Олон
улсын сэтгүүлчдийн холбоо /IFJ/ мэдэгдэл гаргалаа. БНХАУ-ын тусгай
захиргааны бүс болох ӨМӨЗО-ны зарим аймагт үүсээд буй эсэргүүцлийн
жагсаал болон түүнтэй холбоотой ямар нэгэн мэдээллийг нууцлах, олон
улсад задруулахгүй байх тухай БНХАУ-ын хоригийг IFJ буруушааж буйгаа
мэдэгдсэн юм.
ӨМӨЗО-ны хэд хэдэн бүс нутагт уул уурхайн үйлдвэрлэл эрчимжиж буйг
эсэргүүцэж, нүүрсний зам хаах хөдөлгөөнийг удирдаж асан Баруун Үзэмчин
сумын малчин Мэргэний үхэл болон яг энэ байдлаар амиа алдсан бусад хоёр ч
тохиолдлыг БНХАУ-ын Засгийн газраас нуун дарагдуулжээ. Мөн энэ сарын
27-нд Өвөрмонголын нийслэлд нийтийг хамарсан, тэр дундаа оюутан залуус
олноороо оролцсон жагсаал болж, түүнийг цэргийн хүчээр дарсан байна.
Улмаар энэ тухай сурвалжилсан сэтгүүлч Жонатан Ваттсын зочид буудлын
өрөөнд энгийн хувцасласан хоёр цагдаа дараа өглөө нь буюу үүрийн 4.30
цагт хүчээр нэвтрэн, байцаалт авчээ. Хэвлэл мэдээллийн эрх чөлөөнд
халдсан энэ мэт үйлдлийн талаар баримт ирсээр байгааг IFJ мөн онцолсон
байна.
Олон улсын сэтгүүлчдийн холбооны эл мэдэгдэл БНХАУ-ын Үзэл суртлын
хэлтэст хаяглагдсан бөгөөд дээр дурдсан хэргүүдийг нууцлах тухай
даалгаврыг хэвлэл, цагдаа сэргийлэхийн байгууллагуудад тус хэлтсээс
үүрэгдсэн аж. Түүнчлэн ӨМӨЗО-нд үүсээд буй эсэргүүцлийн жагсаал, түүнтэй
холбоотой баримтыг цацахгүй байх, хэрэв интернэт хуудсуудад энэ тухай
мэдээлэл гарвал нэн түрүүнд устгуулах хатуу чиг үүргийг Үзэл суртлын
хэлтсээс “Синхуа” агентлагт өгөөд байгаа юм.
Сэтгэгдэл байхгүй байна