Уриалга

Монголд мэргэжлийн сэтгүүл зүйг бэхжүүлэх замаар хэвлэлийн эрх чөлөөг хамгаалах, сэтгүүл зүйн салбарт өөрийн зохицуулалтыг бий болгож төлөвшүүлэхэд шаардлагатай мэдлэг, чадвар, эв нэгдлийг хөгжүүлэх зорилго бүхий Монголын Медиа Консул клубээс хэвлэл мэдээллийн салбарынханд хандаж энэхүү уриалгыг гаргаж байна.

Олон эх сурвалжаар баталгаажуулсан бодит мэдээллийг түгээх, мэргэжлийн хэм хэмжээгээ баримтлан ажиллах зайлшгүй шаардлагатай болж байгааг сүүлийн үеийн үйл явдлууд харуулж байна. Тухайлбал, “100 чухал сэдэв”, иргэн Г.Сарангэрэлтэй холбоотой хоёрдмол мэдээллүүд, www.аmjilt.com цахим хуудсыг хаасан явдал гэх мэт.

2014 оны долдугаар сарын 3-ны өдөр “Ерөнхий сайдын “Хаан жимс” амралтын газар Туул гол руу бохироо асгаж байна” гарчигтай фото сурвалжлага бэлтгэн олон нийтэд хүргэсэн www.аmjilt.com цахим хуудсыг Монголын нутаг дэвсгэрт хэрэглэх боломжгүй болгосныг буруу жишиг гэж үзэж байна. Энэ сайтыг долдугаар сарын 4-ний өдрийн 20.00 цагаас Харилцаа холбооны зохицуулах хорооны “хар жагсаалт”-д бүртгэж, хаажээ.

Харилцаа холбооны зохицуулах хорооны удирдлагыг Монгол Улсын Ерөнхий сайд шууд томилдог хэдий ч Харилцаа холбооны тухай хуулийн 8.1-д тус хорооны чиг үүргийг “Өмчийн бүх төрлийн аж ахуйн нэгж, иргэн харилцаа холбооны зах зээлд үр ашигтай, шударга өрсөлдөх нөхцөлийг бүрдүүлэх, хуульд заасан тусгай зөвшөөрөл олгох, мэргэжлийн дүгнэлт, шийдвэр гаргах” хэмээн тодорхойлсон байна. Олон нийтийн ашиг сонирхлын асуудлаар мэдээ, мэдээлэл түгээснийх нь төлөө хэвлэл мэдээллийн байгууллагын үйл ажиллагааг шууд хаах, техникийн аргаар саад учруулах, уг мэдээлэл үнэн бодит эсэхийг тогтоох эрх Харилцаа холбооны зохицуулах хороонд хуулиар олгогдоогүй болно. Гэтэл тус хороо нь хуулиар хүлээсэн эрх, үүргээсээ хазайж,  хэвлэн нийтлэх эрх чөлөөнд бүдүүлгээр халдаж буйд туйлаас харамсаж байна.

Олон улсын нийтлэг жишгээр сэтгүүл зүйн бүтээлийн талаарх шүүмж, санал гомдлыг  хэвлэл мэдээллийн салбарын Өөрийн зохицуулалтаар шийдвэрлэдэг нийтлэг туршлага бий. Хэрэв www.amjilt.com сайтын мэдээллийг бодит бус, мэргэжлийн алдаа гаргасан хэмээн үзэж буй нөхцөлд  Монголын сэтгүүлчдийн 15 дугаар Их хурлаар баталсан “Мэргэжлийн ёс зүйн журам”-ын 10 дахь хэсэгт заасан “Буруу ташаа мэдээлэлд гомдол гаргасан байгууллага, хувь хүнд залруулга хийж, няцаалт хэвлэн нийтлэх, нэвтрүүлэх боломж олгоно” гэснийг иш үндэс болгон, уг заалтыг хэрэгжүүлэхийг тус сайтаас шаардах эрх нээлттэй байгаа.

Сэтгүүл зүйн салбарын аливаа зөрчлийг өөрийн зохицуулалтын байгууллага-Хэвлэлийн Зөвлөлөөр шийдүүлж байх нь мэргэжлийн хэм хэмжээг сахиулах төдийгүй энэ салбарт нөлөөлөх аливаа хууль бус оролдлогоос хамгаалах нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн арга зам юм.

Монголын сэтгүүлчдийн эвлэлээс гаргасан 2014 оны долдугаар сарын 4-ний өдөр Зөвлөмжийг дэмжиж, улс төрийн зорилгоор зориуд цацаж буй аливаа мэдээлэлд автахгүй байж, мэргэжлийн ёс зүйг баримтлан бүхий л талын эх сурвалжаар баталгаажуулсан баримтыг нийтэд түгээхийг сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллагуудад уриалж байна.
 
МОНГОЛЫН МЕДИА КОНСУЛ КЛУБ

Улаанбаатар хот

2014 оны долдугаар сарын 8

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Нэр:
Сэтгэгдэл:
СЭТГЭГДЭЛ (0)

Сэтгэгдэл байхгүй байна