэвшүүлэн 4 жилийн хугацаагаар сонгогдсон Гүйцэтгэх захиралтай байх бөгөөд дахин сонгогдох боломжтой. Гүйцэтгэх захирал нь Холбооны Ерөнхий чуулган ба Холбооны Удирдах Зөвлөлд харъяалагдана.

38-р зүйл

Гүйцэтгэх Захирал нь дараах эрх үүргийг хэрэгжүүлнэ:

-    Хуульд заасан Холбооны бүхий л үйл ажиллагааг хариуцна
-    Холбооны бүх байгууллагын үйл ажиллагаанд оролцоно
-    Холбооны Удирдах зөвлөлд тухайн жилийн ирэх жилийн стратегийн болон үйл ажиллагааны, түүнчлэн санхүүгийн төлөвлөгөөний санал боловсруулж оруулна
-    Ерөнхий чуулган болон Холбооны Удирдах Зөвлөлийн баталсан жилийн төлөвлөгөө, шийдвэр бусад баримт бичгийн дагуу үйл ажиллагаа явуулах
-    Холбооны Удирдах зөвлөлөөр батлуулах жилийн ажлын болон цаг хугацааны тайлан гаргаж өгөх
-    Холбооны Даргын удирдлаган дор Холбоог олон нийтэд танилцуулах, төлөөлөх
-    Холбоо болон бусад нэгжийн захиргаа, техникийн үйлчилгээ, зохион байгуулалт болон бусад үйл ажиллагааг хариуцах, Хөдөдмөрийн гэрээнд заасны дагуу ажлын байрны тодорхойлолт гаргах, ажлын байруудыг системчлэх
-    Хууль болон энэхүү Дүрэмд заасан бусад эрх үүргийг хэрэгжүүлэх
-    Бүрэн эрхийн хугацаанд Холбоог төлөөлөх

39-р зүйл

Гүйцэтгэх Захирлыг хугацаанаас өмнө чөлөөлөх:
-    Өөрийн хүсэлтээр
-    Ерөнхий чуулган ба Холбооны Удирдах зөвлөлийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд зохих ёсоор ажиллаагүй бол
-    Хууль болон энэхүү Дүрэмд заасан бусад тохиолдолд

40-р зүйл

Гүйцэтгэх Захирлыг чөлөөлөх тухай шийдвэрийг Холбооны Ерөнхий чуулганаар батална.

6.- Гомдол барагдуулах Хороо

41-р зүйл

Холбоо нь дотроо Холбооны бүх гишүүдийн дундаас Удирдах Зөвлөлөөр нэр дэвшин, хоёр жилийн хугацаагаар сонгогдсон Гомдол барагдуулах Хороо гэсэн зөвлөх нэгжтэй байна. Гомдол барагдуулах Хорооны гишүүд нь нэг удаа дахин сонгогдох эрхтэй.
Гомдол барагдуулах Хороо нь 9 гишүүнтэй бөгөөд хууль журмын дагуу сонгогдоно.

-    Гурван гишүүн нь Босни Герцоговинид үйл ажиллагаа явуулдаг сонин хэвлэл болон онлайн медиагийн эзэд, сэтгүүлчдээс
-    Гурван гишүүн нь Босни Герцоговиний шүүхийн салбараас
-    Гурван гишүүн нь Босни Герцоговини дахь сэтгүүл зүй болон медиа салбарт ажилладаггүй олон нийт болон эрдэм шинжилгээний салбарын төлөөлөл болж сонгогдоно
-    Гомдол барагдуулах Хороо нь хорооны гишүүдийн дундаас Дарга болон Дэд даргыг сонгох бөгөөд танхимын хурлыг зарлан хуралдуулах, дарга эрх үүрэгтэй.

42-р зүйл

Гомдол брагдуулах Хорооны гишүүд нь Холбооны Удирдах Зөвлөлийн гишүүн, улс төрч, улс төрийн намуудын төлөөлөл, Босни Герцовини дэх санал хураалтын байрны идэвхтэнүүд ажиглагчид байж болохгүй.

43-р зүйл

Гомдол брагдуулах Хороо нь дараах бүрэн эрх, үүргийг хэрэгжүүлнэ.

-    Босни Герцоговини дэх хэвлэл мэдээллийн талаар гаргасан олон нийтийн гомдолд дүн шинжилгээ хийх
-    Хэвлэлийн мониторингэд шинжилгээ хийх
-    Босни Герцоговини дэх Хэвлэлийн дүрмийг зөрсөн асуудлаар хэрэг маргаан үүсгэх, хяналт тавих

44-р зүйл

Холбооны Удирдах Зөвлөл нь хуулийн дагуу гишүүдийн 50-иас дээш хувийн саналаар шийдвэр гаргаж тогтоол батална.

Хорооны бүх гишүүд санал өгөх эрхтэй бөгөөд тэдний шийдвэр олон нийтэд нээлттэй байна. Шийдвэрүүд нь зөвшилцлийн үндсэн дээр, эсвэл Гомдол барагдуулах Хорооны гишүүдийн олонхийн саналаар батлагдана.

45-р зүйл

Гомдол барагдуулах Хороо нь жилд 4-өөс доошгүй хуралдах бөгөөд шаардлагатай тохиолдолд хуралдаж болно. Гомдол барагдуулах Хорооны ажлын тодорхойлолтын талаар илүү дэлгэрэнгүйг Холбооны Удирдах Зөвлөлөөр баталж, Ерөнхий чуулганаар батламжилсан Гомдол барагдуулах Хорооны Дүрмийн Номоор зохицуулна.

7 . Холбооны хөрөнгө

46-р зүйл

Холбооны хөрөнгө нь санхүүгийн болон, хөдлөх, үл хөдлөх хөрөнгөөс бүрдэнэ. Хөдлөх,  үл хөдлөх хөрөнгө нь данс бүртгэл болон үндсэн эд хогшлоос бүрдэнэ.

47-р зүйл

Холбооны орлого:

-    Төлбөр
-    Засгийн газрын тэтгэлэг
-    Олон нийтийн байгууллагууд, олон улсын болон дотоодын байгууллагууд, хувь хүмүүсийн хандив тусламж, бэлэг, бэлэн мөнгө болон  бусад төрлийн
-    Түрээс, ашгийн хувь, тэтгэлэг, балансийн нэмэгдэл, Дүрмийн зорилгод нийцсэн хууль ёсны бусад орлого
-    Хууль болон энэхүү Дүрэм заасан бусад орлого

Нөхөн төлбөр олгох, төлбөр төлөх, хуулиар зохицуулагдсан төлбөр төлөх шийдвэрүүд нь Холбооны Ерөнхий чуулганаар батлагдана.

48-р зүйл

Холбооны бүх санхүүгийн материалуудыг Холбооны Гүйцэтгэх захирал хариуцна.
Гүйцэтгэх Захирал нь Удирдах Зөвлөлд ажлаа тайлагнана.
Удирдах Зөвлөл нь жилийн санхүүгийн төлөвлөгөөг батлуулахаар Холбооны Ерөнхий чуулганд танилцуулна.
Тодорхой шалтгаанаар, Ерөнхий чуулган хуралдаагүй тохиолдолд Холбооны Удирдах Зөвлөл түр хугацааны санхүүгийн төлөвлөгөөг батална.
Санхүүгийн төлөвлөгөө болон хөтөлбөрүүдэд тусгагдсан ажлууд нь зөвхөн Холбооны зорилго, зорилтийг хангахад чиглэгдэнэ.

49-р зүйл

Хууль болон энэхүү Дүрэмд заасны дагуу Холбооны Удирдах Зөвлөл нь Холбооны хэрэглээ, эд хөрөнгө, өргөдөл хүсэлт зэргийг шийдвэрлэх захиран зарцуулах эрхтэй байна.
Холбооны Ерөнхий чуулганаар батламжлагдсан санхүүгийн төлөвлөгөөнд заасны дагуу орлого зарлага, алдагдал, суутгал зэрэг нь Холбооны Удирдах Зөвлөлөөр батлагдана.

50-р зүйл

Холбооны үйл ажиллагааны хэрэглээ, зарцуулалт, хуваарилалт зэрэг нь орлого болон үйл ажиллагаа, тухайн шаардлагын хамт санхүүгийн төлөвлөгөөнд тодорхойлогдсон байх бөгөөд Удирдах Зөвлөлөөр батлагдаж, Холбооны Ерөнхий чуулганаар батламжлагдана.

51-р зүйл

Холбооны албан хаагчид болон бусад хүмүүсийн хувьд төлөвлөсөн ажил, өгсөн үүрэг даалгавар гүйцэтгэх явцдаа нэрлэсэн нөхөн олговорурамшуулал авах эрхтэй. Нөхөн олговор олгох шийдвэр нь Холбооны Удирдах Зөвлөлөөр батлагдана.

52-р зүйл

Холбооны материал техникийн ажлууд нь ерөнхий баримт бичгүүд тусгагдсан зарчмын дагуу хөтлөгдөх бөгөөд тухайн үед мөрдөгдөж буй журмын дагуу хагас жилийн болон жилийн ажлын тайланд тусгагдана.

Холбооны Ерөнхий чуулганаас өгсөн үүргийн дагуу Холбооны хэрэглээ, хуваарилалтад хяналт тавина.

53-р зүйл

Удирдах Зөвлөлөөс үйл ажиллагааг эмхэлж цэгцлэх, зохицуулах, тухайн зорилгыг хангахад чиглэсэн дотоод дүрэм, бусад бичиг баримтыг батлан гаргаж болно.

8 . Холбоог татан буулгах, үйл ажиллагааг өөрчлөх, нэгдэх, тусгаарлах

54-р зүйл

Холбоо нь зөвхөн бусад холбоонд нэгдэж, тусгаарлаж, өөрчлөн байгуулагдаж болно.
Энэхүү шийдвэрийг Холбооны бүх гишүүдийн гуравны хоёрын саналаар Холбооны Ерөнхий чуулган батална.

Энэхүү шийдвэр нь Холбооны нэр болон төв байр, хуваарилалт, эрх үүрэг, болон дүрмийн сангийн асуудлуудыг зохицуулна.

55-р зүйл

Холбоо нь сайн дураараа болон Хуулийн хүрээнд татан буугдаж болно.
Сайн дураараа татан буугдах шийдвэрийг Холбооны бүх гишүүдийн гуравны хоёрын саналаар Холбооны Ерөнхий чуулган батална.

Холбоог татан буулгах шийдвэртэй зэрэгцэн өр барагдуулах төлөвлөгөөг батлах ба Хууль болон энэхүү Дүрэмд заасан эрх үүргийн дагуу гэрээгээр хүлээсэн заавал биелүүлэх өр төлбөр төлөх зааварчилгааг тусгана.
Холбоог татан буулгах шийдвэрт тусгасны дагуу Холбооны хөрөнгө болон үлдэгдэл хөрөнгө, өр төлбөр төлөх зааварчилгааг ижил төстэй үйл ажиллагаа явуулдаг холбоонд шилжүүлж болно.

56-р зүйл

Холбооны бүх гишүүдийн гуравны нэг нь Холбоог татан буулгах санал гаргаж болно. Үүнд:
-    Холбооны гишүүдийн тоо Холбоо анх зохион байгуулагдсанаасаа хойш хамгийн бага хэмжээнд хүртлээ буурсан
-    Холбоо дараалан хоёр жилийн турш идэвхитэй үйл ажиллагаа явуулаагүй, санхүүгийн баланс тэг болсон
-    Хуульд заасан бусад шалтгаанаар

Холбоог татан буулгах санаачлага нь Холбооны даргад танилцуулагдах бөгөөд Холбооны дарга Ерөнхий чуулганд асуудал бэлтгэж оруулна.

57-р зүйл

Холбоо нь Хуулийн 5 ба 52-р зүйлд зааснаар Хуулийн дагуу татан буугдана. Холбоо нь татан буугдсан тайлангаа холбогдох хуулийн хугацаанд хариуцсан яаманд заавал мэдэгдэх үүрэгтэй.

9 . Үйл ажиллагааны талаарх хэвлэн нийтлэл

58-р зүйл

Холбооны бүх байгууллагуудын үйл ажиллагаа олон нийтэд нээлттэй байна. Хэвлэн нийтлэх ажил нь хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжин шуурхай явагдана.

59-р зүйл

Холбооны бизнес шийдвэр, үр дүн, болон албан тушаалын талаар хэвлэлийн бага хурал, Холбооны вэб сайтаар дамжуулан олон нийтэд мэдээлнэ. Холбооны гишүүдэд и-мейл хаяг, тогтмол хэвлэл, утас болон хувийн хаягаар дамжуулан мэдээлэл өгнө.

Холбооны гишүүн Холбооны батлагдсан шийдвэр, тодорхой ажлын тухай амаар болон бичгээр асуулт асуух эрхтэй бөгөөд боломжит шуурхай хугацаанд хариулт авах эрхтэй.
Холбооны хэвлэн нийтлэх ажлыг Холбооны захиргаа-техникийн үйлчилгээ хариуцна.

10 . Бусад асуудлууд

60-р зүйл

Холбооны Дүрэмд оруулах нэмэлт өөрчлөлтийг Холбооны бүх гишүүдийн гуравны хоёрын саналаар Холбооны Ерөнхий чуулганаар батална.
Холбооны бүх гишүүдийн гуравны хоёрын саналаар Холбооны Дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулах төсөл санаачилж болно. Тэрхүү санаачлага нь Холбооны Удирдах Зөвлөлд танилцуулагдах бөгөөд Удирдах Зөвлөлөөс Холбооны Дүрэмд оруулах нэмэлт өөрчлөлтийн төслийг Ерөнхий чуулганд оруулна. Холбооны Ерөнхий чуулган нэмэлт өөрчлөлт оруулах эсэх эцсийн шийдвэрийг гаргана.

61-р зүйл

Холбоо нь Холбооны Дүрмийн зэрэгцээ холбогдох журмуудтай байна.
Холбооны байгууллагууд нь Хууль болон энэхүү Дүрэмд заасан ерөнхий баримт бичгүүд, журмууд, үүний дотор дотоод дүрэм, шийдвэрүүдийг батална.

11 . Холбооны тамга ба бэлэг тэмдэг лого

62-р зүйл

Холбоо нь 4 см-ийн диаметртэй, дараах бичвэр бүхий тамгатай байна:
“Босни Герцоговиний Хэвлэлийн Зөвлөл” гэсэн бичвэр, голд нь Холбооны лого байрлана.

63-р зүйл

Холбооны тамгыг хэрэглэх, хадгалах, устгах тухай асуудал нь Холбооны Удирдах Зөвлөлөөс өгсөн тусгай зааврын дагуу зохицуулагдах ба тамгыг Холбооны Гүйцэтгэх Захирал хариуцна.


64-р зүйл

Холбоо нь өөрийн бэлэг тэмдэг лого-той байна.
Холбооны лого нь бараан саарал өнгөтэй, босоо хэлбэртэй ба ижил хэмжээтэй таван хөндлөн зураас доороос эхлэн цацарч буй дүрстэй.

12 . Холбоог танилцуулах ба Холбоог төлөөлөх

65-р зүйл

Хууль ёсны асуудлаар Холбоог Хууль болон энэхүү Дүрмээр олгосон эрхийн дагуу Ерөнхий чуулганы дарга ба Гүйцэтгэх захирал төлөөлнө.

66-р зүйл

Холбоо нь эрх бүхий байгууллагуудад тодорхой эрх үүрэг, хариуцлага хүлээж ажиллах явцад Ерөнхий чуулганы дарга нь хуульч болон төлөөлөгч, шинжээч этгээдэд бичгээр зөвшөөрөл өгч болно.

13 . Шилжилтийн болон завсрын үеийн хуулийн зохицуулалт

67-р зүйл

Энэхүү Дүрэм нь батлагдсан цагаасаа хүчин төгөлдөр болох ба харъяалагдах яаманд бүртгүүлснээр мөрдөгдөж эхлэнэ.

68-р зүйл

Холбооны Ерөнхий чуулганаас энэхүү Дүрмийн тайлбарыг гаргана.



No. 001/09
2009 оны 2 дугаар сарын 28, Сараево


Ерөнхий чуулганы дарга
Ербэйн Резидбегович

(Бэлтгэсэн: Монголын Хэвлэлийн хүрээлэн)


АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Нэр:
Сэтгэгдэл:
СЭТГЭГДЭЛ (0)

Сэтгэгдэл байхгүй байна