Сэтгүүлзүйн анхдагчдад батламж гардуулав

Монголын Сэтгүүлчдийн эвлэлээс Сэтгүүлзүйн салбарын анхдагчдад батламж олгодог уламжлалтай. 2012 оны арванхоёрдугаар сарын 12-ны өдрийн 12.00 цагт энэхүү хүндтэй цолыг хүлээн авах хэвлэлийн редакциуд Монголын Хэвлэлийн хүрээлэнд цуглажээ.

Монголын сэтгүүлзүйн анхдагчийн Батламжийг The Mongolian Mining Journal хүлээн авсан бөгөөд тус сэтгүүлийн редакци нь ирэх жил таван насны ойгоо тэмдэглэх юм.

2008 оны арваннэгдүгээр сарын 08-нд 001 дугаараа хэвлүүлж, Монголд хөрөнгө оруулагчдын чуулга уулзалт Discover Mongolia арга хэмжээний Мэдээллийн ивээн тэтгэгч байгууллагаар ажиллан, анхны хөрөнгө оруулалтаа босгож байсан тус сэтгүүл нь эдүгээ гадаад, дотоодод олон захиалагчтай, эрэлттэй хэвлэл болжээ.

Батламжид “The Mongolian Mining Journal сэтгүүл нь Монголын уул уурхайн анхны хувийн мэргэшсэн сэтгүүл мөн болохыг сэтгүүлзүйн шинжээчдийн баг нотолсныг үндэс болгон Монголын үндэсний сэтгүүлзүйн түүхэнд мөнхрөх АНХДАГЧ хэмээн мэргэжлийн байгууллагын хувьд МСЭ батламжлав. МСЭ-ийн Ерөнхийлөгч Б. Галаарид, Улаанбаатар, 2012.12.12” гэжээ.

Тус сэтгүүлийн редакци нь нийтлэлийн бодлогын мотогоо “Хөгжлийг бүгд хүсдэг. Харин хэрхэн хөгжих тухайд олон байр суурь сонсогддог. Тэрхүү төрөл бүрийн үзэл бодлыг ойртуулж, ойлголцож чадвал хөгжилд хүрэх зам дөт болно. Хөгжлийн тухай хамгийн их маргаж байсан цаг үед MMJ мэндэлжээ” хэмээн эхний дугаартаа 2008 оны арваннэгдүгээр сард нийтэлсэн бөгөөд энэхүү уриа өнгөрсөн дөрвөн жилийн турш сэтгүүлийн нийтлэлийн бодлогын ноён нуруу болж ирэв.
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Нэр:
Сэтгэгдэл:
СЭТГЭГДЭЛ (0)

Сэтгэгдэл байхгүй байна