Өнгөрсөн үеийн загвар

АНУ-ын The New Republic, The Washington Post, The New York Times, The Time зэрэг томоохон сонинд байнгын булан хөтлөн явуулдаг сэтгүүлч Майкл Кинслигийн үзэж байгаагаар интернэт бий болсноор цаасан сонин хэвлэлүүд зах зээл дээр монополь байдлаа алджээ. Эрт дээр үед Америкийн томоохон хотод бүс нутгийн болон үндэсний хэмжээний үйл явдлын тухай мэдээлдэг ганц хоёрхон сонин байжээ. Орон нутгийн оршин суугчид хэрэгтэй мэдээгээ эндээс л мэдэж байлаа. Интернэт хөгжсөнөөр Америкийн цаасан сонингуудын орлогын эх үүсвэр болсон захиалга, зарлал сурталчилгааны орлого алга болов.

Одоо Лос-Анжелосын уншигч Ойрхи Дорнодын бүс нутагт болж байгаа үйл явдлын тухай мэдээг уншихын тулд орон нутгийн The Los Angeles Times сонин хэвлэгдэхийг хүлээх хэрэггүй болжээ. Уншигч The New York Times эсвэл англи хэлээр хэвлэгдсэн Израилийн Haaretz сонины сайт руу ороод л хүссэн зүйлээ олоод уншчихна. Европт болж байгаа үйл явдлын тухай мэдэх нь бүр ч хялбар. Лос-Анжелосын орон нутгийн чанартай мэдээг засгийн газрын бус байгууллагын сайтууд, эсвэл блог, Facebook, Twitter, MySpace зэрэг сайтаас ч мэдэж болно. Хамгийн гол нь интернэтээс энэ бүх мэдээллийг үнэ төлбөргүй олоод авч болж байна. “Би саяхан The New York Times” сонинг захиалахаас татгалзсан. Учир нь энэ сонины интернэт хувилбар нь цаасан хувилбараасаа огт ялгагдахгүй байна. Тэгвэл би яах гэж цаас авах гэж мөнгөө үрэх вэ дээ?” гэж Аспены хүрээлэнгийн Ерөнхийлөгч, саяхныг хүртэл Time Magazine сэтгүүлийн редактороор ажиллаж байсан Уолтер Исааксон ярьжээ.
Цаасан сонингууд захиалагчдаа алдаад зогсохгүй сурталчилгаа өгдөг байгууллагуудаа ч алджээ. 2006 оноос эхлээд Америкийн сонингуудын зарлал сурталчилгааны орлого 25 хувиар буурсан байна. 2009 онд сонины газрын сурталчилгааны орлого дахин 17 хувиар багасах чиг хандлага ажиглагдаж байна. Өнөөдөр зарлал сурталчилгааг сонин сэтгүүлийн албан ёсны сайтад байрлуулж байснаас өөрийн гэсэн сайт хийгээд сурталчилгаагаа үнэгүй олон түмэнд хүргэх боломж байна шүү дээ. Сонин сэтгүүлээс гадна мэдээллийн сайт зарлал сурталчилгааны гол талбар нь болоод байна. Drudge Report, Huffington Post, Real Clear Politics зэрэг мэдээллийн сайтууд хамгийн сонирхолтой мэдээллийг ангилан гаргаж, бас хамгийн сайн бичлэгтэй блогуудыг сурталчилж байна. Сонины албан ёсны сайтаас илүү хүмүүс ийм мэдээллийн сайтыг илүү үздэг болжээ. Huffington Post сайтыг сард 10 сая хүн үздэг байна.


Хурд чанарын эсрэг

Интернэт мэдээлэл боловсруулах, хэрэглэгчдэд хүргэх хурдыг ч өөрчилжээ. Өчигдрийн мэдээг унших гэж өнөөдөр шуудангаар ирэх сонинг хүлээж суудаг хүн хаана ч үгүй. Өнөөдрийн мэдээг бид өнөөдөр л интернэтээс уншина. Энэ байдлаас болоод орчин үед сонин сэтгүүлүүд мэдээ хэвлэх нь багассан байна. Ингээд сонины мэдээний хэлтэст ажилладаг сэтгүүлчид ч ажилгүй болжээ. 2008 онд АНУ-д мэдээний албанд ажилладаг 5000 сэтгүүлч ажлаасаа халагджээ. Америкийн баруун эргийн хамгийн нөлөө бүхий The Los Angeles Times сонин 2008 онд мэдээний албанд ажилладаг 1200 сурвалжлагчийнхаа 600 нь халсан байна.

Сүүлийн 20 жилд АНУ-ын нийслэл Вашингтон хотод ажилладаг орон нутгийн сонины салбар товчооны тоо 600-гаас 300 болж буурсан байна. Цаасан сонин унших дуртай хүмүүс интернэтэд байгаа мэдээлэл нь сайн нягтан шалгагдаагүй байдаг гэж шүүмжилдэг. Гэхдээ мэдээлэл дамжуулах хурднаас болж цаасан дээр хэвлэгддэг сонин хэвлэлүүд ч бас мэдээллийн үнэн бодит байдалд хандуулах анхаарлаа сулруулжээ. Одоогоос хэдэн сарын өмнө Дублины их сургуулийн оюутан Шэйн Фитцжеральд интернэтээс хамааралтай болсон орчин үеийн хэвлэл мэдээлэл дамжуулахдаа үнэн бодит байдалд хэрхэн анхаарч байгааг шалгахаар шийдсэн байна.
2009 оны 3 дугаар сарын 28-нд тэрээр Францын хөгжмийн зохиолч Морис Жарэ нас барсан тухай мэдээг олж сонссон байна. Хэдэн цагийн дараа 22 настай энэ оюутан интернэтийн Wikipedia нэвтэрхий тольд орж хөгжмийн зохиолч Жарэгийн намтарт засвар хийжээ. “Хөгжим бол миний амьдрал байсан. Хөгжим намайг энэ амьдралд хөтөлсөн. Хөгжмийн ачаар намайг үхсэний дараа дурсан санах болно. Намайг үхсэний дараа миний толгойд зөвхөн сүүлчийн вальс тоглогдох болно. Энэ сүүлчийн вальсыг надаас өөр хэн ч сонсож чадахгүй” гэдэг өгүүлбэрийг Морис Жарэ хэлсэн мэтээр бичиж орхив. Гэтэл хэдхэн минутын дараа нэрт хөгжимчний нэрийн өмнөөс оюутан залуугийн бичсэн өгүүлбэрийг АНУ, Австрали, Энэтхэг, Их Британийн мэдээллийн сайтууд иш татан авчээ. Гэхдээ тун удалгүй Wikipedia сайтынхан хуурамч мэдээллийг устгасан юм. Шэйн Фитцжеральдийн бичсэн хуурамч өгүүлбэрийг нэг ч сэтгүүлч анзаараагүй байна. Иймд сарын дараа Шэйн Фитцжеральд өөрийнх нь хуурамч өгүүлбэрийг Морис Жарэгийн эмгэнэлийн мэдээнд иш татсан нэгэн сонины редакцид мэдэгдсэн байна. Ганцхан Британийн The Guardian сонин л уншигчдаасаа хүлцэл өчжээ. Харин бусад сайтууд өнөөх мэдээндээ чимээгүйхэн засвар хийсэн байна. Би энэ туршилтынхаа үр дүнг хараад маш их цочирдсон гэж Шейн Фитцжеральд ярьсан байна. Интернэтийн эрин үед америкчууд ОНМХ-д шууд итгэхээ больжээ.


Ардчилалд заналхийлж байна уу?

Сэтгүүл зүйд муугаар нөлөөлж байгаа цорын ганц хүчин зүйл нь интернэт мэдээллийн чанарын асуудал биш юм. Сонин хэвлэлийн газрууд дэлхийн өнцөг булан бүрд сурвалжлагчийн товчоо, салбараа нээсэн байдаг бол харин ямар ч интернэт сайт хэзээ ч ингэхгүй. Хямралын энэ үед The Times сонин мэдээний албаны 1200 сэтгүүлчээ ажилуулсаар байгаа бол, The Washington Post мэдээний албандаа 800 сэтгүүлчтэй. The Times сонин Багдад хот дахь салбартаа жилд 3 сая доллар зарцуулдаг. Брукингсийн хүрээлэнгийн Засгийн Газрын ажлыг судлах хөтөлбөрийн дэд ерөнхийлөгч Даррела Уэстагийн хэлснээр мэдээний алба бол жинхэнэ сэтгүүл зүйн сургууль.
Эндээс төрийн албанд ажиллаж байгаа хүмүүс эрх мэдлээ хэтрүүлэн хэрэглэж байгаа тухай эрэн сурвалжлах бүтээл гаргадаг мэргэжилтнүүд төрөн гардаг. Өнөөдөр сэтгүүл зүйд тулгараад байгаа хамгийн том асуудал бол хэн эрэн сурвалжлах вэ? Энэ ажил цаг хугацаа бас мөнгө шаарддаг. Өглөө нойрноосоо сэрсэн блоггер 20 минут интернэтэд суугаад дараа нь сэтгэгдлээ бичиж байгааг сэтгүүлзүй гэж нэрлэж яасан болохгүй. Эрэн сурвалжлах сэтгүүлзүй нь эх сурвалжтай тулж ажиллах шаардлагатай болдог гэж Уэст онцлон тэмдэглэж байна.

Эрэн сурвалжлах сэтгүүл зүйн бүтээл багасаж байгаа нь ардчилалд заналхийлж байгаа том асуудал гэж үзэж байна. Иймээс интернэтийн эрин үед чанартай сэтгүүл зүйг баримталдаг сонин хэвлэл оршин тогтнох эдийн засгийн загварыг гаргах хэрэгтэй болоод байгаа юм. АНУ-ын Мэриленд мужийн сенатор ардчилсан намын гишүүн Бенжамин Кардин “Сонинг сэргээх тухай” хууль батлахыг санал болгож байна. /Newspaper Revitalization Act/. Тэгвэл Time Magazine сэтгүүлийн редактор Уолтер Исааксон сонин хэвлэлийн интернэт хувилбарыг төлбөртэй болгосноор л хэвлэмэл сонинг аварч чадна гэж үзэж байна.

Мэдээллийн эх сурвалж http://zorigtsoc.wordpress.com/ блогоос

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Нэр:
Сэтгэгдэл:
СЭТГЭГДЭЛ (0)

Сэтгэгдэл байхгүй байна