Бид хөгжил дэвшлээс хоцорвол технологийн хаягдал дээр ганцаараа үлдэнэ

Дэлхийн улс орнууд хөгжлөөрөө өрсөлдөж, бие биенээсээ давж гарахын тулд эдийн засаг, бүтээн байгуулалт, техник технологи, урлаг соёл гээд бүхий л салбартаа анхаарлаа хандуулж байна. Монгол улс ч бусдаас хоцрох ёсгүй. Ялангуяа өдөр, цаг, минутаар шинэ шинэ техник технологи нэвтэрч байгаа энэ цаг үед техник технологиор хоцорно гэдэг харанхуй ангал руу ганцаараа унаж байгаагаас ялгаагүй. Тиймээс ч Монгол улсын Засгийн газрын бодлогод мэдээллийн технологи, харилцаа холбооны салбар голлох байр суурийг эзэлдэг.

2015 он гэхэд дэлхий даяар радио телевизийн аналоги системээс тоон системд бүрэн шилжихээр болж байна. Хөгжилтэй улс орнууд шилжилтийг хэдийнэ хийгээд эхэлчихсэн. Аналоги системээс тоон системд шилжинэ гэдэг технологийн нэг хувьсгал хийж байна гэсэн үг. Мэдээллийн технологийн эрин үед амьдарч байгаа бид технологийн энэ дэвшлээс хоцорвол олны хэлдгээр технологийн хаягдал дээр ганцаараа үлдэнэ. Тиймээс ч Засгийн газар, салбарын бодлого тодорхойлогч байгууллагуудаас Монгол улс радио телевизийн тоон системд шилжих талаар хөтөлбөр боловсруулж, түүнийгээ олон нийтэд танилцуулахад бэлэн болж байна.

Технологийн хувьсгал хийгдэж байгаа энэ үед зөвхөн төр засгийн хэмжээнд бус телевиз радиогийн ажилтнуудаас эхлээд нийт иргэд бүгдээрээ тоон системийн талаар тодорхой мэдээлэлтэй байх шаардлагатай юм. Тэр ч үүднээс “Хөгжлийн төлөө сэтгүүл зүй” Харилцаа холбооны зохицуулах хороотой хамтран тоон системд шилжих явцын бэлтгэл болгож “Тоон телевизийн туршлага-хөгжлийн хандлага” хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Монгол улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа 100 орчим телевиз, 20 гаруй FM, радиогийн удирдлага, инженер техникийн 160 гаруй ажилтан уг хэлэлцүүлэгт оролцож, телевиз, радиогийн хөгжлийн цаашдын чиг хандлага, шинэ техник технологийн талаар гадны орнуудын мэргэжилтнүүдийн илтгэлийг сонсож, сонирхсон асуултдаа хариулт авсан юм.

Уг хэлэлцүүлэгт БНСУ-ын мэргэжилтнүүд илтгэл тавьж, өөрийн улс оронд өрнөж байгаа тоон системд шилжих шилжилтийн үйл явц, алдаа дутагдлын талаар Монголын мэргэжилтнүүдтэй туршлагаа хуваалцсан. 1997 оноос тоон системд шилжих эхлэлээ тавьсан Солонгос улс ямар саад бэрхшээлээс болж өдий болтол бүрэн шилжиж чадаагүй байгаа болон тоон системд шилжсэнээр хүрэх үр дүн, тэр дундаа хэрэглэгч, ард иргэдэд нээгдэх олон шинэ боломжууд, телевизийн шинэ техник, түүнийг хэрхэн ашиглах талаар гээд олон шинэ мэдээллийг хүргэсэн юм. Монголын инженер техникийн ажилтнууд ч тун анхааралтай сонсч, хэлэлцүүлэгт идэвхтэй оролцлоо. Ялангуяа уг хэлэлцүүлгийг зорьж ирсэн хөдөө орон нутгийн телевизийн удирдлага, инженер техникийн ажилтнууд Солонгосын мэргэжилтнүүдийг илтгэлийн хамгийн идэвхтэй сонсогчид байсан.

Засгийн газраас тоон системд шилжих тухай хөтөлбөр батлагдахтай холбогдон “Хөгжлийн төлөө сэтгүүл зүй”-гээс энэ талаар холбогдох албаны хүмүүстэй хамтран шаардлагатай сургалт, семинар, хэлэлцүүлгүүдийг үргэлжлүүлэн зохиох болно.

“Тоон телевизийн туршлага-хөгжлийн хандлага” хэлэлцүүлэг дээр тавигдсан илтгэлүүдийг хүргэж байна.


Тоон телевиз радиогийн үндэсний хөтөлбөрийн тухай товч танилцуулга

Харилцаа холбооны зохицуулах хорооны
Радио давтамж зохицуулалт, хяналтын албаны дарга М.Мэнд-Очир


Өнөөдөр манай улсад мэдээлэл, харилцаа холбооны салбарын үндсэн гурван “гал тогооны” нэг болох радио телевизийн өргөн нэвтрүүлэг аналоги системээр цацагддаг. Тоон системд шилжсэнээр нэгдүгээрт дүрс болон дууг маш өндөр чанартайгаар хүлээж авах боломж бүрдэнэ. Мөн интерактив үйлчилгээг хүлээж авах давуу талтай. 7-8 жилийн өмнө  телевизийн ихэнх компаниуд  аналоги системийг ярьдаг байлаа. Хүлээн авагч, тоон системд хувиргах хадгалах, хэрэглэгчдэд хүргэх, улмаар дамжуулах зэрэг олон шат дамжлагатай хүндрэлтэй асуудлууд гардаг байсан. Харин өнөөдөр ирээдүйгээ харж, интерактив үйлчилгээг телевизэд нэвтрүүлье гэж уриалах цаг болжээ.

Бид тоон системд шилжих үндэсний хөтөлбөрийг боловсруулж, Засгийн газарт өргөн бариад байгаа. Удахгүй энэ хөтөлбөр батлагдахаар радио телевизийн төлөөлөгчид та бүхэнтэй дахин уулзаж, тоон системд шилжих талаар санал бодлыг тань сонсож, нягт хамтран ажиллах болно. Энэ бол ганц нэг телевиз, эсвэл Харилцаа холбооны зохицуулах хорооны шийдэх ажил биш. Бид бүгдээрээ ярилцаж, тохиролцож байж шийдвэрлэх асуудал юм.

БНСУ-ын Засгийн газрын тоон системийн шилжилтийн талаарх бодлого, хэрэгжүүлэх үйл явц, түүний тайлбар

“Хүрээ” дээд сургуулийн багш, профессор Шим Жэ Хуа:

Солонгос улс 1997 онд тоон системд шилжих ажлыг эхлүүлсэн. 11 жилийн дараа буюу 2008 онд тоон системд шилжих тусгай хуулийг гаргажээ. Үүнээс хойш 2-3 жилийн дараа аналоги системийн бүх телевизүүдийн үйл ажиллагааг зогсоож, цэвэр тоон системд шилжинэ гэсэн төлөвлөгөөтэй байгаа. Солонгосын тоон системд шилжих ажлын гол зохион байгуулагч нь тус улсын Мэдээлэл, харилцаа холбооны яам юм. Тус яам нь 1997 оны хоёрдугаар сард телевизийг тоон системд шилжүүлэх үндсэн зорилт тавьж, олон нийтэд албан ёсоор анх мэдэгдсэн байна. Үүнээс нэг сарын дараа буюу гуравдугаар сард телевизийн тоон системийг хэрэгжүүлэгч хороо байгуулсан. Энэхүү хороог байгуулснаараа тоон системийн АНУ-ын стандартыг нэвтрүүлнэ гэсэн шийдвэрийг гаргасан. Монгол улс энэ чиглэлд Европ стандартыг хэрэгжүүлэх бодолтой байгаа тухай би урьд нь сонсож байсан юм байна. Солонгос улсын хувьд олон удаа маргасны эцэст Америк стандартыг хэрэгжүүлэхээр болсон юм. Ингээд 2007 онд Мэдээлэл, харилцаа холбооны яам, Тоон системийг хэрэгжүүлэгч хороотой хамтран зөвшилцөөд Америк стандарт буюу ATSC-г сонгохоор албан ёсны шийдвэр гаргасан. Энэ найман сарын хугацаанд Европ, Америк стандартын алийг нь сонгох талаар маш их маргаан өрнөсөн. Мөн холбогдох албаны хүмүүсийн лобби гээд цаагуураа олон асуудлууд гарч байлаа. Үүний дараагаар 1998 оны хоёрдугаар сард телевизийн тоон системийн анхны нэвтрүүлгийн газрыг байгуулсан. Тухайн жил Солонгос улсын Засгийн газар телевизийг тоон ситемд шилжүүлэх ажлыг хамгийн чухал нь хэмээн “Засгийн газрын 100 дахь чухал ажил” хэмээн тодорхойлж байв. Үүнээс үзэхэд телевиз аналоги системээс тоон системд шилжих ажил ямар чухал зүйл  гэдэг нь ойлгомжтой. Үүнээс зургаан сарын дараа буюу наймдугаар сард Хэрэгжүүлэгч хороо тоон системийг шилжүүлэх тайлан, судалгаа, хөтөлбөр боловсруулж, тусгай хууль гаргахад бэлтгэж байжээ. Ингээд 1998 оны есдүгээр сар гэхэд тоон системд шилжих нарийвчилсан төлөвлөгөө бүрэн гарсан байв. Мөн Мэдээлэл, харилцаа холбооны яамнаас тоон системд шилжих төлөвлөгөөг боловсруулсан.


IPTV-ийн талаарх БНСУ-ын Засгийн газраас
хэрэгжүүлж буй бодлого, үйл явц


“Юн Ин” их сургуулийн багш, профессор Ким Жүн Пён:

-Тоон системд шилжих тухай ярихаас өмнө “медиа” гэж юу вэ?, медиа программ гэж ямар зүйл болох талаар тайлбарлая. “Медиа”-гийн гол үйл явц  болон үүнийг цаашид хэрхэн хөгжүүлэх, “медиа”-г амжилттай хэрэгжүүлэхийн тулд Солонгосын Засгийн газраас анх ямар арга хэмжээ, ямар бодлогыг хэрэгжүүлсэн талаар ярьж өгч, дараагаар нь Монгол улсын хувьд ямар арга хэмжээ, бодлого хэрэгжүүлбэл зохистой талаар өөрийн санал бодлыг хуваалцах болно.

1. “Медиа”-гийн гол ухагдахуун, түүний  ишлэл дараалал, IP телевиз болон  түүний бодлого, дүрэм журамын  тухай.

“Медиа”-гийн хамгийн чухал зүйл нь мэдээлэл. Мэдээллийг харилцан өгч, авах юм. Энэ байдал нь хүнийг бусад амьтнаас ялгаж өгдөг. Мэдээллийн хэрэгсэл буюу “медиа” нь хүнд мэдээллийг дамжуулж, үүгээрээ хүмүүсийн санал бодлыг солилцдог. Медиа хамгийн анх хэвлэлээр мэдээ мэдээлэл дамжуулалтаар эхэлж, дараа нь аналоги телевиз, радиогоор үргэлжилсэн бол одоо интернэтээр хүрч байна. Энэхүү дамжуулалтын өөрчлөлт нь техник, технологийн өөрчлөлттэй хамтдаа явж ирсэн. Мянган жилийн өмнөөс үүсcэн хэвлэл мэдээллийн хэрэгсэл өнөөг хүртэл бага ч болов үр дүнтэй хөгжсөөр ирсэн. Гэтэл үүнээс бага хугацаа буюу 100 жилийн өмнө үүссэн телевиз, радио энэхүү хэвлэл мэдээллийн дамжуулагчийг даван гарч, их хүчирхэг болсон. Арван жилийн өмнөөс үүсэн хөгжсөн интернэт, онлайн, тоон систем нь богино хугацаанд дээрх мэдээллийн хэрэгслүүдээс асар хурдтайгаар хөгжиж байна. Харин эдгээр гурав нь нэгдсэнээр улам хүчтэй мэдээллийн хэрэгсэл болох юм. Тэгвэл мэдээллийн хэрэгслийн хүч нь юу вэ? Мэдээллийн хэрэгсэл нь харилцан үйлчлэлцэл буюу мэдээллийг харилцан өгч, авдаг. Энэ нь өөрөө мөнгө гэсэн үг. Тиймээс мэдээллийн хэрэгслийг эцсийн дүндээ мөнгө болон эрх мэдэл гэж үзэж болно. Улам их мөнгө олж, илүү их хөгжихийн тулд медиа техник, технологитой хамтаар хөгжиж байна.

Солонгос улсын зах зээлийн тоон үзүүлэлт/хэмжээ/

Солонгосын санхүүгийн хүндрэлтэй жилүүдэд телевизийн  зар сурталчилгааны ашиг, орлого бага зэрэг буурсан ч нэг их өөрчлөгдөөгүй. Радиогийн хувьд  телевизийн орлогын хэмжээтэй харьцуулбал 1/10 хувьтай тэнцэнэ. Харин сонин, хэвлэлийн хувьд жил ирэх тусам орлогын хэмжээ буурсаар байгаа юм. Тэгвэл сүүлийн үед хөгжсөн кабелийн телевизийн орлогын хэмжээ жил ирэх тусам нэмэгдсээр байна. Гэтэл интернэт зах зээлийн ашиг орлого энэ хугацаанд арав дахин илүү нэмэгджээ.

IPTV. Телевиз бол энгийн, зөвхөн мэдээллийг дамжуулдаг. Интернэт бол хүмүүс мэдээллийг харилцан солилцдог. Энэ хоёрыг нэгтгэсэн зүйл бол IPTV юм. Энэхүү IPTV-ийн тусламжтайгаар  хүмүүс мэдээлэл солилцож чадна.

 HARD WAY буюу Set top box зэрэг урьд нь байсан бүх системтэй телевизүүдийг нэгтгэж энэ IPTV бүрдэнэ. Энэ бүгдээс хамгийн чухал зүйл бол контент. Өөрөөр хэлбэл IPTV-ийг цаашид улам хөгжүүлэхийн тулд хамгийн чухал зүйл нь контентийг хөгжүүлэх.

IP телевизийн талаарх Солонгосын Засгийн газрын бодлого, дүрэм журам

Медиа буюу мэдээллийн хэрэгсэл нь мөнгө, эрх мэдэл. Ийм учраас тухайн мэдээллийн хэрэгсэл, ард иргэд, улс орныхоо төлөө Засгийн газар зөв бодлого гаргах ёстой. Солонгосын Засгийн газар энэ тал дээр дөрвөн үндсэн бодлогын зарчмыг баримталсан.

1.Хэрэглэгчийн тав тухтай байдал

Энэ бодлогын гол зорилго нь мэдээллийг хөгшин, залуу эрэгтэй, эмэгтэй ялгаагүй бүгд ижил тэгш хүртэх ёстой. Өмнө нь телевизүүдээс хангалттай мэдээлэл авч чаддаггүй байсан бол IPTV-ийн гол зүйл нь зөвхөн  телевизорын удирдлагын тусламжтайгаар өөртөө хэрэгтэй хангалттай мэдээллийг авч чадах юм.  

2. Холбоотой бүхий л бизнесийн байгууллагуудыг дэмжих, туслах


Энэхүү телевиз /IP/ нь холбогдох бизнесийг идэвхжүүлж, бүхий л салбарт бизнесийн талаарх зар сурталчилгаа болон мэдээллийг дамжуулснаар эдийн засгийг өсгөнө. Холбогдох бүхий л эдийн засгийн суурь компаниудыг үүгээр дамжуулан дэмжсэнээр тухайн улсын эдийн засагт нөлөөлж чадна. Мөн энэ нь тухайн бизнесийн байгууллагыг дэмжиж өгснөөр олон хүнийг ажлын байраар хангаж,  эдийн засгийн өсөлтөд өндөр нөлөө үзүүлнэ.  

3. Өрсөлдөж буй бизнесийн байгууллагуудын тэнцвэртэй, харилцан эрх тэгш байдал

Тэгш, шударга байдал маш чухал. Гэхдээ үүнээс илүүтэйгээр энэ бүхнийг үнэхээр бодитой хэрэгжүүлж чадах бизнесийн байгууллагууд байх хэрэгтэй юм. Телевизийн энэхүү шинэ системийг амжилттай хэрэгжүүлэхийн тулд  хэн нэгэн ганцаараа бус Засгийн газар, бүх л телевиз  болон харилцаа, холбооны байгууллагууд хамтарч ажиллана. Тиймээс энд оролцох боломжтой үйлдвэрлэгч байгууллагууд болон энэ ажилд холбоотой компани, хүмүүст боломжийг гаргаж өгөх нь зайлшгүй.    

4.Энэхүү шинэ системийг бүх ард түмэн эрх тэгш хүлээн авах

IPTV-ээр дамжуулан бүх ард түмэнд үнэн, шударга мэдээллийг цацан хүргэнэ. Жишээ нь тухайн орны Засгийн газрын мэдээллийг шууд хүргэх, нийгмийн сайн сайхны төлөө хийгдэж буй үйл явдал, мэдээллийг хүргэх, ялангуяа ард түмэнд хүргэх сургалтын, танин мэдэхүйн нэвтрүүлэг цацах нь илүү үр дүнтэй, хэрэгтэй юм.

Солонгос улсын ихэнх их, дээд сургуулиуд мэдээллийг түргэн шуурхай хүргэхийн тулд IPTV-ээр хангагдсан байдаг. Ингэснээр оюутнууд IPTV болон web-ийг нэгэн зэрэг ашиглаж,  мэдээлэл авах боломжтой болсон. IP чиглэлийн болон хувцас, бараа бүтээгдэхүүний бизнес, соёл урлагийн бизнес нэгдэж байж IPTV-ийг үүсгэн бүрдүүлнэ. Солонгос улсын хувьд IP телевизийг хэрэгжүүлээд гурван жилийн нүүрийг үзэж байна. Гэсэн ч одоогийн байдлаар даван гарах, шийдвэрлэх ёстой асуудал олон бий. Удирдлагаар дамжуулан зурагттай шууд харилцах боломж, зурагт үзэж байхдаа хэн нэгний өмсч зүүсэн бараа бүтээгдэхүүний талаар дэлгэрэнгүй мэдээлэл авч, хүсвэл худалдаж авах, сүлжээгээр холбогдсон хөдөлгөөнт телевиз гээд олон зүйл бий. Монгол улсын хувьд энэ бүх асуудлыг нэг дор хэлэлцэж, хамгийн зөв аргаар даван туулахыг хүсч байна. Солонгос улс энэ тал дээр илүү хурдацтай хөгжиж яваа мэт боловч аль хэдийнэ өөрсдийн гэсэн системтэй болчихсон учраас буруу болон алдаатай технологийг дахиж засахад нэлээд хүндрэлтэй. Харин Монгол улс энэ бүхнийг шинээр эхэлж байгаа учир анхнаас нь зөв голдрилоор явах нь чухал юм.                

 
БНСУ-ын ТВ-ийн тоног төхөөрөмжийн өнөөгийн хөгжил ба Засгийн газрын дэмжлэгийн тухай

БНСУ-ын өргөн нэвтрүүлгийн инженер, техникчдийн холбооны Ерөнхийлөгч И Жэ Мён

Дижитал телевиз нь 2012 оны 12 дугаар сар гэхэд Солонгос улсад бүрэн хэрэгжихээр төлөвлөгдсөн. 2010 оны тавдугаар сард тус улсад дижитал телевизийн нэвтрүүлгийг туршилтаар цацна. Мөн GEM хэмээх дижитал шинэ телевизийн туршилтын ажил хийгдэж байна.

Тоон системийн давуу тал. Аналоги системтэй харьцуулбал 3-5 дахин илүү тод, тунгалаг дүрс, одоогийнхоос илүү өргөн “wide” дэлгэц, өндөр чанарын стерео дуугаралттайгаар үзэхээс гадна интерактив үйлчилгээний тусламжтайгаар телевизийн хөтөлбөр, цаг агаар, үнэт цаас зэрэг мэдээллүүдийг цаг тухайд нь түргэн шуурхай авах боломжтой. Мөн MMS буюу олон сувгийн үйлчилгээг ашиглана. Энэ үйлчилгээг ашигласнаар 7-8 сувгийн өөр өөр нэвтрүүлгийг  нэг дор үзэх боломжтой юм. Тоон системийн телевизийг үзсэнээр тухайн нэвтрүүлгийн орчинд  нь өөрөө байгаа мэт сэтгэгдэл төрнө. Мөн хэрэгтэй гэсэн нэвтрүүлгийг зурагт дээрээ хадгалж болно. Тоон системийн олон талын компьютерын хувиргалт гэж бий. Энэ нь телевизийн компаниудад их хэмжээний ашиг орлого авчирдаг.

Тоон систем бүхий телевизийг MP, iPhone, гар утас, компьютер зэргээр үзээд зогсохгүй хэрэгтэй контентоо шууд татаж авах боломжтой юм. Солонгосын телевизийн хувьд тоон системд шилжсэнээр контентын ашиг орлого бодитоор 25 хувиар нэмэгдсэн. Энэ бүхнийг нэгтгэн тайлбарлахад аналоги системээр нэг нэвтрүүлгийг л телевизийн дэлгэцэн дээр үздэг байсан бол тоон системээр тухайн нэвтрүүлэгтэй холбоотой бүхий л мэдээллийг дэлгэцээ хуваан үзэж, мэдэж болно. Жишээ нь телевизийн нэвтрүүлэгт оролцож буй дуурийн дуучны ээмэгний талаар мэдээлэл авахыг хүсэхэд дэлгэцийн нэг хэсэгт тухайн чимэглэл аль дэлгүүрт ямар үнээр зарагдаж байгаа болоод хаана үйлдвэрлэгдсэн, ямар чулуугаар хийгдсэн гэх мэт бүх мэдээллийг дэлгэрэнгүй авч болох юм. Дижитал телевизийг шууд хүлээж авах бол харин аналоги систем бүхий телевизтэй хүмүүс тоон системтэй телевизийн цацалтыг хүлээн авахад заавал хувиргагчаар дамжуулан хүлээж авна. Гэхдээ хувирагч ашигласан ч  дижиталын адил чанарын өндөр түвшинд дүрс, авиаг хүлээж авах боломжгүй байдаг.

Солонгос улс тоон ситемд шилжсэн тухай

2001 оны 10 дугаар сард тоон системийн анхны  нэвтрүүлгийг цацаж эхэлсэн. Одоогийн байдлаар тус улсад аналоги, тоон систем зэрэг дамжуулагдаж байна. 2012 оны 12 дугаар сарын 31-ний өдөр аналоги системийн бүх цацалтыг албан ёсоор зогсоосон байх юм. Солонгос улсад тоон системийн Америк сатандартыг нэвтрүүлэн, ашиглахаар шийдвэрлэсэн байгаа. Америк стандартыг сонгоод байсан тэр үед  Европт DVVT гэсэн стандарт нэвтэрч байсан юм. Солонгосын Засгийн газар эдгээр хоёр стандартыг харьцуулалгүйгээр шууд Америкийг сонгож байв. Энэ үед өргөн нэвтрүүлгийн инженер, техникчдийн холбоо өөрсдийн саналаа өгч, тодорхой хувь нэмрээ оруулсан. 2001 оны нэгдүгээр сард тоон системд шилжих нэгдсэн төлөвлөгөөг гаргасан. Үүнээс хойш яг арван сарын дараа хотуудын хэмжээнд анхны нэвтрүүлгээ цацаж эхэлсэн. Тоон системийн телевизийг албан ёсоор Солонгос улс даяар цацахын тулд 1 кВт антеннудыг орон даяар суурилуулах ажил эрчимтэй хийгдсэн. Энэ нь тоон системд шилжих ажлыг багагүй хугацаанд хойшлуулсан юм. Засгийн газар ч энэ тал дээр тодорхой бодлого, чиглэл гаргаагүй. Америк, Европ стандартыг сонгох тухай маргаан 2007 он хүртэл үргэлжилсээр Засгийн газрын шийдвэр ялж, Америк стандартыг сонгосон. 

Хэдий  тоон системд шилжих ажил нэгэнтээ тодорхой болж, хийгдэж эхлэхэд үзэгчид энэ систем нь ямар давуу талтай болох талаар ямар ч ойлголтгүй байлаа. Мөн энэхүү шилжилтийн үед аналогиос тоон системд хувиргах дамжуулагч нь хэтэрхий өндөр үнэтэй байв. Мөн дижитал 40 инчийн телевиз таван сая воны үнэтэй байсан. Энэ бүхнийг зохицуулах талаар телевизийн компаниудын тавьсан шаардлагын дагуу Засгийн газраас тусгай хуулийг гаргажээ. Үүнийг даган хэрэгжүүлэгч хороо байгуулагдан, хэрэгжүүлэх тодорхой төсөл боловсруулж,  түүнийхээ дагуу ажиллах болсон юм.   

MBC Илсан” төвийн тухай товч танилцуулга, тайлбар

MBC Пухан” салбарын захирал  Жу Хаг Дун

”MBC Илсан” төв нь 16500 метр.кв газрыг хамарсан, газар дор дөрөв, газраас дээш арван давхар бүхий барилга юм. Тус компанийн үндсэн ажил 2006 онд эхэлж, тоног төхөөрөмжөө суурилуулсаар 2008 онд үйл ажиллагаа нь эхэлсэн байна.  “Илсан” төвийн бүх тоног төхөөрөмж HD систем дээр тавигдсан байдаг. Ихэвчлэн бусад газрууд HD-гээр хийсэн нэвтрүүлгээ багасгадаг бол харин ”MBC Илсан” төв нь HD switcher-ээр дамжуулдаг. Мөн бүх засвар, найруулгыг HD-гээр дамжуулан хүргэдэг.

Аудио систем. HD нь тухайн нэвтрүүлэг, дүрсийг чанарын өндөр түвшинд гаргахаас гадна  дууг мөн энэ чанараар цацдаг байна. Үүний тулд ”MBC Илсан” 5,1 “channel”-ийг суурилуулсан аж.

 
Солонгосын мэргэжилтнүүд илтгэлээ тавьсны дараа телевизийнхэн сонирхсон асуултдаа хариулт авсан юм.

-Манай улс тоон системд шилжихэд ямар стандартыг сонгоод байгаа вэ? БНСУ-ын өргөн нэвтрүүлгийн инженер, техникчдийн холбоо  “КВОТО” нь ямар статустай байгууллага вэ? Хүмүүст тоон системтэй телевизийн тухай тайлбарлаж, ойлгуулах үйл ажиллагааг ямар санхүүжилтээр хийдэг вэ?

М.Мэнд-Очир:

-Манай улс үндсэндээ телевизийн өргөн нэвтрүүлэгт DB стандартыг сонгоод байна. Гэхдээ Т2, С2 гэсэн стандартуудыг мөн цаашид давхар авч явах эсэх талаар дараагийн хэлэлцүүлгээр шийдэх болно. Хийгдэх шаардлагатай ажлуудаа мөрийн хөтөлбөртөө тусгаж, Засгийн газраар батлуулна. Үүний дараагаар ажлын хэсэг байгуулж,  тухайн үед нь хэлэлцэж ажиллана.

И Жэ Мён:

-Солонгост үйл ажиллагаа явуулж буй 42 телевиз байдаг. Телевиз тус бүрт инженер, техникчдийн холбоо гэж бий. Бүгд нэгдсэн нэг том Ерөнхий холбоо болж байгаа юм. Ерөнхий холбоо нь нийт 4500 орчим гишүүнтэй. Тусдаа санхүүжилт авдаг тусгай газар гэж байдаггүй. Аль нэг тодорхой газар, байгууллагаас хөрөнгө оруулалт, тусламж авдаггүй, харин гишүүдээсээ сар бүр 5000 вонын хураамж авдаг. Ерөнхий холбооноос сардаа нэг удаа шинэ техник,  технологийн танилцуулгын талаар  ном товхимол,  хоёр долоо хоногт нэг удаа танилцуулах мэдээ,  мэдээлэл бүхий сонин гаргадаг. Энэ бүхнээс тодорхой хэмжээний орлого олно. Засгийн газраас хэвлэл, мэдээлэлтэй холбоотой бодлого явуулдаг. Засгийн газрын бодлого нь тэр болгон телевизийн инженер, технологид тохирохгүй, бодит орчинтой нийцэхгүй бол Ерөнхий холбоо гишүүдийнхээ өмнөөс Засгийн газартай харилцаж, шийдвэрлэдэг. Ерөнхий холбоо хамгийн анх тоон системд шилжиж байх үед Европ, Америк стандартын аль нь дээр вэ гэдэг талаар Засгийн газартай нэлээд маргаж байсан. Үүнээс бусад тохиолдолд үргэлж хамтран ажиллаж, бие биеэ дэмжиж ирсэн.

-Хүний үйл ажиллагаанаас үүсэн доголдол гэж юу хэлээд байна? Тэрийг арилгахын тулд нэгдсэн бодлогоор хандах уу?

-Үүнийг хялбар тайлбарлавал антенны дамжуулалтын тусламжтайгаар зурагт сайн гардаг. Гэтэл антенны  хүлээн авах долгионд байгалийн гаралтай саад бэрхшээл гардаг. Өндөр уул гэх мэт. Хэрэв уулын оронд өндөр барилга баригдсан бол тухайн барилгын эзэн тэрхүү саадыг шийдвэрлэж, барилгын орой дээрээ нэмэлт антенн суурилуулах жишээтэй. Үүнийг л хүний үйл ажиллагаанаас үүссэн доголдол гэж байгаа юм.

-Солонгос улсад телевизүүд тус тусдаа цацалтаа хариуцдаг уу?

-Солонгост өргөн нэвтрүүлгийн телевиз дөрөв байдаг. Гэхдээ цацагдах суваг нь тав байдаг юм. KBS хоёр, NBS нэг, EBS нэг,SBS нэг сувгаар тус тусдаа цацдаг. KBS, NBS гурван сувгаа хамтран, EBS, SBS тус тусдаа цацалтаа хариуцна. Сөүл хотын газар нутгийг A,B,C зэрэглэлээр хуваадаг. Нийт газар нутгийн 85 хувьд нь цацалтын нэг программ, үлдсэн 15 хувьд нь цацалтын өөр программыг суурилуулсан байдаг. Тиймээс телевизүүд цацалтаа тус тусдаа хариуцдаг.                             

-IPTV, өргөн нэвтрүүлгийн телевизүүд ач холбогдол багатай болж байгаа зүйлүүд ажиглагдаж байна уу?

-IPTV-ээр дамжуулан бүх дамжуулагчид нэгдсэн. Телевизүүд бус харилцаа, холбооны компаниуд IPTV-г авч явахаар хэрэгжүүлсэн байгаа. IPTV-гийн гол ухагдахуун нь VOD програмаар хүссэн нэвтрүүлгээ, хүссэн үедээ үзэх үйлчилгээ байгаа юм. IPTV-гийн нэвтрүүлгийн үйлчилгээн дотор тухайн үндсэн өргөн нэвтрүүлгийг үзэх үйлчилгээ багтсан байгаа. IPTV үйлчилгээнд интернэт  болон бусад бүх мэдээлэл нэгдэн багтсан байдаг юм. Тиймээс IPTV-ийн хувьд харилцаа, холбооны компаниуд болон телевизүүд хамтран ажиллавал илүү үр дүнд хүрэх болно.

-Тоон систем бүхий “MBC” телевизийг байгуулахдаа  тоноглосон тоног төхөөрөмж, түүний технологийн асуудлыг хэрхэн шийдвэрлэсэн бэ? Гадны орны тусламжтайгаар уу, аль эсвэл өөрийн орны эрдэмтэд, инженерүүдийн бүтээлийн шийдэл үү?

-“MBC Илсан” төвийн дотоод зохион байгуулалт, тохижуулалт, тоног төхөөрөмжийг тус телевизийн инженерүүд өөрсдөө санаачлан, хийсэн. Өөрөөр хэлбэл гадны ямарваа нэгэн хөрөнгө оруулалт, тусламж аваагүй гэсэн үг. Харин камер зэрэг зарим нэг онцгой бүтээгдэхүүнийг гадны орноос авчирсан.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Нэр:
Сэтгэгдэл:
СЭТГЭГДЭЛ (0)

Сэтгэгдэл байхгүй байна

  • Оюунчимэг  (180.149.78.20)
    2015-06-29 21:28
    Баянхошууны ойролцоо хаана зарж байна вэ
  • Оюунчимэг  (180.149.78.20)
    2015-06-29 21:28
    Баянхошууны ойролцоо хаана зарж байна вэ
  • сахиус  (202.179.11.70)
    2015-01-22 18:38
    лобби гэж яг юу гэсэн үг вэ
  • сэрод  (202.126.90.58)
    2014-03-25 13:59
    манай орон тоон системийн хөгжлийн чиг хандлагыг солонгос улсыгхтай адил баримтлаад байгаамуу