Хэвлэлийн реклам зар сурталчилгааг хэрхэн хийх вэ?

Зар сурталчилгаа гэхээр байгууллага, хувь хүмүүс ямар нэг байгууллагад найдан орхидог. Мэдээж зар сурталчилгаа гэхээр зардал маш их гардаг. Тэгвэл яагаад заавал ямар нэг хөндлөнгийн байгууллагад хандах ёстой гэж? Өөрсдөө хийж болох юм. Тэгэхээр анх үйл ажиллагаагаа эхэлж буй эсвэл хөрөнгө мөнгө муу байгаа компаниудын хувьд хамгийн тохиромжтой зар сурталчилгааны хэлбэр нь сонин сэтгүүл дээр жижиг зар эсвэл жижиг хэмжээний нийтлэл гаргах байдаг.

Зарим сонин сэтгүүлүүд зар сурталчилгааныхаа үнийг маш багаар тогтоодог нь тэрхүү сурталчилгаанууд тэдний борлуулалтад сайнаар нөлөөлдөгтэй холбоотой байдаг байна. Тиймээс жижиг хэмжээний зар сурталчилгааг гаргах нь компанийн хувьд  ер алдах зүйлгүй юм. Харин зар сурталчилгаа гаргаж буй бусад олон тооны өрсөлдөгч компаниудаас ялгарч чадахуйц байх нь хамгийн шийдвэрлэх хүчин зүйл болдог гэж болно. Өөрөөр хэлбэл та маш сайн зар, нийтлэлийг гаргах ёстой.

Идэвхжүүлэлт
Идэвхжүүлэлт нь байгууллагын имижийг бүрдүүлэх, бүтээгдэхүүн ба брэндийг хоногшуулах, борлуулалтыг удирдан чиглүүлэх зорилгоор хийгдэх маркетингийн харилцаа юм. Тиймээс идэвхжүүлэлт нь харилцаатай салшгүй холбоотой гэж болно.
Маркетингийн харилцаа нь зар сурталчилгаа, борлуулалтын урамшуулал, олон нийтийн харилцаа, биечилсэн борлуулалт болон шууд маркетинг хэлбэрээр явагдах ба эдгээрийг идэвхжүүлэлтийн иж бүрдэл гэж нэрлэдэг.

Идэвхжүүлэлтийн үе шатууд
1.Нөхцөл байдлын судалгаа хийх
2.Идэвхжүүлэлтийн зорилго, зорилтуудыг тодорхойлох
3.Идэвхжүүлэлтийн арга хэрэгсэл сонгох
4.Хэрэглэгчдэд хүргэх илгээлтийг боловсруулах
5.Мэдээллийн сувгийг сонгох
6.Төсөв боловсруулах
7.Үр дүнг хянаж шинжлэх
Идэвхжүүлэлтийн арга хэрэгслүүдийн нэг нь Зар сурталчилгаа юм.

Зар сурталчилгаа
Зар сурталчилгаа нь хэрэглэгчдэд байгууллага, бүтээгдэхүүнийг таниулах, худалдан авахыг ятгах, дахин худалдан авахыг сануулах зорилгоор олон нийтийн мэдээллийн хэрэгслүүдээр дамжуулан төлбөртэй хийгдэх маркетингийн харилцаа юм.
Зар сурталчилгааг компаниуд шинэ бүтээгдэхүүнээ хэрэглэгчдэд мэдээлэх, хэрэглээний зааварчилгаа өгөх, үнийн өөрчлөлт, хямдралыг зарлах, брэндийн давуу талыг харуулах, яг одоо худалдаж авахыг ятгах, хэрэглэгчийн бодлыг өөрчлөхийн тулд, бүтээгдэхүүн удахгүй хэрэгтэй болохыг, хаанаас худалдаж авж болох боломжтойг сануулах үүднээс ашигладаг.

Хэвлэл мэдээллийн зар сурталчилгаа
Хэвлэл мэдээллийн зар сурталчилгааг бид сонин сэтгүүл дээр гаргасан нийтлэл, зураг, зар сурталчилгаа гэж ойлгож болно.
Мэдээж яг ямар үйлчилгээ, бараа бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэд хүргэх гэж байгаагаасаа шалтгаалаад зураг, эсвэл нийтлэл хэрэгтэй эсэхийг зөв шийдэх ёстой. Мөн хэлбэр дүрс, харагдаж буй байдал нь хүний сэтгэл санаанд маш их нөлөө үзүүлдэг байна.
Юуны өмнө зар сурталчилгааны хамгийн амин чухал зүйл нь гарчиг байдаг.

Гарчиг
Хүмүүс рекламны эхийг нь бус харин гарчгыг нь их уншдаг буюу гарчгийг нь 5 дахин их уншдаг гэсэн судалгаа байдаг. Тэгэхээр хэрэв компанийн гарчиг муу байх аваас борлуулалтыхаа 90 хувийг алдаж байна гэсэн үг юм. Аливаа тохиолдолд уншигчдад ямар нэг ашиг амласан гарчгууд хамгийн үр дүнтэйд тооцогддог байна. Мөн ямар нэг мэдээлэл агуулсан байх нь хүмүүсийн сонирхлыг 22 хүртэл хувиар илүү татдаг. Жишээ нь, ямар нэг шинэ бүтээгдэхүүн гарсан тухай мэдээлэл, эсвэл бүтээгдэхүүнийг шинэчилсэн тухай мэдээлэл байж болно.
Мөн гайхамшигтай, шинээр нэвтрүүлж байгаа, яг одоо, гэнэт, гэх мэтийн үгнүүд нь хүмүүсийг маш ихээр татаж чаддаг.

Компаниуд зар сурталчилгаагаа тавихдаа гарчигтаа өөрсдийн бүтээгдэхүүнийхээ нэрийг оруулахаа мартдаг. Энэ нь компанийн чухам ямар бүтээгдэхүүн сурталчлаад байгааг тодорхойгүй болгодог.
Хэрвээ тодорхой нэг сигментэд хандаж байгаа бол тухайн онцлог болон хэрэгцээг нь тодруулсан үгсийг зайлшгүй оруулж өгөх хэрэгтэй.

Гарчгийг худалдан авагчдад хоногшуулах нэг шалгарсан арга бол гарчгаа ишлэл маягаар бичих байдаг. Ингэснээр зар сурталчилгааны эргэн санагдах чадвар нь 28 хувиар өсдөг гэж үздэг байна.
Хүмүүс энгийн зүйлд илүү дуртай байдаг нь тогтоогдсон ба энэ нь гарчгаа аль болох ойлгоход амар байдлаар бичихийг санал болгож байгаа хэрэг.
Нэгэнт гарчиг нь юу юунаас илүү компанийн зар сурталчилгааны амжилтад хүрэх эсэхийг шийдэж байдаг учир хамгийн тэнэг зүйл бол гарчиггүй зар сурталчилгаа гэж хэлж болно.

Эх мэдээлэл
Та гарчгийг сайн тавьж чадсан тохиолдолд хэрэглэгчид эхийг унших болно. Сэтгүүл дээрх сурталчилгааны материалын эхийг уншдаг хүмүүс дунджаар нийт уншигчдын 5 хувь нь байдаг. Уншиж буй хүмүүс нэг танхимд цуглараад таны эхийг унших гэж байгаагаар хандаж болохгүй. Харин үйлчлүүлэгч тус бүрт хандсан захиа мэтээр бичих ёстой байдаг.
Зар сурталчилгаа хүмүүсийг бараагаа худалдаж ав хэмээн хангалттай залхаасан байдаг учир аль болох худалдаж авах сонирхлыг нь л өдөөх чухал. Үүний тулд богино өгүүлбэр цөөн догол мөр хэрэглэн хүнд үгнүүдээс зайлсхийх хэрэгтэй.
Мөн хүмүүст захиа бичиж байна гээд бүтэн эссэ бичих шаардлагагүй. Манай бүтээгдэхүүн дэлхийд хамгийн шилдэг нь гэх зэрэг тэмдэг нэрийн давуу зэргийг хэрэглэхээс болгоомжлох хэрэгтэй. Ийм үгсээр хүмүүсийг итгүүлэх нь маш хэцүү байдаг. Тэгэхээр та аливаа зүйлийг тодорхойлон бичих гэж буй бол үнэмшил төрүүлэх тал дээр онгой анхаарах нь чухал юм. Зарим тохиолдолд рекламаа бүхэлд нь нотолгоо хэлбэрээр хийж болно. Мөн хэн нэгэн алдартан хүнээр бүтээгдэхүүнээ сурталчлуулах нь үзэгчдийн ой тоонд үлдэж хоцрох нь сайн байдаг хэдий ч уншигчид тэрхүү алдартныг тогтоогоод бүтээгдэхүүнийг мартаж орхидог сул талтай.
Бүтээгдэхүүнийхээ үнийг рекламдаа тусгах хэрэгтэй байдаг. Та гоёл чимэглэлийн дэлгүүрийн цонхоор харагдаж байгаа хүзүүний зүүлтийг хараад үнийг нь бичээгүй л бол авья гэж бодохгүй нь мэдээж. Бүтээгдэхүүний үнийг орхигдуулсан байх юм бол уншигч хуудсаа цааш эргүүлэх болдог.

Ерөнхий зураглал
Реклам сурталчилгаа нь зураглалаасаа болж нэлээд асуудалтай тулгардаг. Эдгээр асуудлаас болж шаналсан нэг нь рекламд оруулах эхээ бараг л дизайны элемент гэх нь холгүй болдог. Уншигч эхлээд зурган чимэглэлийг дараа нь гарчгийг эцэст нь эхийг хардаг. Тэгэхлээр эдгээр элементүүдийг мөн ийм дарааллаар буюу дээд талд нь зурган чимэглэлээ, үүнийхээ доор гарчгийг, гарчиг доор эхийг байрлуулаарай.
Гарчгаа зурган чимэглэлийн доор тавьсан сурталчилгаа нь үүнийг эсрэгээр байрлуулснаараа дунджаар 10 хувь илүү уншигчидтай байдаг байна.
Хүмүүсийн олонх нь эхээс илүү зурган чимэглэлийн доорх тайлбарыг уншдаг. Тэгэхлээр зургаа заавал тайлбарлаж байх хэрэгтэй.

Уншигчдаа амжилттай татаж байгаа мэдээллийн сэтгүүлүүдийн туршлагаас бичвэл:

• Эх бол зурган чимэглэлээсээ илүү чухал
• Гурван багана болгож 35-45 тэмдэгтийн өргөнтэй
• Зураг бүр тайлбартай байх
• Эхийн эхний үгийг толгой үсгээр эхлэн бичнэ.
• Цагаан дээр хараар бичнэ

Эхийн бүтэц ямар байвал зохих вэ?

Реклам товчоор ихэвчлэн гарчгаа нэг мөр том үсгээр бичдэг. Энэ бол алдаа юм. Станфордын профессор Тинкер үсгүүд өндөр нам байх нь үгийг тогтооход хялбар болгодог бол том үсгээр бичсэн гарчгийг хүмүүс үсэглэж унших хандлагатай учраас уншилтыг удаашруулдаг гэж тогтоожээ. Гарчгийг уншихад хүндрэлтэй болгодог өөр нэг зүйл бол түүнийг зурган чимэглэлүүд дээрээ давхар үсгээр оруулах юм. Өөр нэг алдаа бол гарчгийнхаа дор зай үлдээх. Үүнийг бүрэн зогсолт ч гэж хэлдэг. Бас нэгэн алдаа бол эхийг уншихад хэтэрхий өргөн юмуу хэт нарийн хэмжээтэй бичдэг явдал юм.

Уншигчдын тоог нэмэгдүүлэх аргууд
1. Гарчиг болон эхийн хооронд байрлаж байгаа 2 мөрөөс бүтсэн дэд гарчиг нь уншигчдын сонирхлыг татна.
2. Хэрэв та эхээ толгой үсгээр эхэлбэл уншигчдынхаа тоог дунджаар 13 хувиар өсгөх болно.
3. Эхний догол мөрийг 11-ээс дээшгүй үгээр хязгаарлана.
4. Эхээ 4-6 см хүрэх үед давхар гарчиг оруул.
5. Богино мөрүүд уншигчдын тоог нэмэгдүүлдэг.
6. Гол санааг агуулсан догол мөрүүдийг тодоор юмуу налуу фонтоор бич.
7. Догол мөрөндөө суман заалт, од тэмдэг, хязгаарын тэмдэг гэх мэтийг хэрэглэх
8. Үсгийн хэмжээ 11 байх нь хамгийн тохиромжтой гэж үздэг.

Зураг дүрс
Зураг дурс маш олон үгийг төлөөлж чаддаг гэж ярьдаг.

Зурган чимэглэлийг амьдруулж өгөх арга:

1. Гол субьектэд анхаарлаа хандуулах ёстой. Хэрэв ямар нэг санаа агуулаагүй л бол ямар ч алдартай зурагчин тус болохгүй.
2. Хамгийн үр нөлөөтэй фото зургууд уншигчийн сониуч занг хөдөлгөхүйц байдаг.
3. Компанийн бүтээгдэхүүнийг хэрэглэснээр гарах эцсийн үр дүнг зургаар үзүүлэх нь ихээхэн ач холбогдолтой. Бүтээгдэхүүнийг хэрэглэсэн эхний болон эцсийн үе шатуудыг харуулсан зургууд нь уншигчдын сонирхлыг ихээр татдаг.
4. ТВ сурталчилгаагаар үзэгчдэд танил болсон дүрийг хэрэглэх нь хэвлэлийн сурталчилгааны ашгийг нэмэгдүүлдэг.
5. Зурган чимэглэл аль болох энгийн байх нь дээр. Олон зүйлийг нэг дор шавааралдуулах нь онцгүй байдаг.
6. Хүний царайг ердийнхөөс нь томоор үзүүлэх хэрэггүй. Энэ нь уншигчдад таалагдахгүй байх нь бий.
7. Түүхэн хүмүүс уншигчдынхаа ихэнхийг уйдаадаг.
8. Рекламаа 4 өнгөөр бүтээх нь хар цагаанаас 50 хувь үнэтэй тусах боловч хүмүүст пунктээр 100 хувь илүү тогтоогдож үлддэг.

Ханын зураг буюу плакат
Плакатуудыг одоо ч зар сурталчилгаанд ашигласаар байгаа билээ. Плакат нь амлалтаа үгээр илэрхийлээд зогсохгүй зургаар үзүүлэх ётсой. Аль болох томхон хэмжээтэй байвал сайн байдаг. Хурц , цэвэр өнгийг ашиглах хэрэгтэй.

Үсгийн фонд
Сонин хэвлэл дээр зар сурталчилгааг тавихдаа хүмүүс алдаа их гаргадаг. Үүний нэг жишээ нь үсгийн фонд юм. Их л фонд оруулбал хүмүүст таалагдана гэсэн буруу ташаа ойлголт хүмүүсийн дунд байдаг. Энэ нь хүмүүст нэг их таалагддаггүй.
 

М.Ундрал

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Нэр:
Сэтгэгдэл:
СЭТГЭГДЭЛ (1)

Сэтгэгдэл (1)

  •   (64.119.26.130)
    2019-11-02 16:27
    dundjaar hden togrogoor zar surtalchilgaa bolon borshur hdg yum bol
  • Enji  (202.9.42.33)
    2019-02-12 19:17
    Тодорхой баримт бүрдүүл
  • Б. Нар  (202.179.29.104)
    2014-11-24 13:42
    их хэрэгтэй мэдээлэл бна баярлалаа
  • soninhuu  (182.160.43.13)
    2014-11-05 14:15
    mash taalagdlaa