Дуу дүрсээр түгээх реклам

Энэ төрөл нь үүрэг ач холбогдлын хувьд хэвлэлийн дараагаар орох рекламын түгээх хэрэгсэл юм.Энэ төрөлд телевиз,радио кино хамаарагдана. Эдгээрээс ялангуяа телевиз нь сүүлийн үед реклам захиалагчдын хувьд маш ихээр анахаарал татах боллоо. Ийнхүү хөгжингүй орнуудын реклам хийгчдийн зардлын 20-25 хувь, Оросын рекламчдын хувьд 35-40 хувь нь телевизэд зарцуулагдаж байна. Телевизийн рекламын төрөлд рекламын клип, телевизийн зарлал, рекламын нэвтрүүлэг орно. Эдгээрээс телевизийн клип-ролик нь нэлээд түгээмэл төрөл нь бөгөөд энэ нь товчоор хэлбэл видеокамер эсвэл кино хальсан дээр гүйцэтгэсэн богино хэмжээний кино зураг юм. Ийм киноны үргэлжлэх хугацаа 15-60 секунд байх боловч хэдэн минут үргэлжлэх урт хугацаатай ч байж болно.

Хамгийн тохиромжтой стандартын хугацаа нь 30 секунд байна. Телевизийн клип нь үзэгчдийн анхаарлыг татсан үр ашигтай байхын тулд агуулгаараа эсвэл хэлбэрийн хувьд сонирхолтой байх шаардлагатай . ТВ клипын агуулга хэлбэр нь хоёулаа сайн байвал хамгийн үр ашигтай рекламд тооцогдоно. Телевизийн реклам нь нэлээд өндөр өртөгтэйд тооцогдох боловч телевизийн төрөл ангилал, нэвтрүүлэх цаг буюу оройн цаг, өглөөний аль нь болох, үзэгчдийн тоо, категори тэдгээрийн онцлог зэргээс хамаарч үнэ өртөг янз бүр байдаг. Жишээ нь өглөөний 6-9 цагийн нэвтрүүлгийн цагаар хийх реклам нь оройн мэдээний үеийнхээс 20 дахин хямд, 9-11цагийн үед 10 дахин бага байна.

Телевизийн рекламын давуу тал онцлог

ТВ реклам нь харах сонсох мэдрэмжээр хүртдэг учраас нэлээд үр ашигтай байдаг бөгөөд ийнхүү дүрс дуугаар авсан барааны тухай мэдээлэл нь худалдан авагчдын ой ухаанд илүү удаан хугацаанд тогтоогддог. Илүү өргөн цар хүрээгээр хүмүүст хүрдэг, тэднийг сонголттой хамрах боломжтой, хоногийн өөр өөр цагаар мэдээллээ хүргэх боломжтой. ТВ-ийг хүмүүс голдуу амралтын цагаар үздэг тул рекламын агуулгыг эерэгээр анхаарч хүлээн авах нөхцөл бүрддэг. ТВ реклам нь мэдээлж байгаа зүйлээ бодитой үзүүлж харуулах боломжтой учраас сайн хийгдсэн реклам нь хүмүүсийг бараатай танилцуулахаас гадна худалдан авах боломжоос түрүүлж түүнийг хэрэглэж үзэх хүсэл эерэг сэтгэгдэл төрүүлдэг.

ТВ рекламын клип шоу нь барааны чухал шинжийг харуулах тийм уур амьсгал орчныг бий болгож, пүүс компанийн имиджийг өргөхөд чухал нөлөө үзүүлнэ. Хэдийгээр ТВ реклам нь ийм олон давуу талтай боловч мөн дутагдалтай талтай. үнэ өртөг ихтэй, ялангуяа нягтрал ихтэй эфирийн цагаар хийх реклам илүү их өндөр үнэтэй байна. Рекламын клип нь маш өндөр ур чадвар шаарддаг,тааруухан хийгдсэн реклам нь барааны эрэлтийг бий болгох биш эсрэгээр түүнээс бүр татгалзахад хүргэж болзошгүй.  Хөдөө орон нутаг зах хязгаарт үйл ажиллагаа явуулдаг үйлдвэрийн газрууд нь ТВ реклам хийлгэх боломжгүй байдаг нь зөвхөн газарзүйн байршилтай холбоотой.

Радио рекламын онцлог

Радио реклам нь нэлээд түгээмэл рекламын сувагт тооцогддог. Реклам хийгчдийн нийт зардалын дөнгөж 4-6 хувь нь радио рекламд ногддог байна. Радио рекламын үндсэн төрлүүд гэвэл радио зарлал, радио ролик, янз бүрийн рекламын нэвтрүүлэг, сурвалжлагууд юм.Радио мэдээлэл нь барааны рекламын өргөн хэрэглэгддэг арга энэ нь бараа үйлчилгээг худалдан авах хаяг, телефоныг дурдсан нэвтрүүлэгчийн унших хэлбэрээр дамжуулдаг мэдээлэл юм. Радио ролик гэдэг нь тусгайлан бэлтгэсэн зохиомжоор хэд хэдэн жүжигчид оролцон санал болгож буй бараа үйлчилгээг радио сонсогчдод хүргэх реклам байдаг.

Энэ нь гол төлөв барааны реклам байх бөгөөд компанийн имиджийг харуулах реклам нь нэлээд нарийн асуудал бөгөөд үүнийг зөвхөн мэргэжлийн хүмүүс хийх боломжтой.Радио роликийг зардал чирэгдэл багатай шууд радио нэвтрүүлгийн студид мэргэжлийн хүмүүс бэлтгэж болох учраас хямд тусна. Радио рекламын үргэлжлэх хугацаа 15-60 сек байна. 15 сек-ийн радио рекламаар сонсогчдын анхаарлыг татаж юун тухай ярьж байгааг ойлгоход хүрэлцээтэй. Харин 30 юмуу 60 сек-ийн нэвтрүүлгээр анхаарлыг нь татаад зогсохгүй боломжит худалдан авагчдын анхаарлыг хандуулан барьж сонирхолыг нь татах зорилготой байна. Радио реклам дараах нөхцөл шаардлагуудыг хангасан эсэхээс амжилттай сайн болох нь хамаарна. Эхний хэдхэн секундад боломжит хэрэглэгчийг өөртөө татах,

-Санал болгож буй тодорхой бараа үйлчилгээнийхээ талаар товч тодорхой мэдээлэх,
-Радио сонсогч уг бараа үйлчилгээний саналыг сонирхоход шаардлагатай үзүүлэлт параметрүүдийг тодруулж өгөх,
-Бараа үйлчилгээг худалдаалж буй газруудын хаяг, утасны дугаарыг агуулсан мэдээлэл заавал өгөх хэрэгтэй.

Радио рекламыг амжилттай сайн хийхэд түүний арга хэрэгслүүдээс сонгох боломж их байдаг. Туайлбал энд оролцох жүжигчдийн янз бүрийн дуу хоолой, мэргэжлийн нэвтрүүлэгчийн оролцоо, хальсанд бичсэн фон дуу чимээ гэх зэрэг олон төрлийг хэрэглэж болно.

Радио рекламыг хийхэд өргөн хэрэглэгддэг нэг хэрэгсэл нь мэдээллийг дагалдах дуу хөгжим юм. Оновчтой сонгосон эсвэл тусгайлан зохиосон дуу хөгжим нь тухайн компанийн бүтээгдэхүүний таних тэмдэг логотип болж дараачийн удаа тэр компанийн бүтээгдэхүүний рекламыг бусдаас ялгахад тус дөхөм болох талтай. Ийнхүү сайн бэлтгэсэн радио рекламыг өглөө орой өдрийн ямар үеэр нэвтрүүлэх, хэдэн удаа давтах гэдэг асуудлыг бас сайн бодож шийдэх нь чухал. Радиог ихэвчлэн өглөө эрт ажил хэрэгч хүмүүс сонсдог. Харин өдрийн цагаар бол гэрийн ажилтай эмэгтэйчүүд, сурагчид, тогтмол цагийн ажил эрхэлдэггүй хүмүүс голчлон сонсдог гэдгийг харгалзан үзэх хэрэгтэй, Оройн цагаар хүн амын дийлэнх нь телевиз үзэх учраас радиог бараг сонсдоггүй ,ийм учраас радиогийн рекламд хамгийн үнэтэй цагууд нь өглөөний болон үдийн завсарлагийн цагууд байна, Радио рекламын давуу талууд гэвэл,

-Өргөн хэрэгцээний болон үйлдвэрлэлийн зориулалттай барааны хувьд радио реклам нь үр ашигтай хэрэгсэл болдог,
-Радио рекламаар тодорхой хүссэн бүлэг хэрэглэгчдэд хандаж реклам хийж болдог. Радио сонсогчдын дийлэнх нь эмэгтэйчүүд, суралцагчид байдаг учраас рекламдаж буй барааны идэвхтэй худалдан авагчид болдог. Аян замд яваа болон жолооч нарт радио нь тохиромжтой реклам түгээх хэрэгсэл болно. Радио реклам нь бэлтгэхэд хялбар хямд хэрэгсэл. Радио рекламаар сонсогчдын сэтгэл зүйд хүчтэй нөлөөлөх боломжтой учраас барааны сонирхолтой дүр төрхийг бий болгох боломжтой.

Радио рекламын дутагдалтай тал гэвэл:

- Радио сонсогчид нь ТВ үзэгчид рүү шилжих магадлалтай учраас түүнийг нэвтрүүлэх цагийг маш сайн зөв сонгох шаардлагатай.
-  Сонсогчдыг татахын тулд мэдээллийг олон удаа давтах шаардлагатай
- Рекламын зах зээлийн өсөлттэй холбоотой радио рекламын үнэ өртөг өсөх хандлагатай. Дуу дүрсийн рекламын гуравдахь төрөл нь кино бөгөөд бусад төрөлтэй харьцуулахад хэрэглэгдэх нь бага байдаг. Энд рекламын ролик, реклам-техникийн кино, реклам-нэр хүндийн кино зэрэг төрлүүд хамаарагдах бөгөөд шинэ мэдээллийн хэрэгслүүд гарч ирсэнээр ач холбогдол хэрэглээ нь эрс багассан болно. Ийнхүү кино рекламд дэлхий дахинаа харьцангуй бага хөрөнгө зарж байна. Тэдгээрийн оронд харин видео ролик, теле ролик ба радио роликийг ихээр хэрэглэж байна.

ХҮДС-ийн Маркетингийн багш Ц.Долгорсүрэн

Эх сурвалж  http://zorigtsoc.wordpress.com/

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Нэр:
Сэтгэгдэл:
СЭТГЭГДЭЛ (0)

Сэтгэгдэл байхгүй байна