ТӨСӨЛ: ХЭВЛЭЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ТУХАЙ

ТӨСӨЛ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2014 оны ... дүгээр                                                                                                                   Улаанбаатар хот
сарын ... –ны өдөр



ХЭВЛЭЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ТУХАЙ

/Шинэчилсэн найруулга/

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ

НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

1 дүгээр зүйл. Хуулийн зорилт

1.1. Энэ хуулийн зорилт нь Монгол Улсын Үндсэн хуульд заасан иргэний үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, хэвлэн нийтлэх, мэдээлэл авах эрх, эрх чөлөөг баталгаажуулах, сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллагын хараат бус байдал, хариуцлагатай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.   
 
2 дугаар зүйл. Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хууль тогтоомж

2.1. Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

2.2. Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.

3 дугаар зүйл. Хуулийн нэр томьёоны тодорхойлолт

3.1. Энэ хуульд заасан дараах нэр томьёог дор дурдсан утгаар ойлгоно:

3.1.1. “хэвлэл мэдээллийн хэрэгсэл” гэж мэдээлэл хайх, цуглуулах, боловсруулах, нийтлэх, нэвтрүүлэх зэрэг сэтгүүл зүйн үйл ажиллагаа эрхэлдэг сонин, сэтгүүл, радио, телевиз цахим хэвлэлийг;

3.1.2. “цахим хэвлэл” гэж цахим сүлжээгээр дамжуулан мэдээлэл түгээх, нийтлэх, нэвтрүүлэх үйл ажиллагаа явуулдаг хэвлэл мэдээллийн хэрэгслийг.

3.1.3. “хэвлэл мэдээллийн байгууллага” гэж энэ хуулийн 3.1.1-д заасан үйл ажиллагаа эрхэлдэг хуулийн этгээдийг;

3.1.4. “мэдээллийн эх сурвалжийг нууцлах эрх” гэж сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллага мэдээлэл өгсөн, дамжуулсан эх сурвалжаа аливаа гуравдагч этгээдэд илчлэхгүй байх эрхийг;

3.1.5. “хэвлэл мэдээллийн байгууллагын редакц” гэж хэвлэл мэдээллийн байгууллагын олон нийтэд түгээх мэдээллийн бодлого, агуулгыг тодорхойлж буй нэгжийг.

3.1.6. “сэтгүүлч” гэж...

3.1.7. “сэтгүүлчдийн холбоо” гэж бүх мэргэжлийн сэтгүүлчдийн эвлэлдэн  нэгдсэн мэргэжлийн холбоог

3.1.8. “хэвлэл мэдээллийн байгууллагын эздийн холбоо” гэж хэвлэл мэдээллийн байгууллагын үүсгэн байгуулагч, хувь нийлүүлэгч, хувьцаа эзэмшигчдийн эвлэлдэн нэгдсэн холбоог
/”холбоо”, “мэргэжлийн холбоо”-ны талаар хуулийн ямар нэг тодорхойлолт байна уу? “ажил олгогч эздийн холбоо”, “үйлдвэрчний эвлэл”-ийн талаарх хуулийн тодорхойлолт, эрх зүйн статусыг тодотгох/

ХОЁРДУГААР БҮЛЭГ

Хэвлэлийн хараат бус байдлын баталгаа

4 дүгээр зүйл. Иргэний үзэл бодлоо илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрх, эрх чөлөөг хангах

4.1. Монгол Улсын иргэн бүр үндэс, угсаа, хэл, соёл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсрол, ял шийтгүүлсэн байдлыг үл харгалзан үзэл бодлоо хэвлэл мэдээллийн хэрэгслээр чөлөөтэй илэрхийлэх, хуульд заасан журмын дагуу хэвлэл мэдээллийн байгууллага байгуулах,  эрхлэх эрхтэй.

4.2. Сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллага мэдээ, мэдээллийг хайх, хүлээн авах, хадгалах, боловсруулах, нийтлэх, нэвтрүүлэх зэрэг сэтгүүлзүйн үйл ажиллагааг хуулийн  хүрээнд хараат бусаар, чөлөөтэй эрхэлнэ.

4.3. Сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллага хуулийн хүрээнд чөлөөтэй эвлэлдэн нэгдэж, эрх ашгаа хамгаалах, хамтран ажиллах эрхтэй.

4.4. Хуульд зааснаас бусад үндэслэлээр хэвлэл мэдээллийн хэрэгслийн үйл ажиллагааг албадан зогсоох, хэвлэл мэдээллийн байгууллагыг татан буулгахыг хориглоно.

5 дугаар зүйл. Төрөөс хэвлэл мэдээллийн эрх чөлөөг хангах

5.1. Төрөөс  хэвлэл мэдээллийн хэрэгслийг хянах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллага, албан тушаал бий болгох, санхүүжүүлэхийг хориглоно.

5.2. Төрийн байгууллага, албан тушаалтан хуульд заасан үндэслэл, журмаас гадуур хэвлэлийн эрх чөлөөг хязгаарласан дүрэм журам гаргах, агуулгын шүүлтүүр тогтоохыг хориглоно.

5.3.Төрийн байгууллага, албан тушаалтан хэвлэл мэдээллийн байгууллагатай өөрийн үйл ажиллагааг тусгайлан сурталчлуулах гэрээ байгуулах, үнэ төлбөргүй мэдээ мэдээлэл нийтлэх шаардлага тавихыг хориглоно.

5.4. Засгийн газар Монгол Улсын тухай мэдээ, мэдээллийг гадаад хэлээр олон улсад түгээх, сурталчлах үйл ажиллагаа эрхэлдэг мэдээллийн хэрэгсэлтэй байж болно. Үүнээс бусад тохиолдолд төрийн байгууллага өөрийн мэдэлд хэвлэл мэдээллийн хэрэгсэл, байгууллага байгуулахыг хориглоно.

6 дугаар зүйл. Хэвлэл мэдээллийн байгууллагын редакцийн хараат бус байдал

6.1. Хэвлэл мэдээллийн байгууллагын үүсгэн байгуулагч, хувь нийлүүлэгч, хувьцаа эзэмшигч нь редакцтай сэтгүүл зүйн мэргэжлийн үйл ажиллагааны хараат бус байдлыг хангах гэрээ байгуулж, байгууллагын дотоод дүрэм, журамд тусгах үүрэг хүлээнэ.

6.2. Хэвлэл мэдээллийн байгууллагын редакц сэтгүүлчийн мэргэжлийн хараат бус байдлыг хангах, сэтгүүлчийн ёс зүйн дүрмийг мөрдүүлэх асуудлыг сэтгүүлчтэй байгуулах хөдөлмөрийн гэрээнд тусгана.

6.3. Нийтлэл, нэвтрүүлгийн ивээн тэтгэгч, санхүүжүүлэгчийн зүгээс редакцийн мэргэжлийн хараат бус байдал, нийтлэлийн бодлогод нөлөөлөхийг хориглоно.

ГУРАВДУГААР БҮЛЭГ

МЭДЭЭЛЛИЙН ЭХ СУРВАЛЖИЙГ НУУЦЛАХ ЭРХ


7 дугаар зүйл. Мэдээллийн эх сурвалжийн нууцлал


7.1. Сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллага мэдээллийн эх сурвалжаа нууцлах эрхтэй.

7.2. Гэмт хэргийг мөрдөн шалгах, хүний амь нас, өмч хөрөнгийг хамгаалах зайлшгүй үндэслэлтэй нь шүүхээр тогтоогдсон нөхцөлд сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллагын тухайн хэрэгтэй холбоотой эх сурвалжаа нууцлах эрхийг шүүхийн шийдвэрээр түдгэлзүүлж болно.

ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ

ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ИЛ ТОД БАЙДАЛ, ХАРИУЦЛАГА


8 дугаар зүйл. Хэвлэл мэдээллийн байгууллагын  ил тод байдал


8.1. Хэвлэл мэдээллийн байгууллага  өөрийн үүсгэн байгуулагч, хувь нийлүүлэгч, хувьцаа эзэмшигч болон тэдгээрийн эзэмшиж буй хувь хэмжээний талаарх мэдээлэл, холбогдох өөрчлөлтийг олон нийтэд нээлттэй байлгах үүрэгтэй.

8.2. Хэвлэл мэдээллийн байгууллага иргэн, хуулийн этгээдийн захиалгаар төлбөртэй нийтлэл, нэвтрүүлэг түгээх бол “төлбөртэй” гэсэн ялгах тэмдэглэгээ хэрэглэж, ивээн тэтгэсэн, төлбөр төлсөн иргэн, хуулийн этгээдийн нэрийг дурдана.

9 дүгээр зүйл. Хэвлэл мэдээллийн байгууллагын хүлээн хариуцлага

9.1. Хэвлэл мэдээллийн байгууллага энэ хуулийн 11.6.3.-д заасан ёс зүйн нийтлэг дүрэм, хэм хэмжээг үйл ажиллагаандаа мөрдүүлэх үүрэг хүлээнэ.

9.2. Өөрийн түгээсэн мэдээлэлтэй холбогдон үүссэн хариуцлагыг хэвлэл мэдээллийн байгууллага хүлээнэ. Зар сурталчилгаа, сонгуулийн сурталчилгаатай холбоотой маргааныг холбогдох хуулиар зохицуулна.

10 дугаар зүйл. Хэвлэл мэдээллийн байгууллагын үйл ажиллагаанд хориглох зүйл

10.1.  Сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллага Үндсэн хуульт байгууламжийг хууль бусаар өөрчлөх, хүчирхийлэл, садар самуун болон бусад гэмт хэрэгт олон нийтийг уриалах, сурталчлах, хувь хүний хуулиар хамгаалсан нууцыг задруулах, нэр хүндийг нотлох баримтгүйгээр, снааатайгаар гутаах, гүтгэн доромжлох үйл ажиллагаа явуулахыг хориглоно.

10.2. Хэвлэл мэдээллийн байгууллага энэ хуулийн 10.1-д заасан үйл ажиллагаа явуулах боломжийг гуравдагч этгээдэд олгохыг хориглоно.

10.3. Сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллага, аливаа этгээдийг тодорхой мэдээлэл нийтэлж, нэвтрүүлэхээр дарамтлах, шахалт үзүүлэх, нийтэлсэн болон нийтлээгүйн төлөө төлбөр, шан харамж авах, ийм оролдлого хийхийг хориглоно.


11 дүгээр зүйл. Хэвлэлийн зөвлөл

11.1.   Хэвлэлийн зөвлөл нь үндэсний хэмжээнд нэг байх ба 9 гишүүнтэй байна. Хэвлэлийн зөвлөлийн гишүүдэд дараах байдлаар нэр дэвшүүлнэ.

11.1.1. Сэтгүүлчдийн холбооны их  хурлаас гурван сэтгүүлчийг,

11.1.2. Эздийн холбооны бүх гишүүдийн хурлаас хэвлэл мэдээллийн байгууллагын удирдлагын төлөөлөл гурван хүнийг,

11.1.3. Сэтгүүлчдийн холбоо, Эздийн холбооноос хамтран олон нийтийн болон хэвлэл мэдээллийн салбарын эрдэмтэн, мэргэжилтэн нийт гурван хүнийг,

11.2. Хэвлэлийн зөвлөлийн гишүүдийн нэрсийг Улсын Их Хурлын дарга тогтоол гарган баталгаажуулна. Эрх бүхий этгээдээс дэвшүүлсэн  нэрсийг өөрчлөх санал гаргах, тогтоолыг батлахаас татгалзахыг хориглоно.

11.3. Хэвлэлийн зөвлөлийн гишүүний бүрэн эрхийн хугацаа гурван жил байх бөгөөд нэг удаа улиран ажиллаж болно. Хэвлэлийн зөвлөлийн гишүүн ажлаа үргэлжлүүлэх боломжгүй болсон нөхцөлд нэр дэвшүүлсэн байгууллага нөхөн нэр дэвшүүлж, Улсын Их Хурлын дарга тогтоол гарган баталгаажуулна. Нөхөн сонгогдсон гишүүний бүрэн эрхийн хугацаа мөн гурван жил байна.

11.4. Хэвлэлийн зөвлөлийн даргыг Хэвлэлийн зөвлөлийн гишүүдийн олонхийн саналаар сонгоно.

11.5. Хэвлэлийн зөвлөл үйл ажилалгааны дүрмээ бүх гишүүдийн оролцоотойгоор батална.

11.6. Хэвлэлийн зөвлөл дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:

11.6.1. сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллагын үйл ажиллагаатай холбогдсон өргөдөл, гомдлыг хянан шийдвэрлэх,

11.6.2. сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллага болон иргэн, хуулийн этгээдийн хооронд эвлэрүүлэн зуучлах,

11.6.3. хэвлэл мэдээллийн салбарт мөрдөх ёс зүйн нийтлэг дүрмийг баталж, хэрэгжилтэд нь хяналт тавих,

11.6.4. хэвлэлийн эрх чөлөөний хэрэгжилтэд жил тутам үнэлгээ хийж, холбогдох байгууллагуудад санал, дүгнэлт, шаардлага хүргүүлэх


12 дугаар зүйл. Хэвлэлийн Зөвлөлийн санхүүжилт

12.1.  Хэвлэлийн зөвлөлийн үйл ажиллагааны санхүүжилтийг дараах эх үүсвэрээс бүрдүүлнэ.

12.1.1. шаардлагатай санхүүжилтийн 60 хувийг сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллагын татвар, хандиваас,

12.1.2. үлдсэн 40 хувийг улсын төсвөөс санхүүжүүлнэ.

ТАВДУГААР БҮЛЭГ

БУСАД ЗҮЙЛ

13 дугаар зүйл. Хууль тогтоомж зөрчигчдөд хүлээлгэх хариуцлага


13.1. Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хууль тогтоомж зөрчсөн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол шүүгч дараах шийтгэл ногдуулна:

13.1.1. Энэ хуулийн 4.3, 5.1, 5.2, 5.3, 5.4 дэх заалтыг зөрчсөн гэм буруутай нь тогтоогдвол тухайн албан тушаалтныг албан тушаалаас халах арга хэмжээ авна:

13.1.2. Энэ хуулийн 6.1, 6.2, 6.3, 8.1, 8.2, 9.1, 12.2, 12.3, 12.4 дэх заалтыг зөрчсөн бол зөрчил гаргасан иргэнд гурван зуун мянгаас нэг сая хүртэл төгрөгийн, хуулийн этгээдэд нэг саяас гурван сая хүртэл төгрөгийн торгууль ногдуулна.

13.1.3. Энэ хуулийн 10.1, 10.2, 10.3 дахь заалтыг зөрчсөн иргэнд нэг саяас гурван сая, хэвлэл мэдээллийн байгууллагад гурван саяас арван сая хүртэл төгрөгийн торгууль ногдуулна.

14 дүгээр зүйл. Хууль хүчин төгөлдөр болох

14.1. Энэ хуулийг ..... оны ...  дугаар сарын ....-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Нэр:
Сэтгэгдэл:
СЭТГЭГДЭЛ (0)

Сэтгэгдэл байхгүй байна