МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛЬ

1992 оны 1 дүгээр сарын 13 -ны өдөр
ХОЁРДУГААР БҮЛЭГ ХҮНИЙ ЭРХ, ЭРХ ЧӨЛӨӨ
Арван зургадугаар зүйл. 
Монгол улсын  иргэн  дараахь үндсэн эрх, эрх чөлөөг баталгаатай эдэлнэ: 
8/ соёл, урлаг, шинжлэх ухааны үйл ажиллагаа явуулах, бүтээл туурвих, үр шимийг нь хүртэх эрхтэй. Зохиогч, шинэ бүтээл, нээлтийн эрхийг хуулиар хамгаална;

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ТУХАЙ

1998 оны 8 дугаар сарын 28-ны өдөр Улаанбаатар хот
1 дүгээр зүйл. Хуулийн зорилт 
Энэ хуулийн зорилт нь Монгол Улсын Үндсэн хуульд зааасан хүний үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөг баталгаажуулахад оршино. 
  2 дугаар зүйл. Хэвлэл мэдээллийн эрх чөлөөг хангах 
Хэвлэл мэдээллийн эрх чөлөө, хэвлэл мэдээллийн хэрэгслийн чөлөөт байдлыг хязгаарласан хууль батлан гаргахыг хориглоно.. 
 З дугаар зүйл. Мэдээлэлд хяналт тавихыг хориглох 
 З.1. Хэвлэл мэдээллийн хэрэгсэл нь өөрийн нийтэлж, нэвтрүүлж байгаа зүйлийнхээ төлөө хариуцлага хүлээнэ. Төрөөс олон нийтийн мэдээллийн агуулгад хяналт (цензур) тогтоохгүй. 
 3.2. Төрөөс хэвлэл мэдээллийн хэрэгсэлд нийтлэх, нэвтрүүлэх мэдээлэлд хяналт тавих байгууллага байгуулахгүй бөгөөд ийм хяналтын үйл ажиллагааг санхүүжүүлэхгүй.. 
 4 дүгээр зүйл. Төрийн байгууллагын мэдээллийн хэрэгслийг хориглох 
Төрийн байгууллага өөрийн мэдэлд хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй байхыг хориглоно. 
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Р.ГОНЧИГДОРЖ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
ЗОХИОГЧИЙН ЭРХ БОЛОН ТҮҮНД ХАМААРАХ ЭРХИЙН ТУХАЙ

/Шинэчилсэн найруулга/
2006 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр . Төрийн ордон. Улаанбаатар хот
НЭГДҮГЭЭР БҮЛЭГ Нийтлэг үндэслэл
1 дүгээр зүйл. Хуулийн зорилт 
1.1.Энэ хуулийн зорилт нь зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхээр хамгаалагдах бүтээлийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах, хамгаалахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино. 
2 дугаар зүйл. Зохиогчийн эрхийн тухай хууль тогтоомж 
2.1.Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хууль тогтоомж нь Үндсэн хууль1, Иргэний хууль2, энэ хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ. 
 2.2.Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө. 
 3 дугаар зүйл. Хуулийн нэр томъёоны тодорхойлолт 
3.1.Энэ хуульд хэрэглэсэн дараахь нэр томъёог дор дурдсан утгаар ойлгоно: 
3.1.1."зохиогч" гэж өөрийн оюуны бүтээлч үйл ажиллагаагаар бүтээл туурвисан хувь хүнийг; 
 3.1.2." эрх эзэмшигч" гэж утга зохиол, урлагийн бүтээлтэй холбоотойгоор үүсэх зохиогчийн бүтээл ашиглах онцгой эрхийг эдлэх хувь хүн, хуулийн этгээдийг; 
 3.1.3."уран бүтээлч" гэж утга зохиол, урлагийн болон ардын урлагийн бүтээлийг цирк, тайз, дэлгэц, урлагийн тоглолтод зориулан дуулах, хөгжимдөх, жүжиглэх, бүжиглэх, унших зэргээр гүйцэтгэн тоглодог хувь хүнийг; 
 3.1.4."ардын урлагийн бүтээл" гэж ард түмний дунд аливаа хэлбэрээр уламжлагдан дамжиж ирсэн, зохиогч нь тодорхойгүй уламжлалт утга зохиол, урлагийн бүтээлийг; 
 3.1.5."фонограмм" гэж кино урлагийн, эсхүл дуу авиан дүрст бүтээлд оруулснаас өөр аливаа тоглолтын болон бусад дуу авиа, түүний илэрхийллийн бичлэгийг; 
 3.1.6."бүтээлийг хуулбарлах" гэж бүтээл, бүтээлийн хэсэг, зохиогчийн эрхэд хамаарах эрхийн объектыг нэг буюу түүнээс дээш тоогоор шууд буюу шууд бусаар, аливаа арга, хэлбэрээр олшруулахыг; 
 3.1.7."нийтлэх" гэж бүтээл, зохиогчийн эрхэд хамаарах эрхийн объектыг эрх эзэмшигчийн зөвшөөрлөөр, олон нийтийн хэрэгцээг хангахуйц хэмжээгээр олшруулж, нийтийн хүртээл болгохыг; 
 3.1.8.“нийтэд түгээх" гэж бүтээл, зохиогчийн эрхэд хамаарах эрхийн объектыг хэрэглэгч өөрийн сонгосон цаг, газраас хүртэх боломжтой байдлаар утсан болон утасгүй холбоогоор нийтэд тараахыг; 
 3.1.9."үүсмэл бүтээл" гэж өмнө бүтээгдсэн бүтээлд тулгуурлаж түүнийг оюуны бүтээлч хөдөлмөрөөр засварлах, найруулах, орчуулах, хөрвүүлэх, хураангуйлах, эмхтгэх болон бусад хэлбэрээр өөрчилж, шинээр бий болгосон бүтээлийг; 
 3.1.10."хавсарга урлагийн бүтээл" гэж гар урлал болон үйлдвэрлэлийн аргаар бүтээгдсэн ахуйн хэрэглээний урлагийн бүтээлийг; 
 3.1.11."зохиогчийн эрхэд хамаарах эрхээр хамгаалагдах бүтээл" гэж бүтээлийг шууд тоглосон тоглолт, дуу авиа, дүрс бичлэг, дуу авиа бүхий дүрст бүтээлийн анхны бичлэг болон радио, телевизийн байгууллагын нэвтрүүлгийг; 
 3.1.12."фонограмм бүтээгч" гэж тоглолтын буюу бусад дуу авианы, эсхүл тэдгээрийн илэрхийллийн анхны бичлэгийг санаачлан хийсэн, бичлэгийн тухайд хариуцлага хүлээх хувь хүн, хуулийн этгээдийг; 
 3.1.13."дуу авиа бүхий дүрст бүтээл" гэж ямар материаллаг хэлбэрт оруулснаас үл шалтгаалан, техник хэрэгсэл ашиглан бүтээсэн дүрсийг дуу авианы хамт үзүүлэх боломжтой бүтээлийг; 
 3.1.14.“эрх эзэмшигчийн таних тэмдэг” гэж бүтээл, зохиогч, эрх эзэмшигч, тухайн бүтээлийг ашиглах нөхцөлийн талаар бүтээлд агуулагдсан, эсхүл бүтээлийг нийтэд түгээхтэй холбогдуулан тэмдэглэгдсэн мэдээлэл, эдгээр мэдээллийн тоон болон кодон илэрхийллийг. 

ХОЁРДУГААР БҮЛЭГ Зохиогч, зохиогчийн эрхээр хамгаалах бүтээл
 4 дүгээр зүйл. Зохиогчийн эрх эдлэх этгээд 
 4.1.Зохиогчийн эрхийг энэ хуулийн дагуу дараахь этгээд эдэлнэ: 
 4.1.1.бүтээл нь нийтлэгдсэн эсэхээс үл хамаарч бүтээл туурвисан Монгол Улсын иргэн, тус улсын нутаг дэвсгэрт байнга оршин суугаа гадаадын иргэн, харьяалалгүй хүн; 
 4.1.2.Монгол Улсад бүтээлээ анх удаа нийтэлсэн гадаадын иргэн; 
 4.1.3.уран баримал, уран барилга, архитектур, хот байгуулалтын бүтээл болон барилга байгууламжийн бүрэлдэхүүн хэсэг болох дүрслэх урлагийн бүтээлээ тус улсын нутаг дэвсгэрт байнга байршуулсан зохиогч; 
 4.1.4.зохиогчийн эрхийн тухай хууль тогтоомжийн дагуу зохиогчийн эрх эдлэх хуулийн этгээд; 
 4.1.5.Монгол Улсын олон улсын гэрээнд нэгдэн орсон бусад улсын иргэн, хуулийн этгээд. 
 4.2. Гадаадын иргэн бүтээлээ өөр улсад нийтэлсэн өдрөөс хойш 30 хоногийн дотор Монгол Улсад нийтэлсэн бол Монгол Улсад анх удаа бүтээлээ нийтэлсэнтэй адилтгаж үзнэ. 
 4.3.Зохиомол нэрээр болон нэргүйгээр хэвлэгдсэн бүтээлийн хувьд зохиогчийн эрхийг хуульд заасан этгээд эдэлнэ. 
 5 дугаар зүйл. Хамтарсан зохиогч 
5.1.Нэг зорилготойгоор хамтын бүтээлч хөдөлмөрийн үр дүнд нэгдмэл бүтээл туурвисан хоёр буюу түүнээс дээш этгээдийг хамтарсан зохиогчид гэнэ. 
 5.2.Хамтарсан зохиогч бүхий бүтээлийн хувьд зохиогчийн эрхийг гэрээнд өөрөөр заагаагүй бол зохиогчид хамтран эдэлнэ. 
 6 дугаар зүйл. Зохиогчийн эрхийн бүтээл /объект/ 
 6.1. Зохиогчийн эрхийн бүтээлд агуулга, зориулалт, үнэ цэнэ, ач холбогдол, илэрхийллийн аргаасаа үл шалтгаалан зохиогчийн оюуны бүтээлч үйл ажиллагааны үр дүнд бий болсон шинжлэх ухаан, утга зохиол, урлагийн бүтээлийг тооцно. 
 6.2. Зохиогчийн эрхийн бүтээлийг нийтлэгдсэн эсэхээс үл шалтгаалан бичмэл, аман, зурмал болон бусад биет хэлбэрээр бүтээсэн байна. 
 7 дугаар зүйл. Зохиогчийн эрхээр хамгаалах бүтээл 
7.1.Дараахь бүтээлийг зохиогчийн эрхээр хамгаална: 
 7.1.1.шинжлэх ухаан, утга зохиолын бичмэл буюу аман бүх төрлийн бүтээл, түүнчлэн компьютерийн программ; 
 7.1.2. хөгжмийн урлагийн үгтэй болон үггүй бүх төрлийн бүтээл; 
7.1.3. дүрслэх урлагийн бүх төрлийн бүтээл; 
 7.1.4. чимэглэх болон хавсарга урлаг, тайз чимэглэлийн бүтээл; 
 7.1.5. архитектурын бүтээл, уран баримал, уран барилга; 
 7.1.6 бүжгийн урлагийн бүх төрлийн бүтээл, уран нугаралт, пантомим; 
 7.1.7. жүжиг, хөгжимт жүжиг, тайзны урлагийн бүх төрлийн бүтээл; 
 7.1.8.гэрэл зургийн болон түүнтэй төсөөтэй аргаар туурвисан бүх төрлийн бүтээл; 
 7.1.9. дуу авиа бүхий дүрст бүтээл; 
 7.1.10.үүсмэл бүтээл; 
 7.1.11.материалыг нь сонгон түүвэрлэх, байршуулах зэргээр бүтээлч хөдөлмөрийн үр дүнд бий болсон, өөрийн бүтэц агуулгаараа оюуны бүтээлд тооцогдох тайлбар толь, лавлах, зохиолын цоморлиг, өгөгдөхүүн-мэдээллийн сангийн бусад эмхтгэлүүд; 
 7.1.12.ардын урлагийн бүтээлд тулгуурлан туурвисан үүсмэл бүтээл. 
 8 дугаар зүйл. Зохиогчийн эрхээр үл хамгаалах бүтээл 
 8.1. Дараахь бүтээлийг зохиогчийн эрхээр хамгаалахгүй: 
 8.1.1. хууль тогтоомж, эрх зүйн бусад акт; 
 8.1.2.захиргааны шийдвэр болон хуулийн этгээд, байгууллагын албан баримт бичиг; 
 8.1.3.шүүхийн шийдвэр, тогтоол, шүүгчийн захирамж болон бусад баримт бичиг, шүүх хуралдаан дээр хэлсэн үг; 
 8.1.4.энэ хуулийн 8.1.1-8.1.3-т заасан баримт бичгийн орчуулга; 
 8.1.5.төрийн бэлгэ тэмдэг, туг, далбаа, шагнал, одон, тэмдэг; 
 8.1.6.болсон үйл явдал, түүний үр дагавар болон тоо баримт бүхий сонордуулгын шинжтэй аливаа мэдээ, мэдээлэл; 
 8.1.7. ардын урлагийн бүтээл, үндэсний зан заншил; 
 8.1.8.аливаа санаа, үйл ажиллагааны арга, үйл ажиллагаа, шинжлэх ухааны нээлт, математикийн үзэл баримтлал. 

ГУРАВДУГААР БҮЛЭГ Зохиогчийн эрх, түүний хугацаа
  9 дүгээр зүйл. Зохиогчийн эрх үүсэх, баталгаажих 
 9.1. Шинжлэх ухаан, утга зохиол, урлагийн бүтээлийн зохиогчийн эрх нь тухайн бүтээлийг бодитойгоор туурвиж бүтээсэн үеэс үүснэ. 
 9.2.Зохиогчийн эрх үүсэх болон түүнийг хэрэгжүүлэхэд баталгаажуулалт шаардахгүй. 
 9.3.Бүтээл ашиглах онцгой эрх эзэмшигч нь эрхээ нийтэд таниулах зорилгоор зохиогчийн эрх хамгаалагдсаныг илэрхийлэх таних тэмдэг хэрэглэх эрхтэй. 
 9.4.Зохиогч болохыг нотлох баримтгүй тохиолдолд эх бүтээл болон бүтээлийн хувь дээр бичигдсэн нэрийг зохиогч гэж тооцно. 
 9.5. Зохиогч хүсвэл өөрийн бүтээл, түүнтэй холбоотой бүтээл ашиглах онцгой эрхийг бусдад шилжүүлэх гэрээ, хэлцлийг оюуны өмчийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага /цаашид “Оюуны өмчийн газар” гэх/-д сайн дурын үндсэн дээр бүртгүүлж болно. 
 9.6. Энэ хуулийн 9.3-т заасан таних тэмдгийг дараахь байдлаар илэрхийлж болно: 
 9.6.1.дугуй хүрээ бүхий латин “С” үсэг; 
 9.6.2.бүтээл ашиглах онцгой эрх эзэмшигчийн нэр; 
 9.6.3.бүтээлийг анх нийтэлсэн он. 
  10 дугаар зүйл. Зохиогчийн эдлэх эрх 
10.1.Зохиогч бүтээлийнхээ хувьд эдийн бус баялгийн эрх болон бүтээл ашиглах онцгой эрх эдэлнэ. 
 11 дүгээр зүйл. Зохиогчийн эдийн бус баялгийн эрх 
 11.1.Зохиогч бүтээлийнхээ хувьд эдийн бус баялгийн дараахь эрх эдэлнэ: 
 11.1.1.бүтээлээ өөрийн болон зохиомол, нууц нэрээр, эсхүл нэргүйгээр нийтлэх; 
 11.1.2.зохиомол, нууц нэрийг түүний зөвшөөрөлгүйгээр өөрчлөх, задруулахыг хориглох; 
 11.1.3.бүтээлээ нийтлэх эсхүл бүтээлийг ашиглах тухай бүр нэрээ дурдуулах; 
 11.1.4.бүтээл болон түүний нэрийг зохиогчийн зөвшөөрөлгүйгээр аливаа арга хэлбэрээр хувиргах, гажуудуулах, өөрчлөхийг хориглох. 
 12 дугаар зүйл. Бүтээл ашиглах онцгой эрх 
 12.1.Зохиогч нь өөрийн бүтээлийг бүхий л арга, хэлбэрээр ашиглах онцгой эрх эдэлнэ. 
 12.2.Зохиогчийн бүтээл ашиглах онцгой эрхэд зохиогч дараахь үйл ажиллагааг зөвшөөрөх болон хориглох онцгой эрхийг хамааруулна: 
 12.2.1. бүтээлийг хуулбарлах; 
 12.2.2. бүтээлийг нийтлэх; 
 12.2.3. бүтээлийг нийтэд түгээх; 
 12.2.4. үүсмэл бүтээл болгон өөрчлөх; 
 12.2.5. түрээсээр ашиглуулах. 
 12.3.Энэ хуулийн 12.1 дэх хэсэгт заасан эрхийг зөвхөн зохиогчийн зөвшөөрлөөр, гэрээний үндсэн дээр бусад этгээдэд шилжүүлнэ. 
 13 дугаар зүйл. Зохиогчийн эрхийн хугацаа 
 13.1.Тодорхой бүтээлийн хувьд эдлэх зохиогчийн эрхийг хамгаалах хугацааг уг бүтээлийг туурвисан өдрөөс эхлэн тооцно. 
 13.2.Зохиогчийн бүтээл ашиглах онцгой эрх нь зохиогчийн насан туршид болон нас барснаас хойш 50 жилийн хугацаанд хүчин төгөлдөр байна. 
 13.3.Зохиогчийн эдийн бус баялгийн эрхийг хугацаа хязгаарлахгүй хамгаална. 
 13.4.Зохиогч бүтээлээ зохиомол, нууц нэрээр буюу нэргүйгээр нийтэлсэн тохиолдолд уг зохиогчийн бүтээл ашиглах онцгой эрх нь бүтээлийг анх нийтэлсний дараа жилийн 1 дүгээр сарын 1-нээс эхлэн 75 жилийн хугацаанд хүчин төгөлдөр байна. 
 13.5.Энэ хуулийн 13.4-т заасан бүтээлийн зохиогч нь тодорхой болсон тохиолдолд зохиогчийн эрхийн хугацааг энэ хуулийн 13.2-т зааснаар тооцно. 
 13.6.Хамтын бүтээлийн зохиогчийн эрх нь зохиогчдын насан туршид болон сүүлчийн зохиогч нас барсны дараа жилийн 1 дүгээр сарын 1-нээс эхлэн 50 жилийн хугацаанд хамгаалагдана. 
14 дүгээр зүйл. Зохиогчийн эрхийг өвлөх 
14.1.Зохиогчийн бүтээлээ ашиглах онцгой эрхийг Монгол Улсын Иргэний хуульд заасан журмын дагуу өв залгамжлана. 
 14.2.Хамтын бүтээл зохиогчдын бүтээлээ ашиглах онцгой эрхийн өв залгамжлал сүүлчийн зохиогч нас барсан өдрөөс эхлэн үүснэ. 

ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ Зарим бүтээлийн зохиогчийн эрхийн онцлог
15 дугаар зүйл. Үүсмэл бүтээлийн зохиогчийн эрх 
15.1.Үүсмэл бүтээлийн зохиогчийн эрх нь эх бүтээлийн зохиогчийн эрхийг хөндөхгүй бөгөөд энэ хуулийн 12.2.4-т заасан зөвшөөрөл авна. 
 15.2.Үүсмэл бүтээлийн зохиогчийн эрх нь эх бүтээлд тулгуурлан өөр зохиогч өөр үүсмэл бүтээл туурвихад саад болохгүй. 
16 дугаар зүйл. Түүвэр зохиол, бусад эмхтгэл бүтээлийн зохиогчийн эрх 
16.1.Эмхтгэгч нь эмхтгэлд орсон эх бүтээл бүрийн зохиогчийн эрхийг хөндөхгүй бөгөөд энэ хуулийн 12.2.4-т заасан зөвшөөрөл авна. 
 16.2.Эмхтгэлд орсон эх бүтээлийн зохиогч нь эмхтгэгчтэй хийсэн гэрээнд өөрөөр заагаагүй бол бүтээлээ тухайн эмхтгэлээс үл хамааран чөлөөтэй ашиглах эрхтэй. 
 17 дугаар зүйл. Албан үүргийн дагуу туурвисан бүтээлийн зохиогчийн эрх 
 17.1.Албан үүргийн дагуу бүтээл туурвисан зохиогч бүтээлийнхээ хувьд эдийн бус баялгийн эрх эдлэх эрхтэй. 
 17.2.Албан үүргийн дагуу туурвисан бүтээлийг ашиглах онцгой эрхийг гэрээнд өөрөөр заагаагүй бол ажил олгогч эдэлж болно. 
 18 дугаар зүйл. Захиалгаар бүтээл туурвих 
 18.1.Захиалгаар туурвих бүтээлийн зохиогч захиалагчтай хийсэн гэрээний нөхцөлийн дагуу бүтээл туурвиж захиалагчид хүлээлгэн өгөх, захиалагч нь гэрээнд заасан нөхцөлийн дагуу зохиогчид төлбөр төлөх үүрэгтэй. 
 18.2.Захиалгаар туурвисан бүтээлийг ашиглах онцгой эрхийг гэрээнд заасан этгээд эдэлнэ. 
ТАВДУГААР БҮЛЭГ Зохиогчийн эрхэд хамаарах эрхийн хамгаалалт
  19 дугаар зүйл. Зохиогчийн эрхэд хамаарах эрхийг эдлэх этгээд. 
 19.1.Зохиогчийн эрхэд хамаарах эрхийг энэ хуулийн дагуу дараахь этгээд эдэлнэ: 
 19.1.1.Монгол Улсын нутаг дэвсгэрт тоглолтоо хийсэн, нэвтрүүлсэн, тоглолтын анхны бичлэгээ хийсэн уран бүтээлч; 
 19.1.2. Монгол Улсын нутаг дэвсгэрт анх бичлэг хийсэн, нийтэлсэн фонограммын хувьд түүнийг бүтээгч; 
 19.1.3.Монгол Улсын нутаг дэвсгэрт байрладаг дамжуулагчаас дамжуулсан нэвтрүүлгийн хувьд тус улсын нутаг дэвсгэрт байрладаг радио, телевизийн төв байгууллага; 
 19.1.4.Монгол Улсын олон улсын гэрээнд нэгдэн орсон бусад улсын иргэн, хуулийн этгээд. 
 19.2.Зохиогчийн эрхэд хамаарах эрх эзэмшигч энэ бүлэгт заасан эрхийг эх бүтээлийн зохиогчийн эрхийг хөндөхгүйгээр эдэлнэ. 
 19.3.Зохиогчийн эрхэд хамаарах эрх үүсэх, түүнийг хэрэгжүүлэхэд баталгаажуулалт шаардахгүй. 
 20 дугаар зүйл. Уран бүтээлчийн эрх 
 20.1. Уран бүтээлч нь өөрийн тоглолт, уран бүтээлийн хувьд дараахь үйл ажиллагааг зөвшөөрөх болон хориглох онцгой эрхтэй: 
 20.1.1.тоглолт нь өмнө нэвтрүүлснээс бусад өөрийн бичлэгт ороогүй тоглолтыг нийтэд үзүүлэх нэвтрүүлэх, дамжуулах; 
 20.1.2.тоглолтонд бичлэг хийлгэх; 
 20.1.3.тоглолтын дуу, дүрс бичлэгийг хуулбарлах; 
 20.1.4.фонограммд буулгасан тоглолтын эх хувь болон хуулбарыг худалдах, эрх шилжүүлэх замаар нийтэд түгээх; 
 20.1.5.тоглолтын бичлэгийг түрээслүүлэх; 
 20.1.6.онцгой эрхээ бусдад гэрээгээр шилжүүлэх. 
 20.2.Уран бүтээлч нь тоглолтын хувьд тоглолтын гүйцэтгэгч гэж нэрлүүлэхийг шаардах, нэр хүндэд нь хохирол учруулахуйцаар өөрчлөх, гажуудуулахыг хориглох эдийн бус баялгийн эрх эдэлнэ. 
 20.3.Уран бүтээлчийн тоглолтын эрхийг хамгаалах хугацаа нь тоглолт болсон болон бичлэг хийгдсэн хугацаанаас хойш 50 жилийн хугацаанд хүчин төгөлдөр байна. 
  21 дүгээр зүйл. Фонограмм бүтээгчийн эрх 
 21.1.Фонограмм бүтээгч нь өөрийн фонограммтай холбогдсон дараахь үйл ажиллагааг зөвшөөрөх болон хориглох онцгой эрхтэй: 
 21.1.1.фонограммыг шууд буюу шууд бусаар хуулбарлах; 
 21.1.2.фонограммын эх хувь болон хуулбарыг худалдах эсхүл эрх шилжүүлэх замаар нийтлэх; 
 21.1.3. фонограммын эх хувь болон хуулбарыг түрээслүүлэх; 
 21.1.4. фонограммыг нийтэд түгээх; 
 21.1.5. онцгой эрхээ гэрээгээр бусдад шилжүүлэх. 
 21.2.Фонограмм бүтээгчийн эрхийн хамгаалалтын хугацаа нийтэлснээс хойш, нийтлээгүй бол бичлэг анх хийсэн хугацаанаас хойш 50 жил байна. 
 22 дугаар зүйл. Радио, телевизийн байгууллагын эрх 
 22.1.Радио, телевизийн байгууллага өөрийн нэвтрүүлэгтэй холбоотой дараахь үйл ажиллагааг хориглох болон зөвшөөрөх онцгой эрхтэй: 
 22.1.1. нэвтрүүлгийн бичлэг хийх; 
 22.1.2. нэвтрүүлгийн бичлэгийг хуулбарлах; 
 22.1.3.нэвтрүүлгийг утсан бус холбоо ашиглах замаар дахин дамжуулах; 
 22.1.4. нэвтрүүлгийг нэгэн зэрэг дамжуулах. 
 22.2. Радио, телевизийн байгууллагын нэвтрүүлгийн эрхийн хамгаалалтын хугацаа уг нэвтрүүлгийг анх нэвтрүүлсний дараа жилийн 1 дүгээр сарын 1-нээс эхлэн 50 жилийн хугацаанд хүчин төгөлдөр байна. 

ЗУРГАДУГААР БҮЛЭГ Зохиогчийн эрхийн бүтээлийг ашиглах
  23 дугаар зүйл. Бүтээл ашиглах онцгой эрхээ бусдад шилжүүлэх 
 23.1. Бүтээл ашиглах онцгой эрхийг гэрээний үндсэн дээр бүрэн буюу хэсэгчлэн бусад этгээдэд шилжүүлж болно. 
 23.2.Зохиогчийн эрхийг шилжүүлэх гэрээнд дараахь зүйлийг тусгаж болно: 
 23.2.1.бүтээлийг ашиглах арга, хэлбэр; 
 23.2.2.хугацаа, хамрагдах нутаг дэвсгэрийн хүрээ; 
 23.2.3.бүтээлийг ашигласны төлбөрийн хэмжээ, төлөх журам, хугацаа; 
 23.2.4.зохиогчийн эрх, үүрэг; 
 23.2.5.бүтээлийг ашиглах этгээдийн эрх, үүрэг; 
 23.2.6.гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн хариуцлага; 
 23.2.7. маргаан шийдвэрлэх журам. 
 23.3.Бүтээлийг ашигласны төлбөрийн хэмжээ нь тухайн бүтээлийн шинж чанар, онцлог, ач холбогдол, бүтээлийг ашиглах хэлбэр, хэмжээ, хугацаа зэргээс хамааран хоёр тал хэлэлцэн тогтоосон мөнгөн дүнгээр буюу бүтээлийг гэрээнд заасан аргаар ашигласнаас олох ашгаас авахаар тохиролцсон байж болно. 
 23.4.Зохиогчийн эрхийг шилжүүлэх гэрээнд зохиогч хойшид тухайн сэдвээр буюу тухайн салбарт бүтээл туурвихыг хязгаарласан заалт оруулахыг хориглоно. 
 23.5.Зохиогчийн бүтээл ашиглах онцгой эрхийг гэрээний дагуу шилжүүлэн авсан этгээд гэрээгээр хүлээсэн үүргээ хангалтгүй хэрэгжүүлсний улмаас зохиогчийн эрх зөрчигдсөн бол зохиогч уг эрхээ сэргээхийг шаардах эрхтэй. 
  24 дүгээр зүйл. Зохиогчийн эрхийн зөрчилд тооцохгүй байх онцгой нөхцөлүүд 
 24.1.Нийтлэгдсэн бүтээлийн зүй ёсны ашиглалттай зөрчилдөөгүй, эрх эзэмшигчийн хууль ёсны ашиг сонирхлыг хөндөлгүйгээр ашигласан дараахь тохиолдлыг зохиогчийн эрхийн зөрчилд тооцохгүй: 
 24.1.1.хэвлэлийн тойм бэлтгэх зорилгоор нийтлэгдсэн бүтээлээс ишлэл авах; 
 24.1.2. эрдэм шинжилгээ, судалгааны бүтээл, шүүмжид болон мэдээллийн зорилгоор ишлэл авч хэсэгчлэн ашиглах; 
 24.1.3. архив, музей, номын санд ашиглагдаж байгаа бүтээлээс хэсэгчлэн хуулбарлах; 
 24.1.4.эдийн засаг, улс төр, шашны холбогдолтой цаг үеийн асуудлаар сонин, сэтгүүлд хэвлэгдсэн нийтлэл, эфирт дамжуулсан бүтээлийг хуулбарлахыг тусгайлан хориглоогүй бол нийтэд мэдээлэх зорилгоор сонинд нийтлэх, эфирт дамжуулах, утсан болон утсан бус холбоогоор мэдээлэх; 
 24.1.5.хурал цуглаан дээр хэлсэн үг, илтгэлийг мэдээллийн зорилгоор нийтлэх; 
 24.1.6.болсон үйл явдлыг нийтэд мэдээлэхтэй холбогдуулан нийтийн эзэмшлийн гудамж, талбайд байршуулсан уран барилга, дүрслэх урлаг, гэрэл зургийн бүтээлүүдийг тухайн орчны байдлыг үзүүлэх зорилгоор нийтлэх; 
 24.1.7.хараа болон сонсголын согогтой хүмүүсийн хэрэгцээнд зориулан ашиглах; 
 24.1.8.амины хэрэгцээнд зориулан бүтээлийг хуулбарлах; 
 24.1.9.эрүүгийн байцаан шийтгэх, иргэн, захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилгоор хуулбарлах. 
 24.2.Энэ хуулийн 24.1-д заасныг тодорхойлохдоо дараахь нөхцөлийг харгалзан үзнэ: 
 24.2.1.ашиг олох зорилгогүй байх; 
 24.2.2.бүтээлээс ашиглах хэмжээ болон ашигласан хэсгийн ач холбогдолтой шинж чанар; 
 24.2.3.бүтээлийн үнэ цэнэ, ашигласан хэсгийн зах зээл дэх үр нөлөө. 
 24.3.Энэ хуулийн 24.1-д зааснаар бүтээлийг ашиглахдаа зохиогчийн нэр, эх сурвалжийг заавал дурьдана. 
 25 дугаар зүйл. Интернетэд зохиогчийн эрхийг хамгаалах 
 25.1.Интернетийн үйлчилгээ түгээгч нь өөрийн серверт байршуулсан вэб хуудсанд зохиогчийн эрхийн зөрчил гаргахгүй байх, зохиогч болон эрх эзэмшигчийг эрхээ хэрэгжүүлэх боломжоор хангах үүрэгтэй. 
 25.2.Интернетийн үйлчилгээ түгээгч нь зохиогч болон зохиогчийн эрхэд хамаарах эрх эзэмшигчийн эрх зөрчигдөж байгаа тухай мэдэээллийг хүлээн авах нөхцөлийг бүрдүүлэх, зөрчлийн тухай мэдэгдсэн даруй тухайн вэб хуудсыг хаах үүрэг хүлээнэ. 
 25.3.Энэ хуулийн 25.1, 25.2 дахь хэсэгт заасан үүргээ биелүүлээгүй интернетийн үйлчилгээ түгээгчид шүүгч, улсын байцаагч энэ хуульд заасан хариуцлага ногдуулна. 
 25.4.Вэб хуудсыг хаасантай холбоотой маргааныг шүүх шийдвэрлэнэ. 

ДОЛДУГААР БҮЛЭГ Зохиогчийн эрхийг хамгаалах байгууллага
 26 дугаар зүйл. Оюуны өмчийн газар 
 26.1.Зохиогчийн эрхийг хамгаалах төрийн бодлогыг хэрэгжүүлэх ажлыг Оюуны өмчийн газар эрхлэн дараахь чиг үүргийг гүйцэтгэнэ: 
 26.1.1.зохиогчийн эрхийн тухай хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг улсын хэмжээнд зохион байгуулах; 
 26.1.2.зохиогчийн эрхийн тухай хууль тогтоомжийг сурталчлах, боловсронгуй болгох, Монгол Улсын олон улсын гэрээ, конвенцид нийцүүлэх, нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулах; 
 26.1.3. зохиогч, зохиогчийн эрхэд хамаарах эрх эзэмшигчийн эрх ашгийг хамгаалах, тэдний бүтээн туурвих үйл ажиллагааг дэмжих, зохиогчийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэхэд чиглэсэн үйл ажиллагаа явуулах; 
 26.1.4.энэ хуулийн 27 дугаар зүйлд заасан хамтын удирдлагын байгууллагуудыг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах, хамтран ажиллах; 
 26.1.5.зохиогч болон зохиогчийн эрхэд хамаарах эрх эзэмшигчийн хүсэлтээр зохиогчийн эрх, түүнд хамаарах эрхийн бүтээлийг бүртгэх, гэрчилгээ олгох, бүртгүүлсэн бүтээлийн сан байгуулах; 
 26.1.6.оюуны өмчийн хууль тогтоомжийн биелэлтэд тавих улсын хяналтыг хэрэгжүүлэх, оюуны өмчийн улсын байцаагч ажиллуулах; 
 26.1.7.зохиогчийн эрхийн зөрчлийг арилгахад чиглэсэн үйл ажиллагаа явуулах, зохиогчийн эрхтэй холбоотой маргааныг шийдвэрлэхэд лавлагаа гаргаж өгөх; 
 26.1.8.зохиогчийн эрхэд хамаарах бүтээлийн үнэлгээ тогтоох, баталгаажуулах; 
 26.1.9.ардын урлагийн бүтээлийг хамгаалах чиглэлээр иргэд, байгууллагуудтай хамтран ажиллах. 
 26.2.Оюуны өмчийн газар үйл ажиллагааныхаа орлогоор санхүүжих бөгөөд үйл ажиллагааны хөлсний хэмжээг оюуны өмчийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн тогтооно. 
 26.3.Оюуны өмчийн улсын хяналтын дүрмийг Засгийн газар батална. 
 27 дугаар зүйл. Хамтын удирдлагын байгууллага 
 27.1.Зохиогч болон зохиогчийн эрхэд хамаарах эрх эзэмшигчид эрхээ хамгаалуулах зорилгоор, хамтын удирдлагын байгууллагыг байгуулан ажиллуулж болно. 
 27.2.Хамтын удирдлагын байгууллагыг зохиогч болон зохиогчийн эрхэд хамаарах эрх эзэмшигчдийн санаачлагаар байгуулна. 
 27.3.Хамтын удирдлагын байгууллагыг зохиогчийн эрхэд хамаарах бүтээлийн төрөл, ангиллаар дагнасан буюу хэд хэдэн төрлийг хамарсан үйл ажиллагаа явуулахаар байгуулж болно. 
 27.4.Хамтын удирдлагын байгууллага нь зохиогчийн эрхийг хамгаалах үйл ажиллагаа явуулахдаа Оюуны өмчийн газартай хамтран ажиллах гэрээ байгуулж ажиллана. 
 28 дугаар зүйл. Хамтын удирдлагын байгууллагын үйл ажиллагаа 
 28.1.Хамтын удирдлагын байгууллага нь зохиогч болон зохиогчийн эрхэд хамаарах эрх эзэмшигчдийг төлөөлж, тэдний нэрийн өмнөөс, тэднээс олгосон бүрэн эрхийн хүрээнд дараахь үйл ажиллагаа явуулна: 
 28.1.1.бүтээлийг нь ашиглуулах талаар гишүүн зохиогч болон эрх эзэмшигчтэй гэрээ байгуулах; 
 28.1.2.бүтээл ашиглах лиценз авсан этгээдтэй төлбөрийн хэмжээ, бусад нөхцөлийг тохиролцох, төлбөр авах; 
 28.1.3.авсан төлбөрөөс зохиогч болон зохиогчийн эрхэд хамаарах эрх эзэмшигчид хуваарилан олгох; 
 28.1.4.гишүүн зохиогчийн бүтээлийг хууль бусаар ашигласан тухай мэдээллийн дагуу Оюуны өмчийн газарт санал тавьж шийдвэрлүүлэх, хуульд заасан арга хэмжээ авахуулах. 
 29 дүгээр зүйл. Хамтын удирдлагын байгууллагын үүрэг 
 29.1.Хамтын удирдлагын байгууллага нь зохиогч болон зохиогчийн эрхэд хамаарах эрх эзэмшигчийн эрх ашигт нийцсэн үйл ажиллагаа явуулах талаар дараахь үүрэг хүлээнэ: 
 29.1.1.зохиогч болон зохиогчийн эрхэд хамаарах эрх эзэмшигчид бүтээл ашигласны шагналыг олгохдоо тухайн бүтээлийг ашигласантай холбогдолтой мэдээллийг танилцуулах; 
 29.1.2.лицензийн дагуу хураан авсан бүтээл ашигласны төлбөрийг зохиогч болон зохиогчийн эрхэд хамаарах эрх эзэмшигчид хуваарилан олгох; 
 29.1.3.бүтээл ашигласантай холбогдуулан хураан авсан төлбөрөөс үйл ажиллагааны зардлыг хасч зохиогч, эрх эзэмшигчдэд тогтмол хугацаанд бүтээлийн ашиглалтын хэмжээгээр хувь тэнцүүлэн хуваарилах. 

НАЙМДУГААР БҮЛЭГ Зохиогчийн эрхийг хамгаалах, зохиогчийн эрх зөрчигчдөд хүлээлгэх хариуцлага
  30 дугаар зүйл. Зохиогчийн эдийн бус баялгийн эрхийг хамгаалах 
 30.1.Бүтээлийн халдашгүй байдал болон зохиогчийн эдийн бус баялгийн бусад эрхийг зөрчсөн тохиолдолд зохиогч, зохиогч нас барсан бол түүний өв болон эрх залгамжлагч, хууль ёсоор буюу гэрээслэлээр өв залгамжлагч байхгүй, эдгээр өвлөгчид өв залгамжлахаас татгалзсан буюу тэдгээрийн өв залгамжлах эрх хасагдсан бол Оюуны өмчийн газар нь зөрчигдсөн эрхийг зохих журмын дагуу сэргээн тогтоохыг уг эрхийг зөрчсөн этгээдээс шаардах, шүүхэд гомдлоо гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй. 
 31 дүгээр зүйл. Зохиогчийн эрх ба түүнд зохиогчийн эрхэд хамаарах эрхийн тухай хууль тогтоомж зөрчигчдөд хүлээлгэх хариуцлага 
 31.1.Зохиогчийн эрхийн тухай хууль тогтоомжийг зөрчсөн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол шүүгч, улсын байцаагч иргэнийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёроос зургаа дахин, хуулийн этгээдийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг арваас хорин тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл гэм буруутай иргэн, албан тушаалтныг шүүгч 7-14 хоногоор баривчлах шийтгэл ногдуулж, улсын байцаагч, шүүгч нь зөрчилтэй бараа бүтээгдэхүүн, эд зүйлсийг хураан авч, хууль бусаар олсон орлогыг улсын орлого болгох буюу зохиогч болон зохиогчийн эрхэд хамаарах эрх эзэмшигчид олгож, тухайн үйл ажиллагааг зогсооно. 
 31.2.Эрх эзэмшигчийн таних тэмдгийг хуурамчаар үйлдэж хэрэглэсэн, уг таних тэмдгийн хамт бичигдсэн зүйлийг өөрчилсөн, устгасан, хууль бусаар өөрчилсөн, устгасныг мэдсэн болон мэдэх боломжтой байсан ч түүнийг нэвтрүүлсэн, тараасан, тараах зорилгоор хилээр нэвтрүүлсэн, нийтэд түгээсэн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол шүүгч зөрчил гаргасан иргэнийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёроос зургаа дахин, хуулийн этгээдийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг арваас хорин тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тус тус торгох шийтгэл ногдуулна. 
 31.3.Бүтээл ашиглах онцгой эрхийг зөрчсөнөөс учирсан эд хөрөнгийн хохирлыг нөхөн төлүүлэх асуудлыг Монгол Улсын Иргэний хуулийн дагуу шийдвэрлэнэ. 
 31.4.Хэрэв эрх нь зөрчигдсөн зохиогч болон зохиогчийн эрхэд хамаарах эрх эзэмшигч хүсэлт гаргавал, түүнд зөрчилтэй бүтээгдэхүүнийг хохирлынх нь төлбөрт тооцож шилжүүлэн өгч болох бөгөөд хүсэлт гаргаагүй бол зөрчилтэй бараа, бүтээгдэхүүнийг устгах арга хэмжээг шүүгч, улсын байцаагч авна. 
 31.5.Зохиогчийн эрх зөрчиж, зохиогчийн эрхийн бүтээл, зохиогчийн эрхэд хамаарах эрхийн бүтээлийг хуулбарлахад ашигласан техник хэрэгслийг шүүх, эрх бүхий байгууллагын шийдвэрээр хураан авч улсын орлого болгоно. 
 32 дугаар зүйл. Хууль хүчин төгөлдөр болох 
 32.1. Энэ хуулийг буцаан хэрэглэхгүй. 
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Ц.НЯМДОРЖ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
ЭРҮҮГИЙН ХУУЛЬ


2002 оны 1 дүгээр сарын 3-ны өдөр Улаанбаатар хот
86 дугаар зүйл.Үндэсний эв нэгдлийг бусниулах 
 86.1.Хүмүүсийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, шашны үзэл номлолоор дайсагнуулах, эвдрэлцүүлэх зорилгоор ухуулга, сурталчилгаа явуулсан, ялгаварлан гадуурхаж, эрхийг нь шууд буюу шууд бусаар хязгаарласан буюу давуу байдал тогтоосон бол таваас дээш арван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ. 
  87 дугаар зүйл.Төрийн нууц задруулах 
 87.1.Төрийн нууцад хамаарах мэдээ, баримт бичиг, эд зүйл, обьект, үйл ажиллагааг итгэмжлэгдэн хариуцсан буюу албан тушаал, ажил үүргийн хувьд мэдсэн этгээд задруулсан нь эх орноосоо урвах, тагнуул хийх гэмт хэргийн шинжгүй бол таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ. 
 87.2.Энэ хэргийн улмаас хүнд хор уршиг учирсан бол таваас дээш найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ. 

  88 дугаар зүйл.Төрийн нууц мэдээ, баримт бичиг, эд зүйлийг үрэгдүүлэх 
 88.1.Төрийн нууцад хамаарах мэдээ, баримт бичиг, эд зүйлийг итгэмжлэгдэн хариуцсан буюу албан тушаал, албан үүргийн хувьд мэдсэн этгээд тэдгээртэй харьцах талаар тогтоосон журам зөрчсөний улмаас үрэгдүүлсэн бол хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ. 
 110 дугаар зүйл. Доромжлох 
 110.1.Бусдын нэр төр, алдар хүндийг олон нийтийн өмнө доромжилсон бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хориос тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэгээс гурван сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ. 
 /Энэ хэсэгт 2008 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн хуулиар өөрчлөлт орсон/ 

  111 дүгээр зүйл. Гүтгэх 

 111.1.Хүний нэр төр, алдар хүндийг гутаах зорилгоор илт худал гүжирдлэг тараасан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хориос тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэгээс гурван сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ.  
111.2.Гүтгэлгийг олон нийтэд тараасан, эсхүл доромжлох, гүтгэх гэмт хэрэгт урьд ял шийтгүүлсэн этгээд үйлдсэн бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс нэг зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ. 
 /Энэ хэсэгт 2008 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн хуулиар өөрчлөлт орсон/ 
 111.3.Хүнд, онц хүнд гэмт хэрэгт холбогдуулан яллуулахаар гүтгэснээс хүнд хор уршиг учирсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэг зуун тавин нэгээс хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёроос таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ. 

134 дүгээр зүйл. Иргэнийг үзэл бодлоор нь мөрдөн мөшгих 
134.1.Иргэнийг улс төрийн нам, төрийн бус байгууллагад сайн дураараа эвлэлдэн нэгдсэний төлөө ялгаварлан гадуурхсан, мөрдөн мөшгөсөн, эрх, эрх чөлөөг нь бусад хэлбэрээр хязгаарласан бол тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг гурван жил хүртэл хугацаагаар хасах, хоёр зуун тавиас гурван зуун тавин цаг хүртэл хугацаагаар албадан ажил хийлгэх, гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ. 

 135 дугаар зүйл.Иргэний захидал, харилцааны нууцын халдашгүй байдлыг зөрчих 
 135.1.Иргэний захидал, харилцааны нууцын халдашгүй байдлыг зөрчсөн бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэгээс гурван сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ. 
 /Энэ хэсэгт 2008 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн хуулиар өөрчлөлт орсон/ 
 135.2.Энэ хэргийг албан тушаалын байдлаа урвуулж буюу эрх мэдлээ хэтрүүлж, эсхүл тусгай техник хэрэгсэл ашиглаж үйлдсэн бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс нэг зуу дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг гурван жил хүртэл хугацаагаар хасах, эсхүл гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ. 
 /Энэ хэсэгт 2008 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн хуулиар өөрчлөлт орсон/ 

136 дугаар зүйл. Хувь хүний нууцыг задруулах 
 136.1.Хуулиар хамгаалагдсан хувь хүний нууцыг мэдсэн этгээд задруулсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хориос тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэгээс гурван сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ. 
 136.2.Хувь хүний нууцыг олон нийтэд тараасны улмаас бусдад хүнд хор уршиг учирсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ. 
 /Дээрх 136 дугаар зүйлийг 2008 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/ 
139 дүгээр зүйл. Сэтгүүлчийн хуульд нийцсэн үйл ажиллагаанд саад хийх 

 139.1.Өөрийн болон бусдын ашиг сонирхлыг хөндсөн аливаа мэдээллийг олон нийтэд тараах, эсхүл тараалгахгүй байхын тулд сэтгүүлчийн хуульд нийцсэн мэргэжлийн үйл ажиллагаанд саад хийсэн бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэгээс гурван сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ. 
 /Энэ хэсэгт 2008 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн хуулиар нэмэлт, өөрчлөлт орсон/ 
 139.2.Энэ хэргийг албан тушаалын байдлаа ашиглаж үйлдсэн бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс нэг зуу дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ. 
140 дүгээр зүйл. Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийг зөрчих 
 140.1.Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн бүтээлийг зөвшөөрөлгүй хуулбарлан нийтлүүлсэн, түгээсэн, борлуулсан, тэдгээрийн улмаас их хэмжээний орлого олсон бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ. 
 /Дээрх 140 дүгээр зүйлийг 2008 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/ 

  141 дүгээр зүйл. Шинэ бүтээл, бүтээгдэхүүний загварын патент, ашигтай загварын гэрчилгээ эзэмшигчийн эрхийг зөрчих 
 141.1.Шинэ бүтээл, бүтээгдэхүүний загварын патент, ашигтай загварын гэрчилгээ эзэмшигчийн эрхийг зөрчсөн эрхийн хамгаалалт хийгдсэн шинэ бүтээл, бүтээгдэхүүний загвар, ашигтай загварыг ашиг олох зорилгоор зөвшөөрөлгүй ашигласан, үүний улмаас их хэмжээний орлого олсон бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ. 
 /Дээрх 141 дүгээр зүйлийг 2008 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/ 
143 дугаар зүйл. Шүтэж байгаа шашнаар нь хүнийг ялгаварлан гадуурхах, мөрдөн мөшгих 
 143.1.Хүнийг шүтэж байгаа шашнаар нь ялгаварлан гадуурхах, мөрдөн мөшгих, хүч хэрэглэж буюу хүч хэрэглэхээр заналхийлж, бусад хэлбэрээр эрх, эрх чөлөөг нь хязгаарласан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэгээс гурван сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ. 
 /Энэ хэсэгт 2008 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн хуулиар өөрчлөлт орсон/ 
  144 дүгээр зүйл.Шашны харгис үзэл номлол сурталчлах, тараах 
 144.1.Шашны харгис үзэл номлолыг санаатай сурталчилсан буюу тараасан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэгээс гурван сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ. 
 144.2.Энэ хэргийг давтан үйлдсэн бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс нэг зуу дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ. 
 144.3.Насанд хүрээгүй хүнийг шашны харгис үзэл номлолд татан оруулсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэг зуун нэгээс хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл дөрвөн жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ. 
 /Энэ хэсэгт 2008 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн хуулиар өөрчлөлт орсон/ 

227 дугаар зүйл. Компьютерийн мэдээллийг хууль бусаар олж авах 
 227.1.Компьютер, мэдээллийн сүлжээнд хадгалагдаж байгаа болон дамжуулж байгаа мэдээллийг зөвшөөрөлгүйгээр хуулбарласан, бусад аргаар олж авсны улмаас бусдад бага бус хэмжээний хохирол учирсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс нэг зуу дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ. 
 /Энэ хэсэгт 2008 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн хуулиар өөрчлөлт орсон/ 
 227.2.Энэ хэргийг шунахайн сэдэлтээр, түүнчлэн урьдчилан үгсэж тохиролцсон бүлэг үйлдсэн, эсхүл уг хэргийн улмаас их буюу онц их хэмжээний хохирол учирсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэг зуугаас хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёроос дээш таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ. 

 228 дугаар зүйл. Компьютерийн мэдээллийн сүлжээнд хууль бусаар нэвтрэх тусгай хэрэгсэл бэлтгэх, борлуулах 
 228.1.Компьютер, мэдээллийн хамгаалалттай сүлжээнд хууль бусаар нэвтрэх тусгай программ болон техник хэрэгслийг бэлтгэсэн буюу борлуулсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс нэг зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ. 

268 дугаар зүйл. Хээл хахууль авах 
 268.1.Албан тушаалтан хээл хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албан үүргийн хувьд гүйцэтгэх үүргээ хэрэгжүүлэхгүй байх, эсхүл гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийхээр урьдчилан амлах буюу амлахгүйгээр өөрөө, эсхүл бусдаар дамжуулан хээл хахууль авсан бол тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг гурван жил хүртэл хугацаагаар хасч хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ. 
 268.2.Энэ хэргийг хясан боогдуулах замаар, эсхүл давтан буюу урьд хээл хахуулийн хэрэгт шийтгүүлсэн этгээд , түүнчлэн зохион байгуулалттай бүлэг, гэмт бүлэглэл үйлдсэн, эсхүл их буюу онц их хэмжээний хээл хахууль авсан бол эд хөрөнгийг хурааж, таваас дээш арван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ. 
 /Энэ хэсэгт 2008 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн хуулиар нэмэлт орсон/ 

269 дүгээр зүйл. Хээл хахууль өгөх 
 269.1.Албан тушаалтанд өөрөө буюу бусдаар дамжуулж хээл хахууль өгсөн бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ. 
 269.2.Энэ хэргийг давтан, эсхүл хээл хахуулийн хэрэгт урьд ял шийтгүүлсэн этгээд, түүнчлэн зохион байгуулалттай бүлэг, гэмт бүлэглэл үйлдсэн бол таваас дээш найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ. 
 Тайлбар: /Энэ тайлбарыг 2008 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/. 

  270 дугаар зүйл. Хээл хахууль зуучлах 
 270.1.Хээл хахууль өгч авахад зуучилсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэгээс гурван сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ. 
 270.2.Энэ хэргийг давтан, эсхүл хээл хахуулийн хэрэгт урьд ял шийтгүүлсэн этгээд, түүнчлэн албан тушаалынхаа байдлыг ашиглаж үйлдсэн бол тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг гурван жил хүртэл хугацаагаар хасах буюу хасахгүйгээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ. 
 Тайлбар: Хээл хахууль зуучилсан этгээд энэ тухайгаа эрх бүхий байгууллагад сайн дураараа мэдэгдсэн бол эрүүгийн хариуцлагаас чөлөөлнө. 

  298 дугаар зүйл. Дайныг сурталчлах, уриалах 

 298.1.Олон нийтийн дунд дайн явуулахыг сурталчилсан, дайнд уриалсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэгээс гурван сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ. 
 298.2.Энэ хэргийг олон нийтийн мэдээллийн хэрэгсэл ашиглах замаар буюу төрийн албан хаагч үйлдсэн бол хоёроос таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ. 

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА С.ТӨМӨР-ОЧИР
/Энэ зvйлд 1993 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон ба уг зvйлийг 1996 оны 4 дvгээр сарын 1-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/.
/Энэ хуулинд 2004 оны 05 дугаар сарын 14-ний,
2007 оны 12 дугаар сарын 26-ны, 2008 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн хуулиар оруулсан нэмэлт, өөрчлөлт тусгагдсан./


МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
АЖ АХУЙН НЭГЖИЙН ОРЛОГЫН АЛБАН ТАТВАРЫН ТУХАЙ


/шинэчилсэн найруулга/ 2006 оны 06 сарын 29 өдөр

8 дугаар зүйл. Үйл ажиллагааны орлого 
 8.1.Албан татвар төлөгчийн үйл ажиллагааны дараахь орлогод албан татвар ногдоно: 
 8.1.5.эротик хэвлэл, ном зохиол, дүрс бичлэг худалдсан буюу төлбөртэй ашиглуулсан, эсхүл эротик тоглолт явуулсан үйлчилгээний орлого; 
9 дүгээр зүйл. Хөрөнгийн орлого 

 9.1.Албан татвар төлөгчийн хөрөнгийн дараахь орлогод албан татвар ногдоно: 
 9.2.1.Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай4 хуульд заасны дагуу зохиогчийн эрхэд хамаарах бүтээлийг ашигласны төлбөр; 

ТАВДУГААР БҮЛЭГ Албан татварын хувь, хэмжээ
  17 дугаар зүйл. Албан татварын хувь, хэмжээ 
 17.2.4.эротик хэвлэл, ном зохиол, дүрс бичлэг худалдсан буюу төлбөртэй ашиглуулсан, түүнчлэн эротик тоглолт явуулсан үйлчилгээний орлогод 40 хувиар; 


МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
ТӨРИЙН НУУЦЫН ЖАГСААЛТ БАТЛАХ ТУХАЙ


2004 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Улаанбаатар хот


1 дүгээр зүйл. Дор дурдсан мэдээ, баримт бичиг, эд зүйл, объект, үйл ажиллагааг Монгол Улсын төрийн нууцад хамааруулна:


МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
ТӨРИЙН НУУЦЫН ТУХАЙ

1995 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр
  5 дугаар зүйл. Төрийн нууцад хамааруулах зүйлийн хүрээ 
1. Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын хүрээнд: 
 1/ Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, эдийн засгийн аюулгүй байдлыг хангахтай холбогдсон мэдээ, баримт бичиг, бусад зүйлийн нууцалбал зохих хэсэг; 
 2/ Монгол Улсын гадаад бодлого, байр суурьтай холбоотой онц чухал мэдээлэл, түүнчлэн Монгол Улсаас гадаад орнуудтай байгуулсан нууцалбал зохих гэрээ, хэлэлцээр, тэдгээрийн төсөл. 
 2. Батлан хамгаалах хүрээнд: 
 1/ батлан хамгаалах бодлого, үзэл баримтлал, цэргийн номлол, тэдгээртэй холбогдох баримт бичгийн нууцалбал зохих хэсэг; 
 2/ стратеги, оперативын төлөвлөгөө, түүний биелэлтийн мэдээ, цэргийн стратеги, оператив, дайчилгааны дэлгэн байгуулалт, операци, байлдааныг бэлтгэх, хэрэгжүүлэх байлдааны удирдлагын баримт бичиг, зэвсэгт тэмцэл явуулах арга, байлдааны болон дайчилгааны бэлэн байдал, дайчилгааны нөөц, түүний ашиглалтын тухай мэдээлэл; 
 3/ цэргийн зэвсэг техникийг шинээр бий болгох, худалдан авах, боловсронгуй болгоход чиглэсэн эрдэм шинжилгээ, туршилт, зохион бүтээх ажил, энэ зорилгоор хэрэгжүүлж байгаа хөтөлбөр, тэдгээрийн биелэлт, үр дүн; 
 4/ нууц зэвсэг, түүнчлэн техник хэрэгслийн нэр, төрөл, техникийн өгөгдэхүүн, байлдаанд ашиглах боломж; 

24 дүгээр зүйл. Хууль зөрчигчдөд хүлээлгэх хариуцлага 
 Энэ хуулийн дор дурдсан зүйл, заалтыг зөрчсөн этгээдэд шүүгч дараахь захиргааны шийтгэл ногдуулна: 
 1/ 6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн заалтыг зөрчсөн бол 25000-50000 төгрөгөөр торгох;  /Энэ заалтад 2004 оны 1 дүгээр сарын 2-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/ 
 2/ 9 дүгээр зүйл, 10 дугаар зүйлийн 2, З, 11 дүгээр зүйлийн З, 4 дэх хэсгийн заалтыг зөрчсөн бол 10000-50000 төгрөгөөр торгох;  /Энэ заалтад 2004 оны 1 дүгээр сарын 2-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/ 
 З/ 10 дугаар зүйлийн 1, 16 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 17 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1, 2 дахь заалтыг зөрчсөн бол 15000-35000 төгрөгөөр торгох.  /Энэ заалтад 2004 оны 1 дүгээр сарын 2-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/ 
 4/ төрийн нууцыг хувийн зорилгоор ашигласан бол 20000-50000 төгрөгөөр торгох. 
 5/ улсыг батлан хамгаалахад онцгой ач холбогдол бүхий обьектын байрлал, зориулалт, бэлэн байдлын зэрэглэл, хамгаалалт, тэдгээр объектын зураг төсөл, дагалдах баримт бичиг, зардлын төсөв, обьект барьж байгуулахаар олгосон газар нутаг, холбогдох бусад мэдээлэл; 
 6/ зэвсэгт хүчин, бусад цэргийн анги, салбарын зориулалт, зэвсэг, техникийн хангалт. нууцалсан болон тусгай томилгоот байрлал, жинхэнэ нэр, зэвсэглэл, бие бүрэлдэхүүний тоо; 
 7/ Монгол Улсын яам, тусгай газар, аймаг, нийслэлийн дайчилгааны даалгавар, жилийн тооцоот хэрэгцээний захиалга, төлөвлөгөө; 
 8/ Энэ заалтыг 2003 оны 6 дугаар сарын 20-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон 
 9/ улсын хилийн хамгаалалт, шалган нэвтрүүлэх албаны зохион байгуулалт, арга ажиллагаа, тэдгээрт холбогдох мэдээлэл; 
 10/ иргэний хамгаалалтын нийтийн дайчилгааны арга хэмжээг хэрэгжүүлэх болон онцгой нөхцөл байдлын үед хүн амын аюулгүй байдлыг хангах төлөвлөгөө, хангалтын объектуудын байрлал, зориулалт, энэ үед дэд бүтцийг ашиглахтай холбогдсон мэдээлэл, биет зүйл.  /Энэ заалтыг 2004 оны 1 дүгээр сарын 2-ны өдрийн хуулиар нэмсэн/ 
 З. Эдийн засаг, шинжлэх ухаан, техник-технологийн хүрээнд: 
 1/ Үндэсний аюулгүй байдал, эдийн засаг, батлан хамгаалахад онцгой ач холбогдол бүхий эрдэм шинжилгээ, судалгааны бүтээл, туршилт, нээлт, зураг төсөл, үндэсний болон дэвшилтэт технологи;  /Энэ заалтад 2001 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/ 
 2/ цэргийн зориулалттай бүтээгдэхүүн үйлдвэрлэх болон дайчилгааны хүчин чадал, улсын материаллаг нөөцийн бодит хэмжээ, байрлал; 
 3/ батлан хамгаалах болон эдийн засгийн аюулгүй байдлыг хангахад ач холбогдол бүхий стратегийн түүхий эд, материалын нөөц, олборлолт, нийлүүлэлтийн хэмжээ; 
 4/ төрийн нууцыг хамгаалах арга хэрэгсэл, энэ талаар авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, тэдгээрийн тухай мэдээлэл. 
 4. Тагнуул, сөрөх тагнуул, гүйцэтгэх ажлын хүрээнд: 
 1/ тагнуул, сөрөх тагнуулын үйл ажиллагаа, гүйцэтгэх ажлын арга хэлбэр, хүч хэрэгсэл, мэдээллийн эх сурвалж, орон тоо, зохион байгуулалт, баримт бичиг, архив, мэдээллийн сан, санхүүжилтийн тухай мэдээлэл; 
 2/ төрийн холбооны нууцлал бүхий систем, түүнд холбогдох баримт бичиг, төрийн шифр, түүнийг ашиглах арга, ажиллагаа. 
 3/ цагдаа, тагнуул, хорих байгууллагын галт зэвсэг, тусгай хэрэгслийн хангалт, нөөц, нийтийн эмх замбараагүй байдлын үед тагнуул, цагдаагийн байгууллага, дотоодын цэргийн ажиллах төлөвлөгөө, улсын онц чухал объектын хамгаалалтын хүч хэрэгслийн тухай мэдээлэл, дайны болон дайн бүхий байдлын үед хорих байгууллагын ажиллах төлөвлөгөө, түүнд холбогдох бусад баримт бичиг; 
 4/ Монгол Улсын үндэсний аюулгүй байдлыг хангах зорилгоор төрийн эрх бүхий байгууллагаас хэрэгжүүлж буй үйл ажиллагаа; 
 5/ терроризмтой тэмцэх ажиллагаатай холбогдсон мэдээ, баримт, материалын нууцалбал зохих хэсэг.  /Энэ заалтыг 2004 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн хуулиар нэмсэн/ 
 5. Цаазаар авах ялыг гүйцэтгэх журам, энэ зүйлийн 2 дахь хэсгийн "4, 5", З дахь хэсгийн "2, 3", 4 дэх хэсгийн "1"-тэй холбоотойгоор төрийн нууцад хамааруулах шаардлагатай объектууд.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Нэр:
Сэтгэгдэл:
СЭТГЭГДЭЛ (0)

Сэтгэгдэл байхгүй байна

  • Ц . Очирхуяг   (112.72.11.103)
    2017-09-03 18:21
    Надад үндсэн 4 үүрэг хэрэгтэй байна
  • сурагч  (112.72.12.5)
    2016-04-13 12:56
    нэгдсэн багц мэдээлэл хэрэгтэй бн
  • зочин  (27.123.214.81)
    2016-02-27 18:37
    Надад үндсэн 4 үүрэг хэрэгтэй байна
  • огий   (203.91.112.94)
    2015-11-25 10:03
    13 бүлэг хэрэгтэй байна
  • Зочин  (202.179.11.66)
    2015-04-06 13:37
    сайн байна уу надад үндсэн хуулийн тухай илтгэлийн сэдэв хэрэгтэй байна
  • сайнаа  (183.177.99.172)
    2015-01-12 16:51
    сайн байнуу надад үндсэн хуулийн сэдэвтэй аха тэмцээний асуултууд хэрэгтэй байна
  • Цээгий  (203.91.118.178)
    2015-01-06 12:23
    Сайн байна уу Надад 1924 он ба 1992 оны үндсэн хуулийн харьцуулалт хэрэгтэй байна оруулж өгч туслаач
  •   (182.160.56.248)
    2013-05-22 21:38
    хэрэгтэй зүйл байна аа
  •   (182.160.56.248)
    2013-05-22 21:37
    хөөээ
  • хонгор зул   (202.21.105.1)
    2013-03-04 11:08
    тхсирбөамёөч