УИХ-ын гишүүн Х.Баттулга “Монголын үнэн” сониноос 100 сая төгрөг нэхэмжилжээ

Шуурхай мэдээ / Alert

2012 оны 5-р сарын 15

УИХ-ын гишүүн Х.Баттулга “Монголын үнэн” сониноос 100 сая төгрөг нэхэмжилжээ

Эх сурвалж: “Глоб Интернэшнл” ТББ

“Монголын үнэн” сонины 2012 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 84(22077) дугаарт “Х.Баттулга: Н.Энхбаярын араас бусдыг нь явуулаач” гарчигтай нийтлэл хэвлэгджээ.

Уг нийтлэлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Х.Баттулга “Монголын үнэн“ сонин гүжир гүтгэлгийн нийтлэл бичиж, олон нийтэд тараан нэр төр, алдар хүндэд халдсан тул уучлалт гуйж, өөрийн сонин болон бусад хэвлэл мэдээллийн хэрэгслээр залруулга гаргах, гэм хорын хохирлын нөхөн төлбөрт 100 сая төгрөг төлүүлэхээр Сүхбаатар дүүргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.

“Монголын үнэн” сонин “Х.Баттулга гишүүн өөрийнхөө хэлсэнийг үгүйсгэж, шүүх хуулийн байгууллагаар далайлгаснаараа хэвлэн нийтлэх эрх чөлөөнд бүдүүлгээр халдлаа. Энэ нь ганц “Монголын үнэн” сонины эрх ашиг, эрх чөлөө биш юм. Монголын сэтгүүл зүйн хэвлэн нийтлэх эрх чөлөөнд сонгуулийг дайруулан халдаж буй үйлдэл юм” хэмээн байр сууриа илэрхийллээ.

“Глоб Интернэшнл” ТББ нь хэвлэл мэдээллийн байгууллагыг санхүүгийн хүнд байдалд орохуйц их хэмжээний мөнгөн төлбөр нэхэмжилж буй нь эдийн засгийн цензур болон хувирч болзошгүй хэмээн эсэргүүцэж байна.

Ардчилсан нийгэмд төрийн өндөр албан тушаалтнууд нийгмийн өмнө хариуцлага хүлээдэг, олон нийтийн хараа хяналт, шүүмжлэлд өртөмтгий бүлэгт багтдаг бөгөөд төрийн алба хашиж байгаагийн хувьд шүүмжлэлд өртсөн бол гомдол гаргах ёсгүй юм.

“Глоб Интернэшнл” ТББ улс төрчид, төрийн өндөр албан тушаалтнууд Эрүүгийн болон Иргэний хуулийн заалтуудыг хараат бус хэвлэлийн дуу хоолойг боомилон, сэтгүүлч, хэвлэл мэдээллийг айлган сүрдүүлэх, дарамтлах цензур болгон ашиглах хандлага нэмэгдэж буйд түгшиж байна.

“Глоб Интернэшнл” 1999 онд байгуулагдсан цагаасаа эхлэн сэтгүүлчдийн мэргэжлийн эрх, хараат бус хэвлэл мэдээлэл, хэвлэл мэдээллийн эрх чөлөөг дэмжин хамгаалах чиглэлээр тогтмол үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллага юм.

Глоб Интернэшнл ТББ
Чингэлтэй дүүрэг, 6-р хороо,
Дипломат 95 цогцолбор, 6-р орц, 70 тоот
Улаанбаатар хот
Утас: 324764, 324627
Факс: 315326
И-мэйл: hnaran@globeinter.org.mn
globenews@globeinter.org.mn
globe@globeinter.org.mn,
http://www.globeinter.org.mn

Сэтгэгдэл бичих !
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Нэр:
Сэтгэгдэл:
СЭТГЭГДЭЛ (0)

Сэтгэгдэл байхгүй байна