ВИДЕО КАМЕРААР ЯРИЛЦЛАГА АВАХАД АНХААРАХ ЗҮЙЛС

Лос-Анжелест мэргэжлээрээ олон жил ажиллаж буй туршлагатай кино найруулагч, зураглаач Даг Мазелл видео ярилцлага авахад юуг анхаарах талаар дараах зөвлөгөөг санал болгожээ. Тэрээр энэхүү хялбар “дүрмүүд”-ийг видео камераар анхлан зураг авч сурч байгаа шинэ залуу сэтгүүлчдэд зориулсан байна.

1.    Дуу чимээг битгий март. Ярилцлага авахдаа юуны өмнө нам гүм газрыг сонгоорой. Микрофонд бүх яриаг тод цэвэр бичихийн тулд ярилцлага авах хүндээ ойрхон зогсох хэрэгтэй.
2.    Ярилцаж буй хүний царай камерын дуранд хамгийн тод харагдах байрлалыг олохыг хичээ. Эхлээд арын фон тод эсэхийг сайтар нягталж хар. Хэрэв тод байвал зохиомжоо өөрчлөх хэрэгтэй. Үүний тулд баруун юм уу, зүүн тийшээ бага зэрэг алхахад л болно. Ингэхдээ зөвхөн хүнийхээ царайг бус кадрт багтаж байгаа бүх л дүрсийг цогцоор нь хар. Сайн дүрс гэдэг тухайн обьект, арын фон хоёрын хоорондын хамгийн сайн зохицол юм.      
3.    Арын фон эмх замбараагүй байхаас зайлсхий. Таны нүдэнд жижиг сажиг зүйлс тэр бүр өртөхгүй байж болох ч камерын дуранд бүгд харагдах болно. Тиймээс дурангаараа нарийвчлан харж фоныг цэвэр байхаар тохируулаарай.
4.    Ярилцаж буй хүндээ эхэлж асуултаа тавиад тухай хүнийг хариулахаасаа өмнө асуултыг давтан хэлэхийг хүсээрэй.
5.    Хэрэв боломжтой бол ярилцаж буй сэдэвтэй холбогдолтой зүйлсийн дүрсийг авах хичээ. Эдгээр кадрууд дараа зайлшгүй хэрэг болдог юм.
6.    Ямар ч тохиолдолд хэрэг болох таван асуултыг цаасан дээр бичиж камер дээрээ наа.
7.    Дүрсээ хөдөлгөөнгүй авахын тулд камерын хөл ашиглаж бай. 
8.    Видео бичлэгт явахдаа нэмэлт зай, memory card биедээ авч яв.
9.    Видео камер болон дурангаа үргэлж цэвэр байлгахыг хичээгээрэй.

Даг Мазеллын томоохон уран бүтээлүүд: “The Visitor from Planet Omicron”, “Septenary Kill”, “The Callback Machine”,  “Scrapbooks”, “Shadows”, “Low”, “R&B Chick”, “Entangled”, “Party”, “About Love”, “Stitches”.
   

Сэтгэгдэл бичих !
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Нэр:
Сэтгэгдэл:
СЭТГЭГДЭЛ (0)

Сэтгэгдэл байхгүй байна