Эрэн сурвалжлах сэтгүүлчдийн олон улсын консорциум буюу ICIJ

International Consortium of Investigative Journalists /ICIJ/ буюу Эрэн сурвалжлах сэтгүүлчдийн олон улсын консорциум нь дөрөвдүгээр сарын эхээр дэлхийн офшор сүлжээний мэдээллийг нийтэд дэлгэснээр томоохон шуугиан тарьж, олны анхаарлыг татсан билээ. Дэлхийн 170 орны 120 компани болон 130 хүн, тэр дундаа улстөрч, олигархи, зэр зэвсгийн худалдаа эрхлэгч, санхүүгийн мэргэжилтнүүдийн нууц орлогыг олон улсын тэргүүлэгч мэдээллийн хэрэгслүүдээр цацсан юм.
                 
Эрэн сурвалжлах сэтгүүлчдийн олон улсын консорциумын тэргүүн Жерард Райлын мэдэгдэж буйгаар, офшор сүлжээний мэдээллийг нийтэд дэлгэх төслийг жил гаруйн өмнө Украины Киев хотод эхлүүлжээ. 2011 оны сүүлчээр ICIJ-ийн гишүүдийн чуулганы үеэр энэхүү төслийг анх танилцуулсан байна. Төслийн санааг сонирхон дэмжсэн арван сэтгүүлчээс анхны баг бүрдсэн бөгөөд дараагийн өдөр нь 60 орны эрэн сурвалжлах чиглэлийн 160 сэтгүүлч нэгдсэн аж. Офшорын сүлжээний мэдээлэл буюу 260 гигабайт 2,5 сая бичиг баримтыг 46 орны 86 сэтгүүлч 15 сарын хугацаанд нягталж шалгасны үр дүнд дэлгэжээ. 

Офшор гэдэг нь татварын тусгай хөнгөлөлт үзүүлэх замаар тухайн бүсэд бүртгэлтэй гадны компаниас хөрөнгө татдаг санхүүгийн бүсийг хэлнэ. Өөрөөр хэлбэл, олон улсад татварын таатай орчныг бүрдүүлж, маш бага хураамж төлж бизнес эрхлэх боломжийг олгодог Их Британийн Виржинийн арал, Швейцарь, Кипр, Сингапур, Хонгконг, Шинэ Зеланд зэрэг дэлхийн олон орон офшор бүсэд тооцогддог. Ийм бүс бүхий орнуудын нэгдсэн жагсаалт гэж байхгүй бөгөөд санхүүгийн үйл ажиллагаанд нь Олон улсын валютын сан болон зарим улс орнуудын төв банкууд тодорхой хяналт тавьдаг байна.
Тус бүс нутагт амьдардаггүй ч гэлээ компани байгуулан бизнес эрхэлж, үйл ажиллагаагаа хилийн чанадаас удирдах боломжтой. Офшор компани байгуулснаар эзэмшигч өөрийн нэр, санхүүгийн тайлан, орлого, зарцуулалт зэргийг нууцлах давуу талтай.  Энэ нь ихээхэн орлоготой улстөрч, томоохон бизнесмэнүүдэд орлогоо нуух, хууль бусаар олсон хөрөнгөө хадгалах, зарцуулах боломжийг бий болгожээ.

Эрэн сурвалжлах сэтгүүлчдийн олон улсын консорциум нь дэлхийн 60 гаруй орны 160 сэтгүүлч эрэн сурвалжлах чиглэлээр идэвхтэй хамтран ажилладаг байгууллага юм. 1997 онд байгуулагдсанаас хойш тус консорциумын сэтгүүлчид гэмт хэргийн бүлэглэлүүдийн хар тамхины наймаа эрхэлдэг үндэстэн дамнасан компани, дэлхийн цаг уурын дулаарлыг ашигласан лоббичид, Иран, Афганистаны хоорондын дайны гэрээний заалтуудыг илрүүлж байжээ. Олон улсын энэхүү байгууллагын мэдээлэл нь дэлхийн 12 орны хэл дээр BBC World Service and BBC World TV, The International Herald Tribune, Францын “Le Monde”, Испанийн “El Mundo”, Нидерландын “Trouw”, Испанийн “El Pais”, Бразилийн “Folha de Sao Paulo”, Бельгийн “Le Soir”, Оросын “Новая газета”, Хонгконгийн “The South China Morning Post”, Германы “Stern”, Их Британийн “The Guardian”,”The Sunday Times”, Мексикийн “Proceso”, АНУ-ын “The Huffington Post”, Австралийн “The Age” болон “The Sydney Morning Herald” зэрэг олон улсын нэр хүнд бүхий хэвлэл мэдээллээр цацагддаг.
Эрэн сурвалжлах сэтгүүлчдийн олон улсын консорциумд элсэхийг хүсвэл сэтгүүлч Та өөрийн CV-ийг http://www.icij.org/ илгээж болно.
 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Нэр:
Сэтгэгдэл:
СЭТГЭГДЭЛ (0)

Сэтгэгдэл байхгүй байна