Германы Хэвлэлийн Зөвлөлийн Дүрэм, Үйл Ажиллагааны Үндсэн Журам

Германы Хэвлэлийн Зөвлөлийн Дүрэм,
Үйл Ажиллагааны Үндсэн Журам

Бэлтгэсэн Монголын Хэвлэлийн хүрээлэн


Германы Хэвлэлийн Зөвлөлийг дэмжигч ТББ байгууллагын дүрэм

/1985 оны 2-р сарын 25-ны өдөр батлагдсан, 2010 оны 03-р сарын 03-ны байдлаар/


1.     ТББ-ын нэр, зорилго

1.1.    “Германы Хэвлэлийн Зөвлөлийг дэмжигч ТББ байгууллага” гэдэг нь ХБНГУ-д хэвлэлийн эрх чөлөө, хэвлэлийн  нэр хүндийг сахин хамгаалах зорилгоор нэгдсэн, &2-т нэрлэгдсэн байгууллага, хувь хүмүүсийн нэгдэл юм. Энэхүү зорилгоо биелүүлэхийн тулд уг ТББ “Германы Хэвлэлийн Зөвлөл”-ийг энэ дүрмийн &7-д заасны дагуу байгуулав.

1.2.    ТББ нь Берлин хотноо байрлана.
1.3.    ТББ нь ТББ-уудын бүртгэлд бүртгэгдсэн байна.
1.4.    Үйл ажиллагааны жил нь санхүүгийн жилээр байна.
1.5.    ТББ нь зөвхөн ашгийн бус хэлбэрээр ажиллана.

2.     Гишүүнчлэл

2.1.    ТББ-ын гишүүд нь зөвхөн
2.1.1.    Германы Сонин Эрхлэгчдийн Холбоо /BDZV/
2.1.2.    Германы Сэтгүүл Эрхлэгчдийн Холбоо /VDZ/
2.1.3.    Германы Сэтгүүлчдийн Холбоо /DJV/
2.1.4.    Германы Сэтгүүлчдийн Эвлэл ver.di дахь /dju/ болон
2.1.5.    2.1.1-ээс 2.1.4-д нэрлэгдсэн байгууллагуудаас томилогдсан нэг хувь хүн байна.
2.2.    ТББ-д гишүүд өргөдлөө бичгээр өгч элсэнэ. Гишүүнчлэлийг дараахь тохиолдлуудад дууссан гэж үзнэ.
2.2.1.    2.1.1-ээс 2.1.4-д нэрлэгдсэн байгууллагууд санхүүгийн жилийн эцэст 12 сарын өмнө халагдах өргөдлөө бичгээр өгнө.
2.2.2.    2.1.5-д нэрлэгдсэн хувь хүмүүс нь
- голдуу 2 жилийн хугацаагаар томилогдох бөгөөд томилолтын хугацаа дууссан тохиолдолд, энэ нь санхүүгийн жилийн эцэс болно.  
    - Хувь хүмүүсийг тэдгээрийг томилсон байгууллагууд буцаан татан авсан тохиолдолд.
2.2.3.    ТББ нь зөвхөн 2.1.1-ээс 2.1.4-д нэрлэгдсэн гишүүдээс татвар авна.

3.        ТББ-ын бүтэц

3.1.    ТББ нь
3.1.1.    Гишүүдийн Хурал
3.1.2.    Удирдах Зөвлөлөөс бүрдэнэ.
3.2.    Тодорхой үүрэг даалгавруудыг гүйцэтгүүлэхийн тулд Гишүүдийн Хурал Хороодыг үүсгэж, тэдгээрийн ажиллах зарчмыг батална.

4.    Гишүүдийн Хурал

4.1.    Гишүүдийн Хурал нь гишүүн байгууллага болгоны нэг төлөөлөгч болон 2.1.5-д нэрлэгдсэн хувь хүмүүс эсвэл эдгээр гишүүдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчдөөс бүрдэнэ. Санал өгөх эрхээ бусдад дамжуулж болно.
4.2.    Гишүүдийн Хурлыг Удирдах Зөвлөлийн Дарга хэлэлцэх асуудлыг нэрлэж 3 долоо хоногийн өмнө зарлана.
4.3.    Гишүүдийн Хурал нь жилдээ дор хаяхад нэг удаа болно. Нэг гишүүн байгууллагын шаардлагаар ээлжит бус Гишүүдийн Хурлыг 6 долоо хоногийн дотор зарлан хуралдуулж болно. Хурал зарласан гишүүн байгууллагын шалтгаан нь хурлын хэлэлцэх асуудал болно. Онцгой тохиолдолд Гишүүдийн Хурлыг гишүүн байгууллагуудын зөвшөөрлөөр хугацаа заахгүйгээр яаралтай хуралдуулж болно.
4.4.    Гишүүдийн Хуралд 2.1.1-ээс 2.1.4-д заасан гишүүд оролцсон тохиолдолд хурлыг хүчинтэйд тооцно. 2.1.1-ээс 2.1.4-д заасан гишүүн байгууллагуудын аль нэгний онцгой эсэргүүцэл байгаа цагт хурал шийдвэр гаргах эрхгүй.
4.5.    Гишүүдийн Хурал нээлттэй хуралдахгүй.  

5.     Гишүүдийн Хурлын үүрэг

Гишүүдийн Хурал дараахь үүргийг хүлээнэ:
5.1.    &6-д заасны дагуу Удирдах Зөвлөлийг сонгох
5.2.    &12-д заасны дагуу Гүйцэтгэх Захирлыг томилох, огцруулах
5.3.    Аудит томилох
5.4.    ТББ-ын төсвийг батлах
5.5.    Удирдах Зөвлөлийн тухайн жилийн ажлын тайлан, аудитийн тайланг сонсох, Удирдах Зөвлөл, Гүйцэтгэх Захирлыг томилох, огцруулах
5.6.    Германы Хэвлэлийн Зөвлөлийн гишүүдээс /&8/ тус байгууллагын хэвлэлийн төлөөлөгч, түүний орлогчийг сонгох санал гаргах
5.7.    Тодорхой чиг үүргийг гүйцэтгүүлэхээр байгуулсан Хороодыг томилох, татан буулгах, тэдгээрийн гишүүдийг сонгох
5.8.    Германы Хэвлэлийн Зөвлөл, түүний Хороодын үйл ажиллагааны журмыг батлах
5.9.    &14-д заасны дагуу ТББ-ыг татан буулгах шийдвэр гаргах

6.    Удирдах Зөвлөл

6.1.    ТББ-ын Удирдах Зөвлөл нь Удирдах Зөвлөлийн Дарга, түүний Орлогчоос бүрдэнэ. Удирдах Зөвлөл нь 2 жилийн хугацаатай сонгогдоно. Удирдах Зөвлөлийн Дарга нь эздийн холбооны төлөөлөгч болон сэтгүүлчдийн байгууллагын төлөөлөгчийн хооронд солигдож байх хэрэгтэй. Удирдах Зөвлөлийн орлогч нь нөгөө бүлгийн төлөөлөл байх ёстой /эзэн, сэтгүүлчдийн төлөөлөл/.
6.2.    Удирдах Зөвлөлийн Дарга, түүнийг эзгүйд Удирдах Зөвлөлийн Орлогч Гишүүдийн Хурлыг удирдан явуулна.
6.3.    Удирдах Зөвлөлийн Дарга эсвэл түүний Орлогч тус тус дангаар ТББ-ыг төлөөлнө. Гишүүд хариуцлага хүлээх бол зөвхөн ТББ-ын хөрөнгийн хэмжээгээр хариуцлага хүлээнэ.
6.4.    Гишүүдийн Хурлаас Удирдах Зөвлөлийн Дарга болон түүний Орлогчид ганцаарчилсан зарим нэгэн тохиолдлуудад тодорхой эрх мэдлийг өгч тухайн асуудлыг бие даан шийдвэрлүүлж болно.

7.    Германы Хэвлэлийн Зөвлөл

7.1.    Германы Хэвлэлийн Зөвлөл нь “Германы Хэвлэлийн Зөвлөлийг дэмжигч ТББ”-ын нэг зөвлөл юм. Энэхүү зөвлөл нь 28 гишүүнтэй. &2.1, 2.2, 2.3 болон 2.4-д нэрлэгдсэн байгууллага тус бүр германы хэвлэлийн салбарт эзэн эсвэл сэтгүүлчээр ажиллаж байгаа хүнийг  тэнцүү тоогоор өөрсдийн төлөөллөө болгон томилно.  
7.2.    Германы Хэвлэлийн Зөвлөлийн гишүүд нь бие даасан, хараат бус хүмүүс бөгөөд өөрсдийг нь томилсон байгууллагын тушаал, заавраас ангид байна. Гишүүд аливаа нэгэн татвар, хураамжаас бүрэн чөлөөлөгдөх бөгөөд тэд ажлаа сайн дураар хийнэ.
7.3.    Гишүүнчлэлийн хугацаа 2 жил байна. Гишүүнээр хэд дахин ч нэрлэгдэж болно. Гишүүн хугацаанаасаа өмнө гишүүнчлэлээсээ гарвал түүнийг томилсон байгууллага үлдсэн хугацаанд дараагийн гишүүнийг томилно.  

8.    Германы Хэвлэлийн Зөвлөлийн Хэвлэлийн Төлөөлөгч

8.1.    Тухайн жилийн хамгийн эхний хурлаараа Германы Хэвлэлийн Зөвлөл Гишүүдийн Хурлаас /&5.1.6/ өгсөн саналын дагуу дундаасаа 2 жилийн хугацаатайгаар Хэвлэлийн Төлөөлөгч болон түүний Орлогчийг сонгоно. Хэвлэлийн Төлөөлөгчийн орон тоо нь хоёр жил тутамд хэвлэл эрхлэгчдийн холбооны төлөөлөл болон сэтгүүлчдийн байгууллагын төлөөллийн хооронд сөөлжилж байна. Тухайн үйл ажиллагааны хугацаанд нь Хэвлэлийн Төлөөлөгчийн Орлогч нь хэвлэлийн эрхлэгч болон сэтгүүлчдийн аль эсрэг байгууллагаас мөн сөөлжилж байна.
8.2.    Хэвлэлийн Төлөөлөгч,  түүнийг байхгүй тохиолдолд түүний Орлогч Германы Хэвлэлийн Зөвлөлийн хурлыг зарлах бөгөөд мөн удирдан явуулна. Хэвлэлийн Төлөөлөгч нь Германы Хэвлэлийн Зөвлөлийг олон нийтийн өмнө төлөөлнө.


9.     Хэвлэлийн Зөвлөлийн үүрэг

Германы Хэвлэлийн Зөвлөл нь дараахь үүргийг хэрэгжүүлнэ:
9.1.    Хэвлэлийн салбарт гарч буй болж бүтэхгүй байгаа үйлдлүүдийг олж тогтоох, түүнийг засаж залруулах ажлыг эхлүүлэх
9.2.    Сонин, сэтгүүл, хэвлэлийн албадууд болон теле-хэвлэл мэдээллийн хэрэгслийн сэтгүүл зүй, редакци болон радио, телевизээс бусад сэтгүүл зүй - редакцийн агуулгатай холбоотой өргөдөл гомдлыг шалгах, нотолгоо, шалтгаантай тохиолдолд Өргөдөл, Гомдол Гаргах Журмын &12.5-д заасны дагуу гаргасан алдаанд мэдэгдэл өгөх, зөв биш хэмээн үзэх эсвэл дургүйцлээ илэрхийлэх хэлбэрээр арга хэмжээ авах
9.3.    Нийтлэл зүйн ажилд зөвлөгөө өгөх, дүрэм журмыг тогтоож өгөх
9.4.    Мэдээллийн эх сурвалжид хаалтгүй, чөлөөтэй нэвтрэхийн төлөө ажиллах
9.5.    Дэмжигч байгууллагуудтай зөвшилцсөний үндсэн дээр иргэдийн мэдээллийг чөлөөтэй олж авах, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх үйл явцад аюул учруулах бүхий л үйлдлүүдийн эсрэг ажиллах
9.6.    Редакцийн мэдээллийг хамгаалах, дата-мэдээллийг урьдчилан хамгаалах, онцгой тохиолдлуудад хяналт бий болгох асуудлаар хэвлэлийн өөрөө өөрийгөө зохицуулах үйл ажиллагааг зохион байгуулах

10.    Сайн дурын хариуцлага хүлээх тайлбар, дургүйцэл илэрхийлсэн актыг хэвлэх

10.1.    Германы Хэвлэлийн Зөвлөлийг дэмжигч ТББ тогтмол хэвлэлийн үйл ажиллагаа эрхэлдэг хэвлэл мэдээллийн байгууллагууд болон сэтгүүл зүй-редакцийн агуулга бүтээдэг теле-мэдээллийн хэрэгслүүдийг хэвлэлийн ёс зүйн код болон редакцийн дата-мэдээллээ хамгаалах үндсэн зарчмуудыг баримталж ажиллахаа /өөрсдөө сайн дураар бичгэн хэлбэрээр/ илэрхийлэхийг шаардахаас гадна, Германы Хэвлэлийн Зөвлөлийн холбогдох Хорооноос гаргасан хэвлэлийн ёс зүйн код болон редакцийн дата-мэдээлэл зөрчсөний улмаас тухайн алдаа гаргасан редакцид хандсан арга хэмжээг хүлээж авахыг шаарддаг. Энэхүү сайн дурын хариуцлага хүлээх тайлбарт мөн өөртэй нь холбоотой Германы Хэвлэлийн Зөвлөлөөс заавал хэвлэх шаардлагатай гэж үзсэн Хэвлэлийн Зөвлөлийн шийдвэрийг өөрийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр аль болох хурдан хугацаанд, цаг алдалгүйгээр хэвлэх ёстой гэсэн өөрийн сайн дурын үүргийг бичсэн байдаг. Радио, телевиз биш сэтгүүл зүй-редакцийн агуулгыг бүтээдэг теле-мэдээллийн хэрэгслүүд энэхүү өөрийн хариуцлага хүлээх тайлбарыг мөн хийж болно.
10.2.    Хэвлэлийн ёс зүйн код болон Германы Хэвлэлийн Зөвлөлийн редакцийн дата-мэдээллийн хамгаалалттай холбоотой үндсэн зарчмууд нь Германы Хэвлэлийн Зөвлөлийг дэмжигч ТББ-ын гишүүдэд шууд хамаатай бөгөөд эдгээр нь энэхүү дүрмийн &1-р бүлэгт заасан заалтыг заавал биелүүлэхийг шаардана.  
10.3.    & 2.1-2.4-т нэрлэгдсэн гишүүд Германы Хэвлэлийн Зөвлөлөөс гаргасан дургүйцэл илэрхийлсэн шийдвэрийг өөрийн эвсэл, холбооны хэвлэлд хэвлэх үүргийг хүлээнэ.

11.    Өргөдөл, Гомдол Барагдуулах Хороод

11.1.    Германы Хэвлэлийн Зөвлөл тус бүр 8 гишүүнтэй Өргөдөл, Гомдол Барагдуулах 2 хороог тэгш эрхтэйгээр байгуулна. Хороо тус бүрийн 4 гишүүн нь сонин эрхлэлтийн чиглэлээр, 4 нь сэтгүүл зүйгээр ажилладаг байх ёстой. Хороо тус бүр 2 орлогч гишүүдтэй. Орлогч гишүүд нь хороодын үндсэн гишүүд хуралдаа оролцож чадахгүй тохиолдолд тэднийг хуралд бүрэн эрхтэйгээр төлөөлж оролцох үүрэгтэй.
11.2.    Германы Хэвлэлийн Зөвлөл редакцийн дата-мэдээллийг хамгаалахад зориулсан өргөдөл, гомдлын хороог 6 хүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулна. Тэдгээрийн 5 гишүүн нь Германы Хэвлэлийн Зөвлөлийн гишүүн байх бөгөөд 6 дах хүн нь Германы Зар Сурталчилгааны Хэвлэл Эрхлэгчдийн Холбооноос томилогдоно. Энэхүү хорооны 3 гишүүн нь сонин эрхлэлтийн чиглэлээр, 3 нь сэтгүүл зүйгээр ажилладаг байх ёстой. Хороо тус бүр 2 орлогч гишүүдтэй. Орлогч гишүүд нь хороодын үндсэн гишүүд редакцийн дата-мэдээллийг хамгаалахад зориулсан Өргөдөл, Гомдол Барагдуулах Хорооны хуралдаа оролцож чадахгүй болсон тохиолдолд тэднийг хуралд бүрэн эрхтэйгээр төлөөлж оролцох үүрэгтэй. Энэхүү Өргөдөл, Гомдол Барагдуулах Хорооны гишүүд нь дата-мэдээлэл хамгаалах талаар онцгой мэдлэгтэй хүмүүс байна.

12.      Гүйцэтгэх захирал

12.1.    Германы Хэвлэлийн Зөвлөлийг дэмжигч ТББ байгууллага, Германы Хэвлэлийн Зөвлөл /тус байгууллагын нэг зөвлөл/, түүний Өргөдөл, Гомдол Барагдуулах Хороодын өдөр тутмын үйл ажиллагааг хангах зорилгоор дэмжигч ТББ байгууллагын Гишүүдийн Хурал Гүйцэтгэх Захирлыг томилно /&5.2/. Гүйцэтгэх Захирал нь Германы Хэвлэлийн Зөвлөлийг дэмжигч ТББ-ын Берлин хотод байрлалтай төв оффисийг удирдана.

13.    Протокол

13.1.    Гишүүдийн Хурал, Хэвлэлийн Зөвлөлийн хурал, Өргөдөл, Гомдол Барагдуулах Хороодын хурлын талаар дор хаяхад тус хурлын шийдвэрийн агуулга, түүний тайлбар болон саналын харьцааг тусгасан протокол заавал хийгдэх ёстой. Протоколыг тухайн хурлын дарга, гүйцэтгэх захирал гарын үсэг зурж баталгаажуулна.

14.    Гишүүнчлэлээс гарах, ТББ-ыг татан буулгах

14.1.    ТББ-ыг татан буулгах шийдвэрийг Гишүүдийн Хурал гаргана. Хэрвээ &2.1-2.4-д нэрлэгдсэн дэмжигч байгууллагуудын нэг нь гишүүнчлэлээс гарах тохиолдолд тус ТББ-ыг татан буугдсанд тооцно.
14.2.    Хэрвээ гишүүдийн хурал өөр шийдвэр гаргаагүй бол ТББ-ын хөрөнгийг Германы Хэвлэлийн Зөвлөлийн тусламжийн байгууллага болох e.V., Stuttgart байгууллагад шилжүүлнэ.

/Бонн хотын захиргааны шүүхийн ТББ-ын бүртгэлд 1985 оны 08-р сарын 21-нд 5205 дугаарт бүртгэгдсэн/





Германы Хэвлэлийн Зөвлөл болон түүний
Өргөдөл, Гомдол Барагдуулах Хороодын
үйл ажиллагааны үндсэн журам


/Германы Хэвлэлийн Зөвлөлийг дэмжигч ТББ байгууллагын дүрмийн &5.8-д заасан үйл ажиллагааны журам/

/2008 оны 11-р сарын 19-нд батлав/


1.    1-р бүлэг: Чиг үүрэг

1.1.    Чиг үүргээ гүйцэтгэх, Германы Хэвлэлийн Зөвлөлийн ажиллах арга зам

1.1.1.    Германы Хэвлэлийн Зөвлөл нь чиг үүргээ гүйцэтгэхийн тулд 6 сар тутамд нэг удаа тогтмол хуралдах хэрэгтэй. Гүйцэтгэх Захирал өөрийн нэр болон Хэвлэлийн Зөвлөлийн Хэвлэлийн Төлөөлөгчийн нэрийн өмнөөс хурлын урилгыг явуулна.
1.1.2.    Германы Хэвлэлийн Зөвлөлийн хурлын урилгыг дор хаяхад 4 долоо хоногийн өмнө гишүүдэд явуулах хэрэгтэй. Хэлэлцэх асуудлуудын сэдвийг хурал эхлэхээс 2 долоо хоногийн өмнө бичгэн хэлбэрээр гишүүдэд мэдэгдэх ёстой. Хугацааг тухайн мэдэгдэл, урилгыг явуулсан өдрөөр тооцно. Шаардлагатай тохиолдолд урилгыг дээрхээс богино хугацаанд харилцаа холбооны бусад хэрэгслээр хэлэлцэх асуудлын тодорхой сэдэвгүйгээр явуулж болно. Германы Хэвлэлийн Зөвлөлийн гишүүдийн ¼ хурлыг шууд зарлан дуудах эрхтэй.
1.1.3.    Өргөдөл, гомдол хэлэлцэх асуудал /Өргөдөл, Гомдол барагдуулах журмын &1.1-1.2/ дээр Өргөдөл, Гомдол хэлэлцэх журмын баримтлах хугацааг дагаж мөрдөнө.
1.1.4.    Германы Хэвлэлийн Зөвлөлд үйл ажиллагаагаа гүйцэтгэхэд нь Гүйцэтгэх Захирал /Дүрмийн &12/ тусална.  

1.2.    Үйл ажиллагааны тайланг хэвлэх

    Германы Хэвлэлийн Зөвлөл нь олон нийтэд зориулж үйл ажиллагааныхаа тухай тогтмол тайлан тавьж байх бөгөөд ялангуяа өргөдөл, гомдлыг барагдуулсан шийдвэрээ байнга танилцуулж байна. Үүнээс гадна 2 жил тутамд нэг удаа редакцийн дата-мэдээллийг хамгаалахтай холбоотой, түүний хөгжлийн чиг хандлагын тухай мэдээллийг багтаасан редакцийн дата-мэдээллийг хамгаалахтай холбоотой асуудлуудын тухай тайланг хэвлэнэ.

1.3.    Германы Хэвлэлийн Зөвлөлийн гишүүдийн үүрэг

1.3.1.    Германы Хэвлэлийн Зөвлөлийн Хэвлэлийн Төлөөлөгч, эсвэл түүний Орлогч болон тухайн Өргөдөл, Гомдол Барагдуулах Хороодын Дарга нар олон нийтийн өмнө нийтэд хандсан тухайн цаг үетэй холбоотой хэвлэлийн ёс зүйн асуудлаар үг хэлэхдээ Германы Хэвлэлийн Зөвлөлийн шийдвэрийг урьдчилан хэлж болохгүй. Германы Хэвлэлийн Зөвлөлийн бусад гишүүд хэлэлцэгдэж байгаа асуудлын талаар олон нийтийн өмнө энэ тухай ярих эрхгүй. Өргөдөл, гомдол хэлэлцэх тухай журмын &14.2-р заалтыг дагаж мөрдөх хэрэгтэй.  
 
2.    2-р бүлэг: Зөвлөлийн ажил

4.1    Германы Хэвлэлийн Зөвлөлийн шийдвэр гаргах эрх мэдэл

4.1.1.    Германы Хэвлэлийн Зөвлөл нь журмын дагуу уригдаж, гишүүдийн дор хаяхад 17 нь цугларсан байхад шийдвэр гаргах эрхтэйд тооцогдоно. Үүнийг хурал эхлэхээс өмнө тэмдэглэх хэрэгтэй.
4.1.2     Германы Хэвлэлийн Зөвлөлийн шийдвэрийг хуралд оролцогсдын ⅔-ын саналаар хүчин төгөлдөрт тооцно.

5.1  Хурлын нууцын асуудал


        5.1.1 Германы Хэвлэлийн Зөвлөлийн бүх гишүүд хэлэлцэж байгаа асуудлын нууцыг хадгалах үүргийг хүлээнэ. Энэ нь мөн хэлэлцэгдэж байгаа асуудалтай холбоотой бүх хүмүүсийн хувийн мэдээллүүд болон бусад шалтгаануудын улмаас нууцлагдмал байх ёстой эсвэл мэдээллийн нууц хадгалагдана гэсэн бүхий л асуудлуудад мөн хамаатай. Түүнээс гадна өргөдөл, гомдол хэлэлцэх үед Өргөдөл, гомдол хэлэлцэх тухай журмын &14-р заалтын 1-р өгүүлбэрийг заавал танилцуулж байх хэрэгтэй.

 6.1  Хуралд гишүүн бус хүмүүсийг оролцуулах тухай болон олон нийттэй харилцах

        6.1.1 Германы Хэвлэлийн Зөвлөлийн хуралд тус байгууллагыг дэмжигч ТББ-уудын гүйцэтгэх захирал, хуулийн зөвлөх санал өгөх эрхгүйгээр сууж болно.
       6.1.2 Германы Хэвлэлийн Зөвлөл хуралдахдаа хурлын үеэр онцгой тохиолдолд олон нийтийг оролцуулах тухай шийдвэр гаргаж болно. Гэхдээ энэ нь өргөдөл, гомдлын асуудал хэлэлцэх хуралд хамаагүй /Өргөдөл, гомдол хэлэлцэх тухай журмын &10.1-р заалтын 1-р өгүүлбэр/

7.1  Өргөдөл, Гомдол Барагдуулах Хороодын гишүүдийн сонгууль

    Германы Хэвлэлийн Зөвлөл гишүүдээсээ Өргөдөл, Гомдол Барагдуулах Хороодын гишүүд болон тэдгээрийн орлогчдыг сонгоно /Дүрмийн 11-р заалт/. Тухайн хороодын сонин, сэтгүүлийн эрхлэгчдийн төлөөлөгчөөр ажиллах гишүүдийн орлогчдоор мөн сонин, сэтгүүлийн эрхлэгчдээр ажилладаг 2 хүнийг томилно. Энэ заалт мөн сэтгүүлчээр ажилладаг гишүүдэд хамаатай. Гишүүнчлэлийн хугацаа 2 жил. Дараагийн сонгууль эхлэх хугацаагаар гишүүдийн бүрэн эрхийн хугацаа дуусна. Дахин сонгогдож болно. Гишүүн Германы Хэвлэлийн Зөвлөлөөсөө гарвал түүний Өргөдөл, Гомдлын Хороонд байх гишүүнчлэлийн хугацаа хамт дуусна. Энэ тохиолдолд тухайн гишүүний орон тоон дээр нөхөн сонгууль явагдах шаардлагатай. Энэ нь Өргөдөл, Гомдлын хорооний гишүүнчлэл дууссан боловч гишүүнчлэл Германы Хэвлэлийн Зөвлөлд үргэлжлэх тохиолдолд мөн хүчинтэй.

8.1 Хурлын протокол

8.1.1 Дүрмийн 13-р заалтад байдаг шаардлагуудаас гадна хурлын протокол дараахь мэдээллүүдийг агуулна.
8.1.1.1 Хурал болсон газар, огноо, хурал үргэлжилсэн хугацаа
8.1.1.2 Хуралд оролцогсдын нэрсийн жагсаалтын үндсэн дээр хуралд оролцогсдын нэрс
8.1.1.3 Хэлэлцэх асуудлууд
8.1.1.4 Хурал хүчинтэй байх тухай мэдээлэл
8.1.1.5 Өргөдөл, гомдлууд болон шийдвэрүүд
8.1.1.6 Санал хураалтын дүн
8.1.2 Хурлын протоколд хувийн тэмдэглэл хийхийг зөвшөөрнө.
8.1.3 Өргөдөл, гомдол хэлэлцэх тухай журмын &10.2, 10.3 хүчин төгөлдөр байна.
8.1.4 Хурлын протоколыг Германы Хэвлэлийн Зөвлөлийн бүх гишүүдэд хүргэх ёстой.
8.1.5 Хурлын протоколыг Германы Хэвлэлийн Зөвлөлийн дараагийн хурал дээр танилцуулж, зөвшөөрүүлнэ.

3-р бүлэг:  Өргөдөл, Гомдол Барагдуулах Хороод, ажиллах зарчим

9. Урьдчилсан шалгалт

9.1 Өргөдөл, гомдлын урьдчилсан шалгалтыг Германы Хэвлэлийн Зөвлөлийн Гүйцэтгэх Захирал хариуцна. Гүйцэтгэх захирал өргөдөл, гомдол зөвлөлд орж ирснийг тухайн хүнд мэдэгдэж, шийдвэр гаргахад шаардлагатай урьдчилсан бэлтгэл ажлуудыг хийлгэнэ. Гүйцэтгэх захирал тухайн өргөдөл гаргагчаас дутуу мэдээллийг авах, ойлгомжгүй мэдээллүүдийг цэгцлэх асуудлыг хийнэ.
9.2 Өргөдөл, гомдол хэлэлцэх тухай журмын &5.1-д заасны дагуу Германы Хэвлэлийн Зөвлөлийн төлөө гүйцэтгэх захирал үйл ажиллагаа явуулна. Хэрэв тухайн асуудлыг хариуцах Өргөдөл, Гомдлын Хорооны Дарга, гүйцэтгэх захиралтай зөвшилцсөний улмаас тухайн орж ирсэн өргөдөл, гомдлыг ойлгомжгүй эсвэл шалтгаангүй хэмээн үзсэн тохиолдолд Германы Хэвлэлийн Зөвлөл уг өргөдөл, гомдлыг Өргөдөл, Гомдол Барагдуулах Хороотой зөвлөлдөхгүйгээр буцаах эрхтэй. Бусад тохиолдлуудад орж ирсэн өргөдөл, гомдлыг тухайн Өргөдөл, Гомдол Барагдуулах Хороонд дамжуулна. Өргөдөл, гомдол хэлэлцэх тухай журмын заалтууд үүнд хамаарахгүй, хүчин төгөлдөр байна.
9.3 Хэрвээ тухайн орж ирсэн өргөдөл, гомдлыг ойлгомжгүй эсвэл шалтгаангүй хэмээн үзсэн тохиолдолд гүйцэтгэх захирал холбогдогч талуудад энэ тухай шалтгааныг нь тайлбарлаж мэдэгдэнэ. Өргөдөл, гомдол гаргагчийн хүсэлтээр түүнээс гадна холбогдогч талд хэргийн явцын талаар мэдэгдэж болно.
9.4 Холбогдогч Хэвлэлийн Ёс Зүйн Кодыг зөрчсөнөө өөрөө зассан эсэхийг /Өргөдөл, гомдол хэлэлцэх тухай журмын &6.5/ тухайн Өргөдөл, Гомдол Барагдуулах Хорооны Дарга Гүйцэтгэх Захиралтай зөвшилцсөний үндсэн дээр гаргана.

10. Хороодын хариуцах ажил

Хороодын хариуцах ажлыг төв оффис дээр тухайн өргөдөл, гомдол хэзээ орж ирснийг дэс дарааллаар нь тоогоор бүртгэсэн бичиг баримтын дугаараар шийдвэрлэнэ. Тэгш тоогоор төгссөн өргөдөл, гомдлуудыг 1-р Хороо, сондгой тоогоор төгссөн өргөдөл, гомдлуудыг 2-р Хороо хариуцна. Үүний дараа хэрвээ нэг ижил нийтлэл эсвэл асуудлаар хоёр хороо өргөдөл, гомдол хүлээн аваад хариуцах асуудал гарвал уг асуудлыг аль түрүүлж авсан хороо нь уг асуудалтай холбоотой бүх гомдлыг хэлэлцэх эрхийг авна. Редакцийн дата-мэдээллийг хамгаалах асуудлыг хариуцсан Өргөдөл, Гомдлын Хороо нь Өргөдөл, гомдол хэлэлцэх тухай журмын &3.1-д заасны дагуу энэ заалтад хамаарагдах өргөдөл, гомдлуудыг хариуцна.  Хэрвээ тухайн өргөдөл, гомдлыг хариуцах байдалд эргэлзээ гарсан тохиолдолд шийдвэрийг тухайн хорооны дарга гүйцэтгэх захиралтай зөвшилцсөний дагуу гаргана.

11. Өргөдөл, Гомдлын Хорооны Дарга


Хоёр жил тутамд жилийн эхэнд хийгдэх хурал дээр хороод өөрийн гишүүд дундаасаа даргаа, түүний орлогчийн хамт сонгоно. Даргын ажлыг 2 жил тутамд эрхлэгчдийн байгууллагын төлөөлөгч болон сэтгүүлчдийн байгууллагын төлөөлөгч нар сөөлжилж хийнэ. Орлогч нар нь даргаасаа өөр бүлгийн хүн байх ёстой /эрхлэгч эсвэл сэтгүүлч/.  

12. Өргөдөл, Гомдлын Хорооны шийдвэр гаргах чадвар

    12.1 Хороо болгон дүрмийн 11.1-д заасны дагуу дүрмийн дагуу уригдаж, гишүүдийн дор хаяхад 5 хүн ирсэн тохиолдолд шийдвэр гаргах чадвартайд тооцогдоно. Хороо дүрмийн 11.2-д заасны дагуу дүрмийн дагуу уригдаж, гишүүдийн дор хаяхад 4 хүн ирсэн тохиолдолд шийдвэр гаргах чадвартайд тооцогдоно.
    12.2 Хороодын шийдвэр хуралд оролцогсдын энгийн олонхийн саналаар гарна. Түдгэлзэх асуудал гарч болохгүй.

13. Хамтарсан шийдвэр

Ёс зүйн асуудлаар нэг хорооны гаргасан шийдвэр нөгөө хорооны шийдвэрээс зөрсөн тохиолдолд уг асуудлаар 2 хороо хуралдаж хамтарсан шийдвэр гаргана.


Германы Хэвлэлийн Зөвлөлөөс томилсон Өргөдөл, Гомдол Барагдуулах Хорооны хараат бус байдлыг хангах тухай хууль

/1976 оны 08-р сарын 18 (BGBI. I S. 2215)/
Бүндестаг дараахь хуулийг батлав:


1.    1 Бүлэг


1.1.    Германы Хэвлэлийн Зөвлөл хэвлэлийн салбарт байгаа алдаа дутагдлыг олж тогтоох, засаж залруулах тухай өөрийн дүрэмд заасан үүргээ хараат бус байдлаар гүйцэтгэх баталгаа болгон жил бүр Засгийн Газраас санхүүжилт авна. Энэхүү санхүүжилтыг Германы Хэвлэлийн Зөвлөлийн Өргөдөл, Гомдол Барагдуулах Хорооны үйл ажиллагаанд зорилгод нь нийцүүлэн зарцуулна.
1.2.    Санхүүжилтыг жил бүрийн 04-р сарын 01-нд өгөх бөгөөд хамгийн анхны удаа 1976 оны 04-р сарын 01-нд өгнө. Санхүүжилтын хэмжээ 80.000 ДМ.

2.    2 Бүлэг

Төрийн Аудитын Газрын шалгалт хийх эрх нь төсвийн журмын &104 дээр үндэслэгдэнэ.

3.    3 Бүлэг

1.1.2-ын 2-р өгүүлбэрт дурдагдсан санхүүжилтийн хэмжээг өөрчлөгдөж буй эдийн засгийн харьцаанд тохируулж төсөвт тусгана.  Энэхүү санхүүжилтын хэмжээ нь &1.1.2-ын 2-р өгүүлбэрт нэрлэгдсэн хэмжээний оронд хэрэглэгдэнэ.

4.    4 Бүлэг

Энэхүү хууль нь 1952 оны 01-р сарын 04-ний Үргэлжлүүлэх тухай 3-р хуулийн дагуу /Bundesgesetzbl. I S. 1/ Берлин муж улсад хүчинтэй.  

5.    5 Бүлэг

Энэхүү хууль батлагдсан цагаасаа эхлэн хүчин төгөлдөр болно.

Холбооны Зөвлөлийн үндсэн хуулийн эрхүүд нь хүчин төгөлдөр болно.
Холбооны Засгийн Газар энэхүү хуулинд Үндсэн Хуулийн 113-д заасан зөвшөөрлөө өгсөн болно.
Энэхүү хуулийг баталсанд тооцсугай.

Бонн хот, 1976 оны 08-р сарын 18-ны өдөр.

Impressum -  Гарал үүслийн баталгаа

Германы Хэвлэлийн Зөвлөл
Фричений гудамж 27/28
10585 Берлин

Утас: /030/ 36 70 07-0
Факс: /030/ 36 70 07-20
E-Mail: info@presserat.de
Internet: www.presserat.de


АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Нэр:
Сэтгэгдэл:
СЭТГЭГДЭЛ (0)

Сэтгэгдэл байхгүй байна