Мэдээллийн хэрэгсэл цөөн хүний эзэмшилд орж байна

1991 оны тавдугаар сарын 3-ны өдөр хуралдсан ЮНЕСКО-гийн Ерөнхий бага хурлын чуулганаас гаргасан Виндхукийн зөвлөмжийн дагуу 1993 онд НҮБ-ын Ерөнхий Ассамблэйгаас тавдугаар сарын 3-ны өдрийг Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр хэмээн тунхагласан түүхтэй. Хэвлэлийн эрх чөлөөний үндсэн зарчмыг дээдлэх, дэлхий дахинаа энэхүү эрх чөлөө хэрхэн хэрэгжиж буйд үнэлэлт дүгнэлт өгөх, хэвлэл мэдээллийн хараат бус байдлыг сахин хамгаалах, ажил үүргээ гүйцэтгэж яваад амь үрэгдсэн сэтгүүлчдийн гэгээн дурсгалыг хүндэтгэхийн тулд жил бүр энэ өдрийг тэмдэглэн өнгөрөөдөг билээ.

Дээрх тэмдэглэлт өдрийг тохиолдуулан 2012 оны 5 дугаар сарын 01-ний өдөр Глоб Интернэшнл төрийн бус байгууллага, Монголын сэтгүүлчдийн эвлэл, Хэвлэлийн хүрээлэн хамтран “ШИНЭ ДУУ ХООЛОЙ: Хэвлэлийн эрх чөлөө нийгмийн өөрчлөлтөлд хувь нэмэр оруулах нь” дугуй ширээний ярилцлага зохион байгууллаа.

Дугуй ширээний ярилцлага, хэлэлцүүлэг үндсэн гурван сэдвийн дор явагдсан юм.
 Үүнд: -Хэвлэлийн эрх чөлөө нийгмийг өөрчлөх хүчтэй
-Чанартай мэдээлэл олж авахад учирч буй бэрхшээл хэвлэлийн эрх чөлөөг хязгаарлах нь
-Шинэ орчин дахь хэвлэл мэдээлэлд тулгарч буй бэрхшээл
Үйл ажиллагааг нээж НҮБ-ын суурин зохицуулагч Сезин Синаноглу, ЮНЕСКО-гийн Бээжин дэх төлөөлөгчийн газрын мэдээлэл харилцааны зөвлөх Андреа Кайрола болон ЮНЕСКО-гийн Монголын үндэсний комиссын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Жаргалсайхан нар үг хэлсэн юм.

Хэвлэлийн эрх чөлөөг хангах нь хүний эрхийг баталгаажуулж, авилгатай тэмцэхэд тус дөхөм болдог болохыг оролцогчид хэлж байлаа. Мөн ЮНЕСКО-гийн хувьд иймэрхүү хурлууд болон интернэт хэлэлцүүлгүүд, социал медиа сайтуудыг ашиглан санал бодлоо солилцохыг дэмжиж байгаа гэлээ.

Хэвлэлийн эрх чөлөө нийгмийг өөрчлөх хүчтэй сэдэвт эхний хэлэлцүүлгийг “Глоб Интернэшнл” ТББ удирдан явуулсан юм. Энэ сэдвийн хүрээнд хийсэн онлайн хэлэлцүүлгийн үр дүнгийн талаар News агентлагийн орлогч захирал Д.Нарантуяа мэдээлэл хийсэн юм. Дээрх онлайн хэлэлцүүлэгт гурван чиглэлээр асуулга явуулсан ажээ. Хэлэлцүүлгийн үр дүнд интернэт дэх коммент буюу сэтгэгдлүүдэд тодорхой хэмжээний шүүлтүүр хийх нь зөв ба www.news.mn болон зарим  хандалт ихтэй вэбсайтуудад хэрэглэж эхэлсэн нь ашиг тусаа өгч байгааг хэлсэн юм. Мөн интернэт ашиглагчдын сэтгэгдэл бичих соёлыг дээшлүүлэх хэрэгтэй байгааг дурдлаа.

Монголд хэвлэлийн эрх чөлөө байна уу гэсэн асуултад хүрэлцэн ирсэн сэтгүүлчдийн ихэнх нь хязгаарлагдмал байна гэсэн хариулт өгсөн. Энэ нь олон улсын байгууллагын судалгаатай нийцэж байгааг хэлэлцүүлгийг удирдагч хэллээ.

Энэ өдрийн хоёр дахь хэлэлцүүлэг “Чанартай мэдээлэл олж авахад учирч буй бэрхшээл хэвлэлийн эрх чөлөөг хязгаарлаж буй нь” сэдэвтэй байсан юм. Энэ хэлэлцүүлгийг Хэвлэлийн хүрээлэнгээс удирдан явуулсан ба Хэвлэлийн хүрээлэнгийн захирал М.Мөнхмандах болон МУБИС-ийн Сэтгүүлзүйн тэнхимийн эрхлэгч Ж.Батбаатар нар илтгэл тавилаа.

М.Мөнхмандахын “Хэвлэл мэдээллийн боловсрол ба мэдээллийн эрх чөлөө” илтгэлд хэвлэл мэдээллийн боловсрол гэдэг бол бичиг усэг тайлагдахын үргэлжлэл буюу ахисан шат гэж тодорхойлсон байлаа. Өдөр бүр хүлээн авах мэдээллийн хэмжээ, давтамж, цар хүрээ эрс нэмэгдсэн болон хэвлэл мэдээллийн төвлөрөл буюу мэдээллийн хэрэгсэл цөөн хүний эзэмшилд орж байгаа нь мэдээллийн хэрэгсэлд шүүмжлэлтэй хандах чухал шалтгаан гэж үзэж байгаагаа илэрхийлсэн юм. Мөн цэнгээнт хэлбэрийн хүчирхийллийг сурталчлах, гэрэл зураг, баримт мэдээллийг цахим аргаар гуйвуулдаг явдал их байгаа нь ийнхүү мэдээллийн хэрэгсэлд шүүмжлэлтэйгээр хандах нь чухал байгааг харуулжээ.

“Шинэ орчин дахь хэвлэл мэдээлэлд тулгарч буй бэрхшээл” сэдэвт 3 дахь хэлэлцүүлгийг Монголын Сэтгүүлчдийн эвлэлийн Ерөнхийлөгч Б.Галаарид удирдан явуулав. Түүний тавьсан илтгэлийн гол агуулга нь Шинэ хэвлэл мэдээллийн хэрэгсэл буюу интернэт вэбсайт, блогуудын ёс зүйн болон мэргэжлийн хэм хэмжээг тогтоох хэрэгтэй гэсэн асуудалд төвлөрөв. Түүний хэлж буйгаар орчин үед бий болоод байгаа сэтгэгдлийн, мессежний гэх зэрэг хэл нь нийтээрээ дүрмийн алдаатай бичдэг болоход нөлөөлж байгаа гэнэ. Мөн блог хөтлөгчид хэдийгээр өөрийн сонирхол, дурын дагуу ажилладаг боловч нэгэнт олон нийтэд хүртээж байгаагийн хувьд тодорхой хариуцлага, хэм хэмжээнд нийцсэн зүйл цацах ёстойг сануулав

Дугуй ширээний уулзалтын төгсгөлд УИХ-ын Сонгуулийн тухай хуулийн шинэчилсэн найруулгад хэвлэл мэдээллийн сурталчилгааг хэрхэн зохицуулсан талаарх мэдээлэл болон Хэвлэлийн хүрээлэнгийн мэдээлэл судалгааны албаны дарга Г.Гүнжидмаа “Монголын хэвлэл мэдээлэл сонгуулийг хэрхэн сурвалжилдаг вэ?” сэдэвт илтгэл тавьж, ЮНЕСКО-гоос эрхлэн гаргасан гарын авлагыг танилцууллаа.

Дэлхийн улс орнуудад сэтгүүлчдийн бэлтгэсэн нийтлэл нэвтрүүлгийг цагдан хянах, хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчдэд торгууль ногдуулах мөрдөн мөшгих, үйл ажиллагааг нь таслан зогсоох, улмаар тэднийг айлган дарамтлах, амь насыг нь хороох хүртэл гэмт үйлдэл гарсаар байгааг олон нийтэд мэдээлэх, сануулахын тулд эл өдрийг тэмдэглэх болсон. Мөн хэвлэлийн эрх чөлөөнд хүндэтгэлтэй хандаж, мөн чанарыг нь ухамсарлах, мэрэгжлийн ёс зүйгээ дээдлэх ёстойг сануулснаар үйл ажиллагаа өндөрлөсөн юм.

Г. Батболд
 

Сэтгэгдэл бичих !
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Нэр:
Сэтгэгдэл:
СЭТГЭГДЭЛ (0)

Сэтгэгдэл байхгүй байна